Хүн төрөлхтөн үүссэн цагаасаа эхлэн дохио зангаа, хэл яриа, амьдрах хэв маяг, нутаг орноо хил хязгаараар эвлэлдэн нэгдэж овог аймаг үүсгэн, улс орон төвхнүүлэн мандан бадарч, уруудан доройтож, их түүхийн буурал жимээр өгсөж, уруудан бэдэрсээр өнөө үед ирэв. Улс орон бүр өөрийн түүхийг бүтээх урт холын аянд үндэстний хувьд үнэт зүйл, бахархлаа бий болгон түүндээ тулгуурласан үзэл санааг тунхаглан дагуулж иржээ. Эртний Грек, Ромын соёл, Месопотамм, Ассирын түүх тэднийг залгамж улсын бахархал болон одоо ч дэлхий даяхнаар шагшин хэлэлцсээр байх аж. Монгол Улсын тухайд ч мөн ялгаагүй үндэсний ухамсар, бахархлаа бүтээн түүхийн тавцанд ялж, ялагдан дэлхийд хоёронтоо тэлж хүчирхэгжин мандаж байв. Энэ утгаараа бид жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгнийг "Үндэсний бахархал"-ын өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдрийг сонгон тэмдэглэдэг болсон нь ч цаанаа нарийн учиртай.
Хүлээн зөвшөөрөгдсөн суу заль
Тун саяхны түүх сөхвөл Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн 4 тоот зарлиг байна. Эзэн богд Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын хэсгийн дүгнэлт болон ШУА-ийн саналд үндэслэн албан ёсны болгож, билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтоон тэмдэглэн өнгөрүүлж байхаар болсон тухай юм. Мөн энэ өдрийг тохиолдуулан улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг хүнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлал тогтоохоор шийдвэрлэжээ. Хэдэн мянганаар тоологдох урт холын түүхэнд монгол хүн, монгол үндэстнийг түүхийн тавцанд гаргаж ирсэн их хааны суу алдрыг хүлээн зөвшөөрч АНУ-ын “Вашингтон Пост” сонин 1996 онд Чингис хааныг “Хоёрдугаар мянганы түүхэн хүн” хэмээн зарлаж байв. 2005 оны арваннэгдүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблей Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг дэлхий дахинаа тэмдэглэн өнгөрүүлэх талаар тусгай тогтоол гаргажээ. Энэ тогтоолд нүүдлийн соёл иргэншил нь худалдаа, арилжааны өргөн сүлжээг хөгжүүлж, захиргаа, соёл, шашин болон худалдааны томоохон төвийг байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн гэж тэмдэглэжээ. Уг тогтоолын дагуу ХБНГУ, Австри, Унгар зэрэг олон оронд “Чингис хаан ба эзэнт гүрэн” сэдэвт үзэсгэлэн, олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах зэргээр өргөн дэлгэр тэмдэглэж байв. Иймийн учир бид энэ өдрийг онцгойлон үзэх учиртай. Гагцхүү бид бахархалт өдрийнхөө үнэ цэн, ач холбогдлыг хэрхэн үнэлж байгаа вэ гэдэг асуудал л байна. Ганц,нэг хүнийг нэрэмжит одонгоор шагнаад, бүх нийтээрээ амарч өнжөөд л болох юм гэж үү. Түүх соёлын байгууллагын хүрээнд Чингис хааны түүх намтар, байлдан дагууллын талаар эрдэм шинжилгээний хурал хийж байгаа дуулддаг ч нийгэмд ямар үр дүнтэй соён гэгээрүүлэхэд чиглэсэн ажил болдог нь тодорхойгүй хэвээр. Тэгвэл энэ өдрийн утга, агуулгыг хэрхэн баяжуулж өргөн, дэлгэр болгох вэ. Эрдэмтэн, мэргэд санаа, оноогоо уралдуулж байдаг л байх. Эндээс монголчууд зон олноороо эл өдрийг Их эзний монгол үндэстнийг хүчирхэг болгох зорилго, тэмүүллийн үзэл санааг үргэлжлүүлэх өдөр болгомоор гэдэг утга санаа илэрхийлэгдэж эхэлнэ. Яагаад үзэл санаа гэж.
Монгол үндэстний бахархал гэж юу байх вэ
Нүүдэлчин соёл иргэншил идеалистуудыг төрүүлдэг. Оюун санаа анхдагч ба бодит оршин буй бүхэн ямар нэгэн үзэл санаа, оюун ухааны илэрхийлэл байдаг. Өөрөөр хэлбэл үзэл санаа, оюун ухамсар түүнийг тодорхойлдог гэж итгэдэг ард түмэн. Гэтэл дэлхийд хоёронтоо тэлж хүчирхэгжсэн үндэс угсаатны тойрч, нэгдэж чадсан үзэл санаа юу байсан бэ гэдгийг бид тодруулан, ойлгож авч чадсан уу. Эрэл эндээс эхэлнэ.
Хүн төрөлхтний хөгжлийг дагаж суурин соёлд шилжсэн нүүдэлчид үзэл санааны хувьд төөрөлдөж эхэлжээ. Энэ байдал хүн амынх нь талаас илүү нь суурин газар бараадан амьдрах болсон сүүлийн гучин жилд илүүтэй ажиглагдах болов. Үзэл санааны чиг баримжаагаа алдсанаа мэдээд үнэт зүйл, бахархал омогшлоо хайж эх түүхээ сөхөж, ёс заншил, ахуй соёлоо ч сандчаан, онгичиж үзэв. Дэлхийд ялсан даяаршлын үзэл санаанд ёс заншил, ахуй соёл, хэл бичиг, өрлөг их түүхээ хонь хурга нийлж буй аятай тавьж туучихаа л шахаад байна. Уг нь энэ бол хил, далбаа, НҮБ-ын статус, иргэний үнэмлэх шиг л чухал зүйл. Энэ бол Монгол гэдэг улс үндэстний "дуу хоолой", бодол санаа, үг яриа, царай дүр юм. Ард түмнийх нь соёл, ахуй амьдрал, буй байдлын илэрхийлэл юм. Бидний хэл, дуулах дуун, ѳгүүлэх түүх, хадгалах зан суртахуун юм. Энэ түүх, өв соёл, зан заншил, ахуйн ялгаатай байдал нийлээд нэг цогц үнэт зүйл буюу монгол хүн хэмээх капиталыг бий болгосон юм. Үүнийг л бид “Үндэсний бахархлын өдөр”-өөрөө хөндөн ярьж, хэрхэн алдагдсан үнэт зүйлээ сэргээж, өөрсдийн бахархал болгох вэ гэдэг бодлого боловсруулмаар.
Нэг ихээхэн сонирхолтой баримт байна. Монгол орон, Их хүрээнд ирсэн Дани, Норвеги, Швед, Герман, Америк зэрэг орны аялагч, судлаач, наймаа арилжааны хүмүүс бүгдээр нэгэн дуугаар монголчуудыг эрэлхэг зоримог, эв нэгдэлтэй, энэрэнгүй тусч зан чанартайг нь бахдан бичсэн байдаг. Тэдний нэг 1911 онд Их хүрээнд анх ирж 1945 оныг хүртэл олон жил Монголд амьдарч, ажиллаж, хүн амын дүр байдал, амьдралын хэв маяг, шашин шүтлэг, үнэт зүйлсийг гаднын, судлаач, сониуч хүний зангаар нэвтэрхий судалсан Норвегийн аялагч, судлаач Оскар Мамен монголчуудын тухай ийн бичжээ. "Ерөнхийдөө монголчуудаас илүүтэй нийт олноороо сайхан сэтгэлтэй ард түмнийг олох амаргүй билээ. Тэд өдөр тутмын амьдрал, ажил үүрэгтээ нухацтай, шашин шүтлэгтээ гүн хүндэтгэлтэй хандах бөгөөд айлчлан ирсэн анд нөхөр хийгээд явуулын хэн хүнийг зочлох хугацаанд нь унаа мал, эд хөрөнгийг нь хүртэл харж хандан, найрсаг дотноор хүлээн авдаг. Монголчууд ганц нэгээрээ тэмцэх хийгээд нийт олноороо дайтахыг уриалсан алив ятгалгад үл автах боловч нэгэнтээ хөдөлбөл зогсооход бэрхтэй бөгөөд үр дагавар нь ямар мэт болов ч тэмцэл тулаанд тэргүүнээ гудайлгалгүй орох чадалтай юм. Алив түмэн бэрхшээл, зовлон дунд дуулж наадаж яваа хүмүүс олонтаа тохиолдохоос биш гуниг гутралд автсан нь ховорхон болой. Монголчууд чухал хэрэгт хүлээцтэй хандаж цаг нь ирэхэд үг дуугүй хэргээ бүтээнэ. Тэд юутай ч нүүр тулахад бэлэн мохошгүй зоригтой авч эр зоригтоо эрдсэн мунхаг нэгэн бус, алив аюул тохиолдоход гагцхүү чадах бүхнээ уужуу тайвнаар дайчлахын зэрэгцээ хэр тааруухан хайр энхрийллээ ч үл мартах нь түүх бидэнд өгүүлдэг Чингис хааны тэр л мөн чанар буюу" Энэ чанар бидний цусанд буй төрөлх чанар гэдгийг бид санаж явах учиртай. Бидний далд сэтгэлд нуугдан буй үндэстний энэ онцлог чанарт л монголчуудын оршин буйн утга учир оршиж буй биз ээ.
Бахархал дээр суурилсан үнэт зүйлийг цогцлоох
Дэлхийд герман чанар, япон ёс зүй, америк мөрөөдөл, орос эр зориг, еврей хүмүүжил гэх зэрэг тухайн үндэстний бахархал болсон зан чанар бий. Монгол хүн гүндүүгүй л гэдэг. Энэ нь Монгол бахархал мөн эсэхийг бүү мэд. Гэтэл монгол хүний мөс чанар, монгол хүний ноён нуруу, монгол хүний тусч чанар, монгол хүний өгөөмөр зан, сайхан сэтгэл, хүнлэг сэтгэл энэ бүгдийг сүүлийн гучин жил үнэгүйдүүлж үгүй хийжээ. Нэр хүнд, эд хөрөнгөд хүрэх өрсөлдөөн ихтэй уралдаанд нийгэм анхаарал хандуулж монгол хүн гэдэг хамгийн том капиталаа хуучин хогшил хураадаг харанхуй амбаарт цоожлоод мартчихаж. Одоо хэдүүлээ түр зогсосхийгээд монгол хүнийг хайрлаж, монгол хүн болж төрснөөрөө бахархах тийм оюун санааны эргэлт хийх цаг болсон. “Үндэсний бахархлын өдөр”-ийг оюун санааны нэгдлийг илэрхийлэх өдөр болгоё.
Нэгэнтээ их эзэн Чингис хаан “Улсаа аваръя гэвэл үндсээ авар. Үндсээ аварна гэвэл сэтгэлийг нь авар” гэж хэлсэн байдаг. Яг л өнөөгийн бидний амьдралыг найман зууны тэртээгээс халиан тольдож, хилэгнэн зарлигдаж буй мэт. Харь хэл соёл, ахуй амьдралыг сохроор бишрэн дагаж Монгол гэсэн бүрийг нулиман дэвслэгчдийг харан цурхиран өгүүлэх мэт. Монгол гэсэн болгоныг нулиман дэвслэгчид өөрийнх нь алдрыг хамгийн чангаар дуудан орилолдохыг сонсоод эмгэнэн гашуудах мэт ажгуу. Суурин соёлын барааг харах төдий ухаан нь саармагжсан монголчууд өнөөдөр хутагт хувилгаан, спортын тамирчид, бүр шувуу, цэцгийг бахархлаар нэрлээд сууж байгаа. Нийгмийн сэхээтэн анги давхарга мухар сүсгийн, сохроор итгэн бишрэх маягийн ийм бахархалтай байхыг хүсэхгүй байгаа гэдэгт би итгэлтэй байна. Гэхдээ сүүлчийн өгүүлбэр нэг л өнцөг.
Нийгмийн оюун санааг бүтээх...
“Хүн төрсөн гэр орон, гал голомтоо мартаж эхэлсэн үеэс сэтгэл нь ядуурч доройтдог” Бидэнд үнэлж баршгүй, мартаж болшгүй соёлын өв бий. Монгол хэл, бичиг, соёл ахуй, зан заншил, араншинг цогцоор нь монгол хүнд эзэмшүүлж нийгмийн оюун санааг дахин ачаалж чадвал монгол хүн гэдэг үнэлж баршгүй капиталыг монголын төдийгүй дэлхийн оюуны өв санд оруулах том хувь нэмэр болно. Монгол хүн гэдэг үнэт капиталыг бий болгож чадсанаар дэлхийн улс орнууд үлгэрлэн харуулдаг өөрсдөөрөө омогшдог бахархлыг бий болгоно. Яг л еврейчүүд шиг. Залуус харь гүрэнд очоод монгол хүн гэдгээсээ ичдэггүй болж, хойч үедээ монгол хүний үнэ цэнийг ойлгуулж, монгол хүн болж төрснөөрөө бахархах, монгол хүн байх, монгол хүн гэж нэрлүүлэх, монгол хэлээр дурлаж ярих хүсэлтэй болгох юмсан. Бахархал дээр суурилсан үнэт зүйлийг цогцлоон үлдээх юмсан.
“Монголын үнэн” сонины үүрэг оролцоо
Хуучин нийгмийн оюун санааг хэрхэн бүтээж байсан бэ. Өдгөө 103 жилийнхээ ойг тэмдэглэж буй “Монголын үнэн” сонин 1920 онд гаргасан анхны дугаараасаа эхлэн нийгмийг удирдан чиглүүлэх, манлайлан дагуулах чиг зорилтын дагуу ажиллаж ирсэн байдаг. Хоёр хувьсгал, нийгмийн хоёр шилжилт, улс орныг хамарсан хөгжлийн давшингуй үсрэлтүүдэд нийгмийн оюун санааг бэлдэж, ухуулан сэнхрүүлэх үүргээ гүйцэтгэсээр ирэв. Шашинд итгэлээ, дарлалд сэтгэлээ гээсэн ард түмний үндэсний ухамсар, төрт ёсыг эргэн сануулж бахархлыг нь сэргээж байв.
Та надаар, надаар та бахархъя
Яагаад болохгүй гэж. 2006 онд “Пеопле” сэтгүүл дэлхийн зургаан тэрбум гаруй хүнийг оны онцлох хүнээр нэрлэж байлаа. Үндэс угсаагаа эрхэмлэн, өнгөт цусаа хамгаалан ирснийх нь төлөө, эх хэлээ эрхэмлэж, өрлөг түүхээ мартаагүйнх нь төлөө, өв соёл, өргөн нутгаа манаж ирснийх нь төлөө, даяаршлын давлагаанд шахагдаж, хөгжлийн унаанд гар өргөн зогсоо монгол хүнийг “Оны онцлох хүн”-ээр зарлаж, монгол үндэстний бахархлаар нэрлэе. Хүн, хүнээрээ бахархаж тэр ч бүү хэл шувуу, цэцгийг бахархлаар нэрлээ биз дээ. Та надаар, би танаар бахархаж монгол хүнийг бахархал болгосноор бидний адлагдан шахагдах болсон үндэсний үзэл сэргэнэ гэж найдаж байгаа юм. Үндэсний үзэл, бахархал нийгмийг нэгтгэх төдийгүй бие даасан, нэгдмэл, үндэстний соёлыг бий болгодог нь маргаангүй. Нэгдмэл оюун санаа нь үндэстэн болон улс төр болоод нийгмийн нийтлэг зорилго байх болтугай.
Эх түүхийн жимээр шогшиж одсон миний найман шарга хүсэл минь эзний алтан цалманд хэзээ оосорлодон эргэх бол...
Трамп Төмөрөө
Эх сурвалж: Монголын үнэн сонин №042/24573/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна