Намрын налгар өдрүүд халаагаа өгч, сүүлчийн бороо цас болон хувирч, хүйтний эрч эрс чангаран, Дарханы зам, Солонготын даваа хаагдаж, хүн бүр л зузаан хувцас, дулаан байр бараадаж эхэллээ. Яруу найрагчдыг баярлуулж, уянга дуу нэмсэн арваннэгдүгээр сарын бороо малчдыг харин түгшээж байна. Улсын онцгой комисс энэ жил өвөлжилт хүндэрч магадгүй аймгуудын судалгааг гаргажээ. Өнгөрсөн зун гантай байсан Баянхонгор, Дорноговь, Увс, Говь-Алтай, Баян-Өлгий аймагт энэ жил өвөлжилт хүндэрч магадгүй байгаа гэнэ. Тиймээс Улсын Онцгой комисс эдгээр аймагт ажиллаж, стратегийн хүнсний улирлын нөөцийг бүрдүүлэх, хадгалах чиглэлээр иргэдтэй хамтран ажиллах гэрээ байгуулж байгаа юм. Төрийн ордноос эхлээд баг, сумын Засаг дарга, аймаг орон нутгийн удирдлагууд ирэх жилийн ажлаа төлөвлөж, хөрөнгө мөнгөө хуваарилах гээд орон даяараа л бужигнаж байна. Улсын төсвийг хянаж, дүгнэлт гаргаснаа Ерөнхий аудитор Д.Занданбат УИХ-ын гишүүдэд танилцууллаа. Түүний дүгнэлтийг харахад Барилга, хот байгуулалтын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Эрчим хүчний яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны сайд нар Монгол Улсын 2024 оны хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсан зарим зорилт, арга хэмжээг төсөвтөө суулгаагүй хэрнээ төлөвлөгөөнөөс гадуур 858.4 тэрбум төгрөгийн 143 төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр оруулж иржээ.
Өнгөрсөн долоо хоногийн хамгийн чихэнд чимэгтэй мэдээллийг дэд сайд С.Мөнгөнчимэг өглөө. Тэрбээр “Төрийн бүх албан хаагчийн цалинг 10 хувиар, төрийн нийтлэг үйлчилгээний ажиллагсдын цалинг 20 хувиар нэмэгдүүлэхээр төсөвт тусгасан” хэмээн мэдэгдсэн юм.
Мөн суманд ажиллаж байгаа төрийн захиргааны болон үйлчилгээний бүх албан хаагчдад сар бүр үндсэн цалингийн 40 хувиар орон нутгийн нэмэгдэл олгох бол аймгийн төв болон нийслэлийн алслагдсан гурван дүүрэг болох Багануур, Багахангай, Налайх дүүрэгт ажиллаж байгаа төрийн албан хаагчдад 20 хувиар тооцож орон нутгийн нэмэгдэл олгох юм байна. Төрийн албан хаагчид орон нутагт байр худалдан авах тохиолдолд гурван хувийн ипотекийн зээлд хамруулж, хүүгийн зөрүүг төсвөөс төлнө. Мөн урьдчилгаа төлбөрийн 60 хувийг Зээлийн батлан даалтын сангаас баталгаа гаргана. Орон нутагт шинээр томилогдон очиж ажиллах тохиолдолд байрны түрээсийг эхний нэг жил төсвөөс төлнө. Орон нутаг болон нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт тогтвор суурьшилтай ажиллаж байгаа төрийн захиргаа, төрийн мэргэшсэн үйлчилгээний албан хаагчдад таван жил тутамд нэг удаа зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно” гэж мэдэгдлээ. Улсын хэмжээнд нийтлэг үйлчилгээний албанд нийт 217.7 мянган хүн ажилладаг юм байна.
Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг энэ оны арванхоёрдугаар сарын 30-наас өмнө өөрчлөх хуулийн заалттай. Тиймээс орон нутгийн сонгуулийг хэрхэн явуулах вэ гэдэгт улстөрчид анхаарал хандуулж МАН-ын бүлэг хуралдаж, хуулийн төслийг хэлэлцсэн байна. МАН-ын бүлгээс “Орон нутгийн сонгууль самбарын бус бодлогын өрсөлдөөн байх ёстой. Сонгуулийн санал авах байрыг камержуулж, сурталчилгааны самбарын тоо 80,000 байсныг 1,523 болгоно” гэж мэдэгдлээ.
Хэдхэн хоногийн өмнө монголчууд НӨАТ-ын хоёр хувийг таван хувь болгож нэмэгдүүлэх саналаа цахимаар өгсөн. Нийтдээ 100 гаруй мянган иргэнээс ирсэн энэ санал Төрийн ордны босгыг давж, Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэгдэж, ажлын хэсэг байгуулахаар боллоо. НӨАТ-ын хувийг нэмэгдүүлснээр төсөвт ирэх ачаалал нэмэгдэнэ гэж зарим хүн үзэж байхад эсрэгээрээ хуулийн хэрэгжилт сайжирч, төсвийн орлого 534-635 тэрбум төгрөгөөр өснө гэж ярих нэгэн нь ч байна. Хэрвээ энэ санал дэмжигдвэл нэг иргэний буцааж авах мөнгөний дүн 97.4 мянгаар нэмэгдэх судалгааг МҮХАҮТ-аас гаргажээ.
Нийслэлийн дарга нарын суудлыг ганхуулсан “Ногоон автобус”-ны хэрэг замхраагүй, харин ч эрчээ авч хууль хяналтынхны анхаарлыг ид татаж байна. Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд хийсэн автобус худалдан авалтыг шалгуулах хүсэлтийг Нийслэлийн Засаг даргаас Авлигатай тэмцэх газар, Улсын ерөнхий прокурор, Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсэн. Энэ хүсэлтийг АТГ хүлээн авч, хэргийг шалгаж байгаа бөгөөд хотын экс дарга Ц.Батбаяр, Нийтийн тээврийн газрын дарга асан Ч.Сайханбаяр нарыг хойшлуулшгүйгээр 48 цагийн хугацаатай баривчиллаа.
АТГ-аас ганцхан “Ногоон автобус”-ны хэргийг бус 2008 оноос хойш Монголд орж ирсэн улаан, цэнхэр, давхар гээд олон автобусны тендерүүдийг сөхөж, хотын хуучин удирдлагуудыг сандаргаж байна. Э.Бат-Үүл даргын үед л гэхэд дөрвөн удаа шууд гэрээ байгуулан автобусууд авсан. Өнөөдөр энэ автобусууд бүгд ашиглагдахгүй байгааг Хотын шинэ дарга илчлэв. Тэрбээр “Монбус гэх 30 цахилгаан автобусны нэг бүрийг 470 сая төгрөгийн үнэтэйгээр худалдаж авсан. Шууд гэрээний аргаар авсан автобусууд нь тухайн өдрөө өгсүүр өөд газруудад явахгүй байсаар актлагдсан” гэдэг ноцтой мэдээллийг дэлгэлээ.
Улсаас 1.4 тэрбумыг авчихаад ганц өдөр ч ашиглагдаагүй цахилгаан автобус хийсэн хүн нь АН-ын нөлөө бүхий лидерүүдийн нэг гэгдэх Жаргалсайхан гэгч нөхөр. Тэрбээр Ерөнхий сайд асан Н.Алтанхуягтай ураг төрлийн холбоотой гэж яригддаг. Гэвч түүний энэ будилаантай наймааг бүгд л дараад өнгөрчээ. Энэ мэтчилэнгээр автобусны хэрэгт хотын удирдлагууд ээлж дараалан татагдаж өндөр албан тушаалтнууд ч холбогдож эхлэв. Тэгвэл олны анхаарлыг татсан томоохон хэргүүдийн шүүх хурал жинхэнэ гацаанд орчихоод байна. Өнгөрсөн долоо хоногт “Эрдэнэс таван толгой” ХК-ийн захирлаар ажиллаж байсан Б.Ганхуягт холбогдох шүүх хурал эхэлсэн ч дахиад л завсарлага авлаа.
УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан болон бусад есөн хүний хамт эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн болон зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулсан гэж буруутгагдаж байгаа Б.Ганхуяг эрүүл мэндийн шалтгаанаас болж шүүх хуралд оролцох боломжгүй хэмээн мэдэгдэж, яллагдагчийн хүсэлтээр шүүх хурлыг хойшлуулав. Өмнө нь шинэ өмгөөлөгч авсан, өмгөөлөгч нь хавтаст хэрэгтэй танилцана, өмгөөлөгч шүүх хуралд оролцох боломжгүй болсон гэх мэт шалтгаанаар шүүх хурал хойшилж байсан юм.
Мөн “Шувуу” ажиллагааны хүрээнд гадаадаас баригдаж ирсэн Т.Бадамжунайд холбогдох шүүх хурал ч бас яллагдагчийн эрүүл мэндийн байдлаас болж хойшилсон. Иймэрхүү байдлаар шүүх хурлуудыг хойшлуулж, шуугиан тарьж байсан хэргүүд ч мартагдах тийшээ хандаж байгаад олон хүн бухимдалтай байна. Иргэд, олон нийт төрд асар их хэмжээний хохирол учруулсан нүүрсний гэх тодотголтой хэрэг дээр сонсгол явуулахыг хүлээж байгаа. Удтал хүлээсний эцэст сая л нэг нааштай хариу сонсогдов. Хууль зүйн сайд Д.Энхбаяр “Ирэх сард нүүрсний сонсгол явуулна. Улстөрчдийн зүгээс нэг тойрогт нэр дэвшигчдээ “ухуулах” хүсэлт их ирдэг. Тиймээс нүүрсний сонсголыг улстөрчдийн зүй бус нөлөөллөөс ангид байж шинжээчдийн оролцоонд тулгуурлаж явуулна” гэдгээ мэдэгдлээ.
Өнгөрөгч долоо хоногт Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, хичээнгүй зүтгэлт XXIX Хамба Номун хан, Соёлын гавьяат зүтгэлтэн, гавж Д.Чойжамц үүрэгт ажлаа өгч, түүний оронд Буддын шашны дээд сургуулийн багш лхаарамба Д.Жавзандоржийг томиллоо. Тэргүүн их хамба лам XXX хамба Номун хан, лхаарамба Д.Жавзандорж ламыг ширээнд залах ёслолын үйл ажиллагааг билгийн тооллын өлзийт сайн өдөр товлон гүйцэлдүүлэхээр тогтжээ.
Сошиал орчинд өнгөрсөн долоо хоногт хамгийн их цоллуулсан хүнээр Хотын шинэ дарга Х.Нямбаатар тодорч байна. Тэрбээр Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны түүхт 384 жилийн ойгоор иргэддээ хандан мэндчилгээ дэвшүүлсэн. Хотын дарга мэндчилгээндээ “Замын ачаалалтай хэсэгт төлбөр тогтоож хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлэх, хотын төвлөрлийг сааруулж, гэр хорооллыг орон сууцжуулан түгжрэл, орчны бохирдлоос үүсэх нийгэм, эдийн засгийн нөлөөллийг энэхүү хуулиар бууруулна” хэмээн дурдсан. Гэвч хотын төв хэсгээр төлбөртэй зорчдог болно гэсэн түүний энэ үг олон нийтийн анхаарлыг хамгийн их татаж бас багагүй шүүмжлэл, санал гомдол дагуулж байна.
Ирэх онд монголчууд хоёр том сонгуульд оролцож сонгох, сонгогдох эрхээ эдэлнэ. Сонгууль ойртохын хэрээр намуудын идэвх илт сэргэж, улс төрийн сонирхолтой акц, “жүжиг” ч гэмээр үйл явдлууд өнгөрсөн долоо хоногт шил шилээ даран өрнөв. Чингэлтэй дүүрэгт АН-аас нэр дэвшиж байсан залуу намынхаа тугийг намируулан гишүүдээ дагуулж, Ж.Сүхбаатар, Т.Аюурсайхан хоёрт хариуцлага тооцохыг шаардан төрийн ордныг тойрлоо. Өрсөлдөгчдөө шууд л шүүхийг шаардаж байгаа түүний энэ үйлдэл олон нийтэд төдийлөн таалагдсангүй. Ардчилсан нам засаг барьж байх үед Хөдөлмөрийн сайдаар ажиллаж байсан экс гишүүн Г.Баярсайхан “Өрийн дэвтэр” гэсэн бичигтэй хар цааснууд шатааж, золтой л өөрийгөө галдчихсангүй. Гэвч түүнийг засаг барилцаж байх үед тавьсан “Чингис”, “Самурай” бондын өрийг төлөх гэж монголчууд халаасаа шавхаж байгааг Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдлээ. Ийнхүү сонгууль угтсан улс төрийн жүжгүүд ээлж дараалан нээлтээ хийж байна.
Б.Нүүдэл
Эх сурвалж: Монголын үнэн сонин №041/24572/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна