Д.Дамдинжав: Би “Гол тоглогч” биш


Гаргасан ном болгон нь урлаг, утга зохиолын ертөнцөд шуугиан тарьж, нэг хэсэгтээ л ярианы сэдэв болдог зохиолч бий. Номынх нь нэрийг харахад л тэс өөр ертөнц рүү хөл тавих гэж буйгаа мэдэрч зүрх алдмаар. Хамгийн сүүлд “Хол гэдэг ойр” шүлгийн номоо хэвлүүлэн гаргасан Д.ДАМДИНЖАВТАЙ ярилцлаа.
-Таны хамгийн сүүлд гаргасан “Хол гэдэг ойр”ном ахиад л тэсрэлт болох шиг боллоо. Хэдийгээр шүлгийн ном мэт боловч, шүлэг бүр нь тайлалтай байх жишээний. Таны шүлгийн тайллыг бичсэн хүмүүсийг утга зохиолын хүрээнийхэн, уншигчид сайн мэднэ. Харин ямар шалгуураар та тэдэнд хандсан бэ?
-Монгол бол яруу шүлгийн, яруу найргийн эх орон. Эгэл ард нь хүртэл энгүй яруухнаар шүлэглэн ярьдаг, цэцэн мэргэн. Ийм ард түмний дундаас төрөн гарсан яруу найрагчдаас шилж сонгоно гэдэг надад томдсон хэрэг болно. Тийм учраас шилж сонгосон гэхээсээ илүү яруу найргийн янз бүрийн төрөл жанраар бичдэг хүмүүсийн болон яруу найргийн шүүмжлэгчдийн төлөөлөл, судлаач, ахмад, дунд, залуу үеийн яруу найрагчдын төлөөллөөс оруулъя гэж бодсон. Нийт 45 яруу найрагч, судлаач, шүүмжлэгчид энэ номд орсон шүлгүүдэд санал сэтгэгдлээ бичсэн байгаа. “Энэ яруу найрагч, энэ судлаач, энэ шүүмжлэгч яагаад Дамдинжавын номд сэтгэгдэл бичив” гэх мэтийн сониучирхсан өнгө аясаар уншигчид хүлээж аваад л сонирхоод эхэлдэг юм байна л даа. Тэгээд л цааш унших сэдэл төрж эхэлнэ.

-Шүлэг яруу найраг, утга зохиолд элэгтэй, уншигчдын хувьд танил хүмүүс л байх нь байна...?

-Манай салбарынхан бол мэдээж бие, биеэ таньж, мэдэж байгаа. Гэхдээ энэ тал дээр хувь хүн миний нэг бодол байдаг юм. Шүлэг яруу найраг гэдэг тодорхой хэмжээний хүрээтэй, цомхон, өөрсдийгөө вакумжуулчихсан юм уу, тийм байдаг. Тэр хүрээ дотроо л сайн муугаа ярьдаг, тэндээсээ нэг их халиад гавьдаггүй,  өөрийгөө хязгаарлачихсан. Тэр хэмжээгээрээ шүлэг яруу найраг сонирхогчдынх нь хүрээ хумигдаад байна уу гэж харагддаг. Өөрөө, өөрсдийгөө вакумжуулаад, зөвхөн өөрийнхөө ертөнцийг маш мундаг, агуу гээд бодчихсон. Гэтэл тэр ертөнцийнх нь гадна өвөрмөц сэтгэлгээтэй, шүлэг яруу найргаас хөндийрчихсөн маш том хүрээ байж байх жишээтэй. Тэгэхээр тэр уншигчдад хүрэх хэрэгцээ байгаа юм. Бид энэ цомхон ертөнцдөө л “БИ”, “ЧИ” гэж толхилцоод байх.  Гэтэл тэр том массыг энэ ертөнцдөө оруулж ирмээр байна. “Масс” гэдэг үгийг ердөөсөө энд хэрэглэмээргүй байна. Энэ үгийг хэн нэгнийг шүүмжлэхдээ “ХАР МАСС” гээд л оруулж ирээд байдаг болж. Энэ нь тун муухай алагчлал байхгүй юу.

-Ардчилсан нийгэм хэрнээ бид бие, биенээ үзэл бодлоор нь, итгэл үнэмшлээр нь алагчлаад л байх болсон доо?

-Нэг талдаа уран зохиол, оюун санааны ертөнц нь хүртэл нийгмээ алагчилж үзээд “ХАР МАСС” уншигчид гэж ялгаж нэрлээд энэ үзлээ амь бөхтэй байлгаад, зөв гэж өөгшүүлээд суудаг ер нь зөв үү. Нийгмийн оюунлаг давхарга, уншдаггүй хэсэг гэж мэдээж байж л таарна. Хүн төрөлхтний ямар ч нийгэмд ийм ялгарал байж л байсан, хойшид ч байх биз. Хэн нэгэн уран бүтээлч, өөр нэгэн уран бүтээлчийг уншсаных нь төлөө уншигчийг шууд л “Чи бол хар масс” гэж цоллох нь утгагүй бүр увайгүй хэрэг.

-Тэгж ярьж, нэрлэсэн уран бүтээлчийг ч би мэдэх юм байна?

-Тийм. Зохиолч, яруу найрагчид ч дотроо мөн тийн ярих нь бий. Энэ классик, классик биш, тэр сайн, тэр тааруу гэдэг ч юм уу. Ингэж ярих, бодох, бичихийнхээ хэрээр өөрсдийнхөө хүрээ, оршин тогтнох хил хязгаараа улам хумиад, уншигчдаас, өөрсдөөсөө бие, биенээ таслаад улам л жижгэрээд байна. Тэгж классик, хар масс гэж өөрсдийгөө ангилах тусам уншигчдынх нь хүрээ жижгэрээд, улам л жижигхэн хүрээнд яригддаг. Гэхдээ Монгол бусад улс орны уншигчдыг бодвол харьцангуй уншигч сайтай гэж яригддаг юм билээ. 

-Сая өөрийн тань яриаг сон­сож суухад надад нэг ийм бодол орж ирж байна. Нийгэм уран зохиолоор цангаж байгаа учраас уншигчдын, нийт массын сонирхлыг татахын тулд гаргасан ном болгоноо өвөрмөцөөр шийдэж баринтагладаг юм байна гэж?

-Цангахаас гадна уран зохиол, яруу найргийн өөрийнх нь нэг үүрэг байдаг л даа. Бид өдөртөө юм идэх хэрэгцээ байдагтай адилхан гоо сайхан зүйлийг уран яруу байдлаар илэрхийлснийг унших, догдлох. Бүр том агуулгаар нь ярих юм бол Монгол хэлний дархлаа, баяжмал байдлыг хадгалж явах хэрэгцээ байна. Энэ бүх зүйлд үйлчилж байгаа зүйл бол яруу найраг, утга зохиол. Тэгэхээр бид дотроо “Хар масс”, “Сонгодог” гэж ангилж хүрээгээ хумьж байснаас илүү нэг хүн шүлэг уншиж, илүү нэг хүн өгүүллэг, романд шимтэж сэтгэлгээ нь задарч амьдралыг яаж уран яруугаар, ямар утга, үгээр илэрхийлж болох вэ гэдгийг мэдэж авч байвал сайн. Үүний тулд би “Хол гэдэг ойр” номоо зохиомжилж хэвлүүлсэн. Өмнө нь шүлгийн ном дан шүлгээрээ дагнаад гардаг байсан. Харин ингээд ард нь шүлгийн тайлбар, зүүлт маягаар оруулчихаар шүлэг уншаад ойлгодоггүй хүн яруу найрагч, судлаачийн тайллыг уншиж ойлгоод эргээд шүлгээ унших магадлалтай.


-Шүлгийг тайлбарладаггүй юмаа гэж хэлдэг, үздэг яруу найрагчид байдаг?

-Миний номд сэтгэгдлээ бичсэн уран бүтээлчид дунд ч шүлгийг тайлбарладаггүй юмаа гэдэг үзэлтэй хүмүүс бий. Тэд шүлгийг тайлбарлах хэрэггүй, хүмүүс мэдрэмжээ өөрийнхөөрөө тайлаад хөглөгдөх ёстой. Шүлгийг тайлбарлаж өгнө гэдэг уншигчдад “За та яг ийм мэдрэмжийг ингэж аваарай” гээд хайрцганд хийгээд өгчихлөө л гэсэн үг гэж хэлдэг. Нэг талаараа би санал нийлнэ. Минийх шиг бод гэж тулгасантай ялгаагүй л дээ. Гэхдээ яг хайрцаггүйгээр задгай сэтгэн хүлээж авдаг уншигчид маань хэд болчихоод байгаа билээ гэдгийг бодох ёстой. Яруу найрагч шүлгээ хайрцаггүйгээр нийгэм дунд цацлаа гэхэд таван хүн хүлээж авъя. Харин задалж тайлбарласан шүлгээ хайрцаглаж боогоод хүн бүрд бэлэг байдлаар өгвөл хэдэн хүнд хүрэх вэ. Ингэж олон хүнд шүлгийг таниулъя, ойлгуулъя, дурлуулъя. Уншаад шууд ойлгох нэг өөр, харин тайлбарлуулаад ойлгох нэг өөр.

-Киног задлан дүгнэж, тайл­барласан подкастууд их байдаг. Тийм подкастаар тайлбарлаж, тайллыг нь хийсэн киног хүмүүс үзэх хандлага их байдаг?

-Тэр подкастуудыг сонссон хүмүүс “Аан би ийм зүйлийг нь хараагүй өнгөрөөчихөж, ийм санааг нь ойлгоогүй юм байна” гээд дахиад үзэхдээ юунд анхаарах ёстой вэ гэдэг кино үзэх ойлголт, урлагийн мэдрэмж нь нэмэгдээд байх боломжтой. Яг үүнтэй л адил бид уншигчдад зам гаргаж өгөх ёстой л болохоос энэ замаар явах хориотой, энэ замаар элитүүд явах ёстой гэхчлэн пайзлаад байх хэрэггүй л болов уу. Аль болох замаа нээж өгөөд л байх хэрэгтэй. Би 2011 онд “Зүрхний хэл” гэдэг шүлгийн ном гаргасан. Хажуудаа фото зурагтай, шүлэг маань зургийн тайлбар маягаар бичигдсэн. 2011 онд Монголын үндэсний телевизээс зохион байгуулсан “Гоо марал” наадмын утга зохиолын төрлийн сүүлийн шатанд Б.Аюурзана “Бөөгийн домог”,  Д.Галсансүх “Бурханд өгөх зөвлөгөө” мөн миний “Зүрхний хэл” гурав шалгарч үлдсэн. Миний ном шүлгээрээ шалгарч үлдээгүй, тухайн он цагт би юу ч бичдэг байсан юм. Гэрэл зургийг шүлгээр тайлбарлаж, харах мэдрэмжийг сонсож ойлгох мэдрэмжтэй хослуулах гэсэн анхны оролдлого. Ийм маягаар оролдлогууд хийгээд л явна.

-Таны 2019 онд гаргасан “До­тоод тэнгэр” шүлгийн номыг яг гараас тань авч уншиж байлаа. “Дотоод тэнгэр” дээр ямар мар­кетинг ашигласан бэ. Яагаад ч юм таныг нэлээд маркетинг сайтай л гэж бодогдоод байдаг?

-“Дотоод тэнгэр” бол яах аргагүй цэвэр уламжлалт байдлаар бичсэн шүлгийн ном. 2011 оноос хойш бичигдсэн шүлгийн минь түүвэр. Энэ ном маань утга зохиолын хүрээнд шүлэг бичдэг, яруу найраг сонирхдог юм байна гэж таниулж өгсөн ном. Үүгээр маань л мэддэг, үнэлдэг болоод байгаа.

-Ойрдоо “Дотоод тэнгэр” тань хэр үүлшиж байна. Сэтгэлд солонго татахгүй бол нүдэнд нулимс хурахгүйсэн гэдэг шиг?

-Шүлэг яруу найргийг өөрийнхөө дотоод мөн чанар, дотоод хүнээ хөгжүүлэх дасгал гэж би боддог. Өглөө босоход бороо орж байвал дотоод хүнд маань ямар мэдрэмж төрж байна вэ. Сэтгэлээр унасан байвал тэр хүнийг амьдруулах, амьсгалуулах хэрэгтэй. Дотроо бүгчимдүүлээд байлгүй салхинд гаргах байгаль, нар, агаар, салхи, бороо нь шүлэг бичих. Дотоод ертөнц гэхээр тайлбарлаж чадамгүй ч юм уу өөр ертөнц биш. Бидний амьдарч буй энэ ертөнц ахуйлаг буюу өдөр бүрийнхээ асуудалтай зууралдсан буй бүхэн нь бодит. Энэ “Амьдрал” байхгүй юу. Амьдралын энэ хэмнэл дундуур зэрэгцээ нэг шугам яваад байгаа нь дотоод ертөнц. Ахуйгаас ангид оюун санааны энэ зэрэгцээ ертөнцөд би ухамсар, мэдрэмж, эмзэглэл, гээд сэтгэлийн нандин бүхнээ үүрчихсэн яваад байгаа юм. Тэр ертөнцөд бодит ертөнцөд оршдог тэнгэр, нар, үүл, бороо, шувуу газар дэлхий хүртэл байгаа. Гэхдээ бодит ертөнцийнхөөс өөрөөр бороо нь орж, тэнгэр нь цэлмэж, шувууд нь тэнгэртээ үхэж, моддынх нь навчис эгэл бусаар тасран амь тавьдаг. Би уйлмаар болж шархирлаа гэхэд ил нүдэнд минь нулимс цийлэгнэхгүй ч тэр ертөнцийн тэнгэр үүлшиж, бороошиж байдаг. Шүлэг зохиолоо бичээд суухад өөрийн эрхгүй л оччихсон байдаг. Өөрөө өөртэйгөө яриад, ганцаараа байх үед би тийшээ очих дуртай.

-Мэдрэмж давтагдах уу?

-Мэдрэмж давтагдана. Өмнө нь яг энэ мэдрэмжээ мэдэрч байсан юм шиг мэдрэгдэх тохиолдол их бий. Дежаву гэдэг дээ. Сэтгэл эмзэглэх мэдрэмж хүнд байдаг даа. Бороо ороход, цас будрахад энэ мэдрэмж яг л адилхан төрөх  бий вий. Дараагийн удаад энэ мэдрэмж давтагдаад ирэхэд илүү ахисан түвшинд мэдэрч, өөр өнцгөөс харж, өөр илэрхийлж болох шүлгийн арга, хэлбэрийг эрэлхийлэх гэх мэтээр сэтгэл болоод мэдрэмжийн дасгал гэж бодогдоод байдаг.

-Мэдрэмж гэдэг бүхэл утга дотор тухайн мөчид төрөх “Мэдрэмж доторх хэсэг”-үүд нь өөр байх?

-Тийм өөр хэсгүүд байгаа учраас л адилхан мэдрэмжүүдийг илэрхийлэх хэлбэр нь өөр болж, дотор байгаа хүн маань амьдраад байгаа хэрэг. Баярлах үедээ баярлаж, гуних үедээ гуньж амьд байгаагаа мэдэрч байна. Нэг навч тасарч унахыг харахад дотор нэг юм “торхийгээд” тасарч байгааг мэдэрч, тэр мэдрэмжээ зураглаад нэг навч тасарлаа гэж хэлнэ гэдэг утгагүй. Харин түүнийг шүлэг болгон би эмзэглэлээ илэрхийлнэ. Гэтэл өөр хэн нэгэн тэр шүлгийг уншаад яг тийм эмзэглэл төрж, мөн тийн мэдэрнэ гэдэг л нөгөө мэдрэмж давхцаж байгаа бас нэг хэлбэр.

-Одоо бидний дунд ажиллаж амьдарч байгаа хүмүүстэй хийсэн ярилцлагыг бидний үеийн хэн нэгэн хийгээд түүнийгээ ном болгоод хэвлүүлчихвэл хэнд ч гайхмаар зүйл биш. Гэтэл хэдэн арван жилийн өмнөх, тэрбүү хэл хэдэн зууны тэртээх түүхэн хүмүүстэй хийсэн ярилцлагаар ном бичээд хэвлүүлнэ гэдэг яав ч энгийн биш?

-Яг таны наад асуултад хариулахын тулд эхлээд номоо ямар бичгийн төрөл зүйл вэ гэдгийг тодорхойлж, сэтгүүл зүй юм уу, уран зохиол юм уу гэдэг асуултад хариулахаас эхэлнэ. Уншаагүй хүмүүс бол намайг онгод тэнгэр буулгаж байгаад биччихсэн юм уу гэж асуух нь ч бий. Харин уншсан хүмүүс Ринчен гуайн энэ хариулт хаана байгаа юм бэ, эх сурвалжаа үзүүл гэх нь холгүй. Харин би Ринчен гуайн тэр нийтлэл, илтгэл дээр ингэж асуувал хариулсан байж болох үгээ орхичихоод явчихжээ гэж хариулна. Ринчен, Чойном, Цэдэнбал гуай гэх мэт түүхийн хувьд бидэнтэй ойрхон хүмүүсийн хэлж ярьсан үг, илтгэл, нийтлэл, шүлэг зохиол гэх мэт баримт материалууд нь бичгийн хэлбэрээр архивлагдсан, эх сурвалжтай хүмүүсийн хариулт бэлэн, худлаа байх боломжгүй. Гэтэл хэдэн зуунаар алслагдсан түүхэн хүмүүс. Жишээ нь Аригбөх. Бээжинд баригдаж очиход нь Хубилай хаан "Чи бид хоёрын хэнийх нь зөв бэ" гэж асуухад Аригбөх хаан "Та ялсан учраас таны зөв, би ялагдсан учраас миний буруу болж байна" гэж хариуллаа гэдэг ганц л эх сурвалж бий. “Монголын нууц товчоо”, “Алтан товч”, “Судрын чуулган” алинд нь ч Аригбөх хааны түүхэн үйл явдал байхаас хэлсэн, ярьсан гэх үг үүнээс өөр үгүй. Тэгэхээр яах вэ. Одоо энэ хэсэгт уран зохиол орж ирнэ. Түүх, түүхийн эх сурвалж, логикоо хөөнө. Жишээ нь нийсэлийг нүүлгэхэд дургүйцэж байсан уу, Хубилай хааны эсрэг ямар үзэл санаагаар тэмцэж байсан юм бэ. Ийм түүхийн баримтуудыг иш болгоод хариултуудыг нь оноож байгаа юм. Ринчен, Чойном, Цэдэнбал гуай гэх мэт түүхийн эх сурвалж, хэлсэн үг, бүр зарим асуулт хариулт нь хүртэл байгаа ярилцлагыг яах аргагүй сэтгүүл зүйн бүтээл гэж хэлнэ. Тэгвэл эх сурвалж багатай, уран сайхан, баяжуулалт оруулсан төрөл бүтээлээ ямар төрөл жанрт оруулах юм бэ, сэтгүүл зүй гэх юм уу гэдэг асуулт ургана. Ямар ч байсан би огт ор үндэсгүй, санаанаасаа зохиосон зүйл байхгүй. Яагаад гэвэл түүхийн эх сурвалжаа барьж байгаа учраас. Одоо тэгээд хариултыг уншигчдын мэдэлд л үлдээнэ дээ.

-Би уншаагүй учраас цааш нь дэлгэрүүлж асуух зүрх хүрэхгүй нь. Эх сурвалж нь үлдээгүй гэх түүхэн хүмүүсээс хэн, хэн гэдэг хүн орсон юм бэ?

-Бид цаасан бичгийн эх сурвалж, соёл нэлээд хожуу дэлгэрсэн ард түмэн. Дандаа л аман байдлаар, түүх домог маягаар хэлэлцэж ярьж үлддэг. XV зуунаас нааш XVI, XVII зуун хүртэл. Жишээ нь Занабазар гэдэг үнэхээр мундаг эрдэм чадалтай, хутагт, гэгээн хүн байжээ. Ард түмэн итгэж бишрээд, хайрлаж сүсэглээд байдаг хэрнээ жинхэнэ сургаал номлолыг нь авч үлдсэн үү. Занабазарын Жанлавцогзолыг уншуулбал гэгээрч, ариусах гээд байдаг. Үнэхээр Монголд анх удаа тодорсон хутагт, хувилгаан юм бол монголчуудынхаа хожмын зам мөрийг ариусгах, гэгээрэл, бясалгал, мөн чанар, хоосон чанарын маш олон агуу сургаал номлол үлдээсэн байх ёстой. Гэтэл яг ийм сургаал, номлол байна уу гээд эх сурвалж хайхаар шашны хэлээр уншигддаг ерөөл уншилга төдий л үлдсэн байх. Монгол хүн оюун санааны хувьд эргэлзээ, туйлшралдаа автаад богдоосоо асуулаа гэхэд энэ мэт бодож тунгаагууштай гэх мэт зам мөрийг нь тэгшитгэх сургаалууд байх ёстой. Тэр номлол сургаал нь монгол түмний оюун санааны хөтөч, үндэсний ялгарал, дархлаа магадгүй бидний философи ч байж болох. Чингис хааны гүн ухаан түүх шаштирууд, бидний аман яриагаар дамжин судлагдаад өвлөгдөөд ирж. Гэтэл Занабазар, Ханддорж ван, Намнансүрэн сайд гээд түүхийн хувьд наашлах тусам улам л бүдгэрээд байдаг. Ханддорж ван, Намнансүрэн сайдын улстөрийн нүүдэл, юуг зорьж, хүсэж, тэмүүлж байсан юм бэ гээд хайхаар байдаггүй.

-Мэддэг хэрнээ мэдэхгүй хүмүүс байх нь?

-Мэдэхгүй үнэн. Тусгаар тогтно­лоо сэргээн мандуулахыг хүсэгч Намнансүрэн гэдгээр нь мэдэхээс тэр хүний улстөрийн нүүдэл, стратеги нь юу байсын, юуны төлөө явж байгаад болохоо байв гэдгийг би мэдэхгүй. Гэтэл энэ хүмүүс монголчуудын оюун санааг хадгалж байсан хэрнээ хойч үедээ үлдээсэн өв гэж юм алга. Түүх гээд он цагийн дараалал байдаг ч түүнийг уншсан хүмүүс үзэл санаа , номлол баримтлал авах уу. Авахгүй шүү дээ. Тэнд чинь тийм үзэл санаа, номлол гэх юм байхгүй юм чинь. Адаглаад Л. Түдэв, С.Зориг нарын үзэл санааг авч үлдэх ёстой. Тэр утгаараа би энэ "Монгол тулгатны зуун эрхэм" гэдэг нэвтрүүлгийг маш ач холбогдолтой гэж үздэг. Бидний лидер, эсвэл оюун санааны удирдагч болсон хүмүүсийнхээ үзэл, сургаал номлолтой танилцъя гэхэд давын өмнө ашиглачихмаар юм байхгүй. Сүүлийн үеийнхээс Баабар гуайн хэдэн ном, Өлзийбаатар гуайн сонсдог ном, за хувь хүн рүү нэрлэсэн “Өгөдэй хаан”, “Сорхугтан бэхи”, “Хубилай хаан” гэсэн хэдэн номоос өөр бариад авчихмаар зүйл байдаггүй. Тэр нь яг үзэл, сургаал номлол болох уу гэдэг нь эргэлзээтэй. Би харьцангуй уншдаг хүн. Гэтэл надад бариад авчихмаар, хэрэгцээгээ хангах ном байхгүй байхад, ном уншаад суугаад байдаггүй хүмүүс хэрэгцээгээ яаж хангаж байгаа юм бэ. Байхгүй юм биш үү.

-Харин?

-Тэгвэл тийм хүмүүсийн унших, үзэх гээд байгаа хэлбэрээр нь түүхийг бичих гэсэн эрэл хайгуулын дүнд “Суут нууц” буюу эчнээ ярилцлага төрөн гарч байгаа юм. Хэрвээ сонсдог ном хэлбэрээр гаргах юм бол бүр олон хүнд хүрнэ. Виртуал байдлаар дэлгэцэд амилуулаад үзүүлчих юм бол үзэгчийн үзэл санаа улам батжиж, ойлгоно. Занабазарын тухай л гэхэд үзчихээд “Аан энэ хүн чинь урваагүй юм байна.Алсыг харсан ийм нүүдэл бодож байж. Галдан бошгит гэдэг хүн ийм үзэл санаатай байсан учраас Занабазартайгаа тэрсэлдсэн юм байна” гэх мэтээр ойлгож авна. Гэтэл одоо тэгж ойлгосон юм байхгүй цахим ертөнцөд комментоор хэрэлдээд байдаг. Хоёр талд гарчихаад заавал Занабазарыг ч юм уу Галданг нэгийг нь дүүжлэх гээд болохгүй.

-Дэлхий даяхнаараа хоёр туйлт үзэлд баригдчихсан байна даа. Заавал нэг талд нь гарах гэж үзээд байдаг?

-Тэр нь яг юунаас болж байгаа вэ. Зүгээр миний л бодол шүү. Мэдлэггүйгээсээ болоод бид хоёр туйлт энэ үзэлд дөнгөлүүлж орхилоо. Ийм туйлшрал дутуу мэдлэгтэй байдлаас гараад байгаа хэрэг. Тухайн болж буй процессын талаар жоохон ухаад, уншаад үзчих юм бол хандлага арай л өөр болно. Үхэх ялтай хүний сүүлчийн үгийг яагаад сонсдог юм бэ. Сүүлчийн хоромд өөрийгөө өмгөөлөх тэр хугацааг олгож байгаа хэрэг. Аль нэг талд нь орчихоод нөгөө талаа үзэн ядаад, туйлшраад байвал ахиад жоохон гүнзгийрүүлээд судалчих. Жишээ нь би бүрэн судалсан гэж хэлэхгүй ч Занабазар, Галдан бошгит хоёрын алийг нь ч буруутгамааргүй байгаа юм. Зүгээр л тэр хоёр хүнд Монгол орноо аврах өөр, өөрсдийнх нь арга, итгэл үнэмшил байсан.

-Монголоо аврах гэдэг үгээр дөрөөлөөд шууд өнөөдөр лүү ирмээр санагдчихлаа. Монголоороо үлдэх гэдэг миний хувьд маш их санаа зовоосон асуудал. Ер нь монголоороо үлдэх юм уу болих юм уу?

-Энэ ч мань мэт байтугай томчууд нь шийдэж чадахгүй л байгаа асуудал даа. Хувь хүнийхээ хувиар бодлоо хуваалцахад та бид хоёр өөр, өөрсдийнхөө ачааг үүрээд явахад л болох зүйл байх. Нийгэмд хүн бүр санаатай болон санаандгүйгээр ямар нэгэн ачаа үүрч явдаг. Түүний нэг нь та бид хоёр өнөөдөр монголоороо яриад сууж байгаа нь. Би гэрт амьдардаг хүмүүсээр маш их бахархдаг. Тэд өөрийн буюу үндэснийхээ ахуйг бүтээгээд, өв тээгч болоод амьдарч байна. Шинэ нийгэм солигдохоор залуу үе монгол хэлэнд гадаад үг хавчуулж ярих, түүнийгээ эрдэм мэдлэг мэтээр төсөөлөн байгаа нь жаахан эвгүй л сонсогддог. Яг л хүний томдсон хувцас өмссөн залуу хүү мэт нэг л зохимжгүй. Монголчууд нэг гэртээ бөөгнөрөн амьдардаг ардчилсан суурьтай үндэстэн. Уг суурь нь ийм байхад заавал гаднаас нэг изм оруулж ирээд түүнийгээ хүчээр ард түмэнд суулгах гэж оролдоод байх нь хэр зохимжтой юм бол. Гаднын хэлийг сонголтоороо сурах боломжтой байхад заавал бага ангиас нь зааж сургах гээд зүтгүүлээд байх. Тэртээ тэргүй хүнд хэрэгцээ нь байвал өөрсдөө сонгоод л суралцана.

-Хамгийн сүүлийн үеийн эмзэглэл чинь юу вэ?

-Миний туурвиж бүтээж буй утга зохиол мөн цаашлаад урлагийн салбар нэлээд вакумжаад хайрцаглагдаад байна уу даа гэж харагдаад байх боллоо. Арай томоор ярих юм бол нам, нам дотроо хэд ч хуваагдаад байгаа юм. Зүгээр л сайхан задгай сэтгэж, бодож байх боломжтой зүйлсээ үзэл бодлын талцлаар хувааж хаяад хайрцаглаж орхих. Бидэнд ер нь ийм талцал, хуваагдлаар хайрцаглагдах хэрэг байдаг юм болов уу л гэж бодож суух юм. Ер нь би ямар нэг юмыг шошголох, хайрцаглах хэрэггүй гэж боддог. Нэг бүсгүйг дуучин гэж нэрлэчихээд л чи дуугаа дуулалгүй кинонд тоглолоо гэдэг ч юм уу, нэг эрийг бөх байсных нь төлөө улстөрд орж болохгүй гэж хэлэх нь маш бүдүүлэг явдал.

-Уг нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх ардчилсан нийгэм гээд байдаг?

-Тийм. Тэр хүн чинь сонгох, сонгогдох эрхтэй Монгол Улсын жирийн л нэг иргэн. Юу гэсэн үг юм бэ. Тэр бөх улстөрч болоод яваг л дээ. Бөх гэдэг шошго наачихаад бөх яахаараа улстөр хийж байгаа юм гээд байдаг. Энэ бүхэн чинь буруу. Адаглаад л хүний эрх, эрх чөлөөг бүдүүлгээр зөрчиж, ялгаварлан гадуурхаж байгаа хэрэг. Бөх, дуучин байсныхаа төлөө яагаад тэгж шошголуулж, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ хасуулж яллуулж байгаа юм бэ. Ийм яриа ардчилал эрх чөлөө гэж ярьдаг хүмүүсээс хамгийн их гардаг нь гайхмаар. Жишээ нь би ганцхан "Гол тоглогч"-оор шошголуулж явмааргүй байна. Би "Хол гэдэг ойр", "Суут нууц", "Дотоод тэнгэр"-ээрээ шошголуулмаар байна. Гэтэл намайг чи ганцхан "Гол тоглогч"-оороо л байгаач сэтгүүлч, яруу найрагч ер юу болох гээд байгаа юм гэх жишээтэй.

-Тэгэхээр чи "Гол тоглогч" биш байх нь?

-Биш л юм чинь. Яруу найраг дээр ч, тэр сэтгүүл зүй дээр ч тэр тодрох гээд байгаадаа биш. Зүгээр юмыг өөрөөр хийж үзэх амбицтай. Өөрөөр хийж үзчихээд түүнээсээ кайф авах дуртай. Одоо жишээ нь "Гол тоглогч"ном гарахаас өмнө улстөрчийг хочилно гэдэг эвгүй л байсан. Ном гарснаас хойш бараг хөөе надад нэг хоч өгөөдхөөч гэх шахуу юм болоод байх шиг. Хочтой болчихвол нэр хүнд нь өсөх гээд ч байх шиг.

Ийнхүү бидний яриа өндөрлөв.

Трамп Төмөрөө

Эх сурвалж: Монголын үнэн сонин №043/24574/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Д.Амарбаясгалан: Парламент бол ард түмний итгэл найдварыг тээж, тэдний… 9 цагийн өмнө
Л.Энхнасан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн гишүүдийг хүлээн авч уулзлаа 9 цагийн өмнө
2020 оноос хойш бид 43 байршилд авто замын борооны ус зайлуулах шугам … 10 цагийн өмнө
Б.Бямбасайхан: Манай залуус жилийн дөрвөн улиралд хамгийн хүнд нөхцөлд… 10 цагийн өмнө
Л.Ариунтуяа: Энэ нийгэм эмэгтэйчүүдээс олон дүртэй, олон ур чадварта… 12 цагийн өмнө
Б.Ану-Үжин: Хотын хөгжилд нийслэлийн эмэгтэйчүүдийн манлайлал, оролцоо… 12 цагийн өмнө
Ялагчид гавьяагаа үнэлүүлж, яллагдагчид давж заалдсан 7 хоног 12 цагийн өмнө
Паратаеквондогийн тамирчин У.Сүрэнжавт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ… Өчигдөр
Дэд бүтэц, бүтээн байгуулалтын 14 мега төслийг хэрэгжүүлэх Монгол Улсы… 2024/09/11
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв 2024/09/10
Дэд бүтэц, эрчим хүчний төслүүдээ эрчимжүүлж, Буйр нуурыг түшиглэн уса… 2024/09/10
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын дэд дарга Хань Жөн бара… 2024/09/10
Саппорогийн уулзвараас ГССҮТ-ийн уулзвар хүртэлх авто замыг шинэчилнэ 2024/09/10
Саппорогоос 25 дугаар эмийн сан хүртэл 1.6 км авто зам барина 2024/09/10
Наадамчдын гудамжнаас Эрчим хүчний гудамж хүртэлх авто замыг асфальт б… 2024/09/10
Энэ сарын 21-нд “Автомашингүй өдөр-2024” болно 2024/09/10
Зуун жилээр зудалсан, зулаг тасалсан зунууд 2024/09/09
Номын их өргөөний чамбай хатагтай 2024/09/09
Загварын ертөнцийн нүүдэл 2024/09/09
Монгол гоо сайхны илэрхийлэл 2024/09/09