Зууны шилдэг луйвар төмөр замаас тодорч, зуурдаар нас барсан цэргийн асуудал түмний сэтгэлийг шархлуулав


Улс орон даяар ургац хураалт бүрэн дуусаж, тоо тооцоогоо нийлүүлж, Хөдөө аж ахуйн сайд бодлого бодоод завгүй байна. Өнгөрсөн намар монголчууд түүхэндээ анх удаа 185 мянган тонн хүнсний ногоо хураан авч, гурилынхаа хэрэгцээний буудайг дотоодоосоо 100 хувь хангахаар болсон гэдэг таатай мэдээг салбарын яамнаас өглөө. Өвөлжилт хүндэрч, малчид идэш уушаа бэлдэхийн зэрэгцээ  малаа эдийн засгийн эргэлтэд оруулж эхэллээ. Улаанбаатарчууд махны үнэ хямдарч байгаад олзуурхаж байгаа ч ченжүүдэд мал, махаа хэт хямд үнээр өгч байгаадаа малчид сэтгэл гонсгор байгаагаа нуухгүй байгаа юм. Уг нь Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас мах экспортлох элдэв зөвшөөрөл, квотыг устгаж, “Чадаж байгаа нь гаргаад зар” гэдэг боломж олгосон ч мах бэлтгэгчид гаднын улс орны хорио цээрийн дэглэмийг давж чадахгүй, цөөн хэдэн бизнесмэн л махны арилжаанд идэвхтэй оролцож, энэ онд 300 орчим мянган тонн мах борлуулжээ. 

Өнгөрөгч долоо хоногт Зэвсэгт хүчний 0326 дугаар ангид цэргийн албанд татагдаад 20 гаруй хонож байсан хүү нас барсан харамсалтай хэрэг гарсан. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд Засгийн газрын хуралдаан дээр үүрэг өгч, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр өөрийн биеэр тайлбар хийлээ. Тэрбээр “Нас барсан цэргийн биед гаднын ямар нэг шарх сорви байгаагүй. Задлан шинжилгээ хийнэ. Бүх камерыг хурааж, цагдаагийнхан нэг бүрчлэн шалгалт хийж байна” гэж мэдэгдсэн. Уг нь хугацаат цэргийн албыг хоёр жил болгож магадгүй гэсэн яриа тарж цэргийн алба хаах сонирхолтой залуучуудын тоо эрс  нэмэгдээд байсан юм. Гэвч сүүлийн үед сошиал орчинд “Хүүгээ цэрэгт явуулахгүй” гэдэг давлагаа хүртэл өрнөв. Энх цагт алба хааж байгаа эр цэргүүд нас барсан хэрэг сүүлийн жилүүдэд нэмэгдэж, эцэг эхчүүдийн сэтгэлийг шархлуулан, эх орноо манах хүнгүй болох вий гэсэн болгоомжлол олон нийтийн дунд бий болсныг нуугаад яах вэ. 


УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаан дээр  Тавантолгой–Гашуунсухайт, Тавантолгой–Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулсан хөрөнгө, үр дүнгийн талаарх Үндэсний аудитын газрын тайланг танилцууллаа. Уг тайлангаас харахад асар их зөрчил дутагдал илэрч, олон албан тушаалтан хууль хяналтын байгууллагын хаалга татах дээрээ тулаад байгаа юм байна. Тухайлбал, ажил гүйцэтгэх болон санхүүжүүлэх гэрээг тусад нь байгуулж 56.6 тэрбум төгрөгийн санхүүжилт илүү олгожээ. Мөн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг барьж байгуулахдаа  төлбөрийг нүүрсээр хийсэн бөгөөд үүнээс шалтгаалан ойролцоогоор 57.4 сая ам.долларын орлого олох боломжоо Монголын төр алджээ. Тавантолгойт-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг анх 950.7 тэрбум төгрөгөөр барих төсөв гарч байсан. Гэвч энэ үнэ бараг дөрөв  дахин өсөж гурван их наяд 653.7 тэрбум төгрөгт хүрсэн байх юм. Асар үнэтэй мухар төмөр замыг холбох ажил дөнгөж эхлэлийн шатандаа явж байгаа юм байна. Тиймээс хил дамжуулан тээвэрлэлт хийх боломжгүй болжээ. Тайлангийн дүгнэлтийг сонссон УИХ-ын гишүүд “Энэ бол зууны шилдэг луйвар” хэмээн дүгнэж байлаа. Ямартаа ч Тавантолгойт-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам улсад хэдэн их наядаар тоологдох хохирол учруулсан нь тогтоогдов. Одоо Хууль хяналтын байгууллага шалгалтын мөрөөр ажиллах биз. Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Э.Одбаяр, Цэцийн дарга Н.Чинбат нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болоод багагүй хугацаа өнгөрч байна. Дээрээ хөх тэнгэрээс өөр зүйлгүй гэж ярьдаг Үндсэн хуулийн Цэцийн шинэ гишүүнээр  УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан  Л.Өлзийсайхан, МУИС-ийн багш О.Мөнхсайхан нар УИХ-ын гишүүдийн дэмжлэг авч, шинээр томилогдов. УИХ-ын дарга Г.Занданшатар  парламентын ардчиллыг бэхжүүлэх санал гаргаж “D-Parliament” платформыг нэвтрүүлсэн. Нийтдээ 100 мянгаас дээш иргэний санал авсан асуудлыг УИХ хүлээж авч ажлын хэсэг байгуулах, УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх  хуультай. Гэвч энэ хууль Засгийн газрын тэргүүн, Сангийн сайд нарын санааг чилээж эхлэв. Өмнө нь НӨАТ-ын буцаан олголтыг таван хувьд хүргэх санал дээр 100 гаруй мянган хүн саналаа өгч, энэ асуудал УИХ дээр хэлэлцэгдэхээр хүлээгдэж байгаа. Гэтэл өнгөрөгч долоо хоногт  “D-Өргөдөл” системээр дамжуулан иргэн Ш. Хүрэлтулгын  гаргасан “Нийгмийн даатгалын шимтгэл, Хувь хүний орлогын албан татварын шимтгэлийг 50 хувь бууруулах” өргөдлийг 100 гаруй мянган иргэн дэмжжээ. Тиймээс энэ асуудлыг УИХ-ын Тамгын газар болон, УИХ-ын дарга Төсвийн байнгын хороонд уг асуудлыг шилжүүлээд байна. Үүнээс гадна бас НӨАТ-ын босгыг 300 сая төгрөгт хүргэх санал асуулга эхэлж, энэ долоо хоногт  иргэд тэнд ид бужигнаж байна.Татвар шимтгэл бол улсын төсвийн гол орлогуудын нэг. Тиймээс татвар бууруулах, буцаан олголтын хувийг нэмэгдүүлэх, НӨАТ суутган төлөлтийн босгыг нэмэх энэ саналууд  Засгийн газарт хүндхэн л тусаж байгаа нь дамжиггүй. 
Шударга ёсыг тогтоохын тулд шүүхийг шинэчлэх ёстой гэж дээр доргүй ярьж, Монгол Улсын Ерөнхий сайд хүртэл шүүгч нарын үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаагаа удаа дараалан илэрхийлсэн. Тэдний энэ гомдол бас ор хоосон зүйл биш гэдгийг НҮБ-ын шинжээч нар баталж өглөө. Тодруулбал, НҮБ-ын шинжээч Маргарет Саттертвэйт Монголд ажиллаж, хууль зүйн салбарын хараат бус байдалд үнэлгээ хийжээ. Тэрбээр Ерөнхийлөгчийн шүүх дэх томилгооны оролцоо хэтэрхий өргөн цар хүрээтэй байгааг шүүмжилж, Улсын ерөнхий прокурорыг томилох үйл явцаа шинэчлэхийг Монгол Улсын эрх баригчдад зөвлөв. Өөрөөр хэлбэл, ШЕЗ-тэй адил прокуроруудын томилгоо, сахилга бат, албан тушаалаас чөлөөлөх асуудалд хяналт тавьж ажилладаг эрх мэдэл бүхий бие даасан, прокурорын байгууллагатай болохыг тэд сануулж байна. 
АН-ынхан дотооддоо дахиад л бужигнаж эхэллээ. Олон жил даргагүй, тамгагүй  явсан АН саяхан Л.Гантөмөрийг орой дээрээ залсан. Гэвч сонгууль ойртохын хэрээр намын даргын суудалд санаархагчид нэмэгдэж, Н.Алтанхуяг, Х.Тэмүүжин нарыг гаргаж ирэх хүсэлтэй нэг том фракц тус намд бий болжээ. Тэд “Намын эв нэгдлээ бодоод өөрөө өргөдлөө өгчих” гэж хөөрхий Л.Гантөмөрийгөө шахаж байгаа аж.  
Сүүлийн үед цахим гэмт хэрэг нэмэгдэж, цахимаар мөрийтэй тоглож хөрөнгө мөнгөө алдсан иргэдийн тоо нэмэгдээд байгаа.  Цагдаагийн байгууллага 2022 оноос хойш нийтдээ цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 328 этгээдэд холбогдох 277 хэргийг шалгаж шүүхэд шилжүүлжээ. Мөн 3508 домэйн хаягийг  Монгол Улсаас хандах эрхийг хааж, 2715 дансанд байсан  4.6 тэрбум төгрөгийг царцааж мөрийтэй тоглоом тоглохыг уриалсан 102 фэйсбүүк пэйжийг устгуулахаар ажиллаж байгаа юм байна. Цахим тоглоомыг зохион байгуулдаг, хамгаалдаг хууль хяналтын ажилтнууд хүртэл байгааг цагдаа нар илрүүлсэн гэдгийг олон нийтэд мэдээллээ. Хэдхэн хүний дансанд л 4.6 тэрбум төгрөг эргэлдэж байна гээд бодохоор Монгол Улсад цахим мөрийтэй тоглоомд асар их мөнгө эргэлдэж байгаа нь тодорхой.

Б.Нүүдэл

Эх сурвалж: Монголын үнэн сонин №043/24574/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22