-Хүүхдүүд сургуулийн орчинд шүдээ угаагаад хэдийнэ даджээ-
Шүдний оо, сойзоо барьсан хүүхдүүд коридорт эгнэн жагсжээ. Энэ бол үдийн хоолны дараа шүдээ угаахаар дугаарлан зогсоо гуравдугаар ангийнхан. “Шүдний кабинет” гэсэн бичигтэй өрөөнд орвол тэдний нурууны өндөрт тохируулан суурилуулсан зургаан тосгуурт энэ тооны хүүхэд шүдээ угааж харагдана. Хүүхдүүд шүдээ угаахад бэлтгэн, нуруу нуруугаа харан зогсох зуурт өглөө шүдээ угаасан эсэх, өдөрт хэдэн удаа, ямар дарааллаар угааж байна гэх зэргээр нэгнээсээ асуух бөгөөд ерөөсөө энэ орчинд шүдтэй, шүдний эрүүл ахуйтай холбоотой яриа өрнөх нь өхөөрдөм.
Сургуулийн А байранд хичээллэж буй бага ангийнхан энэ жишгээр дугаарлан зогсож шүдээ угаана. Нэг анги 10 минутад багтаах ёстой. Б байранд байрлах дунд болон ахлах ангийнхан ч энэ жишгээр өдөрт 1-3 удаа шүдээ угааж хэвшжээ. Таны, миний , өнөө үед ч сургуулийн орчинд шүд угаадаг жишиг байдаггүй байв. Тэгвэл Чингэлтэй дүүргийн 37 болон 50 дугаар сургуулийнхан сургууль дээр шүдээ угааж хэвшээд хоёр жил гаруйн хугацаа өнгөрч байна. Нийслэл төдийгүй улсын хэмжээнд жишиг болж буй 37 дугаар сургуулиас энэ удаагийн сурвалжилгаа бэлтгэлээ.
Монгол Улсын Засгийн газраас хүүхдүүдийн шүдний өвчлөлийг бууруулах зорилгоор “Эрүүл шүд” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээ зарласан. Энэ хүрээнд сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон ерөнхий боловсролын сургуульд өдөр бүр “Шүд угаах цаг”-ийг зохион байгуулж, хэвшүүлэх. Улмаар цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдыг шүд угаах цэг бүхий эрүүл ахуйн шаардлага хангасан орчин нөхцөлөөр хангах ажлыг үе шаттайгаар зохион байгуулахыг Монгол Улсын Ерөхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн хавар холбогдох албаныханд үүрэг болгосон байдаг.
Үүний дагуу өдгөө бэлтгэл ажлыг ид хангаж буй. Ийм цаг үед шүд угаах хөтөлбөр хэрэгжүүлээд хэдийнэ хоёр жил болчихсон 37 дугаар сургуулийнхан судлагдахуун болж байгаа аж. Өөрөөр хэлбэл, улсын хэмжээний бүх сургууль, цэцэрлэгийг шүд угаах цагтай болгож, тусгай кабинет байгуулахын тулд энэ ажлыг хэвшил болгоод удаж буй дээрх сургуулийн менежер, багш нар Эрүүл мэндийн болон Боловсролын яаманд дуудагдан, хоёр жилийн хугацаанд хуримтлуулсан сайн туршлагаа маш таатайгаар хуваалцаж байгааг 37 сургуулийн захирал З.Тунгалаг бидэнд ярихдаа бахархалтай байгаа нь илт.
Арга ч үгүй биз, Чингэлтэй дүүргийн удирдлагууд, эдний сургуулийнхан цаг үеэсээ түрүүлж алхсан, түрүүлж хүүхдүүдийн амны хөндийн эрүүл ахуйд анхаарал хандуулсан, амжилттайгаар хэвшүүлсэн, тодорхой хэмжээний туршлага хуримтлуулсан. Өдгөө бусадтай хуваалцахад үргэлж нээлттэй гэдгээ илэрхийлж байна. “Шүд эрүүл бол бие эрүүл, 80 настайдаа эрүүл 20 шүдтэй байхын төлөө” гэсэн уриатайгаар шүд угаах хөтөлбөрийг хэрэгжүүлж буй 37 дугаар сургуулийн сурагчид төдийгүй багш, ажилчид ч энэ хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд сэтгэл, зүтгэл гаргадгаа илэрхийлж байлаа. Үнэхээр ч хүүхдүүдийн шүд угаах цагийг чанартай байлгахад хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй ажээ.
Шүдээ угааж, эрүүл байх нь чухал ч гэлээ сурч боловсрох цаг хугацаанаас хумслах ёсгүй гэж сургуулийн удирдлагууд үздэг учраас шүдээ угаах цаг болоход ангийн багшаас гадна сургуулийн эмч ирж, хяналт тавина, бүх хүүхдийн шүдийг угаалгана. Энэ хөтөлбөрийг эхлүүлэх үед дадал болоогүй учраас хүүхдүүд оо сойзоо мартахаас авахуулаад шүдээ угаахаас цааргалах зэрэг үзэгдэл гарч байсан бол өнөөдөр хэдийнэ дадал болжээ.
Цоорсон, ломбодсон, шүдээ авахуулсан хүүхдийн тоо 50 хувиар буурчээ
Чингэлтэй дүүргийн эцэст буюу гэр хорооллын бүсэд байрлах 37 дугаар сургуулийн 1-12 дугаар ангийн ямар ч хүүхдийн цүнхийг үзвэл оо, сойзны сав гарцаагүй байх аж. Хүүхдүүд одоо маш хариуцлагатайгаар оо, сойзоо авчирдаг, юм идсэн үедээ сайн дураараа шүдээ угаадаг болсныг сургуулийн эмч олзуурхан ярьж байна. Амны хөндийн эрүүл ахуй бүх өвчний суурь болдог учраас багаасаа шүдээ угааж хэвших нь хэний боловч эрүүл мэндэд чухал ач холбогдолтой гэдгийг тодотгох сургуулийн эмч А.Даваасүрэн хөтөлбөрийн үр дүнтэй холбоотой зарим тоон мэдээллийг бидэнтэй хуваалцсан юм.
Түүний хэлснээр цоорсон, ломбодсон болон шүдээ авахуулсан хүүхдийн тоо 50 хувиар буурсан өндөр үзүүлэлт гарсан бөгөөд өнгөрсөн жилийн үзлэгээс хойш 270 хүүхэд шүдний өнгөргүй болсон байна. Тэрбээр үргэлжлүүлэн “Анх энэ хөтөлбөрийг манай сургуульд хэрэгжүүлж эхлэхэд бүх хүүхдийг бүрэн үзлэгт хамруулсан. Тухайн үед буруу угаалтаас гадна өвчилсөн шүдээ үзүүлж, эмчлүүлээгүй байх нь элбэг анзаарагдсан. Бага ангиас авахуулаад дунд, ахлах ангийн бүх хүүхэд шүд угаалтын талаар нэгбүрчлэн заасан. Ингээд дараа нь хэрхэн угааж байгааг харна, буруу байвал зөв болгоно. Ингэснээр хүүхдүүд амны хөндийн эрүүл ахуй, шүдний арчилгаа гэж юу болох талаар цогц мэдээлэлтэй болчихож байгаа юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд шүдний эрүүл ахуйтай холбоотой бүх эмчилгээ, үйлчилгээг цогцоор үзүүлж байна. Тухайлбал, шүдээ хэрхэн зөв угаахаас авахуулаад хичээл эхлэх есдүгээр сар болон дуусах зургадугаар сард хоёр удаа тогтмол үзлэг хийнэ.
Энэ үзлэгийн үр дүнгээс хамаарсан эмчилгээ үйлчилгээг үзүүлнэ. Үүнээс гадна миний бие сургуулийн эмчийн хувиар өдөр бүр үзлэг хийнэ. Өрхийн эмнэлгүүдтэй мөн хамтарч ажиллана. Энэ хүрээнд өрхийн эмнэлгүүдээс мөн сургуулийн сурагчдад амны хөндийн эрүүл ахуйн үзлэгийг давхар хийдэг. Ингэж тал бүрээс хамтарч ажиллаж байна. Нэг анги өдөрт 2-3 удаа шүдээ угаах цагийг гаргаж өгдөг. Завсарлахаас таван минут, завсарлагааны таван минутад амжуулдаг гэсэн үг. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээр хүүхдүүд анхан шатны мэдлэггүй байсан бол маш сайн мэдээлэлжсэн. Шүд угаалт маш сайн нэмэгдсэн. Хүүхдүүд шүдээ угааж амжилгүй ирсэн ч үдийн цайны дараа бүх нийтээрээ хамрагддаг учраас манай сургуулийн хувьд шүдээ угаалгүй өнждөг, өдөр алддаг хүүхэд байхгүй гэж ойлгож болно. 2022-2023 онд шүдний төсөлд 2177 хүүхдийг хамруулж, үзлэг оношилгоо хийсэн.
Жилийн хугацаан дахь үр дүнг харахад хүүхдүүдийн шүдний өвчлөл 0.2 хувиар дээшилсэн буюу энэ хэмжээгээр эрүүлжсэн буюу шаардлагатай эмчилгээ, үйлчилгээг хийлгэсэн байна гэсэн үг. Харин шүдний ямар нэгэн өвчлөлтэй хүүхдийн тоо 0.1 хувиар буураад байна. Ерөнхийдөө эрүүл шүдтэй хүүхдийн тоо өсөөд, өвчлөл буурсан дүнтэй гарсан. Цоорлын тархалт 0.1, цоорлын эрчим 0.5, шүдний өвчлөл 0.5 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан. Цооролтой шүдтэй хүүхдийн тоо мөн 0.6 хувиар буурсан. Энэ тоон үзүүлэлт бол хүүхдүүд шүдээ маш сайн угаадаг болсон, шүдээ хэрхэн, зөв угаахыг мэддэг болсон, шүд нь өвчилсөн тохиолдолд шаардлагатай эмчилгээг цаг алдалгүй хийлгэсэн гэсэн үг. Түрүү жилийн үзлэг оншилгоогоор эмчлүүлэх шаардлагатай 90.8 хүүхэд байсан бол энэ жилийн үзлэгээр 86.1 болсон байна. Энэ тооны хүүхэд шүдээ эрүүлжүүлсэн байна гэж ойлгож болно.
Сургуулийн эмчээр ажиллах хугацаанд “шүд өвдлөө” гэж орж ирэх хүүхдийн тоо харьцангуй цөөрсөн. Энэ бол яалт ч үгүй шүдний хөтөлбөрийн үр дүн. Эчмийн зүгээс шүдээ өдөрт гурван удаа тогтмол угаахыг зөвлөдөг. Үүний зэрэгцээ юм идсэний дараа заавал угаах шаардлагатай байдаг. Угаах боломжгүй бол усаар заавал амаа зайлах хэрэгтэй. Амны хөндий эрүүл бол бие эрүүл гэдгийг манай сургуулийн хүүхдүүд бүгд мэддэг болсон.
Ингэж шүдээ тогтмол угааж сурснаар бид 80 настайдаа 20 шүдтэй байх зорилт тавиад байна” гэсэн юм. Харин 37 дугаар сургуулийн Бага боловсрол хариуцсан сургалтын менежер Л.Гийхнаран “Манай сургууль нийт 2045 хүүхэдтэй. Эхний жилдээ хүүхдүүд үдийн хоолны дараа шүдээ хэрхэн, яаж угаах вэ гэдэг төслийг хэрэгжүүлсэн. Энэ жилээс шат ахисан буюу фоторт уусмалаар ам зайлах нэг жилийн төслийг эхлүүлээд явж байна. Төсөл эхэлсэн эхний жилд 1-12 дугаар ангийн бүх хүүхдийг шүдний бүрэн үзлэгт хамруулсан. Ингэснээр хүүхдүүдийн дунд шүдний ямар өвчин зонхилж байгааг, ямар эмчилгээ хэрэгтэйг бүгдийг гаргаад ирсэн гэсэн үг. Тухайн үед Японы эмч нарын хэлснээр манай монгол хүүхдүүд шүдээ дутуу угаадгаас гадна хэлээ угаадаггүйгээс буюу хэлний өнгөрөөс болж өвчлөл нэмэгддэг гэдгийг хэлж байсан. Тийм учраас үүнд үндэслээд хүүхдүүдэд шүдээ хэрхэн угаахыг дараалал бүрээр зааж өгсөн. Аргачлалыг заагаад өгчихсөн болохоор манай хүүхдүүд одоо дадал болчихсон. Ялангуяа өглөө ордог хүүхдүүд шүдээ угааж амжилгүй гарч ирэх тохиолдол байдаг. Тиймээс сургууль дээр ирээд шүдээ угаадаг нь тухайн хүүхдүүдийн эрүүл мэндэл маш чухал үр дүнтэй ажил болсон” гэлээ.
З.Тунгалаг: Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас шүдний хоёр кабинетыг сургуулийн хэмжээнд байгуулж өгсөн
Сургуулийн захирлын хувьд шүд угаах хөтөлбөр дараагийн шатанд шилжсэнийг тодотгож байлаа. Өөрөөр хэлбэл, эхний хоёр жилд хүүхдүүдийн дунд шүд угаахыг хэвшил болгосон бол одоо фторт уусмалаар зайлж хэвшүүлэх бэлтгэл ажлаа хангаж эхэлжээ. Өөрөр хэлбэл, энэ төслийг Чингэлтэй дүүргийн ЗДТГ, Японы шүдний эмч нарын холбоо болон “Жайка” олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд тус улсад фторт уусмалаар амаа зайлах нь маш өндөр үр дүнтэй гарсан учраас зарим сургуульд хэрэгжүүлж эхэлсэн юм байна.
Улмаар 37 дугаар сургуульд хэрэгжүүлэх үүднээс өдгөө хүүхдүүд давс болон соданы уусмалаар амаа зайлах сургуулилалтыг хийж байгаа аж. Учир нь, фторт уусмал нь цэвэрлэх бодис учраас залгиж болдоггүй бөгөөд эхлээд дадлага хийх шаардлагатай байдаг ажээ. Бүх хүүхдийг сургуулийн орчинд шүдийг нь угаалгахын тулд цагийг тусгайлан зохицуулсан. Бага ангийн 25 бүлэгтэй. 13 нь өглөө, 12 нь өдөр хичээл нь ордог. Нэг анги 10 минутад үдийн хоолоо иднэ, дараа нь 10 минутын хугацаанд шүдээ угааж дуусах ёстой. Ийм дарааллаар бүх ангийнхан шүдээ угаадаг гэсэн үг. Ингээд хүүхдүүд шүдээ угаах явцад ангийн багш, сургуулийн эмч байлцаж, бүх хүүхэд шүдээ угааж байгаа эсэхээс гадна зөв угааж байгаа эсэхийг хянадаг гэсэн үг. Хүүхдүүд оо сойзоо угааж байгаа эсэхийг хүртэл ангийн багш нь бүртгэл хөтлөөд явчихдаг. Тиймээс ер нь хамрагдалт хангалттай байдаг.
Бүтэн жил угаачихсан учраас хэвшил болчихсон. Энэ бол маш олон талын ач холбогдолтой арга хэмжээ. Тухайлбал, дотор эрхтний бүх өвчний суурь нь шүднээс хамааралтай байдаг юм билээ. Тиймээс захын, гэр хорооллын сургууль учраас шүдээ угааж амжихгүй, зарим нь бүр боломжгүй ч хүүхэд бий. Энэ тохиолдолд хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд оруулж буй том хөрөнгө оруулалт гэж бид үздэг хэмээн З.Тунгалаг багш тодотгосон. Тэрбээр “Шүдний үзлэгийн тогтолцоог бий болгох замаар хүүхдийн эрүүл мэндийг дэмжих агуулга бүхий төсөл. Гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр эхлүүлээд байна. Бидний хувьд одоогоор үзлэгийн тогтолцоог хэрэгжүүлээд явж байна. Энэ төслийн хүрээнд манай сургууль Эрүүл мэндийн зөвлөлийг байгуулсан.
Сургуулийн захирлаар удирдуулсан энэ зөвлөлд анги удирдсан багш нар, сургалтын менежер, сургуулийн эмч болон эцэг эхийн төлөөлөл, хүүхдийн төлөөлөл багтдаг. Зөвлөлийнхний хувьд энэ төслийг амжилттай хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг боловсруулахаас гадна хяналт тавих, сургалт нөлөөллийн ажил хийх, эцэг эх суралцагчид гүүр болж ажилладаг. Японд хүүхдээ төрөхөөс авахуулаад шүднийх нь эрүүл мэндэд тусгайлан анхаардаг юм байна. Үүнд эцэг эхчүүдийн оролцоо маш өндөр байна. Тиймээс манайд ч гэсэн энэ тогтолцоог хэрэгжүүлэх шаардлагатай гэж би хувьдаа үздэг. Тиймээс Эрүүл мэндийн зөвлөлөөр дамжуулан эцэг эхчүүдэд хүрч ажилладаг. Үүний үр дүнд манай сургуулийн хүүхдүүд бүгд зөв дадалтай болсон. Өөрөөр хэлбэл, шүд бохирдсон л бол угаах ёстой гэдгийг мэддэг болсон. Үдийн цайны дараа тогтмол угааж хэвшсэн. А, Б байранд шдний хоёр кабинеттай болсон. Хүссэн үедээ шүдээ угаах боломж бүхий орчин бүрдсэн.
Энэ бол монгол хүүхдийг эрүүлжүүлэх том ажлын эхлэл болсон. Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас 20 сая төгрөгийн санхүүжилт олгож, манай сургуульд шүдний хоёр кабинетыг байгуулж өгсөн. Мөн үзлэгийн нэг удаагийн хэрэгслийг ч гаргаж өгсөн. Японы талаас анх шүдний үзлэг хийхэд шаардлагатай ариутгалын багаж, хэрэгсэл болон шүдээ зөв угаасан эсэхийг шалгах ягаан бодис зэрэг хэрэглэгдэхүүнээр хангаж өгсөн. Энэ хэрэгслүүдээ бид хоёр дахь жилдээ ашиглаж байна. Мөн цаашдаа хэдэн ч жил ашиглах боломжтой гэрэлтүүлэг, тоног төхөөрөмжийг мөн олгосон. Ингэснээр үзлэгийн тогтолцоо, шүд угаах арга аргачлал, шүдээ заавал угаах ёстой гэдэг төлөвшлийг сургуулийн насны хүүхдүүдэд өгч болдог гэдгийг манай сургууль харуулж чадсан. Энэ туршлагаа бусдад түгээхдээ ч бэлэн байна. Шүдний төслийн ажлыг хэрэгжүүлэхэд төр засаг, орон нутгийн байгууллагын оролцоо маш чухал.
Түүнчлэн сургууль дээр багш, эцэг эхчүүд төдийгүй сурагчдаа дэмжих урамшуулах ажлыг байнга хийх ёстой гэж би хувьдаа үздэг. Тийм ч учраас хүүхдүүдийнхээ дунд нас, биеийнх нь онцлогт тохирсон уралдааныг зохион байгуулж хүүхдүүдээ урамшуулдаг. Мөн энэ хөтөлбөрийг хамгийн сайн хэрэгжүүлсэн багш нартаа ур чадварын нэмэгдэл олгодог. Энэ хөтөлбөрийг хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлэхэд бага ангийн багш нар маш сайн ажилласан учраас бүх багш нартаа үр дүнгийн 10 хувийн урамшууллыг олгосон. Энэ нь эргээд багш нар маань хүүхдүүдтэйгээ сайн ажиллах, энэ төслийг үр дүнтэй сайн хэрэгжүүлэхэд чухал хөшүүрэг болох юм. Чингэлтэй дүүргээс ч мөн багш нарыг маань урамшуулах ажлыг тогтмол хийж байдаг учраас үр дүн өндөр байгаа юм. Аливаа ажлыг хийж, хэрэгжүүлэх явцад шинэ тутам сайжруулах шаардлага гардаг шүү дээ. Үүний адил шүд угаах хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад шүдний эрүүл ахуйч эмчийн орон тоо сургуульд заавал байх шаардлагатай нь анзаарагдах болсныг энэ ташрамд онцолмоор байна” гэснээр бидний ярилцлага өндөрлөсөн юм.
М.Өнөржаргал
Эх сурвалж: Монголын үнэн сонин №041/24572/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна