Чингэлтэй дүүрэг багш мэргэжилтэй Засаг даргатай. Тиймдээ ч Н.Батмсүмбэрэл дарга боловсролын салбартаа тусгайлан анхаарал хандуулдаг. Эх орны ирээдүй болсон хүүхэд багачуудыг сурган хүмүүжүүлэх ажил бол томчуудын, тэр дундаа дүүргийн удирдлагуудын хувьд нэн тэргүүнд авч үзэхээс аргагүй салбар. Монголын маргаашийн хувь заяа өнөөдөр цэцэрлэг сургуульд сурч хүмүүжиж буй хүүхэд багачуудын зүрх, тархинд бий. Энэ ч агуулгаараа хүүхдүүдийн боловсролд томчууд бид маш хариуцлагатай хандах учиртай. Чингэлтэй дүүрэг ерөнхий боловсролын 20 сургууль, 38 цэцэрлэгтэй.
Дүүргийн төсвөөс жил бүр 1.5 тэрбумаас доошгүй хөрөнгийг боловсролын салбартаа зарцуулдаг гэх тоон мэдээллийг бидэнд өгсөн юм. Ингэснээр бүх хороог сургууль, цэцэрлэгтэй болгож, хүүхдүүдийг сурах орчин, нөхцөлөөр хангахын зэрэгцээ багш нараа чадавхжуулах ажлыг тогтмол зохион байгуулдаг байна. Тухайлбал, дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар “Чадварлаг багш-2024” арга хэмжээг дөрвөн зорилт, 15 үйл ажиллагааны хүрээнд батлуулан хэрэгжүүлж эхэлжээ. Гэр болон байшин хороолол хосолсон дүүрэг учраас нийт 24 хорооноос сургууль, цэцэрлэггүй бүс ч байдаг аж. Тиймээс боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхэд гол анхаарлаа хандуулж байгаа юм байна. Ингэснээр энэ жилийн хувьд нэг сургууль, хоёр ч цэцэрлэгийн барилгыг барьж байгуулсан бөгөөд тун удахгүй ашиглалтад хүлээн авахад бэлэн болжээ.
Түүнчлэн хүүхдэд номоор дамжуулан сууж сурах, сэтгэн бодох чадвар, дадлыг суулгах үүднээс цэцэрлэгийн насныхнаас авахуулаад ерөнхий боловсролын дунд, ахлах ангийнханд зориулан, хүссэн номоо үнэ төлбөргүйгээр унших боломж бүхий “Номын өргөө”-г дүүргийн хэмжээнд хоёрыг ч байгуулаад байгаа ажээ. Анх байгуулснаас хойш нийтдээ 70 гаруй сая төгрөгөөр номын санг нь баяжуулсан бөгөөд 6000 гаруй төрлийн монгол номоор хүүхдүүдэд үйлчилдэг. Мөн улс болон нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар багш, ажилчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, ялгааг арилгах зорилгоор олон талт ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байна.
Боловсрол бол нийгмийн хөгжлийн амин сүнс гэж үздэг учраас Чингэлтэй дүүрэг бүх шатны боловсролын байгууллага, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг нэн чухалчилж ажилладаг байна. Энэ ч үүднээс Засаг дарга Н.Батсүмбэрэлийн зүгээс боловсролыг хүртээмжтэй, чанартай, тэгш байдлаар хангах зорилгоор олон улсад хэрэгждэг хөтөлбөрүүдийг дүүрэгтээ нэвтрүүлэн ажиллаад багагүй хугацаа өнгөрчээ.
Тодруулбал, төрийн өмчийн бүх цэцэрлэгт Steam, I᠋’m BREAK, Montessori хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. Эдгээр хөтөлбөр нь хүүхдийн нас, насны онцлогт тохирсон агуулга, арга зүй, хэрэглэгдэхүүн бүхий сургалтын хамгийн оновчтой арга барил болох хүүхдүүд баг болон өөрсдийн гараар бүтээл хийж, бүтээлээ ашиглан туршилт явуулах, шинийг санаачлах, хэлэлцэх замаар үйлдэн суралцдаг онцлогтой ажээ.
Мөн тав тухтай орчинд сурч хүмүүжих нөхцөлийг бүрдүүлж дүүргийн хөрөнгө оруулалтаар бүх цэцэрлэгийн зөөлөн эдлэл, хивс болон хивсэнцэр, цагаан хэрэгслийг бүрэн шинэчлэхэд 850 сая төгрөг зарцуулаад байгаа аж. Түүнчлэн боловсролын салбарт жишиг болж буй “Шүд угаах кабинет”-тай хоёр ч сургууль Чингэлтэй дүүрэгт бий. Тухайлбал, дүүргийн төвийн бүс дэх 50 дугаар сургууль, гэр хорооллын бүсэд байрлах 37 дугаар сургуульд энэ хөтөлбөрийг хэрэгжүүлээд хоёр жил гаруй хугацаа өнгөрч байна. Хөтөлбөрийн хүрээнд хүүхдүүд сургуулийн орчинд шүдээ угааж хэвшсэн бөгөөд хоёр жилийн хугацаанд шүдний өвчлөл 50 хувиар буурсан үр дүнтэйгээр улсдаа жишиг болж буй.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс “Эрүүл шүд” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэх шаардлагатайг зарласан. Үүний дагуу өдгөө улсын хэмжээний бүх сургууль, цэцэрлэгт шүд угаах орчин, нөхцөл бүрдүүлэхээр холбогдох албаныхан бэлтгэл хангаж байгаа юм. Энэ ажилд Чингэлтэй дүүргийн 37, 50 дугаар сургуулийнхан сайн туршлагаа харамгүй хуваалцаж байна.
Түүнчлэн Засгийн газрын бодлого, шийдвэрт үйл ажиллагаагаа нийцүүлэх үүднээс цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд X, XII, XVIII хороонд 56, 154, 155 дугаар цэцэрлэгийн салбар цэцэрлэгийг нээж, тохижилтыг нь хийж өгсөн байна. Ингэснээр цэцэрлэгт хамрагдахаар хүсэлт илгээсэн бүх хүүхдэд сургуулийн өмнөх боловсролыг олгож байна. Боловсролоор манлайлсан оюунлаг иргэнийг бэлтгэх зорилтынхоо хүрээнд элсэлтийн ерөнхий шалгалтад өндөр амжилт үзүүлсэн сурагч болон багшийг шагнаж урамшуулдаг болжээ. Үүний хүрээнд 800 оноо авсан сурагч болон тэднийг бэлтгэсэн багш нарт мөнгөн урамшуулал олгосон байна. Энэ тухайд Чингэлтэйчүүд элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр нийслэлийн хэмжээнд тавдугаар байрт эрэмбэлэгдэж байна.
Ерөөсөө боловсролтой иргэнийг бэлтгэхэд бүх шатны боловсролын байгууллагын багшлах боловсон хүчин хамгийн чухал. Тийм ч учраас тэднийг идэвхжүүлэх, чадавхжуулах ажлыг тогтмол зохион байгуулах учиртай гэж Засаг дарга үздэг. Энэ тухайд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл “Боловсролын тухайд чанар, хүртээмжийг чухалчилж байна. Үүний хүрээнд өмнөх жилүүдээс сургууль, цэцэрлэгийн хүртээмж сайжирсан.
Одоо сургалтын чанарт анхаарч багш нарыг чадваржуулж, нийгмийн асуудлыг нь шийдэхэд илүү анхаарч байна. Тухайлбал, жил бүр идэвх санаачилгатай, амжилттай ажилласан 5-6 багшийг орон сууцанд хамруулахад дэмжлэг үзүүлж байна. Боловсролын салбарт анхаарахын тулд ул суурьтай хандах шаардлагатай. Зөвхөн сургууль цэцэрлэг бариад асуудал шийдэгдэхгүй. Тухайлбал, инженерийн шугам сүлжээ шийдэгдээгүй гэр хороололд сургууль барьчихдаг.
Гэтэл ийм сургуульд ажиллах багш олдохгүй, боловсон хүчний асуудалтай бид нүүр тулдаг. Тиймээс бид дүүргийнхээ зарим нэг сургууль, цэцэрлэгийн дулааныг нийслэлийн төсвөөр газрын гүний дулаан тавьж туршиж байна. Цаашдаа сургуулиудын гаднах тохижилт, аюулгүй байдал, боловсролын чанарт анхаарч ажиллана” хэмээн онцолсон. Түүний хэлснээр цаашид цэцэрлэг, сургуулийн байрыг шинэчлэн засварлахаас гадна шинээр ашиглалтад оруулах төлөвлөгөөг иж бүрнээр гаргажээ.
Тус төлөвлөгөөний дагуу нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар дүүргийн VIII хороонд 640 хүүхдийн суудалтай, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар XVII хороонд 960 хүүхдийн суудалтай сургуулийг шинээр барихаар төлөвлөжээ. Түүнчлэн дүүргийн V хороонд 240 хүүхдийн ортой, XIII хороонд 150 ортой тусгай хэрэгцээт хүүхдийн цэцэрлэгийг шинээр барих аж.
Мөн XII хороонд 120 хүүхдийн ортой, 180 хүүхдийн суудалтай бага сургууль болон цэцэрлэгийн цогцолборыг, XIX хороонд 120 хүүхдийн ортой цэцэрлэг, 180 хүүхдийн суудалтай бага сургуулийн цогцолборыг шинээр ашиглалтад оруулах юм байна. Харин дүүргийн VI хорооны 74, 108 дугаар цэцэрлэгийг буулган шинэчлэхээр бэлтгэл ажилдаа оржээ. Чингэлтэйчүүд ингэж боловсролын салбартаа их ажил, их бүтээн байгуулалтыг өрнүүлж байна. Үүний үр дүнд боловсролын хүртээмж төдийгүй чанарыг сайжруулахын зэрэгцээ нийслэл төдийгүй улсдаа манлайлах алсын хараатайгаар ажиллаж байна.
М.Өнөржаргал
Эх сурвалж: Монголын үнэн сонин №041/24572/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна