Намрын адаг сарын сүүлийн энэ өдрүүдэд манай нийслэл Улаанбаатарт цас бударч, хүйтний эрч хэдийнэ чангарчээ. Тэгвэл урд хөршид цаг агаар нэмэх хэмийг зааж, намар налайж байна. Ийм нэгэн намрын сүүл сард БНХАУ-ын Ухань хотыг зорилоо.
15 сая гаруй хүн амтай Ухань хотод зун буцаагүй, модод ногоон навчаа дааж ядан сүглийж, зүйл зүйлийн цэцэгс гудамж талбайг чимж, өнгө гэрлээр алагласан уран барилгууд сүндэрлэнэ. Үүний хажуугаар гурван давхар сүлжилдсэн авто зам болон төмөр замаар автомашин болон хөнгөн хурдны тээвэр буюу LRT зэрэгцэн Хөх мөрний дээгүүр хурдлан, доогуур нь усан тээвэр дуут дохио хангинуулан хөдөлнө. Хотын гудамж, талбайд хүнс, барааны төрөл бүрийн худалдаа эрхэлнэ. Жимс, жимсгэнийг тусгайлан савлахаас гадна портер дээр задгай худалдаалах аж.
Дэлхийн хамгийн урт гүүрний 50 хувь нь, Хятадын өндөр хурдны төмөр замын 60 хувь нь Уханийн дизайнеруудын бүтээлүүд байдаг гэхээр дэлхийн загварын нийслэлээр тодрох нь аргагүй биз. Хятадын арван том хотын нэг Хубэй мужийн төв Ухань нь уртаараа дэлхийд гуравт, Азидаа нэгд ордог. 2017 онд Дэлхийн загварын хотоор тодорч, “Хотын инновацын шагнал”-ыг хүртсэн Хятад улс дахь цорын ганц хот байсан бол ердөө дөрөвхөн жилийн өмнө коронавирусийн халдвар дэгдэж олон улсаас тусгаарлагдаж байсан гээд түүхийн хуудас үргэлжилнэ. Эдүгээ тус хотод хар өдрүүд ард хоцорч, амьдрал хэвийн үргэлжилж байна. Эндхийн их сургуулиудаас Хятадын төдийгүй олон улсын ирээдүйн шинжлэх ухаан, технологи, инновацын мэргэшсэн мэргэжилтнүүд бэлтгэгдэн гарч, тус тусын мэргэжлээр салбар болгондоо тэргүүлсээр байгааг Төв Хятадын шинжлэх ухаан, технологийн их сургуулиар жишээлэн харж болно.
Оюутны сурах орчныг бүрдүүлсэн “Ой дахь их сургууль”
Уханийг зорьсон бидний хэсэг нөхөд БНХАУ-ын Боловсролын яаманд харьяалагддаг 60 жилийн түүхтэй Төв Хятадын Хуажин шинжлэх ухаан, технологийн их сургуульд номын дуу сонслоо. Анх Германы эрдэмтэдтэй хамтран үүсгэн байгуулж байсан тус сургуульд өнөөдөр Хятад улсын төдийгүй гадаадын олон мянган шинжлэх ухааны мэргэжилтнүүдийг сурган, бэлтгэжээ. Тус сургуульд БНХАУ-ын дарга Си Жинпинээс гадна Германы канцлер Ангела Меркел зочилж байсан байна.
Тус сургууль инженер, анагаах ухаан, менежмент, шинжлэх ухаан, гүн ухаан, эдийн засаг, хууль, боловсрол, уран зохиол, түүх, хөдөө аж ахуй, урлаг гээд 12 салбартай, Хятадын тэргүүлэгч 10 сургуулийн нэг юм. Өнөөдөр тус сургуульд гадаадын 155 орны 160 мянга гаруй оюутан суралцаж байна. Үүн дотроо манай улсаас 370 гаруй оюутан суралцан төгсчээ.
Шилдэг боловсон хүчин бэлтгэн төгсгөдөг тус сургууль дотоод, гадаадын төгсөгчдөөрөө бахархаж, үеийн үеийн шилдэг төгсөгчдөө тодруулсаар ирдэг байна. Манай улсаас ч тус сургуулийн шилдэг төгсөгчдийн эгнээнд нэр нь тодорсон байх жишээтэй. Тодруулбал, Монгол төгсөгчдийн дотроос УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Х.Булгантуяа тус сургуулийн шилдэг төгсөгчдийн нэгээр тодорсон гэдгийг сонсоход бахдам сайхан байлаа.
Хуажин шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хотхоны хэмжээ манай Дархан хотын хэмжээний нутаг дэвсгэрийг хамарна. Тэнд оюутны дотуур байр, хоолны газар, номын сан, музей, цэцэрлэгт хүрээлэн гээд оюутнуудын сурах бүхий л орчин нөхцөлийг бүрэн хангасан. Оюутнууд хичээлдээ сурахын зэрэгцээ өглөө, оройдоо спортын аль нэг төрлөөр хичээллэж, өөрсдийн сонгосон дугуйлан секцэд үнэ төлбөргүй хамрагдана. Ямар нэг худалдан авалт хийх, хоол хүнсээ бэлтгэхээр сургуулийн хотхоноос гарах шаардлагагүй. Оюутны хоолны газрын тендерт хүнсний эрүүл ахуйн олон шаардлагыг хангасан компанийг шалгаруулдаг байна. Тэнд суралцах хэдэн өдөрт бид оюутны амьдралаар “аяллаа”. Мэдээж, өдрийн цайны цагаар оюутны хоолны газар хөл хөдөлгөөн ихтэй, оюутнууд дуртай цэсээ сонгон үйлчлүүлнэ. Оюутны хотхон дотроо картаараа хэрэглээний зүйлсээ хямд үнээр худалдан авна.
Зарим тохиолдолд оюутны сурлагын дүнгийн тодорхойлолт, онгоцны тийз, хувийн тодорхойлолт зэргийг сургуулийн аль нэг албан тушаалтан дээр орж, тамга тэмдэг даруулж, гарын үсэг зуруулах шаардлагагүй. Энэ бүхнийг оюутны хотхонд байрлах АТМ машинаас картаа уншуулаад авна. АТМ машинаас тухайн сургуулийн тодорхойлолт албан бланк, тамга тэмдэгтэйгээ хэвлэгдэн гарч ирнэ.
Оюутны хотхон бүхэлдээ өтгөн ой модоор хүрээлэгдсэн. Дээрээс нар төөнөх хэдий ч моддын өтгөн, далбагар навчнууд нарны туяаг халхална. Энд 180 мянган мод тарьсан, хотхоны 70 хувь нь модоор хүрээлэгдсэн, “Ой дахь сургууль” ч гэж нэрлэдэг гэнэ. Хотхон дотор дугуй, такси, метро зөрөлдөнө. Энд суралцаж байгаа гадаад оюутнуудад ажил хийх боломж нь нээлттэй. Хэрвээ ажил хайх бол сургуулийнхаа ажилд зуучлах төвд хандаж, ажлын байраа сонгоно. Энэ бүхнийг үзэж, харж, сонсож, суралцаж явахдаа суралцагчдын сурах орчин нөхцөл, багш нарын заах арга, мэдлэг боловсролтой, чанартай төгсөгч бэлтгэх давуу талыг мэдэрч явлаа.
Хятадын хөгжлийг түрсэн эдийн засгийн дижитал шилжилт
Ковидын дараах Хятад улсын эдийн засаг хэрхэн өөрчлөгдөн хөгжиж байгаа нь хэн хүний анхаарлыг татна. Энэ талаар Хуажин шинжлэх ухаан, технологийн их сургуулийн эрдэмтэн, багш нарын заасан хичээл сонирхол татав. Тус улсын эдийн засгийн хөгжлийг цахим орчингүйгээр төсөөлөх аргагүй. Хятад улс 5G нэвтрүүлж, хувь хүнээс эхлээд аж ахуйн нэгж, төрийн бүх үйлчилгээ интернэтээс хамааралтай болжээ. Жишээлэхэд, ковидын өмнө бэлэн гоймонгийн худалдаа хүнсний зах зээлийг тэргүүлж байсан.
Тэгвэл үйлчилгээний салбарт зөвхөн бэлэн гоймон төдийгүй тансаг зэрэглэлийн ресторанууд ч цахим технологид шилжээд байна. Хятадын шилдэг боловсон хүчин, профессор Чэн Ву “ Ковидоос өмнө иргэд тансаг рестораныг зорин ирж үйлчлүүлдэг байсан. Харин өнөөдөр цахим сүлжээг нэвтрүүлснээр байршил чухал биш болсон. Хүмүүс сошиалаас чанартай, амттай хоолтой газрын талаар мэдээлэл авч, гудамжны хоолны газрууд цэцэглэжээ.
Энэ нь дижитал технологитой хамааралтай. Хэн үйлчилгээгээ сайжруулж, цахимд олон тандалт авч байна, тухайн бизнес өргөжин, үйлчлүүлэгч татаж байна” гэдгийг онцолсон юм. Энэ нь фитнес клубүүдэд ч хамаатай. Өмнө нь фитнес клубийн үйл ажиллагаа явуулахаар офисс хийгээд тоног төхөөрөмж болон бусад зүйлийг худалдан авч, байршуулдаг байсан. Үйл ажиллагаагаа өргөжүүлж, хэрэглэгчдийн тоогоо нэмэгдүүлэхийн тулд тоног төхөөрөмжөө нэмж, суурилуулах гээд өртөг зардал ч өндөртэй байжээ. Тэгвэл өнөөдөр иргэд гар утсаараа аппликейшн татаж байгаа орчноосоо фитнес, иог, дасгалаа хийж, цахим технологи, дижиталыг ашиглаж байгаа юм. Цахимд нэвтрүүлсэн тухайн сургалт хэр их үнэлгээ авч байгаагаар бизнесийн үйл ажиллагаа нь тэлж, хөгжинө.
Ийнхүү өнөөдрийн Хятад оронд дижитал технологи нэвтрүүлснээр дуудлагаар хоолоо хүргүүлж, бараа бүтээгдэхүүнээ ч онлайнаар захиалж, иргэд нь гэрээсээ хийх онлайн ажлыг чухалчилж байна. Хэдийгээр дэлгүүр, ресторан нээлттэй байгаа ч үйлчилгээгээ сошиалд сүлжээнд сурталчилсаар. Цаашлаад аж үйлдвэртээ дижиталчлалыг хослуулжээ.
Тус улс цахим аж үйлдвэржилтийг хөгжүүлэх талаар төрийн бодлогодоо тусгажээ. Ингэснээр өнөөдөр дижитал эдийн засаг Хятадын эдийн засагт томоохон байр суурийг эзлээд байгаа аж. Тиймээс ч жолоочгүй ухаалаг машин үйлдвэрлэл, мэдээлэл сүлжээ, эрчим хүчний шинэ шийдлийг дижитал технологид суурилан нэвтрүүлсээр байгаа гэнэ.
Мэдээж хөгжлийн эерэг, сөрөг тал зэрэгцэж байдаг. Хятад улс аж үйлдвэртээ дижитал технологийг нэвтрүүлснээр аж ахуйн нэгжүүд зардлаа хэмнэж, тариаланчид дроныг ашиглаж, усалгаа хийж, шавжээ устгаж ажиллах хүчний тоо хумигдаж, хүнд хөдөлмөр эрхлэх биеийн хүчний ажил ч саарч байна.
Нөгөө талдаа Хятадын шинэ үеийн залуус хүнд, хортой нөхцөлд ажиллахаас татгалзаж эхэлжээ. Тиймээс ч уурхайд сарын 25 мянган юань буюу монгол төгрөгөөр 12 сая төгрөгийн цалинтай ажилд ажиллах хүчин олдохгүй байгаа гэнэ. Үүний оронд тэд хиймэл оюун ухаанаар ажилладаг жолоочгүй машиныг гэрээсээ онлайнаар удирдан ажиллахыг илүүд үзэх болжээ.
Өнөөдөр манай тариаланчид техник, технологийн дэвшлийг ашиглан, газраа хадаж, усалгаагаа хийж байгаа. Залуус цалин өндөртэй уул уурхайн салбарыг зорьж, гүний уурхайд ажиллаж, том машин механизм жолоодон биеийн хүчний ажлыг хүнд хүчир гэж голохгүй, эрж хайж, хөдөлмөрлөж байна. Манайд ажлын байрны хомстол байгаагаас бус ажиллах хүчний хомстол нүүрлээгүй. Тэгвэл аж үйлдвэртээ дижитал технологи нэвтрүүлсэн урд хөршид байдал эсрэгээрээ.
Басхүү номын дуу сонссон бид аж үйлдвэрийн шинэчлэлийг эх орондоо нутагшуулахдаа мал аж ахуйн салбарт нэвтрүүлэхэд нааштай үр дүн авчрах талаар саналаа солилцож явлаа. Нүүдлийн мал аж ахуйгаа эрчимжсэн, фермерт шилжүүлэхээр олон жил бодлого боловсруулж, хэрэгжүүлэхээр зорьж ирсэн. Малчид малын эрэлд явахгүйгээр хэрхэн мал сүргээ бэлчээх, олох зэргийг өнөөдрийн цахим эрин биднээс шаардаж байгааг харуулж байна.
Эргэн сөхөхөд, Хятадын гадаад худалдаанд ковид сөрөг нөлөө үзүүлээгүй гэж албаны хүн нь хэлж байна. Учир нь, Хятад үйлдвэрлэгч орон. Тиймээс ч цар тахалтай тэмцэхэд шаардлагатай бараа бүтээгдэхүүнийг тус улс үйлдвэрлэжээ. Тухайлбал, нэг удаагийн амны хаалт, хамгаалалтын хувцас, ариутгалын хэрэгсэл борлуулалтаараа тэргүүлсэн байна. Үүнээс гадна дээрх маск, хамгаалалтын хувцас зэргийг үйлдвэрлэдэг тоног, төхөөрөмжийн борлуулалт өссөн байна. Хятадын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн дэлхийн аль ч оронд худалдаалагдаж байдаг. Энэ хэрээрээ гадаад худалдааны эргэлтэд томоохон байр суурийг эзэлсээр иржээ. Улсаас нь гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын үйл ажиллагааг хэвийн явуулахад анхаарч, дэмжиж ирсэн байна.
Хятад улс эдийн засгийн дижитал шилжилтээ амжилттай нэвтрүүлж байгаагийн хамгийн ойрын жишээ нь Бээжин хотын такси үйлчилгээ юм. Такси дуудлага жолоочтой, жолоочгүй гэсэн сонголттой. Кино театр, үзвэр үйлчилгээ зөвхөн дэлгэц харах бус дижитал технологийн дэвшилтээр үзэгчдэд үйл явдлыг орчинд нь мэдрүүлнэ. Үүнийг LED болон Smart дэлгэцийн зах зээлд зургаан жил дараалан тэргүүлж байгаа“Лияадэ оптоэлектоникс” группээр жишээлж болно. Нэг тэрбум гаруй хүн амтай Хятад улс шинэ аж ахуйн нэгж олон, зах зээл томтой орон. Тиймээс ч тус улсын Засгийн газар шинээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжээ төрийн бодлогоор дэмждэг байна. АНУ шинэ технологи дээр анхаардаг бол Европын холбооны орнууд хуулиараа зохицуулалт хийж өгдөг. Харин өнөөдөр Хятад улс эдийн засгаа өсгөхдөө цахим аж үйлдвэржилтийг хөгжүүлэхэд анхаарч, урт хугацааны бодлогодоо тусгажээ. 2025 он гэхэд аж үйлдвэрийн дижиталчлал 40.4 хувьд хүрч, ДНБ-ий 50 хувийг эзэлнэ гэсэн урьдчилсан тооцоог ч гаргасан байна.
Хөх мөрний эрэгт өнгөөр алаглан урсах Уханий үдэш
Хятадын шинжлэх ухааны инновацын төв бүс Ухань хотын иргэд дэлхийгээс тусгаарлагдсан хар өдрүүдээ ардаа орхиж, өдөр нь бүтээн байгуулалт өрнүүлнэ. Шинээр баригдаж байгаа барилга, бүтээн байгуулалт, засварын ажил хийсэн ч тухайн хэсгээ ногоон дэвсгэр бүхий тороор хүрээлдэг юм билээ. Ухань хотын цэцэрлэгжүүлэлт, ногоон модоор хүрээлэгдсэнтэй холбоотой юу, бүтээн байгуулалтын ажлуудын хамгаалалт бүхий ногоон тор хотын үзэмжтэй өнгө дагуу нийлнэ.
Үдэш нь оройн цагаар Хөх мөрний дагуу усан онгоц, завиар зугаалж, хотын гудамжны хаа нэгтээ хэсэг бүлгээрээ финтесс, йоги хийж, танц, бүжиг бүжиж, тусгайлан зассан тайз дээр дуу дуулж, хөгжим тоглоцгооно. Энэ нь Ухань хотын аль ч хэсгээс харж болно. Үүнтэй зэрэгцээд гудамжны худалдаа, хоол хүнс нээлттэй.
Ухань хотын шөнө өдрөөсөө ч үзэсгэлэнтэй, уран чамин хийцтэй архитекурын шийдэл бүхий барилга, байшингийн ханаар лед гэрлэн чимэглэл өнгө өнгөөр урсаж, шөнийн Уханийг чимж, жуулчдын нүдийг хужирлана.
Ийнхүү Хятад улс шинжлэх ухааныг түшиглэн эдийн засгаа тэлж байна. тэр дундаа дэлхийн танил хот Ухань инновацыг нэвтрүүлсэн загвар хот гэдгээ бататган үсрэнгүй хөгжиж байна.
Н.Энхбат
Эх сурвалж: Монголын үнэн сонин №041/24572/
Сэтгэгдэл (1)