Нэг ижил цалинтай, өмсөх хувцас идэх хоол нь ч адилхан, дарга даамал байна уу, манаач, малчин байна уу, ялгаагүй амьдрах орон байр, хүүхдээ сургах сургууль нь ч ижилхэн. Хувийн өмчтэй бол бурууддаг, хүн хашаандаа нэг амбаар барьчихвал баян, чинээлгээрээ дуудуулж адлагддаг, хашаа дүүрэн мал байвч ганцыг унагаад идэх эрхгүй, өдөр шөнөгүй сааль сүү бэлтгэвч халуун зунаар хар цай уудаг, капитализмыг алгасчихсан хэмээн цээжээ дэлдэж, социализм байгуулах том мөрөөдөлтэй явсан монголчууд нэг л өглөө зах зээлийн нийгэм рүү шилжиж орсон. Үндсэндээ 70 гаруй жил үгүйсгэсэн капитализмаа шинээр байгуулах гэж бид 30 гаруй жил хөгөө чирч байна. Өнгөрсөн 30 жилийн ололт амжилт, зах зээлд шилжсэн сайн сайхан зүйлээ бичээд байвал уртхан жагсаалт гарах биз. Харин сөрөг үр дагавар юу байв гэвэл олон хүн дуу нэгтэйгээр “Ажилгүйдэл, ядуурал, баян хоосны ялгаа” хэмээн хэлэх нь дамжиггүй.
НҮБ-ын Хөгжлийнхөтөлбөрөөс хийсэн судалгаанд Монголын хүн амын 21.6 хувь нь нэн ядуу, 42.04 хувь нь бага орлоготой, 36.08 хувь нь дундаж давхаргад хамаарч байна гэсэн бол 0.28 хувийг баячууд эзэлдэг гэсэн тооцоолол гаргасан байдаг. Мөн 2020 оноос эхлэн Монгол Улсын Үндэсний статистикийн хороо (ҮСХ), Дэлхийн банктай (ДБ) 2002 оноос эхлэн ядуурлыг хэмжих арга зүйг боловсруулах, тооцоолол хийж иржээ.
Хамгийн сүүлийн үеийн мэдээллээс харахад “Хүн амын ядуурлын түвшин сүүлийн жилүүдэд харьцангуй буурч байгаа ч нийт хүн амын 903.4 мянга нь ядуу амьдарч байна” гэсэн дүгнэлтийг дээрх байгууллагууд гаргажээ. Мөн “Нийт ядуу хүн амын 64 хувь нь хот суурин газарт, үүнээс 43 хувь нь Улаанбаатар хотод амьдарч байна” гэсэн тооцооллыг хийсэн байх юм. Тэгвэл 30 гаруйхан жилийн өмнө яг нэг гараанаас гарсан монголчууд яагаад хөрөнгө, мөнгөний хувьд ийм их зөрүүтэй болчихов гэсэн асуулт эндээс урган гарна.
Өнөөдөр Монголын баячуудад үе дамжуулан өвлөж авсан хөрөнгө гэж байхгүй. Тэд бизнес хийж, тендерт орж, төсөл хөтөлбөр авч, төртэй наймаа хийж хөрөнгөө цуглуулсан. Баялгийн шударга бус хуваарилалт, цэнхэр, ягаан тасалбарт суурилсан өмч хувьчлал гэх мэт зүйл ч эдгээр баячуудыг бүтээхэд гол үүрэг гүйцэтгэсэн. Сэтгүүлч миний хувьд монголын баячуудыг адлах гэсэнгүй. Харин Монголд нэгэнт бий болчихоод байгаа хөрөнгөтнүүд, тэрбумтнууд нийгэмд ямар нөлөөлөл үзүүлж байна вэ гэсэн асуултад хариулт хайж энэхүү нийтлэлийг бичлээ.
Шимэгчид
Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх зээл, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн зээл, Боловсролын сангийн зээл гэх мэт жижиг зээлээс эхлээд Хөгжлийн банкны зээл, том тендер, концесс бүгд Монголын баячууд гэх тодотголтой цөөхөн хүний гараар ордог. Тэд банканд барьцаалах хөрөнгөтэй, зээл авахад нөлөөлөх “ар, өврийн хаалга”-тай учраас арга ч үгүй биз. Том төсөл хөтөлбөр хэрэгжүүлж Монгол Улсыг хөгжүүлэхэд “том” зээл хэрэгтэй гэж манай тэрбумтнууд өөрсдийгөө өмөөрдөг. Тэгвэл тэдэнд ядаж өөрсдийнхөө хүүхдийг өөрийнхөө мөнгөөр сургах сонирхол байдаггүй.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа гэхэд Монголдоо томд тооцогддог баячуудын нэг. Хөрөнгө орлогын мэдүүлгийг нь харахад 4.2 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй, 952 сая төгрөгийн үнэтэй дөрвөн автомашинтай. Хурдан удмын 816 сая төгрөгөөр үнэлэгдэх 51 адуутай, хадгаламждаа 1.3 тэрбум төгрөгтэй, жилийн орлого нь 4.5 тэрбум. Гэвч тэр хүүгээ Боловсролын зээлийн сангийн 101,967.56 ам.долларын зээлээр Канадын Торонтогийн их сургуульд сургасан байх жишээтэй.
Нийтдээ 53.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэлтэй ТЕГ-ын дарга асан Б.Хурц гэхэд ЖДҮ-ийн газраас зээл авч, Английн Кембрижийн их сургуульд хүүхдээ сургахдаа мөн л Боловсролын зээлийн сангаас 33,454.31 ам.доллар зээлсэн байх юм. Иймэрхүү жишээг хэдэн зуугаар нь бичиж болно.
Дээрээс нь Монголын бүх тэрбумтан мөнгө хүүлдэг. Монголын хамгийн баян бизнесмэнүүдийн нэг “MCS” группийн эзэн Ж.Оджаргал. Түүний эзэмшилд байдаг “MCS” группийн цахим хуудсыг харахад “Өдөрт хоёр тэрбум, сард 60 орчим тэрбум төгрөгийн татвар, шимтгэлийг улсын төсөвт төвлөрүүлдэг” гэж бичжээ. Харин хэчнээн төгрөгийн ашиг орлого олдог талаар мэдээлэл байхгүй. Гаднын сайтад бичсэнээс үзэхэд нийт хөрөнгө нь хоёр тэрбум орчим доллар, жилийн орлого 25-30 сая ам.доллар бололтой. Үүнээс харахад тэрбээр сардаа 2-2.5 сая ам.долларын орлого олдог байж таарах нь.
Уул уурхайн хамгийн том хувийн компанийг эзэмшдэг Ж.Оджаргал “Ашид капитал” хэмээх банк бус санхүүгийн байгууллагатай. Зөвхөн “АПУ” групп нь л гэхэд 996 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө, 400 гаруй тэрбумын эргэлтийн хөрөнгөтэй, уул уурхай, шатахуун, барилга, сүлжээ дэлгүүр гээд салбар бүрээс ашиг олдог “Шунхлай” группийн эзэн П.Батсайхан “Жи Эс Би капитал” гээд банк бус санхүүгийн байгууллагатай. Энэ жагсаалт Ц.Баатарсайхан гэх мэт тэрбумтнуудын нэрээр үргэлжилнэ. Төрийн дэмжлэг авч, төртэй наймаа хийдэг том баячууд иргэдийн цалин, орлогыг барьцаалан мөнгө хүүлж, ашиг олж байгаад гайхах хүн олон.
Жижгийг шахаж, өөрөө томрох өвчин
Солонгосын жижиг усны үйлдвэр гэхэд усаа өөрсдөө савладаг. Харин хаяг, шошго, сав баглаа боодлыг нь өөр үйлдвэр хийдэг. Түгээлт, борлуулалтыг нь өөр нэг компани хариуцдаг. Нэг үйлдвэрийг дагаад олон компани ажиллаж, нэг бүтээгдэхүүнээс олуулаа ашиг хүртэж байдаг. Харин Монголд эсрэгээрээ. Монголын баячууд бүхнийг өөрсдөө хийдэг. Өөрийгөө тойруулан баахан охин компани байгуулж бүхий л орлогоо өөртөө хамдаг.
Үүнээс шалтгаалан Монголд жижиг дунд үйлдвэр бүү хэл бичил бизнес ч хөгжих боломж олддоггүй. Тухайлбал, Монголын тэргүүн баячуудын нэг Ц.Баатарсайханы зургаан охин компани нь Монголын топ 100-д багтдаг. Энэ компани юу л бол юу хийнэ. Гэртээ хүүхдээ харж байгаа хүүхнүүд бууз банш чимхэж зараад эхлэнгүүт шууд л компани дээрээ бууз банш чимхүүлээд өнөөх эхнэрүүдтэй уралдаад зарж эхэлнэ. Хэдэн эмгэн өвгөн Цагаан сараар ууц чанаад таван төгрөг олоод эхлэхээр ууц чанах зар гаргаж тавиад орцны зартай хүртэл уралцаад эхэлнэ.
Монголын хамгийн олон харилцагчтай ХААН банкийг эзэмшиж, Монголын хамгийн үнэтэй, хамгийн өндөр өртөг, сервистэй автомашины бизнесийг эрхэлж, хамгийн том ноолуурын үйлдвэр “Говь”-ийг эзэмшилдээ авч, сүүлийн үед хамгийн том хотхоныг байгуулж, хамгийн олон францайз эзэмшдэг энэ хүн Хөгжлийн банкнаас 161.3 тэрбум төгрөгийн санхүүжилт авч, "Таванбогд фүүдс пицца" ХХК-ийн зээлийн өр төлбөрийг төлж, илүү гарсан мөнгөө хувийнхаа хадгаламж руу хийчихээд шүүхэд дуудагдаж байх жишээтэй.
Уг нь Монголын тэргүүн баячуудын нэг Ц.Баатарсайхан бууз банш чимхэж байгаа авгай хүүхнүүдтэй өрсөлдөх бус тэднийг дэмжээд өгвөл Монгол Улсын хөгжил арай л өөр баймаар. Дан ганц Ц.Баатарсайхан ч биш бусад тэрбумтангууд ч ялгаагүй. Төрөөс гэр хорооллыг барилгажуулах, ипотекийн зээл олгох хууль дүрэм гарангуут бүгд барилгын салбар руу уралдаж, бүх тендер төсөлд гараа дүрнэ. Тэдний байгуулсан барилгын компани нь хажуудаа элс хайрга, дайрга, бетон зуурмаг, цементийн үйлдвэртэй, хил дамнуулан эрэг боолт хадаас цаас татах сүлжээтэй.
Тэрбумтнуудтай барилга барьж өрсөлдөнө гэдэг Зуун айлаас хэдэн хадаас тоолж авдаг жижиг бизнесмэнүүдэд мөрөөдөл төдий л зүйл болж хувирна. Монголын бизнесийн өрсөлдөөнийг тэрбумтнууд өөрсдөө бий болгож жижиг бизнес эрхлэгчийг залгих маягаар өөрсдийн бизнесээ томруулдаг. Яагаад гэвэл, тэд хоорондоо өрсөлддөггүй. Одоогоос хэдэн жилийн өмнө “Дэлхийн зөн” олон улсын байгууллага Сэлэнгэ, Дарханы иргэдэд таван хайрцаг зөгий тарааж, тэд жаахан зөгийн бал авч, амьжиргаандаа хэдэн төгрөг нэмэрлэж эхэлсэн.
Удаа ч үгүй Монголын газар тариалан эрхлэгч баячууд бүгд уралдан босож хажуудаа зөгийн аж ахуй байгуулаад гоё савлагаатай бал савлаж хямдхан зараад “Дэлхийн зөн”-гийн төслийн үр дүнг нурааж, Сэлэнгэ, Дарханы зөгийчдийн орлогыг хуу хамаад нам дарж авсан. Ийм жишээ хэдэн арвыг дурдаж болно. Мөнгө л олж байвал манай тэрбумтнууд тэр бизнес том байна уу, жижиг байна уу, хэн хийж, хэдэн төгрөг олж байгаа нь “түй” ч хамаагүй.
Ковидын үед нэг бүсгүй Хятадаас үсний шампунь оруулан ирж, гурван жил онлайнаар зарж, түүнийгээ сурталчлахад цаг зав, мөнгө төгрөг ч чамгүй зарцуулсан. Гэтэл удалгүй өнөөх үсний шампунийг Монгол даяар сүлжээ дэлгүүр байгуулсан том тэрбумтан хоёр дахин хямд үнээр борлуулж, хөөрхий бүсгүй зах зээлийн хуулиар шахагдан бизнесээ булаалгах нь тэр. Онлайн худалдаа зогсонгуут өнөөх тэрбумтан сүлжээ дэлгүүрээр зарж байсан үсний шампунийнхаа үнийг хоёр дахин нэмчихэж байгаа юм. Бас л хэцүү байгаа биз.
Манай тэрбумтнууд өөрсдийн жижиг өрсөлдөгч нараа шахаж зайлуулахдаа мэргэжлийн хяналт, татвар гаалийнхныг хүртэл ашигладаг гэсэн мэдээлэл ч бий. Олны танил мисс бүсгүй эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэл оруулж ирж зарах гэж хамаг хүч хөдөлмөр, цаг хугацаагаа зарцуулж, мэргэжлийн хяналтынхны баахан дарамт дороос арайхийн босож эцэст нь татварынханд элдвээр шахуулаад хамгийн сүүлд лангуун дээрх өрсөлдөөнд ялагдсан тухайгаа нулимс дуслуулан ярьж байсан юм. Яагаад гэвэл, бүсгүйн барааг лангуун дээр өрөхгүй, өрсөн ч юмны хойно өрнө, зарагдсан барааных нь мөнгийг гаргаж өгөхгүй түгжжээ.
Ингээд л шинэ бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт нам зогсож, мисс бүсгүйн бүх хөдөлмөр талаар өнгөрч, шалаар арчигдаад дуусжээ. Угаалгын нунтаг, ариутгагч бодис, бэлэн гоймон зарах гэсэн олон залуучууд яг ийм өрсөлдөөнд ялагдсан түүхээ ярьцгааж байна. Эндээс л “Өлөн тэрбумтнууд” гэсэн нэр томьёо гарч ирсэн хэрэг.
Ганцаараа явбал хурдан явна, олуулаа явбал хол явна...
Монголын тэрбумтнууд хэдэн арван тэрбумын цалин өгсөн, татвар төлсөн гэдгээ сайрхан ярьж, төр ч энэ хэрээр тэднийг урамшуулж, шагнаж, цол гуншин олгодог. Гэхдээ ажил хийлгэсэн бол хүний цалинг өгөх нь үүрэг. Ашиг олсон бол хуулийн дагуу бас л татвар төлөх нь үүрэг. Заавал биелүүлэх ёстой энэ үүргээ л тэд нийгмийн хариуцлага гэж андуурах нь олонтаа. Эсвэл ажилтнаа байраар урамшуулсан, цалинг нь нэмсэн, өнчин ядууст өдрийн хоол тараасан, сурагчийн дэвтэр өгснөө нийгмийн хариуцлага гэж эндүүрдэг. Уг нь олж байгаа амжилтаа тогтвортой хадгалах, нийгэмдээ хүлээн зөвшөөрөгдөх нь аль ч салбарын бизнесийн зорилго гэдэг нь тодорхой.
Бизнесийн тогтвортой байдал, нийгмийн сэтгэл ханамж хоёр хоорондоо салшгүй холбоотой. Өөрөөр хэлбэл харилцан уялдаатай нэг нь нөгөөгүйгээрээ хөгжиж, амжилтад хүрч чаддаггүй. Энэ бол эдийн засгийн онол дээр тод бичиж үлдээсэн зүйл. Гэтэл Монголын томоохон бизнес эрхлэгчид хэт монопол байдал тогтоож, нийгмээсээ улам бүр тасарсаар...
Нийгмийн дунд баян ядуугийн ялгаа ихсэж, ажилгүйдэл нэмэгдэхийн хэрээр өнөөх баялаг бүтээгчдээ зүхдэг, тэднийг үзэн ядах хандлага улам бүр нэмэгдэж элдэв нэр хочийг зүүж өгөөд ядуурал, ажилгүйдлийн бурууг чихдэг болсон.
Тэр ч бүү хэл “Монголын баячууд бол бусдын боломжийг хулгайлагчид” гэж үздэг бүхэл бүтэн нийгмийн давхарга бий болчихлоо. Хэт том баячуудтайгаа өрсөлдөж бүтээгдэхүүн үйлдвэрлэх, бараа зарах, үйлчилгээ үзүүлэх гэж зүтгэсээр иргэд ч туйлдаж, жижиг дунд үйлдвэрлэл, бичил бизнес хөгжих үүд хаалга өдөр бүр хаагдсаар байна.
Солонгос, Австрали, бидний муу хэлэх дуртай Хятадын тэрбумтнууд бусдадаа хөгжих боломжийг илүү олгож, кластерын зарчмаар жижиг дунд бизнес эрхлэгчид, бичил бизнесүүдээ дэмждэг. Энэ хэрээр тухайн улс оронд ажилгүйдэл ядуурал буурч байна. Хятадын томоохон компаниуд жижиг тосгон, суурин газруудыг хуваан авч, тэнд ажлын байр бий болгож, бүтээгдэхүүнээ борлуулахад дэмжлэг үзүүлж, аравхан жилийн дотор 900 гаруй сая хүнийг ядуурлаас гаргаснаа зарлаж байна. Тэгвэл Монголын ядуучууд 900 мянга. Энэ ядууст нэг өдрийн хоол бус харин хийх ажил, олох орлого л хэрэгтэй байна.
Ганцаараа явбал хурдан явна, олуулаа явбал хол явна гэсэн үг бий.
Б.Нүүдэл
Эх сурвалж: Монголын үнэн сонин №041/24572/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна