Зуун дамжсан түүхийн гэрч



Өнгөрсөн долоо хоногийн дугаар хэвлэгдэн гарсан өдөр буюу 2023 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр “Монголын үнэн” сонины түүхт 103 жилийн ой тохиолоо. Нэгэн зуун, хоёр жаран дамжин тогтмол хэвлэгдэж он цагийн түүчээ, түүхийн гэрч болж яваа хэвлэмэл сонин. “Монголын үнэн”сонин түүхт 103 жилийнхээ ойн баяраар нэгэн  арга хэмжээг зохион байгуулсан нь анхны зургаан дугаарыг эмхэтгэн хэвлүүлсэн номын нээлт байлаа. Номыг Стратеги академитай хамтран түүхийн ухааны доктор Д.Даш агсны судалгаа, материалд тулгуурлан баринтаглажээ. Уг номыг нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалангийн дэмжлэгтэйгээр хэвлэж, ийнхүү олны хүртээл болголоо. Сонины ойтой давхацсан номын нээлтэд судлаач, эрдэмтэн, мэргэдээс гадна хэвлэл мэдээллийн олон төлөөлөгч хүрэлцэн ирсэн юм. 

Номын нээлтийн үйл ажиллагааг МАН-ын Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар болон “Монголын үнэн” сонины ерөнхий эрхлэгч Б.Цоожчулуунцэцэг нар үг хэлж, нээлээ. 
МАН-ын Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Монголын үнэн" сонин Монголын түүхийн судлагдахуун бөгөөд Монголын орчин цагийн бичгийн соёлын түүчээ мөн” гэдгийг онцлон тэмдэглээд үнэн бодит мэдээллийг дэлгэрүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь дүгнэж ярилаа. Үүний дараа “Монголын үнэн” сонины ерөнхий эрхлэгч Б.Цоожчулуунцэцэг Монголын үе, үеийн “Үнэн”-чүүддээ баярын мэнд дэвшүүлээд “Монголын үнэн сонин”-оос хоёр Хөдөлмөрийн баатар төрөн гарсан. Өнөөдөр бидний баярт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Х.Цэвлээ гуай хүрэлцэн ирсэн байна. Мөн Ц.Мишигдорж, Г.Гонгоржав, Л.Норовсүрэн, Н.Бөхдамбий, Д.Дорждулам, Б.Монголхүү, Т.Баасанхүү, М.Зулькафил зэрэг Соёлын гавьяат зүтгэлтнүүд морилон саатжээ” хэмээгээд үнэн түүхийг бүтээж үлдээсэн ахмад сэтгүүлчдээрээ бахархаж байгаагаа дурдлаа. Ойн баяр болон номын нээлтэд үе, үеийн сэтгүүлчид болон одоо ажиллаж байгаа редакц бүрэн бүрэлдэхүүнээрээ хуран цугласан юм. Нээлтийн үйл ажиллагааг залган "Монголын үнэн" сонины 1920-1921 оны хооронд хэвлэгдэн гарсан зургаан дугаарыг эмхлэн ном болгоход гар бие оролцсон Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн З.Лонжид тэргүүтэй эрдэмтэн судлаачид зургаан дугаарын нийгэмд оруулсан хувь нэмэр хийгээд эмхлэн гаргасан номын нийгэмд үзүүлэх ач холбогдлын талаар өөрсдийн дүгнэлт, тайлбараа багтаасан товч илтгэл тавив. Энэ үеэр танхимд цугласан эрхмүүдээс онцлон “Монголын үнэн” сонинг ном болгон эмхэтгэсэн зургаан дугаарын нийгэмд үзүүлэх ач холбогдол, үр өгөөжийн талаарх дүгнэлт, сэтгэгдлийг нь сонссоноо хуваалцъя. 
Стратеги академийн захирал, улс төр судлалын доктор Д.Бумдарь: 
-“Монголын үнэн" сонины нийт хамт олонд 103 жилийн ойн баярын мэнд хүргэе. Монголчуудын ой санамжийг өдөр тутмын дугааруудаараа баринтаглан үлдээсэн нь бахархам түүх. "Монголын үнэн" сонины анхны зургаан дугаарыг хэвлэж гаргасны ач холбогдол нь бид түүхээ эргэн санах, бид хэн байсан бэ, "Монголын үнэн" сонин анх хэвлэгдэн гарахдаа ямар зорилго, зорилт дэвшүүлэн ажиллаж, юу мэдээлэн таниулахыг хүсэж байв гэдгийг орчин цагийн монголчууд энэ зургаан дугаарын эмхэтгэлээс өргөн хүрээнд тольдон харах боломжтой болж байгаа юм. Манай Стратеги академи МАН-ын түүхийг үнэн зөвөөр түгээн дэлгэрүүлэх ажлыг хийж, дэмжин гүйцэтгэж явдаг учраас энэ үйл ажиллагаанд хамтран гүйцэтгэгчээр оролцсондоо туйлын баяртай байна” гэсэн бол МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн профессор Б.Болд-Эрдэнэ: 
-“Монголын үнэн" сонины анхны зургаан дугаарын эмхэтгэл судалгаа, сургалтад үнэтэй хувь нэмэр болох хэрэглэгдэхүүн гэдэг нь тодорхой. Хоёрдугаарт, монголчууд бидний түүх, бодит үнэн, тухайн он цагийн баримт энэ сонины хуудаснаа бий. Үүгээрээ түүхийн үнэт ач холбогдол бүхий материал. Гуравдугаарт, монголчуудын анхны улстөрийн зорилго чиглэлтэй хэвлэл энэ зургаан дугаар гэж хэлж болно. Монголчууд туурга тусгаар улсынхаа бүрэн эрхээ олж авах зорилго тэмүүллээ илтгэж түүнийгээ олон түмэнд түгээн дэлгэрүүлж байсан нь чухал тэмдэглүүштэй үйл явдал. Энэ утгаараа улстөрийн сэтгүүл зүй, улстөрийн хэвлэлийн үүргээ гүйцэтгэж улс орны бодлого шийдвэрийг түгээн дэлгэрүүлэх үүрэг хариуцлагаа умарталгүй үргэлжлүүлсээр яваа хэвлэл гэж харж болно. Анхны дугаарын хуудаснаа өнөөдрийн цаг үед ч үнэ цэнээ алдахааргүй үг өгүүлбэр үлдсэн байна. Сонин жирийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс нийгмийн үзэл, оюун санааны түүчээ байдгаараа онцлог. Энэ үүднээсээ өнөөдөр нээлтээ хийж байгаа энэ эмхэтгэлийн үнэ цэн улам өндөр болж байгаа юм. Улстөрч, нийгмийн зүтгэлтнүүд уншихад нэгийг бодож, хоёрыг тунгаах ийм бүтээл хэвлэгдэн гарчээ. Сонинд тухайн цаг үеийн шилдэг сэхээтнүүд үзэл бодлоо шигтгэж үлдээсэн. Нийгмийн оюун санааг хэн нэгэн, эсвэл хэсэг бүлэг сэхээтнүүд л бүтээдэг байж таарна. Тухайн үеийн монголчууд юу хүсэж, мөрөөдөж байсан үүнийг нь тэр үеийн сэхээтнүүд юу гэж үзэж байсан юм бэ гэдгийг энэ сонины нүүрнээс уншиж болно” гэлээ. Харин МАН-ын Хэвлэл мэдээллийн газрын  дарга  Г.Баярхүү:
-“Монголын үнэн" сонин түүхэндээ “Ардын эрх”, “Уриа” гэх мэтээр нэрээ сольж явсан ч яг “Үнэн” гэдэг нэрээрээ ард түмний дунд хоногшин үлдсэн байдаг. Өдөр тутмын сонинд, мөн өдөр тутмын сониноороо дамжуулан нийгэмд оруулсан хувь нэмрийг нь үнэлэхэд Монгол Улсын 103 жилийн өдрийн тэмдэглэл юм. Өдөр тутам улс оронд болж байсан үйл явдлыг сайн, муутай нь, ололт амжилт, алдаа оноотой нь гаргаж явсан. Хэдийгээр нам төрийн хэвлэл гэдэг ч нийгэмд хэвлэл мэдээллийн соён гэгээрүүлэх, мэдээлэлжүүлэх, төр засгийн хийж байгаа ажлыг олон нийтэд сурталчлан таниулах ажлыг нуруундаа үүрч явсан хувь нэмрийг үнэлээд баршгүй. Бас нэг хувь нэмэр нь 103 жилийн түүхэндээ Монголын сэтгүүл зүйн хамгийн том зүтгэлтнийг төрүүлсэн нь энд ирсэн Х.Цэвлээ гуайгаас эхлээд олон Соёлын гавьяат зүтгэлтнүүдийг харахад ойлгогдоно. Өнөөдөр эдгээр шилдгүүдийн бүтээсэн сэтгүүл зүйн дэг сургууль  өнөөдрийн нийгмийн сэтгүүл зүйг бүтээхэд асар их хувь нэмэр оруулсан. Б.Цэнддоо гуайгаас эхлээд шог зураач С.Цогтбаяр зэрэг өнөөгийн нийгмийн урдаа барих сэхээтнүүд энэ сониноос төрөн гарсан. Нам, төрийн төв хэвлэл гэдэг утгаараа хүмүүс уншиж байсан хэдий ч 1980-аад оны дунд үед Л.Түдэв эрхлэгчтэй “Монголын үнэн” сонин улс орон даяар 200 мянга гаруй уншигч захиалагчтай болж байсан түүх бий. Энэ үед төр засаг, нийгмийн хурц, хурц асуудлуудлыг хөндөн гаргаж байсан нь уншигчдын талархлыг хүлээж байсан нь дамжиггүй. Энэ нь тун удахгүй болох өөрчлөн байгуулалтад нийгмийн оюун санааг бэлдэж, хөрс суурийг тавьж байсан хамгийн том гавьяатай. Цэрэг армийн дэглэлт, дарга нарын хүнд суртлын тухай хурц нийтлэлүүд тэр үед гарч байв. Энэ нийтлэлүүдийн мөрөөр нийгэмд маш том хэлэлцүүлгүүд өрнөж байсныг “Монголын үнэн” сонины хуудсууд гэрчилж байгаа юм. Өнөөдөр 103 жилийн ойн өдрөөр түүхэн зургаан дугаараа баримт, эх сурвалж болгон Стратеги академитай хамтран гаргаж байна. Энэ зургаан дугаарыг гаргахад тухайн цаг үед Монголд хэвлэх үйлдвэр байгаагүй учраас ОХУ-д аваачиж хэвлүүлэн авчирч байж. Энэ нь тухайн он цагийн сэхээтнүүдийн соён гэгээрүүлэх ажил, ард иргэдэд мэдээ, мэдээллийг цаг тухай бүрд нь хүргэх гэсэн хичээл зүтгэл ямар их байсныг харуулж байгаа юм. Ямар ч улс орны хөгжилд хэвлэл мэдээллийн байгууллага тэр тусмаа сонин маш чухал үүрэгтэй. Соён гэгээрүүлэх, мэдээлэлжүүлэх энэ эрхэм үүргээ 100 хувь биелүүлсэн ийм хамт олон, ийм редакц. Үүнийгээ өнөөдөр ч гэсэн нотлоод Монгол Улсын хамгийн олон захиалагчтай сонин хэвээр явж байна. Сонины хамт олон тоймлох, нийтлэх, шүүмжлэх, анализ хийх чиглэлээ баримтлан ажиллаж байна. Бичгийн том өв соёл тээгч, хариуцлагаа "Монголын үнэн" сонин цаашид үүрээд явна. Та бүхэнд баярын мэнд хүргэе”.


Трамп Төмөрөө

Эх сурвалж: Монголын үнэн сонин №043/24574/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 4 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 6 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 6 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 6 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 6 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 7 цагийн өмнө
SDY Calling you... 7 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 7 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 7 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 7 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 7 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22