Х.Мөнхбаяр: Нэгдмэл үнэт зүйлтэй улсын хөгжил эрчимждэг


Өвлийн тэргүүн сараас эхлээд  дунд сарыг дуустал монголчууд нийтээрээ гурван их баярыг ёслон тэмдэглэдэг. Тодруулбал, айсуй  Монгол бахархлын өдөр, анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах засгийг хуульчлан баталгаажуулсан арваннэгдүгээр сарын 26,  1911 онд туурга тусгаар улсаа байгуулсан арванхоёрдугаар сарын 29 билээ. Илэрхий өөр ийм баяруудыг хольж солих, буруу зөрүү ойлгох явдал түгээмэл байна.  Тиймээс бүх нийтээрээ амардаг эдгээр  тэмдэглэлт баярын утга учир, үнэ цэнийн талаар ШУТИС-ийн багш, түүхийн ухааны доктор (Ph.D) Х.Мөнхбаяртай ярилцлаа.

 

-Тэмдэглэлт өдөр бүр утга учиртай. Ялангуяа Монгол ба­харх­лын өдөр өнөөгийн монгол­чуудын оюун санаанд ямар үүрэгтэй вэ?

-Хүнийг хүн болгож байгаа зүйл бол оюун санаа, бүр тодруулж хэлбэл ухамсарт оюун санаа. Үүний нэгэн илрэл нь бахархал юм. Бахархал улс үндэстнийг, ард түмнийг нэгтгэн, хөгжлийн гал бадраадаг. Монголчууд үүнийг ухамсарлахгүй байгаагаас хөгжлийн гацаанд орчхоод хий эргэсээр байна. Бахархлын өдөр монгол хүний оюун санаанд ямар үүрэгтэйг үүнээс анзаарч болно. Эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг Монгол бахархлын өдөр болгосон нь эл алдааг залруулах зорилготой болов уу.

-Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэндээ их эзэн хааныхаа мэндэлсэн өдрийг нийтээрээ тэмдэглээд, Монголоороо бахархдаг. Гэхдээ жилдээ нэг өдрийн үйл явдлаар бус байнгын бахархалтай байх нь чухал. Яагаад монголчуудад нэгдмэл бахархал төлөвшихгүй байна вэ?

-1990 оны Ардчилсан хувьсгалын үрээр монголчууд улс төр, эдийн засаг, эрх зүйн шинэчлэл шат дараалан хийж байгааг хүн бүр мэднэ. Гэхдээ социалист оюун санаагаа шинэчилж чадахгүй чаргууцалдсаар байгаагаа хүлээн зөвшөөрөх болов уу, монголчууд. Үл биелэх лоозон дэвшүүлдэг, хэлбэрдэн шуугьдаг социалист оюун санаа амь бөхтэй оршсоор байгаагийн жишээ нь  Монгол бахархлын өдөр. Жилийн зөвхөн нэг өдөр сүржин ёсолсноор монголчууд нэгдмэл бахархалтай болно гэж итгэх нь яавч бодитой биш. Цаашлаад, өглөө болгоны нарыг монгол хүний тухай сайн сайхан, бахархам мэдээтэй угтдаг тийм гоё нийгмийг цогцлоомоор байна. Үгүйдээ л Монгол бахархлын өдрөө улс үндэстэн даяар хүн болгон, айл бүр ёслон тэмдэглэдэг болох сон. Энэ өдрийг төрийн хэмжээнд ёслон тэмдэглээд 12 жил болж байхад монголчуудад нэгдмэл бахархал төлөвшихгүй байгаагийн учир энэ. Ямар сайндаа, Монгол бахархлын өдөр сайхан амраад, хамгийн дуртай хоолоо идээрэй гэж оюутнууддаа захиж байх вэ дээ.  

-Монголчууд нэгэн бахархал­тай, алсын хараатай байснаар үндэстний соёлын дархлаа, нэгд­мэл үнэт зүйлтэй болоход нөлөөлөх үү?

-Нэгэн чигч бахархал аливаа үндэстний соёлын дархлаа, нэгдмэл үнэт зүйлийн суурь. Ийм суурьтай болчихсон улс орны хөгжил эрчимждэгийг олон улсаас жишээлэн харж болно.

-Бахархлын өдөртэй улс манай­хаас өөр байдаг уу?

-Их баяраа “Бахархлын өдөр” гэж тодорхойлсон улс Монголоос өөр байхгүй. Гэхдээ, улс үндэстэн болгон бахархалтай учраас түүнийгээ ёслон тэмдэглэдэг. Жишээлэхэд, туркууд өнөөгийн хөгжингүй, хүчирхэг Турк улсыг үндэслэгч нь Мустафа Кемаль Ата Турк хэмээн үзэж, хүндэтгэн дээдэлдэг. Тийм учраас насан өөд болсон 1938 оны аравдугаар сарын 10-ны өдрийг нь Мустафа Кемаль Ата Туркийг дурсан санах өдөр болгон жил бүр Турк даяар баяр хөөртэй тэмдэглэдэг. Мөн үндэсний бахархалт амьтдаа албан ёсоор хуульчлан тогтоож, хайрлан хамгаалж, эрхэмлэн үздэг улс орнууд цөөнгүй бий.

 

Бахархал түүхээс үүддэг

 

-Чингис хааны мэндэлсэн огноо бус түүхэн үүрэг чухал болов уу. Та Чингис хааныг монголчуудад ямар гавьяа, их өв үлдээсэн гэж боддог вэ?

-Чингис хаан бидний хувьд хэн бэ гэдгийг эхлээд тунгаавал энэ асуултад ончтой хариулах болно. Есхөн настайдаа эцгээсээ хагацаж, амьдралын хатуу хүтүүг туулсан ч өнөөгийн монгол үндэстний түүхэн газар нутаг дээр байсан дайнч улс, аймгуудыг нэгтгэж, Их Монгол Улсыг байгуулсан. Тэр л үеэс Монгол гэдэг нэрийг дэлхийн түүхэнд тодоор тэмдэглэж байна. Энэ бол Монгол хэмээх төр улсыг үндэслэн байгуулагч нь Чингис хаан мөн гэдгийн хөдөлшгүй баримт. Тэгэхээр өнөөгийн Монгол Улсын иргэд бидэнд улсыг нь байгуулж өгсөн хүн хамгийн их хамаатай байж таарна аа даа. Чингис хаан Их Монгол Улсыг байгуулахдаа “мянган” гэдэг цэрэг, засаг захиргааны нэгжийг шинээр буй болгож, нэгэн төрд багтаасан улс аймгуудынхаа хуучин зохион байгуулалтыг халсан. Үүгээр олон аймаг улсын хүн ам холилдон сүлэлдэж Монгол хэмээх үндэстэн буй болж байгаа юм. Сурвалжийн мэдээг анзаарч байхад өнөөх Найман, Хэрэйд, Мэргид, Татар зэрэг эртний сурвалжит аймаг улсын нэр 1206 оноос  хуучных шигээ хүн амын бүхэл буюу улс олныг бус, харин угсаатны жижиг хэсэг болох овгийг илэрхийлэх болсон гэлтэй. Энэ бол хүн ам, газар нутгийн дахин хуваарилалт болсны илрэл юм. Тодруулбал, Чингис хааны бодлогын үрээр монгол үндэстэн буй болжээ. Энэ бол маргашгүй үнэн. Тэгэхээр Чингис хаан бол монгол үндэстний, монголчууд бидний эцэг юм. 

Чингис хааны хүн ам, газар нутгийн дахин хуваарилалтаар нэгэн үндэстэн төдийгүй монгол соёлын ижилсэл бий болжээ. Ингэж тогтсон монгол соёл хожим Занабазар тэргүүтэй шашны шинэчлэгчдийн нөлөөгөөр буддын шашин соёлоор баяжсан. Энэ бүгдээс үзэхэд Чингис хаан бол монгол үндэстний соёлын эцэг.  XIII зууны монголчуудын байлдан дагуулал дэлхийн түүхэнд Монголыг дархалсан. Энэ зуун тэр чигтээ монголчуудынх байсныг хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрдөг. Өнөөгийн бидний бахархам энэ түүхийг Чингис хаан өвлүүлсэн. Тиймээс дэлхийн хаана ч Чингис хааныг бахархан дурдаж, дараа нь Чингисийн Монголын баатарлаг түүхийг хэлдэг. Үүнээс улбаалаад Монгол Улсыг таньдаг. Бид энэ улсын иргэн гэдгээрээ биш, харин Чингисийн монгол болохоороо дэлхийд танигдаж байгаа нь үнэн. Хилийн дээс алхаад л үүнийг мэдэрнэ. Чингис хаан хэзээд арилшгүй ийм монгол дархлааг хүн төрөлхтний ой санамжид  суулгасан байна. Тэгэхээр, Монгол бахархлын өдөр бол Монгол Улс, монгол үндэстэн, монгол соёл, монгол дархлаа буй болсныг онцгойлон ёсолж буй их баярын өдөр юм. Монгол улсыг үндэслэгч, Монгол үндэстний болоод монгол соёлын эцэг, Монгол дархлааг өвлүүлэн тогтоосон их гавьяатан эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр бол монгол хүн бүрийн бахархах өдөр. Монгол хүн монгол хүнээ хайрлаж явах учиртайг ухаарч сэхээрэх өдөр. Монгол хүн болсон их хувь заяагаа бахдаж, сайн сайхан бахархлаа яаж бүтээх талаар тунгаах өдөр. Монгол хүн монгол хүндээ баяр баясал бэлэглэх өдөр. 

-Дэлхий биднийг Чингис хаа­наар төсөөлж, төлөөлүүлдэг. Гэх­дээ найман зууны өмнөх түү­хээ­рээ энэ цагт омогших нь зохис­гүй гэцгээх нь байна. Ер нь мон­голчуудад шинэ бахархалтай бо­лох шаардлага байна уу. Тэр нь заавал биет байх ёстой юу?

-Бахархал хүмүүст сайн сайхнаараа омогшиж, хөгжил өөд тэмүүлэх итгэл найдвар өгдөг. Тиймгүй бол хүн төрөлхтөн юунд итгэж амьдрах билээ. Аливаа зүйл хэмжээ харьцаатай байдагчлан бахархлыг тодорхой хүрээгээр зааглах боломжтой. Улс үндэстний бахархал, нутаг орны бахархал, ураг төрлийн бахархал, гэр бүлийн бахархал, найз нөхдийн бахархал зэргээр дурдаж болно. Энэ бүх бахархал түүхээс улбаатай оюун сэтгэлгээний үнэлэмж юм. Өөрөөр хэлбэл, бахархал түүхээс үүддэг. Чингис хаан бол “Би чинь Чингисийн монгол шүү” гэсэн бахархал төрүүлж, монголчуудыг ирээдүй өөд тэмүүлэх эрч хүч өгч байгаа  түүхэн хүн. Ийм түүхэн гайхамшигтай бахархал шинэ бахархлын үндэс болдог. Монголчуудын социалист сэтгэлгээний үлдвэр бол хар болоод цагааныг, сайн хийгээд мууг харгалдуулах хандлага юм. Аливаа зүйлийн хоёр талын нэг нь хэрэггүй, нөгөөх нь тустай гэсэн үзэл. Түүхээрээ омогших хэрэггүй, шинэ бахархалтай болох ёстой гэдэг энэ мугуйд сэтгэхүйн илрэл юм. Өчигдөр байсан учраас өнөөдөр байгаа, өнөөдөр байгаа учраас илүү сайхан маргаашийг бид бүхэн угтдаг.

 

Монгол төрийн баяруудыг  түүхэн үнэнд нийцүүлэн хуульчлах шаардлага бий

 

-Өвлийн эхэн сараас дунд сар хүртэл үргэлжлэх олон баяр хүмүүсийг төөрөгдүүлдэг. Үзэл суртлын зорилгоор аль нэгийг нь дарах, “харлуулах” явдал мэр сэр гарна. Та эдгээр хандлагын зөрүүг судлаачийн хувиар тайлбарлана уу?

-Монгол Улсад өвлийн ид хүйтэнтэй зэрэгцээд төрт ёсны гурван ч их баярыг нийтээр ёслон тэмдэглэж байна. Энэ бол жавар тачигнах цагаар монгол хүн, монгол морины эрч хүчин тэгширч, төр ёсны их үйл бүтээж явсны улбаа биз. Эхний баяр бол Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1. Билгийн тооллын өвлийн эхэн сарын шинийн 1-нд тохиох Чингис хааны мэндэлсэн  Монгол бахархлын өдрөөр бүх нийтээрээ амардаг. 2012 оноос хойш 12 дахь удаагаа ёслох гэж байгаа энэ их баярын өдрийг аргын тоололд шилжүүлэн тэмдэглэдэг.  Монгол үндэстний эцэг Чингис хааны мэндэлсэн өдөр Монгол Улс, монголчуудын онцгой тэмдэглэлт их баяр байх учиртай.  Хоёр дахь  баяр нь Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр.  Арваннэгдүгээр сарын 26-нд тэмдэглэдэг. Эл нэрийтгэл нь монголчуудыг “Улс тунхагласны баяр” хийгээд “Тусгаар тогтносны баяр”-ын мананд төөрүүлээд байна. Угтаа тэр өдөр монголчууд анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах засгийг хуульчлан баталгаажуулсан. Энэ бол 1911 онд туурга тусгаар улсаа байгуулсан орчин үеийн төр, эрх зүйн чиг хандлагатай уялдуулан төр улсын Үндсэн хууль цаазтай болох гэсэн монголчуудын олон жилийн хүчин чармайлтын үр дүн байв.  Ардчилсан нам засагласан 2012-2015 онд энэ баярыг тэмдэглэлт өдөр болгон зэрэглэл бууруулж, ажлын өдөр болгосныг МАН 2016 оны сонгуулийн дараа бүх нийтээр амрах баярын өдөр болгон сэргээсэн.  Гурав дахь баяр бол арванхоёрдугаар сарын 29-нд болдог. Энэ бол Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баяр юм.  Шинэ жилийн баярын өмнөхөн тохиодог болохоор бүх нийтээрээ амрахдаа шинэ жилийн баярын бэлтгэлээ базаах төдийгөөр өнгөрүүлж байгаа нь нууц биш.  Угтаа аргын тооллын 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд тэр үеийн монголчуудын магнай тэнийсэн өдөр билээ. Бидний ихэд баярлах ёстой Монголын тусгаар тогтнолын баярын өдөр.

-АНУ-д Тусгаар тогтнолын баяраа ихэд өргөн дэлгэр тэм­дэглэдэг. Гэтэл бид арван­хоёрдугаар сарын 29-нд таны хэлсэнчлэн шинэ жи­лийн бэлтгэлээ базаагаад л өнгөрүүлдэг. Бас арванэгдүгээр сарын 26, долдугаар сарын 11-ний баяруудыг хольж сольж ойлгодог нь ч бий. Тухайлан судалсан түүхчийн хувьд Монгол төрийн баяруудын талаар байр сууриа илэрхийлнэ үү?

-Тусгаар тогтнол гэдэг их утга учиртай үгийг хүний нийгмийн бүх үед бус, харин колоничлолын түүхтэй холбогдуулан хэрэглэдэг. Үүнийг тайлбарлахын тулд юун түрүүнд тусгаар тогтнолын олон улсын нэр томьёо Independence гэдэг үгийг задлан шинжлэх хэрэгтэй. Үгийн үндэс нь depend буюу хамаарах гэсэн үйл үг. Үүн дээр +nce гэсэн залгавар нэмбэл dependence буюу хамаарал бүхий байдал гэсэн байц үг үүснэ. Улмаар үгүйсгэсэн утга илэрхийлэх in+ гэсэн угтвар холбовол independence буюу үл хамаарал гэсэн утга гардаг. Үүнийг улс үндэстний түүхтэй холбон авч үзвэл, бусдын эрхшээл эзэрхийллээс ангижран үл хамаарч буй үйл явц юм. Америкчууд Английн колоничлолоос гарсан 1776 онд independenсe-ийг энэ утгаар нь анх хэрэглэсэн бөгөөд тэр жилийн  долдугаар сарын 4-ний өдрийг жил бүр Америк нийтээрээ Independence day буюу Тусгаар тогтнолын баяр хэмээн ёслон тэмдэглэсээр байна. Харин монголчуудын хувьд Манжийн эрхшээлд автан дагаж орсон XVII зууны түүх, энэ дөнгөнөөс ангижран, тусгаар тогтносон нь яахын аргагүй 1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний  бахархам түүх билээ. Энэ өдөр бол Монголын тусгаар тогтнолын баярын өдөр. Ийм өдөр байсан учраас бид байгаа юм гэдгээ монгол хүн бүр бодох учиртай. Харин арваннэгдүгээр сарын 26-нд монголчууд Бүгд Найрамдах Улсаа тунхаглаагүй, тусгаар тогтнолоо зарлаагүй, зөвхөн анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах засгийг хуульчлан баталгаажуулсан баярын өдөр. Угтаа бол  Монголд Бүгд найрамдах засгийг тунхагласан өдөр бол долдугаар сарын 8.  Долдугаар сарын 11 бол 1921 оны Үндэсний ардчилсан хувьсгалын ялалтын өдөр. Монгол төрийн баяруудыг энэ түүхэн үнэнд нийцүүлэн хуульчлах, хуулийн дагуу нийтээр тэмдэглэдэг шинэ соёлыг төлөвшүүлэх шаардлага бий. Цаашдаа Монгол бахархлын өдрийг зүгээр л “Эзэн Чингис хааны өдөр” буюу “Chinggis day” хэмээн товч нэрлэвэл хэн бүхэнд илүү ойр бахархалтай баяр болох болов уу.  Монгол хүн бүр Чингис хааныхаа их үйлээр омогшин, эх орноороо бардамнаж, монгол хүн болж төрснөөрөө дэлхийн хаана ч бахархалтай аялах тийм сайхан цаг холгүй. Үүнийг өнөөгийн залуус бид бүтээж чадна гэж итгэж байна.  

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №042/24573/



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 4 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 7 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 7 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 7 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 7 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 7 цагийн өмнө
SDY Calling you... 7 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 7 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 8 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 8 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 8 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22