Урлаг соёл, шоу бизнес, хэвлэл мэдээлэл, улс төр гээд олон салбарт хөрвөн ажиллаж, өөрийн өнгө төрхийг бүтээж буй “Event masters” ХХК-ийн захирал, продюсер М.Дорждэрэмтэй ярилцлаа.
-Та салбар бүрд өөрийн нэрээ тамгалж яваа нэгэн. Ер нь аль салбарт голчлон ажиллаж байна вэ?
-Би сүүлийн 20 жил шоу бизнесийн салбарт ажиллаж байна. Анх МҮОНРТ-д “Аяыг таа” цэнгээнт, хөгжмийн нэвтрүүлэг хөтөлж эхэлснээс хойш телевиз болон урлагийн салбарт продюсерын чиглэлээр ажиллаж байна. Санаачилсан, мөн хамтран хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр, шоу, томоохон эвент арга хэмжээ бол хэдэн зуугаар тоологдохоор маш олон бий. Ямартаа ч төрөл жанраас үл хамаарч жил бүр нэг уран бүтээлчийн продюсероор ажилладаг. Би одоогоор арав орчим телевизийн ерөнхий продюсер, зөвлөхөөр ажилласан байна. Үүнээс гадна олон улс руу чиглэсэн томоохон арга хэмжээг ч мөн зохион байгуулдаг. Тухайлбал, өнгөрсөн хугацаанд Монгол Улс өв соёл, урлаг, уран бүтээлчдээ сурталчлах, гадаад зах зээлд таниулах, борлуулах зэрэг ажлыг гаднын арав гаруй улс оронд амжилттай зохион байгуулаад байна. Энэ мэт сүүлийн 20 жилийн хугацаанд хийж, хэрэгжүүлсэн бүх ажлаа нэгтгээд “Event Masters” компаниа 2014 онд байгуулсан. Түүнээс хойш компанийн статусаар ажиллаж өдгөө арван жилийнхээ ойг угтах гэж байна. Энэ хугацаанд жил бүр чанартай нэг бүтээлийг үзэгчдэдээ хүргэх зорилго тавин ажиллаж, хэд хэдэн томоохон төслүүдийг зохион байгуулаад байна.
-Тухайлбал, ямар тоглолтыг онцлох вэ?
-Хамгийн сүүлд “Ганцхан заяах эх орон” хэмээх түүх болсон тоглолтыг зохион байгуулсан нь нэр төрийн хэрэг байлаа. Энэ бол “Чингис хаан” хамтлагийн дуучин, Ардын жүжигчин Д.Жаргалсайхан, “Харанга” хамтлагийн дуучин, Төрийн соёрхолт, МУГЖ Х.Лхагвасүрэн нарын хамтарсан анхны тоглолт. Рок попын ноён оргил болсон эдгээр эрхэм хүмүүс хамтарч тоглолт хийж, нэгэн тайзнаа гарсан нь яах аргагүй түүх билээ. Улс тунхагласны ойн өдрөөр томоохон шоу, арга хэмжээ зохион байгуулдаг уламжлалтай.
-Та “Miss Mongolia” холбооны удирдах зөвлөлийн гишүүн юм билээ. Монголынхоо гоо бүсгүйчүүдээр дамжуулан эх орноо сурталчлах, таниулах тухайд ямар зорилго төлөвлөгөөтэйгөөр ажиллаж байна вэ?
-Монгол Улсынхаа миссийг 19 дэх жилдээ тодруулалцахын зэрэгцээ хүрээг нь тэлж, өргөжүүлэн Монгол туургатны мисс тодруулах арга хэмжээг дөрвөн жил тутам зохион байгуулдаг болж хэвшлээ. “Miss Mongolia” арга хэмжээнд түрүүлсэн хүнд л зөвхөн боломж олгох бус аль болох олон гоо бүсгүйн хүсэл зорилгыг дэмжиж, мөрөөдлийг нь биелүүлэхийг мөн тэднээр дамжуулан Монгол Улсаа, монгол эмэгтэй хүнийг сурталчлан таниулахыг хичээдэг. Тиймээс эхний таван байрт шалгарсан мисс гаднын улс оронд очиж өрсөлддөг. Тухайлбал, тэргүүн байр эзэлсэн мисс маань дэлхийн топ гурван тэмцээний нэг болох Япон улсад зохион байгуулж буй “Miss International” тэмцээнд оролцож байна. Харин дараагийнх нь миссүүд Итали, Тайланд, Солонгос зэрэг улс оронд ирэх сард зохион байгуулах тэмцээнд оролцохоор бэлтгэлээ хангаж байна.
Манай холбооны 20 жилийн ой ирэх жил тохиох тул бид цаашид илүү их өргөн цар хүрээтэй ажиллахаар төлөвлөж байгаа. Тухайлбал, “Miss Mongolia” уралдаанаас төрөн гарсан, манай холбоогоор овоглодог үе үеийн мисс бүсгүйчүүдийг нэгтгэсэн арга хэмжээ зохион байгуулна. Мөн цаашид олон улсын томоохон арга хэмжээ, тэмцээн уралдааныг эх орондоо зохион байгуулах зорилготой байна. Энэ бол эх орноо сурталчлах том боломж тул төр засаг, холбогдох яамтай нэлээд уялдаа холбоотой ажиллах шаардлага урган гарч байгаа. Би Соёлын яамны Залуучуудын зөвлөлийн дэд даргын хувьд үүрэг хариуцлагын хүрээнд олон ажлыг санаачлан хамтран хэрэгжүүлж байна. Хамгийн сүүлийнх нь “Нүүдэлчин Монгол фестиваль” байлаа.
-Та яг одоо ямар төсөл хөтөлбөр дээр ажиллаж байна вэ?
-Би одоогоор “Divas of Mongolia” төсөл дээр ажиллаж байна. “Поп дива” тодотголтой дуучин МУГЖ Б.Сарантуяа, МУГЖ Т.Ариунаа, МУГЖ С.Наран, МУГЖ Ж.Алтанцэцэг, МУСТА С.Сэрчмаа нар энэхүү нэр алдрыг хүртсэнээс хойш олон жил өнгөрсөн байна. Дараагийн үе нь гарч ирэх, олон нийтэд таниулах хугацаа өнгөрөөд байна гэж хэлж болно. Тиймээс “Дива” гэдэг нэр хүндийг хүртэх, нэр төртэйгөөр авч явах хэмжээний эмэгтэй дуучин хэн болох тухайд иргэд, олон нийтээс санал авч, сонгон шалгаруулж, алдаршуулах зорилготой төслийг санаачлан хэрэгжүүлэх бэлтгэл ажилдаа ороод байна. Ингэхдээ зөвхөн поп, опера гэж онцлохгүйгээр энэ цаг үеийн шилдэг, дива эмэгтэй дуучин хэн гэдгийг ард түмний санал, мэргэжлийн экспертүүдийн зөвлөмжид тулгуурлан төрөл жанр бүрээр нь шалгаруулж, тодруулна. Дараа нь тэдний хамтарсан уран бүтээл, тоглолтыг зохион байгуулах зэргээр олон цуврал ажлыг хийхээр төлөвлөж байна.
-Та сүүлийн жилүүдэд улс төрийн салбарт буюу улстөрчидтэй нэлээд тулж ажиллаж байх шиг. Улстөрчдийг бэлтгэх, олон нийтэд таниулж, гаргаж ирэхэд мэдлэгээс илүү мэдрэмж шаардлагатай гэдэг юм билээ. Та юу гэж боддог вэ?
-Пиар хариуцаж хийдэг хүмүүс улс төрийг арай илүү мэдэрдэг. Ер нь улстөрчийн арын албыг хариуцах мөн томоохон акц, арга хэмжээг гардан зохион байгуулах нь тийм ч амар ажил биш. Тухайн хүний мэдлэг боловсрол, мэдрэмж гээд олон хүчин зүйл цогцолж байж тухайн асуудлыг амжилттай дуусгадаг. Улс төрийн салбар руу орж ажилласнаас хойш нам үл харгалзан УИХ-ын арав орчим гишүүн, гурван сайдын маркетинг, пиарын медиа багийн ажлыг хариуцаж, ард нь амжилттай гарсан. Миний хувьд улстөрчдийн маркетинг, пиарыг хариуцахаас гадна улс төрийн томоохон хэмжээний акц хийдэг. Хамгийн сүүлд хүмүүсийн сэтгэлд хүрч, тэднийг илүү нэгтгэж чадсан ажил бол “Шударга таван гишүүн”-ий акц. Тэгэхэд жанжин Д.Сүхбаатарын талбайд анх удаа 30 мянган хүн цуглаж байв. Ийм том арга хэмжээг тухайн үед би өөрөө хөтөлж байлаа. Энэ бол том хариуцлага, бас нарийн мэдрэмж шаарддаг ажил. Жишээлбэл, таван гишүүн маань Төрийн ордон руу орж, тухайн үеийн УИХ-ын даргад огцрох албан шаардлага өгөөд эсрэг хариутай гарч ирсэн. Яг ийм үед л тухайн асуудалд илүү мэдрэмжтэй хандах хэрэгтэй байдаг. Тиймээс би тэр үед “Бидний шаардлагыг хүлээж авлаа” гэх зэргээр зөөлрүүлсэн нааштай хариулт хэлж, улмаар цугласан хүмүүсийг тарааж байсан юм. Ингэж хэлэхээс өөр сонголт тэр үед байгаагүй. Хэрэв тухайн үед туршлага дутаж, үүссэн асуудалд мэдрэмжгүй хандсан бол тэнд цугласан 30 мянган хүн Төрийн ордон руу дайрахад бэлэн байсан. Ямартаа ч бид тухайн үед эхний зорилгоо биелүүлж, Монголын ард түмэн нэгдэж чаддагийг харуулсан. Энэ үйл явдлаар юуг хэлэх гээд байна вэ гэхээр хөтлөгч, пиар хийдэг хүн бүх зүйлийг нарийн тооцож, судалж, олон талаас нь харж дүн шинжилгээ, анализ хийж, улмаар гарц шийдлийг олж, түүнийгээ зөв үг, өгүүлбэр, эмоцоор илэрхийлж чаддаг байх ёстой. Ингэж чадах хэмжээний хүмүүс улстөрчдийн ард ажиллах хэрэгтэй. Эс бөгөөс зарим УИХ-ын гишүүний санамсар болгоомжгүй үг, үйлдлээс болж тухайн гишүүн өөрөө, цаашлаад нам нь хүртэл оноо алдах эрсдэлтэй.
-Тэгвэл улстөрчийн арын албыг хариуцаж буй багийнхан ямар байх ёстой гэж үздэг вэ?
-Би улстөрчийн ард ажиллаж буй багийнханд шүүмжлэлтэй ханддаг. Улстөрчдийн пиар, марктенг хариуцсан хүмүүс, мөн зөвлөхүүд нь тухайн хүнээсээ илүү хэмжээний мэдлэг боловсрол, мэдрэмжтэй байх ёстой. Улстөрчид өөрсдөө ч гэсэн ийм хэмжээний хүмүүсээр хүрээлүүлэх хэрэгтэй. Түүнээс биш өөрөөсөө доод шатны зөвхөн өөрт нь сайн хандаж, сайхан үг, өгүүлбэр хэлдэг хүмүүсээр хүрээлүүлэх нь дээшээ өгсөх бус доошоо уруудах эхлэл. Ийм вакумжлагдсан хүрээлэлд байхаар тухайн улстөрч “сохорч” эхэлдэг. Ер нь улстөрчид арын багаа мэдрэмжтэй, мэргэжлийн хүмүүсээр бүрдүүлж чадвал нэг ч оноо алдахгүй. Ялангуяа, сонгууль дөхөж байгаа энэ цаг үед улс төрийн нам, УИХ-ын гишүүд туршлага, чадвартай, мэдлэг, мэдрэмжтэй боловсон хүчнээр багаа бүрдүүлэх хэрэгтэй. Харин тэр багийнхан нь зөвхөн нэг удаагийн сонгуулийг харах биш, илүү холыг хараасай л гэж боддог.
-Та ямар шалгуурт нийцсэн хүнтэй хамтарч ажиллах шийдвэрт хүрдэг вэ?
-Би зөвхөн хүнээ л хардаг. Хувь хүн нь хэн бэ, түүний зорилго зорилт, алсын хараа юу вэ гэх мэтийг нь харж байж хамтарч ажиллах шийдвэр гаргадаг. Хамгийн гол нь намын харьяалал, цалин урамшуулал, дэмжлэг тусламж, олонд танигдсан байдал зэрэгт ач холбогдол өгч байгаагүй. Биднийг төлөөлж, бидний өмнөөс бодлого тодорхойлж, шийдвэр гаргах учраас зөв бодол зорилготой нэг ч гэсэн хүнтэй хамтарч ажиллаж, амжилт гаргахыг хичээдэг.
-Улс төрийн шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх зорилгоор энэ удаад квотын хувь хэмжээг өсгөх, мөн жагсаалтыг хүйсээр сөөлжүүлэх гэх мэт шат ахисан шийдвэрт хүрээд буй. Үр дүнд хүрч чадах болов уу. Улстөрч эмэгтэйчүүд юунаас эхлэх ёстой вэ?
-Би лидер, манлайлагч маш олон эмэгтэй улстөрчтэй ажилласан. Олон нийтийн дунд улс төрийн томоохон шийдвэр гаргахад эмэгтэй хүн жулдана гэх хэвшмэл ойлголт байдаг. Би жендэрийн эрх тэгш байдал, эмэгтэй улстөрч, манлайлагчийг хэрхэн бэлтгэх, тэднийг яаж нийгэмд хүлээн зөвшөөрүүлэх вэ гэдэг чиглэлээр 2012 онд Австрали улсын Флиндерсийн их сургуульд суралцсан. Ер нь Монгол эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс дутахааргүй, бүр цаашилбал тэднээс ч илүү зоригтой дуугарах, мэдрэмжтэй, зөв улстөрч байх хэмжээний хүч, өгөгдөл тэдний дотор байдаг. Эмэгтэй хүн сул дуутай, хүч муутай гэх мэт хэвшмэл ойлголтыг арилгах, үүнийг нөхөх ёстой хүмүүс бол түүний ар талынх нь зөвлөх, пиар багийнхан байх ёстой. Гэтэл харамсалтай нь пиар сурталчилгааных нь дийлэнх хэсгийг урлаг, уран сайхан, уянгын халилтай кино, нэвтрүүлэг эзэлдэг. Хүмүүсийг уйлуулж, тэднээр өрөвдүүлэх арга ашиглах гээд байдаг. Энэ нь тэрхэн хугацаандаа үр дүнд хүрч байгаа мэт боловч удаан оршин тогтнож чадахгүй. Тиймээс илүү удаан оршин тогтнохын тулд бодит хөрсөн дээр буусан зүйл л хийх хэрэгтэй шүү дээ. Эмэгтэй улстөрчид шийдэмгий, зоригтой, ажил хэрэгч гэх мэтээр ялгарах имиж бүрдүүлдэг байгаасай. Шаардлагатай тохиолдолд эмэгтэй хүнийхээ мяндсан ухаанаар лоббигоо хүртэл хийж чаддаг байх ёстой. Хүн төгс байх албагүй. Харин тэднийг төгс хэмжээнд байлгах үүрэг хариуцлагатай хүмүүс бол түүний пиар, марктенгийн багийнхан гэдгийг дахин хэлье. Тиймээс арын алба хариуцах баг бүрэлдэхүүнээ мэдлэг боловсролтой, мэдрэмжтэй, зөв хүмүүсээр бүрдүүлсэн тохиолдолд хүйс, хүчний ялгаа гарахгүй. Мөн өөрөө алсын хараатай, нийгэмд нөлөөлөх чадвартай, хамгийн чухал нь эх орон, ард түмнээ гэсэн үнэн сэтгэл үнэртүүлж байвал юу ч түүнд саад болохгүй.
-Ер нь улс төрийн шийдвэр гаргах шатанд хүрч ажиллах хүсэл зорилготой, бэлтгэлээ базааж буй, ялангуяа залуу улстөрчдөд хандаж юу зөвлөх вэ?
-Олон нийтэд таалагдаж, тэднээс оноо авахын тулд чадахгүй зүйлээ амлаж, попрох хэрэггүй гэдгийг л юуны түрүүнд тодотгон хэлмээр байна. Учир нь, манайд попрох үзэгдэл давамгайлах хандлагатай байдаг. Залуу улстөрчид энэ замыг сонгож алддаг тал бий. Үүний оронд мэддэг асуудлаа ярьж, шийдвэрлэж чадах хэмжээний зүйлээ амлаж, эцэст нь түүндээ хүрч, улмаар амлалтаа биелүүлсэн гэдгээ эргээд тайлагнах хэрэгтэй. Иргэд, сонгогчид ч гэсэн энэ зарчимд тулгуурлаж буюу хийсэн ажилтай, хэлэх үгтэй хүнд бодит үнэлгээ өгч, сонголтоо хийдэг баймаар. Ирэх жилийн сонгуулиар УИХ-ын гишүүдийн тоо нэмэгдэх учраас олон хүн өрсөлдөнө. Бүтэн нэг үе өнгөрч, нийгэм солигдож буй энэ цаг үед улс төрийн хуучин арга барилаар өрсөлдөөд ямар ч амжилт олохгүй. Яагаад гэвэл, сонгогчид жилээс жилд хэрсүүжиж байна. Гэтэл харамсалтай нь, зарим улстөрч зөвхөн сошиал хандлага дагаж, мэдэгдэл хийж оноо авах гэж оролддог. Арын багийнхан нь ч ингэж зөвлөдөг шиг байгаа юм. Хэн хэн нь ийм жижиг, өчүүхэн байх хэрэггүй. Харин том бай, том байхдаа үнэн бай. Том бөгөөд үнэн байсан цагт хүрэх оргил ойрхон байдаг. Ийм л зам, зарчмаар яваа тохиолдолд иргэд, олон нийт өөрсдийг нь дахин төлөөлөхийг хүснэ шүү дээ.
-Улс төрийн чиглэлд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн томоохон ажлын тань талаар яриагаа өндөрлүүлье?
-Пиар, продюсер хүний хувьд би “Амьдрах сайхан” гэсэн нэртэй томоохон хэмжээний төсөл хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Энэ төслийн маань дэд гарчиг “Харамсахгүйгээр үхэх”. Нэрнээсээ эхлээд л сонирхол татах байх. Төслийн хүрээнд “Монгол хүн харамсахгүйгээр үхэх хэмжээнд хүртэл сайхан амьдарч чадаж байна уу” гэдэг асуултыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс эхлээд УИХ-ын гишүүн болон бүх шатны шийдвэр гаргах түвшний албан тушаалтнуудаас асууна.
Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол хүн амьд явах эрхтэй. Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Эмнэлгийн тусламж үйлчилгээ авах эрхтэй” гээд хүний эрхтэй холбоотой олон заалт бий. Гэтэл бодит байдалд гэрээсээ гараад нэг алхаад л бид амьд явах эрхгүй нөхцөл байдалтай нүүр тулж байна. Тиймээс энэ төсөл маань зохиол бус харин бодит байдал юм. Өөрөөр хэлбэл, ард түмний бодит амьдрал ахуйд үндэслэж олон жилийн судалгаанд тулгуурлан бичсэн төсөл. Тиймээс төслөө илүү олон хүнд үзүүлж, тодорхой үр дүнд хүрэхийн тулд цуврал контент хийхээр болсон. Нэг асуудал хөндсөн бүтээлийн хойноос түүнд хамаарах салбарын болон шийдвэр гаргах түвшний төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулна. Ингэхдээ хэлэлцээд өнгөрөх бус заавал гарц шийдэл олж, улмаар түүнийг хэрэгжүүлж, бодит үр дүнд хүрэх зарчмын дагуу явах юм. Тиймээс Монгол Улсынхаа хөгжил дэвшил, хүн ардынхаа сайхан сайхны төлөө зүтгэдэг зүрх сэтгэлтэй улстөрчид энэхүү төсөлд нэлээд анхаарал хандуулж, ач холбогдол өгөх болов уу. Мөн энэ ташрамд, ирэх оны сонгуулиар нэр дэвшихээр зэхэж буй эрхмүүд болон пиарын багуудтай нь хамтарч ажиллахад нээлттэй гэдгийг хэлье.
С.Юмсүрэн
Эх сурвалж: Монголын үнэн сонин №040/24571/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна