А.Сүхболд: Багахангай дүүргийг үйлдвэрлэлийн бүс болгоход бодлого, зорилтоо дэвшүүлэн ажиллаж байна


Багахангай дүүргийн Засаг дарга А.Сүхболдтой ярилцлаа.

 -Сонгуульт жилийн босгон дээр тантай ярилцаж байна. Багахангай дүүрэгт иргэдийн итгэлийг хүлээж засаглах эрхээ хэрэгжүүлж байгаа учраас танаас эхлээд мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хэрхэн хангаж ажиллаж байгаа талаар асууя?

-“Монголын үнэн” сонины уншигч­дад энэ өдрийн мэнд хүргэе. Багахангай дүүргийн МАН-ын хороо 2020 оны орон нутгийн сонгуульд “Бид зүтгэнэ-Хамтдаа хөгжинө” уриан дор дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг таван бүлэг, 139 заалттайгаар боловсруулан оролцсон. Дүүргийн намын хорооноос нэр дэвшсэн 17 нэр дэвшигчид 100 хувийн итгэл хүлээлгэн ялалт байгуулсан. Ингэснээр энэ мөрийн хөтөлбөрөө дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр болгон гурав дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна. Дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажилллагааны хөтөл­­бөрийг хэрэгжүүлэх төлөв­лөгөөг жил жилээр төлөвлөн хэрэг­жил­тийг ханган ажилладаг. Өнгөр­сөн хугацаанд дараах байдлаар биелээд байна. Үүнд 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг зур­гаан бүлэг, 142 заалттайгаар төлөвлөн, 90.2 хувьтай хэрэг­жүү­лэн ажилласан бол 2022 оны төлөв­лөгөөг зургаан бүлэг, 137 заалт­тайгаар төлөвлөн, 91 хувьтайгаар хэрэгжүүлэн ажил­ласан.

2023 оны үйл ажиллагааны төлөв­лөгөөг зургаан бүлэг, 24 зорилтын хүрээнд хэрэгжүүлэх 126 заалт­тайгаар төлөвлөсөн. Энэ оны гуравдугаар улирлын байдлаар 90 болон түүнээс дээш хувийн хэрэг­жилттэй 108, 70 хувийн хэрэг­жилттэй тав, 50 хувийн хэрэг­жилт­тэй тав, 30 хувийн хэрэг­жилттэй мөн таван ажил, арга хэмжээг 85.1 хувийн биелэлттэйгээр хэрэг­жүүлэн ажиллаж байна. Дүүргийн Засаг даргын үйл ажилла­гааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүү­лэхээр төлөвлөснөөс төсөв санхүүгээс шалтгаалан удааширсан 30-аас доош хувийн биелэлттэй хэд хэдэн ажил байгааг бас мэдээлэх нь зүйтэй байх. Тухайлбал, бид хуучин 10 ортой эмнэлгийн барилгыг засварлаж, улирлын чанартай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдийн сувилал болгохоор төлөвлөж байсан. Гэсэн ч мэргэжлийн байгууллагаас эмнэлгийн барилга нь дороо цэвдэгтэй тул барилгын хүчитгэл хийх шаардлага үүссэн. Гэтэл тухайн барилгад бүрэн хүчитгэл, их засвар хийхэд шинээр барилга барих хэмжээний төсөвт өртөг шаардлагатай гэсэн тооцоо судалгаа гарснаар ажил зогсоод байна. 

-Хэдийгээр энэ мэт гацалт үүссэн ч цаашид хийхээр төлөвлөсөн то­моо­хон бүтээн байгуулалтын ажлаас дурдаж болох уу?

-Байлгүй яахав, бидний зүгээс нутаг оронд шаардлагатай ажлын төлөвлөгөөг гарган ажилладаг. Тухайлбал, Барилга хот байгуулалтын яамны захиалгаар Багахангай дүүргийн II хорооны “Нуур”, “Замчин” гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх “Service center”-ийн зураг, төсвийг боловсруулан хянуулаад байна. Дэд бүтцийн төв байгуулах ажилд 14.5 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай. Энэ ажлын хөрөнгө мөнгийг 2024 оны улсын төсөвт 4.7 тэрбумыг нь тусгуулаад байна. Мөн бид цаашид Багахангайн Мах боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Гэвч Мах боловсруулах үйлдвэр нь Улаанбаатар хотын банканд 400 гаруй сая төгрөгийн өртэй, үүнээс шалтгаалан үйлдвэрийн хөрөнгийг битүүмжилснээс үйл ажиллагааг цаашид хэвийн явуулах боломжгүй болсон. Энэ талаар нийслэлийн удирдлагууд болон холбогдох хүмүүст уламжлан нийслэлийн Өмчийн харилцааны газартай хамтран үйлдвэрийн үйл ажиллагааг сэргээж, цаашид хэвийн явуулахын тулд менежментийн хувьчлалыг зохион байгуулахаар судалж байна. Дараагийн нэг томоохон ажил бол төмөр замын 508 дугаар км дахь гармыг хаалттай болгох. Энэ талаар “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн удирдлагууд дүүрэгт ажиллах үеэр харилцан ойлголцож уг гармыг ПАШ хаалттай болгох зураг төсвийг боловсруулсан. Энэ ажилд 240 орчим сая төгрөг шаардлагатай байгаа юм. “Багахангайн үйлдвэрлэл технологийн парк” НӨТҮГ-т нэгжээр орсон байгууллагуудын үйл ажил­лагаатай холбогдуулан үүнийг хэрхэн, яаж шийдвэрлэх талаар ажиллаж байна.

-Засаг даргаар ажиллах хуга­цаанд ямар зарчим баримтлан ажил­лаж байна вэ. Дүүрэг тэр­гүүлэн ажиллаж байгаа учраас удирд­лагын зарчим, хандлага чухал гэдэг үүднээс асууж байгаа юм шүү?

-Миний бие дүүргийн Засаг даргаар томилогдоод нэг жил хоёр сарын хугацаа өнгөрчээ. Дүүргийнхээ 34 дэх жилийн түүхийг бид бүхэн хамтдаа бүтээж байна. Энэ хугацаанд миний бие тав дахь Засаг даргаар томилогдон ажиллаж байна. Ер нь 34 жилийн түүхэнд таван хүн Засаг даргын албыг хашиж байгаа нь дүүрэг орон нутаг тогтвортой засаглалтайг харуулж байгаа нэг үзүүлэлт гэж би боддог. Би Багахангай дүүрэгтээ ажиллаж, амьдраад 20 жил болж байна. 20 жилийн өмнө дүүрэг ямар байсан, одоо ямар болоод байна, ер нь залуучууд юу хүсэж мөрөөддөг вэ, энэ дүүрэг орон нутагт амьдарч байгаа иргэд ямар хүсэл мөрөөдөлтэй, дүүргээ ямар байгаасай гэж хүсдгийг ерөнхийдөө мэднэ. 20 жилийн турш энэ хүмүүс­тэйгээ, орон нутагтаа амьдарч тодорхой түвшинд ажиллаж байсан учраас мэдээлэлтэй байдаг. Тиймээс удирдлагын түвшинд ажиллаж байгаа хүн аливаад шударга, нээлттэй, хүн бүрд тэгш хандах ёстой гэсэн зарчим баримтладаг даа. 

-Багахангай нийслэлийн дүүрэг хэдий ч хотоос 100 гаруй км-т алс­лагдсан байршилтай. Үүнийгээ дагаад статусын асуудал ч яригд­даг. Энэ тухайд та дүүргийн Засаг дар­гын хувьд ямар бодолтой явдаг вэ?

-Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг 2020 онд шинэчлэн баталсан. Нийслэлийн есөн дүүргийн долоо нь нийслэлд татвараа төвлөрүүлдэг. Налайх, Багахангай дүүрэг л нийслэлээс татаас авч өөрийгөө санхүүжүүлж байгаа ийм дүр зурагтай явж байна. Мэдээж татаасаар амьдарч байгаа дүүрэг гэдэг эдийн засгийн хувьд хязгаарлагдмал нөхцөл байдалтай байна гэдэг нь ойлгомжтой. Бид бүхний тулгамдаж байгаа, ер нь шийдчихмээр асуудал дандаа л төсөв санхүүтэй холбоотойгоор гацдаг. Энэ нь бидний тулгамдсан асуудал болоод байна. Тийм ч учраас энэ Засгийн газраас дэвшүүлж байгаа орон нутгийн бие даасан байдлыг нэмэгдүүлэх, хот хөдөөгийн сэргэлттэй холбоотой Багахангай, Багануур, Налайх дүүрэгт чиглэсэн эрх зүйн баримт бичгүүдэд маш талархалтай хандаж байгааг энэ ташрамд тодотгож хэлмээр байна. Энэ бодлогуудыг хэрэгжүүлэхэд эдийн засгийн хувьд тодорхой дэмжлэг хэрэгтэй байгаа. Жишээлбэл, манай дүүрэгт хүн ирээд амьдарахад газар олгож болж байна. Гэхдээ одоо шинэ суурьшил үүсгэх төлөвлөлттэй хэсгүүд дээр дэд бүтцийн асуудал бий. Эрчим хүч очоогүйгээс суурьшил үүсэхэд хүндрэлтэй. Тийм ч учраас бид ирэх жилүүдэд Багахангай дүүрэгт хийх хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтад жил тутамд багадаа 8-10 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлээсэй гэж хүсэж байна. Энэ саналаа ч холбогдох газруудад танилцуулдаг. Ингэж байж иргэдийг татах, хотын төвлөрлийг сааруулах түгжрэлийг бууруулах үйл явцад тодорхой дэмжлэг болно шүү дээ.

-Монгол Улсын Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэг­жүүлэн ажиллаж байна. Үүнээс Хот, хөдөөгийн сэргэлтийн бод­лого танай дүүрэгт хамгийн их хамааралтай байж таарна. Танай дүүрэг энэ бодлогын хэрэгжилт ямар түвшинд байна вэ?

- Шинэ сэргэлтийн бодлого, Хот хөдөөгийн сэргэлтийн бодлого бол алслагдсан гурван дүүргийн бие даасан байдал, алслагдсан гурван дүүрэгт суурьшил үүсгэх, тухайн бүс нутгийг ямар чиг баримжаатайгаар хөгжүүлэх талаар бодлогын баримт бичиг юм. Тэр дундаа бие даасан байдлыг хангах тал дээр эрх зүйн орчин ахицтай байгаа. Нийслэл хотод хэт төвлөрөл үүссэнээс олон сөрөг нөлөөлөл байна. Цаашид Улаанбаатар хотыг задлах, хэт төвлөрлийг багасгахад олон төвт хот байгуулах тухайд гурван дүүргийн иргэд болон удирдах түвшинд ажиллаж байгаа хүмүүсийн байр суурь нэг гэдгийг энэ ташрамд хэлье. Одоо Улаанбаатар хотод зоримог шийдвэр хэрэгтэй байна. Олон жил ярьсан төрийн захиргааны байгууллагууд болон их дээд сургуулиудыг гаргах ажлыг яаравчлах хэрэгтэй. Энэ түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах чиглэлд хийж байгаа хөрөнгө оруулалтыг зөв зарцуулахгүй бол жил ирэх тусам урсгал зардлууд нэмэгдээд л байна. Энэ асуудал дуусахгүй үргэжилсээр л байна. “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг УИХ-ын тогтоолоор баталсан. Мөн нийслэлийг 2040 хүртэл хөгжүүлэх төлөвлөгөө ч гарсан. Эдгээр бод­логын бичиг баримтад нийцүүлэн Багахангай дүүргийг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсэг байгуул­сан. Мөн хууль дүрмээрээ бол тухайн хөтөлбөрөө боловсруулахад зөвлөх үйлчилгээний компаниар үйл ажиллагаа хийлгэх зохицуулалттай. Бид бүхэн тендер зарлаад гүйцэтгэгч нь шалгараад ажилдаа ороод байна. 

Өнөөдөр л гэхэд Ажлын хэсэг хуралдаад хөгжлийн хөтөлбөртөө Багахангай дүүргийн 14 мянган га газар дээрээ аль хэсгийг, ямар чиглэлээр хөгжүүлэх төлөвлөлтийг ярилцлаа. Мөн Хот, хөдөөгийн сэргэлтийн бодлогын хүрээнд Засгийн газраас олон төрлийн тогтоолыг батлан гаргасан. Үүний хүрээнд манай дүүрэгт ипотекийн зээлийн хүү гурван хувь боллоо, дүүрэг орон нутагт аж ахуйн нэгжээ шилжүүлэн ирсэн тохиолдолд 500 хүртэлх сая төгрөгийн зээлийг жилийн нэг хувийн хүүтэйгээр олгох боломж бүрдүүлсэн. Багахангай, Багануур, Налайх дүүрэгт ажилладаг төрийн албан хаагчдад орон нутгийн нэмэгдлийг 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн сар бүр 20 хувиар тооцон олгох, төрийн захиргааны албан хаагчид болон соёлын салбарын ажилтан албан хаагчдад мөн 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс таван жил тутамд зургаан сарын тэтгэмж олгох зохицуулалт хэрэгжүүлж байна.

-Дүүрэг бүрд нийтлэг тулгамддаг боловсрол, эрүүл мэндийн үйлчил­гээний хүртээмж танай дүүрэгт хэр байдаг вэ. Энэ тухайд шинээр хийж, хэрэгжүүлсэн ажлаасаа хуваалцана уу?

-Багахангай дүүрэгт ерөнхий боловсролын нэг, СӨБ төрийн өмчийн хоёр, төрийн бус өмчийн төмөр замын харьяаны нэг гээд нийт гурван цэцэрлэг боловсролын үйлчилгээ үзүүлж байна. Дүүргийн ерөнхий боловсролын “Хангай” цогцолбор сургуулийн хичээлийн хоёр байранд бага ангид 408, дунд ангид 289, ахлах ангид 121 нийт 818 сурагч суралцаж, 70 багш ажилтан боловсролын үйлчилгээ үзүүлдэг. Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд гурван цэцэрлэгт, 311 хүүхэд хамрагдаж 63 багш, ажилтан ажиллаж байна. “Хангай” цогцолбор сургуулийн хичээлийн нэгдүгээр байрны барилга 1972 онд ашиглалтад орсон, зориулалтын бус барилга бөгөөд 400 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай, хичээлийн хоёрдугаар байр 2002 онд ашиглалтад орж, 2011 онд өргөтгөсөн, 480 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. ЕБС-ийн анги дүүргэлтийн хувьд 27, ээлжийн коэффициент 1.3-тай байна. ЕБС-ийн багш нарын хангалт 81.4 хувьтай бол сургуулийн өмнөх боловсролын багшаар 100 хувь хангасан. 2022-2023 оны хичээлийн жилд боловсролын салбарт нэг тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулж, хүүхдийн сурч хөгжих ая тухтай орчныг бүрдүүлээд байна. Багахангай дүүрэг ЭЕШ-ын онооны дунджаар нийслэлийн хэмжээнд гуравдугаар, Математик, Монгол хэл, Нийгэм судлал судлагдахуунаар тэргүүн байрт үнэлэгдээд байна. Мөн 207 дугаар цэцэрлэг нийслэлийн “Шилдэг менежменттэй цэцэрлэг”-ээр шалгарсан амжилттай ажиллаж байна. Дүүргийн хүн ам жилээс жилд нэмэгдэж, төрөлт өссөнтэй холбогдуулан ЕБС болон СӨБ-д элсэгчдийн тоо эрс нэмэгдэх болсон. Цаашид дүүргийн хүн ам өсөх чиг хандлагатай уялдуулан дүүргийн төр захиргааны байгууллагын зүгээс дүүргийн I хороонд 640 хүүхдийн хүчин чадалтай ЕБС-ийн хичээлийн байр, дотуур байр, 200 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн барилгыг бариулах зайлшгүй хэрэгцээ, шаардлагатайг БШУЯ, НЗДТГ, БЕГ, НБГ болон холбогдох албан тушаалтнуудад танилцуулан, бодлого шийдвэрт тусгасан. Дүүргийн Эрүүл мэндийн төвийг 1989 онд Хүн эмнэлэг нэр­тэй­гээр байгуулсан бөгөөд 2014 оноос Багахангай дүүргийн Эрүүл мэндийн төв болгон үйл ажиллагаагаа өргөжүүлсэн.

Дүүргийн Эрүүл мэндийн төв нь одоогоор 27 үндсэн, дөрвөн гэрээт нийт 31 хүний бүрэлдэхүүнтэйгээр амбулатори, яаралтай тусламж, хэвтэн эмчлэх, түргэн тусламжийн дуудлага, нийгмийн эрүүл мэндийн тусламж, лаборатори оношлогоо, шинжилгээ зэрэг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Дүүргийн эрүүл мэндийн төвд нарийн мэргэжлийн эмч шаардлагатай бөгөөд шүд, дуран, чих хамар хоолойн эмч, лабораторийн эмчийг гэрээгээр ажиллуулж байна. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг дүүргийн иргэд болон ойролцоо орон нутгийн иргэд, /Төв, Дундговь аймаг/, Төмөр замын өртөө зөрлөгийн иргэдэд түргэн шуурхай цаг алдалгүй хүргэн ажилладаг. Дүүрэгт 40 ортой Эрүүл мэндийн төвийн барилгыг 2018 онд Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2.8 тэрбум төгрөгөөр барьж ашиглалтад оруулснаас гадна шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр хангах ажлыг үе шаттай зохион байгуулж байна.

Мөн улсын хоёрдугаар эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээ байгуулан нарийн мэргэжлийн эмч нарыг орон нутагтаа ажиллуулан үзлэг оношилгоог хийлгэхээс гадна эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчдыг сургаж дадлагажуулах арга хэмжээг зохион байгуулж байна. Түүнчлэн дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” арга хэмжээг зохион байгуулахаар тусгасан бөгөөд тус арга хэмжээг зохион байгуулах “Амны хөндийн эрүүл мэнд 2023” төлөвлөгөөг хэрэгжүүлэн сургалт сурталчилгаа, нөлөөллийн ажлыг эрчимжүүлэн, хүүхдийн шүдний өвчлөлийг бууруулах чиглэлээр ажиллаж байна.

-Боловсрол, эрүүл мэндийн хүр­тээмжийн асуудал боломжийн түв­шинд байна гэж ойлголоо. Тэгвэл иргэдийнхээ амьдралын чанарыг дээшлүүлэхэд хэрхэн анхаарч ажилладаг вэ?

-Сургууль, цэцэрлэгийн хүртээмж бусад орон нутагтай харьцуулахад боломжийн байна. Дүүргүүдийн өр­сөлдөх чадварын индексийн судалгаа хийсэн байдаг. Энэ судалгааны хүн амьдрах таатай орчин нөхцөл, амьдралын чанар, амар тайван байдал зэрэг үзүүүлэлтээр манай дүүрэг бусад дүүргээ тэргүүлсэн. Багахангай дүүргийн хүн амын 65.3 хувийг 0-35 насны залуучууд эзэлдэг. Залуучуудтай газар урлаг, спортын болон тэдний мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх олон төрлийн сургалт, уулзалтын арга хэмжээг зохион байгуулах ёстой гэж бид үздэг. Энэ зорилтын хүрээнд ч бид хөрөнгө оруулалт бүтээн байгуулалатын олон ажлыг хийж хэрэгжүүлж байна. Гэрэлтүүлэг болон ногоон байгууламж, явган замыг нэмэгдүүлэх ажлыг бага­гүй хийлээ, хоёр хороондоо стан­дар­тын шаардлагад нийцсэн хөлбөмбөгийн талбай байгууллаа. Соёлын ордныхоо хөгжим, техник хэрэгслийг шинэчиллээ. II хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар спорт заал, I хороонд нийслэлийн төсвийн хөрөнгөөр соёлын ордны барилга барьж байна. Бид 2020 оны орон нутгийн сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөртөө “Нэг өрх-Нэг ажлын байр” гэсэн заалтыг оруулсан байдаг. Энэ сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд өрхөөс ядаж нэг иргэнийг байнгын болон түр ажлын байранд зуучлах зорилгоо биелүүлэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд олон талт ажил арга хэмжээг зохион байгуулж байна. Хамгийн сүүлд дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг үйлдвэр, аж ахуйн нэгжүүдтэй өнгөрсөн оны есдүгээр сард иргэдийг ажлын байранд зуучлах, мөн дүүргийн татварын бааз суурийг нэмэгдүүлэх чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор уулзалт зохион байгуулсан. Багахангайн үйлдвэр технологийн паркт нэгжээр орсон гурван төсөлд 500-570 ажиллах хүчин шаардлагатай. Энэ мэтчилэн дүүрэг орон нутагт ажлын байр бий. Харин манай иргэд тухайн ажлын байранд тогтвор суурьшилтай ажиллахад хангалтгүй байна. Бид 2024 онд өрхийн үйлдвэр эрхлэх сонирхолтой байгаа иргэдэд чиглэсэн ажил зохион байгуулахаар дүүргийнхээ ХХҮХ, ЖДҮДТ болон хороодын ажлын албаа ажиллуулан энэ талын судалгааг нэгтгэсэн. Одоо нийслэл, дүүргийн төсөвт энэ чиглэлийн ажил арга хэмжээг тусгах чиглэлд ажиллаж байна. Мөн бид гаднын улс орнуудад ажиллах хүчин гаргах, дүүргийнхээ гадаад харилцааг өргөжүүлэхэд анхаарч ажиллаж байна.

-Засаг даргын хувьд Багахангай дүүргийн хөгжлийн чиг хандлагыг та хэрхэн харж байна вэ?

-Дүүрэг орон нутгийн удирдлагаар ажиллаж байгаа хүн бүр орон нутгаа бусдын адил хөгжилтэй, иргэдээ амар тайван орчинд амьдарсан, хүн амьдрахад аятай тухтай таатай нөхцөл бүрдсэн, өрсөлдөх чадвартай бүс нутаг байгаасай гэж бодож, зорь­дог. Багахангай дүүргийг хөгжүүлэх 2040 оны хөгжлийн хөтөлбөрийг хоёр үе шаттай хэрэгжүүлэхээр бо­ловс­руулж байна. Нэгдүгээр үе шат 2030 он хүртэл, хоёрдугаарт үе шат 2031-2040 он. 2030 гэхэд Бага­хангай дүүрэг 10000 хүнтэй, засаг захиргааны гурван хороотой, үйлдвэрлэлийн бүс нутаг болно гэсэн бодлого зорилтыг дэвшүүлж ажил­лаж байна. Ер нь Багахангай дүүргийн хувьд дэд бүтцийн маш таатай нөхцөлтэй. Улаанбаатар хоттой 90 км хатуу хучилттай авто замаар, 107 км төмөр замаар холбогдсон. Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн А0101 улсын чанартай авто зам дайран өнгөрдөг. Мөн Замын-Үүд, Багануур чиглэлийн төмөр замын зангилаан дээр манай дүүрэг байрладаг давуу талтай. 2024 оны улсын төсөвт Улаанбаатар Замын-Үүд чиглэлийн босоо тэнхлэгийн авто замыг хоёр урсгалтай, дөрвөн эгнээ­тэй болгон өргөтгөх төсөл яригдаж байна. Ингээд олон талаас нь ха­рахад Багахангай дүүргийн ирээдүй өөдрөг, өнгөтэй байгаа. Бид үүнийг ажил хэрэг болгохын тө­лөө энэ орон нутагт ажиллаж амь­дарч байгаа ард иргэдээ амар тайван, эрүүл энэ бүс нутагтаа сай­хан амьдрах нөхцөл боломжийг бүр­дүү­лэхийн төлөө багаараа зүтгэж байна.

М.Өнөржаргал 

Эх сурвалж: Монголын үнэн сонин №042/24573/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22