Хүүхдээ түрсэн, тэвэрсэн, хөтөлсөн аав ээжүүд хаа сайгүй. Энд өсвөр насныхан сагс тоглоно, хөлбөмбөг хөөнө. Тэнд ахмадууд нарлана. Зарим гэр бүл уул өөд авирч харагдах бол зарим нь цайлж суух. Мэргэжлийн тамирчид талбай тойрон гүйж, дасгал хийж, дээс хүртэл тоглоно. Байгууллагаараа ирсэн бололтой хэсэг бүлэг хүмүүс бөөгнөрөн мод тарьж харагдах. Энэ бол “Хайрхан хөгжлийн төв”-ийн нэг өдрийн төрх. Чингэлтэй дүүргийн XIX хороо, Салхитын дээд амны эхэнд төвхнөсөн спорт, амралт зугаалгын цогцолборт ийнхүү түм түжигнэж, бум бужигнах ажээ. Амралтын өдөр таарсан болоод ч тэр үү биднийг очиход хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Нийслэлчүүдийн шинэ тутам агаарладаг болсон энэ газар талбай томтой учраас багтаамж сайтай. Үүдээр орохоос авахуулаад авто машины зогсоол, явган алхалтын зам, амралтын цэгийг тусгайлан байгуулсан зэргээс үзвэл ирж үйлчлүүлсэн иргэдийн тав тухтай байдлыг алхам бүрд чухалчилсан нь илт. Боловсон нойл, худалдаа үйлчилгээний цэг, цайны газрыг хүртэл цогцоор шийдсэн тул хүний хэрэгцээ цөм бүрэн. Иргэдийн хүсэл сонирхол, шаардлагад нийцэх ийм цогцолбор манай улсын нийслэлд саяхныг хүртэл ганцхан байв. Тэр нь улсын хэмжээний Үндэсний цэцэрлэгт хүрээлэн.
Харин “Хайрхан хөгжлийн төв” бол нийслэлийн есөн дүүрэгт ганц байх, анхдагч жишиг цогцолбор. Ковидын өмнөхөн үйл ажиллагаагаа эхлүүлж, үүд хаалгаа нээсэн ч өнөөдрийн байдлаар 70-аад мянган хүнд хүрч үйлчлээд буй тус төвийн нэг өдрийг сурвалжиллаа. Биднийг очиход намрын дулаахан налгар өдөр таарсан тул олон хүн энд цуглажээ. Хөл бөмбөгийн талбайн хажуугийн тартаан замаар алхах нь алхаж, хүүхдүүд дугуй, ролик, скийтборд унаж яваа харагдана. Хэдийгээр хүн ихтэй ч шахаж чихэлдээд, зогсоолгүйдээд байх зүйл алга. Хүн бүр тааваараа агаарлаж яваа нь цаанаасаа л тайван, тухтай мэдрэмжийг төрүүлнэ. Чингэлтэй уулын өвөр бэлд тохижуулсан энэ бүтээн байгуулалтыг “Хайрхан хөгжлийн төв”-ийн 20 гаруй ажилтан албан хаагч тогтмол арчилж тордохын зэрэгцээ бага боловч ажлыг өдөр тутамд нэмэлтээр хийсээр өнөөдрийн түвшинд хүргэжээ. Хаа сайгүй мод тарьсан нь ногоон байгууламжгүй шахам болсон нийслэлийн иргэдэд нэн таатай.
Усалгааны системийг иж бүрнээр шийдсэн бөгөөд ойр ойрхон байрлуулсан нь мод бүхэнд хүний гар хүрч, арчилж торддогийг илтгэнэ. Энэхүү бүтээн байгуулалтыг үндсэндээ хоёр хувааж үзэж болох аж. “Хайрхан хөгжлийн төв” нэртэй дөрвөн давхар саарал байшинд ажилчид оффислохын зэрэгцээ олон улсын стандартад нийцсэн дөрвөн улирлын ашиглалтай 600-800 хүний хүчин чадалтай спорт заал, сургалт семинар зохион байгуулах боломж бүхий урлаг заал, фитнессийн болон чийрэгжүүлэлтийн өрөөтэй бөгөөд ажлын өдрүүдэд дүүргийнхээ иргэдэд тогтсон хуваарийн дагуу үнэ төлбөргүй үйлчилдэг бол ажлын өдрүүдэд захиалгын дагуу түрээсэлдэг байна. Харьяаллын дагуу буюу Чингэлтэй дүүргийн XVIII-XXIV хорооны иргэд энэ төвд ажлын өдрүүдэд насны ангиллаар буюу ахмад, дунд, залуу үеийнхэн ирж спортоор хичээллэн, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлдэг ажээ. Харин гадна талбайн хувьд 800-1500 хүний багтаамж бүхий хөлбөмбөгийн талбайтай. Байгалийнх нь хөрсийг хиймэл зүлгээр хучиж тохижуулсан олон улсын стандартын дагуу хийсэн энэ талбайд зориулалтын тэмцээн уралдааны захиалга тасардаггүй байна. Бусад үед бүх насныхан ирж тухлах бүрэн боломжтой. Хөл бөмбөгийн талбайн орчимд түрээсийн цайны газар үйл ажиллагаа явуулдаг учраас иргэдийн хэрэгцээг бүрэн хангадаг.
Түүнчлэн энд боловсон нойл, сүүдрэвч бүхий сандал зэргийг байрлуулж өгсөн учраас зорьж ирсэн иргэд тухгүйтээд байхгүй нь илэрхий. Гаднах орчинд ашиглах боломжтой хэд хэдэн талбай энд бий. Тухайлбал, байгууллага, хамт олон, сагсан бөмбөг сонирхогч клуб, баг хамт олон 3х3 болон бусад спорт тэмцээн зохион байгуулах боломжтой сагсан бөмбөгийн гадна талбайгаас гадна газрын теннисийн талбай ч байна. Мөн үүний зэрэгцээ хамт олны гадаа уулзалт, сургалт, үзвэр, нийтийн бүжиг, үзэсгэлэн зохион байгуулах боломж бүхий дугуй хэлбэрээр тохижуулсан, тайз, хөгжим аппаратур байршуулах боломжтой 250-300 хүний багтаамжтай задгай театрыг ч байгуулжээ. Автомашины зогсоолын хувьд хүрэлцээ хангалттай. 150-200 автомашин байруулах бүрэн боломж бүхий дунд, 80-100 машины доод зогсоолтой. Тухай бүрд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай зогсоолын талбай гаргасан нь хүн төвтэй үйл ажиллагаа явуулдаг хамт олон болохыг бэлхнээ илтгэнэ. Ингэж олон талаас нь харж, цогц байдлаар тохижуулсан “Хайрхан хөгжлийн төв”-ийнхний бүтээн байгуулалт нийслэлийн иргэдийн амарч зугаалах, чөлөөт цагаа өнгөрүүлэх хэрэгцээг бүрэн хангахын зэрэгцээ ачаалал үүрэлцдэг ач холбогдол бүхий цогцолбор болжээ.
Энд нар ургахаас жаргах хүртэл хүүхдийн цовоо цолгиун инээд, амарч зугаалж яваа иргэдийн хөл хөдөлгөөн тасардаггүй ажээ. Зам талбайг шүүрдэж цэвэрлэхээс авахуулаад модоо усалж, хогоо түүх ажилчид үдшийн бүрий хүртэл ажиллана. Агаарын сайхан, байгалийн таатайд ажилсаг хичээнгүй хамт олны дунд нэгэн өдрийг баяр хөөртэй өнгөрүүллээ. Энд бидэнтэй хамт өнжсөн зарим иргэний сэтгэгдлийг хүргэе.
О.Мөнхбаяр: Бүх зүйлийг цогцоор шийдсэн учраас агаарлахад таатай байдаг
/Чингэлтэй дүүргийн иргэн/
-Манайх энэ хавьд амьдраад арав гаруй жил болж байна. Энэ төвийг анх барьснаас нь хойш салхилж, агаарладаг болсон. Эхэндээ энэ ойр орчмынхон л ирдэг байсан бол сүүлийн үед хүмүүс мэдээлэл аваад их олноороо ирдэг болсон. Өмнө нь манай энэ хавийнхан хойшоо Хандгайт зуслан руу ихэвчлэн явдаг байсан. Гэхдээ тийшээ явахад хүндрэлтэй зүйл олон байв. Холоос гадна мод руугаа ороход айлууд тулгаад хашаагаа барьчихсан учраас нааш цааш явахад хүндрэлтэй байсан. Харин энэ “Хайрхан хөгжлийн төв” бол зориулалтынх учраас бүх зүйлийг цогцоор нь шийдчихсэн. Хүүхдүүдээ салхинд гаргах, өөрсдөө ч агаарлахад таатай байдаг. Ядангуяа өвлийн цагт агаарын бохирдол маш их учраас утаанаас холдож, цэвэр агаар амьсгалахад хамгийн тохиромжтой газар болчихоод байгаа юм. Улаанбаатар хотод иймэрхүү газар цөөн байдаг шүү дээ. Дээрээс нь хотын төвд эсвэл гэр хороолол дунд байдаг учраас утаа, угаараасаа холдож чаддаггүй. Энэ төвийн хувьд уулын эхэнд, агаарын урсгал хойноосоо байдаг учраас утаагүй, цэвэрхэн, тохь тухтай учраас манайх боломж л гарвал ийшээ ирдэг дээ.
Д.Цэрэнням: Ийм гоё цогцолбор байгуулсанд баярлалаа
/Сүхбаатар дүүргийн иргэн/
-Хотынхны агаарлаж, амарч зугаалдаг ганц газар нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэн шүү дээ. Гэтэл тэнд хүн ихтэй байдаг учраас төдийлөн таатай бус. Миний хувьд Сүхбаатар дүүрэгт амьдардаг. Анх ийм газар нээгдсэнийг телевизээс олж мэдсэн. Гэр ойролцоо болохоор байнга ийшээ ирж хүүхдүүдээ агаарлуулдаг. Хотын хэмжээнд амралт, зугаалгын ийм цогцолбор бараг байдаггүй шүү дээ. Харин энэ төвийг ашиглалтад оруулж, хүмүүсийн амралт, зугаалгын бүс байгуулсанд баяртай байгаа. Байрлалын хувьд ч маш тохиромтой газар хийсэн шиг санагддаг. Зөв шийдэлтэй, иргэдийн ая тухыг хангасан газар байгаа юм. Чингэлтэй дүүргийнхэн энэ тухайд маш мэдрэмжтэй хандаж, ийм гоё цогцолбор байгуулсанд баяртай байна, баярлалаа гэж хэлье. Цаашдаа бусад дүүрэг ч энэ төрлийн амралт, зугаалгын төв байгуулаасай гэж боддог.
Д.Энхжаргал: Анх удаа ирж үзлээ, сэтгэл хангалуун байна
/Баянзүрх дүүргийн иргэн/
-Би энд анх удаа ирж үзлээ. Манайх Баянзүрх дүүрэгт амьдардаг л даа. Найзынхаа зөвлөсний дагуу хүүхдүүдээ дагуулаад ирсэн юм. Өмнө нь ийм газар байдгийг мэддэггүй байсан. Ирээд үзэхэд үнэхээр сэтгэл хангалуун байна. Хотынхны ганц очдог газар нь Цэцэрлэгт хүрээлэн байх. Манай хувьд нялх хүүхэдтэй учраас тийшээ очиход маш их хөл хөдөлгөөнтэй, тухгүй байдаг учраас нэг их очдоггүй. Харин энд маш сайхан агаартай юм. Уулын бэлд учраас тун тааламжтой орчин бүрдүүлжээ. Манай Баянзүрх дүүргийнхэн Туул гол руугаа л явдаг. Өөрөөр яг үүн шиг бүх насныхан амарч зугаалчихаар газар байхгүй шүү дээ. Иргэдийнхээ хэрэгцээ, шаардлагыг маш сайн мэдэрч, гоё ажил хийжээ.
Л.Бат-Амгалан: Энд байнга ирж бэлтгэлээ хийдэг
/Баянзүрх дүүргийн иргэн, ОУХМ/
-Би өөрөө Баянзүрх дүүрэгт амьдардаг. Энд байнга ирж бэлтгэл хийдэг. Энэ төвийг ашиглалтад орсноос хойш ирдэг болсон. Өндөрлөг газар учраас агаар сайтай, тааламжтай орчинтой. Ер нь дасгал сургуулилалт хийхэд тав тухтай учраас байнга ирдэг л дээ. Манай гэрийн ойр орчимд жижиг цэцэрлэгт хүрээлэн байсан ч засаж янзалж байна гээд бүр хэцүү болгочихсон. Гэхдээ тэнд гүйх боломжгүй, хөлбөмбөгийн талбайтай газар байдаг. Харин энд дугуй унахаас авахуулаад гүйж харайх, хүүхэд багачууд агаарлаж, салхилах, хөгшчүүд ч ирж үйлчлүүлэх боломжтой бүхий л насныханд зориулсан сайхан ажил болсон. Ийм цогцолбор цэцэрлэгт хүрээлэнг дүүрэг бүрд байгуулмаар байгаа юм. Иргэдийнхээ ажиллаж, амьдрах таатай орчныг бүрдүүлэхийн тулд нийслэлийн бусад дүүрэг Чингэлтэйнхнээс үлгэр жишээ аваасай гэж боддог. Сэтгэл байвал ийм хэмжээний бүтээн байгуулалтыг хийчихэж болдог л юм байна шүү дээ.
Б.Амарбат: Бүх насныханд зориулсан маш гоё ажил болсон
/Чингэлтэй дүүргийн иргэн/
-Би одоо 26 настай. Салхитад төрж, өссөн л дөө. Өмнө нь бидэнд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар хомс байлаа. Энэ “Хайрхан хөгжлийн төв”-ийг барьж ашиглалтад оруулснаас хойш байнга ирдэг болсон. Хөлбөмбөг, сагсан бөмбөг тоглох бүрэн боломжтой, бүх насныханд зориулсан маш зөв, гоё ажил болсон. Миний хувьд энд ирж найзуудтайгаа сагс тоглох дуртай. Боломжтой үедээ энд ирдэг. Саяхан манайх хүүхэдтэй болсон юм л даа. Тиймээс энд ирж л хүүхдээ цэвэр агаарт гаргаж байна даа. Дүүрэгт бүрд ийм цогцолбор байгуулаасай гэж боддог. Залуучууд, хүүхдүүд хамгийн ихээр ирдэг, үйлчлүүлдэг газар учраас хаа сайгүй хэрэгцээ байгаа шүү дээ. Тиймээс энэ тухайд бусад дүүргийн удирдлагууд санаачилга гаргаасай.
Б.Оюунтүлхүүр: Нялх хүүхэдтэй ээжүүд тогтмол ирдэг газар даа
/Чингэлтэй дүүргийн иргэн/
-Манайх энд амьдраад арав гаруй жил болж байна. Би өөрөө 117 дугаар сургуульд багшилдаг. Одоогоор хүүхдээ асраад гэртээ байгаа. Хүүхэд маань одоо найман сартай. Нялх хүүхдүүдтэй ээжүүдэд хамгийн чухал зүйл бол агаар салхи байдаг юм байна. Миний хувьд тогтмол ийшээ ирж хүүхдээ салхилуулдаг. Манайх энд гэр бүлээрээ ирдэг. Энэ хавьд өмнө нь ийм агаарлаж, амарч зугаалах газар байдаггүй байсан. Тийм учраас бид хойшоо зуслангийн бүс буюу Шарга морьт, Жигжид тийш явж агаарладаг байсан. Гэхдээ түүний тулд заавал айлуудын дундуур явна, зарим тохиолдолд айлын хашаагаар дамжиж мод руу орох гэх мэтээр хүндрэл ихтэй байдаг л даа. Аль ч насныхан ирэх боломжтой ийм гоё цогц төвийг байгуулсанд баяртай байна. Цаашдаа бусад дүүргүүд ийм цогцолбортой болох хэрэгтэй гэж бодож байна.
Х.Өлзийжаргал
Эх сурвалж: Монголын үнэн сонин №040/24571/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна