Их хотын өглөө кофе уухаас эхэлдэг гэдэгт эргэлзэх хүн үгүй байх. Тиймээс ч кофе шопууд ар араасаа үүдээ нээж, энэ зах зээлд өрсөлдөөн бий болжээ. Амт чанар, үйлчилгээ, орчин гээд кофечид бүхий л талыг харж, дүгнэдэг. Энэ өрсөлдөөн дунд өвөрмөц дизайнер, орчны шийдэл, кофены онцлогоороо бусдаасаа ялгаран гарч ирсэн кафены нэг нь“Кафе дэ Лолита”.
Үүдээ нээгээд хагас жилийн хугацаанд байнгын үйлчлүүлэгчтэй, олны анхаарлыг татсан газар болжээ. Улсын их дэлгүүрийн зүүн хойно, хотын төвийн бүсэд байрлах хэдий ч эдний хаяг олны нүдэнд тэр бүр тусахааргүй, орон сууцны хорооллын буйдхан хэсэгт үйл ажиллагаагаа явуулж байна. Гэсэн хэдий ч зорин очих үйлчлүүлэгчид түвэггүйхэн олчихдог. Учир нь, тус кафег зорин очсон хүнд хаягаасаа эхлээд андашгүй.
Өглөөний 08:00 цагт үүдээ нээж, үйлчлүүлэгчээ хүлээн авахад хэдийнэ бэлэн болжээ. Зөөгч, ажилчид үүдний гадна чийгтэй цэвэрлэгээ хийж, тоос шороог нь арчина. Кафед эхний үйлчлүүлэгч орж, захиалгаа өгч, ширээндээ тухалсан харагдана. Мэдээж, эхний үйлчлүүлэгч бол тэдний байнгын зочдын нэг нь байдаг аж. Зарим үйлчлүүлэгч 07:30 цагт ирж номын уншлага хийж хэвшжээ.
Үүдээр ороход зөөгч мэнд мэдэн угтана. “Halloween”-ий баярын өдрүүд тохиож байгаатай холбоотой орчноо чимэглэсэн байлаа. Доторх заслаа аниме бүтээлийн баатруудыг амилуулан чимэглэжээ. Үйлчлүүлэгчид зөвхөн кофе уугаад гарахгүй, анимед дуртай дүрээ харж, аниме бүхий тэмдэг, зүүлт худалдан авч, тусгайлан зассан өрөөнд тухлах найз нөхдийн хамт цагийг зугаатай өнгөрүүлэх боломжтой.
Ингээд “Кафе дэ Лолита” -г үүсгэн байгуулагч С.Хулантай ярилцлаа. Тэр график-дизайнер мэргэжилтэй. Багаасаа аниме үзэж өссөн. Басхүү кафе нээн ажиллуулах хүсэл мөрөөдөлтэй. Эзэмшсэн мэргэжлээрээ 10 гаруй жил ажилласан тэрбээр багын хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн аниме цувралаас сэдэвлэн кафегаа тохижуулж, үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Кафе нээн ажиллуулах хүсэл тэмүүллийг найз залуу нь илүүтэй дэврээж өгсөн гэж болно. Учир нь, түүний найз залуу кафе ажиллуулдаг, С.Хулан ч дуртайяа тэднийд очиж үйлчлүүлдэг байсан гэнэ. Ингээд хүсэл, зорилго нэгтэй залуу хос өөрсдийн кафег нээж ажиллуулсан нь энэ.
“Кафе Дэ Лолита”-гийн байнгын үйлчлүүлэгчид ихэвчлэн залуучууд. Тиймээс согтууруулах ундаагаар үйлчилдэггүй. Өглөө 08.00 цагаас үүдээ нээж, орой 21:00 цагт хаана. Өдрийн гурван ээлжтэй, оюутнууд хичээлийн бус цагаараа, чөлөөт цагаа зохицуулан ажиллана.
Энд ирсэн үйлчлүүлэгч хүүхдүүд тусгайлан бэлдсэн өрөөнд япон, солонгос хэлээр “manga” авч, тоглож, мөн хичээлээ давтдаг байна.
С.Хулан: Манай кафед япон, солонгосчууд ирж үйлчлүүлдэг
“Кафе Дэ Лолита”-г үүсгэн байгуулагч С.Хулантай ярилцлаа.
-Өглөөний 08:00 цагт нээхэд үйлчлүүлэгч хэр орж ирж байна вэ?
-Өглөө 08:00-10:00 цагийн хооронд манай байнгын үйлчлүүлэгчид орж ирнэ. Шинэ үйлчлүүлэгч орж ирэх нь ховор. Гэхдээ бидэнд ганц, хоёр үйлчлүүлэгч байсан ч тэдэнд ая тухтай үйлчлэхийг зорьдог.
Манайхыг эрт онгойдог гээд өглөө номын хэлэлцүүлэг хийдэг хүмүүс 07:30 цагт тогтмол орж ирэн үйлчлүүлдэг болсон.
-Нээгээд хагас жил болж байгаа ч хүүхэд, залуусын үйлчлүүлэх дуртай газрын нэг болжээ. Үйлчлүүлэгчээ татахад юу нөлөөлсөн бэ?
-Бид энэ "Кафе Дэ Лолита"-гаа бизнесийн ашиг талаас нь харж нээгээгүй. Өөрсдийн хүсэл, мөрөөдөлдөө хөтлөгдөж, аниме сонирхдог хүмүүст зориулж, орчныг нь тохижуулж нээсэн. Би ч багадаа аниме үзэж өссөн. Одоо ч үздэг хэвээр. Тиймээс тохитой орчин бүрдүүлэхийг зорьсон. Эхэн үеэ бодвол байнгын үйлчлүүлэгчтэй болж байгаадаа сэтгэл өндөр байна. Өдөрт 40-50 үйлчлүүлэгч ирнэ. Үүнээс 20-оод нь байнгын үйлчлүүлэгч байдаг. Үйлчилж байгаа нь ч, үйлчлүүлж байгаа нь ч сэтгэл өндөр байх ёстой.
-Гадаадын үйлчлүүлэгч ирж байна уу?
-Япон, солонгосчууд орж ирнэ. Тэд google map дээрээс хайж, олж ирлээ гэсээр ирдэг нь их хөөрхөн.
-Зөөгч нар гадаад хэлтэй юү. Цагийн ажилтнууддаа ямар шаардлага тавьдаг вэ?
-Цагийн ажлын байрыг бий болгохыг зорьдог. Эхний ярилцлагын үеэр гадаад хэлний мэдлэгтэй байх ёстой шаардлагаа тавьдаг болохоор манайд ажиллаж байгаа хүмүүс сэтгэл, зүтгэлтэй. Одоо залуус хэрэглээний гадаад хэлтэй болсон. Тиймээс гадаад үйлчлүүлэгчтэйгээ ярилцаад, ойлголцоно.
-Манай үйлчлүүлэгчдийн соёл, хэрэглээ ямар байна вэ?
-Үйлчлүүлэгчид хэрэглээний соёл өндөртэй. Зөвхөн манай кофег уух гэж өглөө, өдөр цайны цагаараа зорьж ирдэг. Манай кофе Монголдоо сайхан амт, чанартай кофед тооцогддог.
-Хаанахын кофе оруулж ирдэг вэ?
-Бид ихэвчлэн Монголд хуурсан солонгос кофегоор үйлчилдэг. Бусад бейкэрийн бүтээгдэхүүнээ бид өөрсдөө зохион гаргадаг. Манай алимны цайнд хүмүүс их дуртай.
-Хувийн бизнес эрхлээд явахад ямар байна вэ?
-Монголд хувийн бизнес эрхлэхэд маш их зүйл шаардаж байна. Зөвшөөрөл, татвар гээд олон зүйл хэрэгтэй. Аль нэг албан байгууллагад ажиллаж, нийгмийн даатгал төлөөд явах нь биед амар ч хүсэл мөрөөдлөө биелүүлэхийг зорьж байна.
-Хамтарч ажиллах санал ирж байна уу?
-Хүлээн авалтын саналууд их ирдэг. Япон соёлын өдөрлөг гэх мэт хүлээн авалтын саналууд их ирдэг. Maid кофе нь японы үндэсний соёл шиг хөгжсөн. Aниме үзвэл япон соёлыг мэднэ.
-Цаашдаа кафегаа хэрхэн өргөжүүлэхээр зорьж байна вэ?
-Бид хоёр энэ кафегаа төрөлжүүлэхээс илүү олон салбартай болохоор зорьж байна. Энэ ондоо багтаад нэрийн бүтээгдэхүүнээ гаргахаар ажиллаж байгаа юм. Цагийн ажлын байрыг бий болгохоор зорьж байгаа. Манайд орж ирэх гэж урт дараалал үүсэж, дугаарлах соёлыг бий болгохыг хүсэж байна.
Б.Ундрал: Хотын хүмүүс соёлтой
Бидний ярилцаж байх хооронд үйлчлүүлэгчид тасралтгүй ирж, кофегоо аван тухалж суугаа харагдана. Тэд кофегоо шимтэн уунгаа гар утас, нөөтбүүкээ асаан өөр өөрсдийн орчиндоо тухалцгаана. Дорноговь аймгаас МУИС-ийн Санхүүгийн ангид суралцахаар ирсэн Б.Ундрал хамгийн залуу ажилтан гэнэ. Тэрбээр хичээлийн бус цагаараа зөвхөн мягмар гаригийн өглөө энд ажилладаг. Орон нутгаас их сургуульд суралцахаар ирсэн нэгдүгээр курсийн оюутны хувьд хот хөл хөдөлгөөн, дуу чимээ ихтэй хэдий ч хичээл, ажил хоёрын хооронд гүйж, завгүй сурч хөдөлмөрлөх нь түүнд сонирхолтой байгаагаа нуусангүй. Түүнтэй цөөн хором ярилцлаа.
-Энэ кафег яаж олж ажиллах болсон бэ?
-Би өмнө нь аймагтаа байхдаа өнгөрсөн зун инстаграммаас энэ газрын талаар харж байсан. Хотод очихоороо орж үзнэ гэж боддог байлаа. Хотод ирээд хичээлдээ шамдаад явж байтал цагийн ажлын зар тавьсан байхыг сошиалаас харсан. Ингээд ирж, анкет бөглөж тэнцээд ажиллаж байгаадаа баяртай байна.
-Хотод амьдрах ямар санагдаж байна вэ?
-Би хотод ирээд хоёр сар болж байна. Санасныг бодоход их дуу чимээтэй юм. Гэхдээ гоё байна аа.
-Яагаад мягмар гарагт ажиллахаар сонгосон бэ?
-Миний хичээл мягмар гаргийн өглөө “цонхтой” цаг таардаг. Тиймээс энэ “цонхтой” цаг дээрээ долоо хоногт ганц өдөр ажилладаг. Одоо ажлаа тараад шууд хичээл рүүгээ явна.
-Цалин нь нэмэртэй байна уу?
-Оюутан хүнд цалин бага ч гэсэн нэмэртэй. Автобус, хоолны мөнгөндөө зориулдаг.
-Хичээлийн хажуугаар цагийн ажил хийх боломжтой байна уу?
- Одоохондоо эхний семистр учир хичээл их байгаа. Цагийн ажил хийх боломжтой сайхан байна.
Ийнхүү дараа дараагийн үйлчлүүлэгч орж ирж, бидний яриа өндөрлөлөө. Эцэг, эхчүүд ч хүүхдүүдээ дагуулан орж ирэн, цай, жүүс авч харагдана. Хүүхдүүд аниме баатруудыг шохоорхон харж, шинэ кофены үнэр хамар цоргино.
“Кафе Дэ Лолита”-гаар үйлчлүүлэгчдээ инээмсэглэлтэйгээр угтан үлдлээ...
Н.Энхлэн
Эх сурвалж: Монголын үнэн сонин №041/24572/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна