Эмэгтэйчүүдийн бүтээмж их ч өөртөө цаг гаргах нь хомс


-Судалгаанд оролцсон эмэгтэйчүүдийн олонх нь хоёр хүрэхгүй цагийг өөртөө зарцуулдаг-

Манай улсын эмэгтэйчүүдэд тулгамдаад байгаа асуудлуудыг тодорхойлж, амьдралын чанарыг дээшлүүлэхэд төрийн болон улс төрийн намаас ямар дэмжлэг хэрэгтэй байгааг таньж мэдэх зорилгоор эмэгтэйчүүдийн амьдралын чанарт судалгаа хийжээ. Энэхүү судалгааг “Залуу судлаачдыг дэмжих сан”-гийн судалгааны баг хийж, гүйцэтгэсэн байна. Фридрих-Эбертийн сан болон Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооныхон хамтран ажиллажээ. Судалгааны ажил үндсэн хоёр бүлэгтэй бөгөөд баримт бичгийн судалгаа, түүвэр судалгааны үр дүнгээс бүрджээ. Баримт бичгийн судалгааны хэсэгт онолын үндэслэл, төрөөс баримталж буй бодлогын орчин, Үндсэн хуулиар олгогдсон эрхийн хэрэгжилтийн үнэлгээг багтаасан бөгөөд хоёрдогч эх сурвалжийн мэдээлэлд түшиглэснээрээ онцлогтой. Харин түүвэр судалгааны хэсэгт нийслэлийн гурван дүүрэг, 10 аймгийн төлөөлөл болсон 1110 эмэгтэйг хамруулжээ. Амьдралын орчин нөхцөл, аюулгүй байдал, гэр бүл, нийгмийн харилцаа, ажил амьдралын тэнцвэр, засаглал зэрэг 10 бүлэг хэмжүүрийн хүрээнд анхдагч эх сурвалжийн мэдээллийг цуглуулан тоон дүнгүүдийг гаргажээ. Мөн цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан коронавируст цар тахал эмэгтэйчүүдийн амьдралын чанарт хэрхэн нөлөөлж байсныг энэхүү судалгааны хүрээнд тодруулахыг зорьсон байна. 18-83 насныхныг хамруулсан уг судалгаанд оролцогчдын дундаж нас 34 байсан юм. 

Амьжиргаа буюу материаллаг хэрэгцээ
Эмэгтэйчүүдийн сарын дундаж орлого 775570 төгрөг буюу өрхийн орлогын 43 хувийг бүрдүүлдгийг судалгааны дүнгээс харж болно. Тэдний орлогын эх үүсвэрийн мэдээллийг харвал гурван эмэгтэй тутмын нэг нь үндсэн цалин, дөрвөн эмэгтэй  тутмын нэг нь гэр бүл болон бусдын дэмжлэг, 10 эмэгтэй тутмын нэг нь бизнесийн орлогоос санхүүждэг гэсэн дүн гарчээ. Үүнээс цалин, гэр бүлийн дэмжлэгээс гадна хөрөнгө оруулалт, хадгаламж, түрээс гэх мэт орлогын олон эх сурвалжийг үр дүнтэй ашиглах, орлогын эх үүсвэрээ төрөлжүүлэх шаардлага байгаа нь харагдаж байна. Орлогын эх үүсвэрийн тоо нэмэгдэх тусам санхүүгийн аюулгүй байдлыг хангадаг. 

Аюулгүй байдал, нийгмийн баталгаа
Судалгаанд оролцсон дөрвөн эмэгтэй тутмын гурав нь шөнө гадуур явахаас айдаг, таван эмэгтэй тутмын хоёр нь дээрэлхэл, доромжлолд өртөж байсан гэжээ. Мөн долоон эмэгтэй тутмын хоёр нь эсрэг хүйстнийхээ дарамтад өртөж, 10 эмэгтэй тутмын нэг нь ажлын байрны бэлгийн дарамтад өртсөн гэж хариулсан байна. Үүнээс харахад эмэгтэйчүүдийн аюулгүй байдлын хэрэгцээ хангагдаагүй, гэмт хэргийн болон бусад эрсдэлд өртөх магадлал өндөр байна. Эмэгтэйчүүдийн нийгмийн баталгааны тухай ойлголтыг тодруулах үүднээс нийгмийн даатгал болон халамжийн хөтөлбөрийн үр шимийн талаар асууж тодруулахад, 60.4 хувь нь албан журмаар, 10.2 хувь нь сайн дураар нийгмийн даатгал төлдөг. Харин 6.1 хувь нь нийгмийн даатгал төлөх сонирхолгүй байдгаа илэрхийлжээ.
  
Амьдрах орчин нөхцөл, хүрээлэн буй орчин 

Амьдрах орчин нөхцөл болон хүрээлэн буй орчин нь эмэгтэйчүүдийн амьдралын чанарыг илтгэх чухал үзүүлэлт юм. Судалгаанд оролцсон эмэгтэйчүүдийн 44.2 хувь нь төвийн дулаан цахилгаан болон усан хангамжид холбогдсон орон сууцад амьдардаг. 51.3 хувь нь гэр болон байшинд амьдардаг бол нийтийн, дотуур байранд 3.7 хувь нь амьдарч байна. Үлдсэн нь бусад төрлийн орон сууцад амьдардаг гэж хариулжээ. Хөдөө орон нутагт оршин суудаг эмэгтэйчүүдийн 16.9 хувь нь амьдардаг орчноо маш сайн, 32.3 хувь нь сайн гэж үнэлжээ. Үүнийг Улаанбаатар хотод амьдардаг  оролцогчидтой харьцуулахад хөдөө орон нутгийнхнаас 18.8 хувиар бага байна. 

Гэр бүл, нийгмийн харилцаа
Судалгаанд оролцсон эмэгтэйчүүдийн 55.6 хувь нь нийгмийн харилцаандаа сэтгэл хангалуун, 9.2 хувь нь сэтгэл хангалуун бус байдаг. Таван эмэгтэй тутмын нэг нь нийгмийн харилцаан дахь нөхцөл байдлаа маш сайн гэж үнэлжээ. Гэр бүлийн байдлын хувьд судалгаанд оролцогчдын 54.1 хувь нь  гэрлэсэн, 30 хувь нь ганц бие, 7.6 хувь нь хамтран амьдрагчтай, 8.3 хувь нь  салсан болон бэлэвсэн эмэгтэйчүүд байсан. 

Боловсрол, ур чадвар
Энэ бүлгийн судалгаанаас ажиглагдсан нэг зүйл нь боловсролын түвшин өдөр байх тусам сэтгэл хангалуун бус байдаг аж. Хөдөө орон нутагт оршин суугч дөрвөн эмэгтэй тутмын гурав нь сэтгэл хангалуун байсан бол хотод энэ үзүүлэлт 62.4 хувьтай гарсан байна. Үүнээс гадна эмэгтэйчүүдийн ур чадварын түвшнийг тодорхойлох, дутагдаж буй ур чадварыг тогтоох оролдлого хийжээ. Компьютертой ажиллах, системийн шинжилгээ хийх, ёс заншил түүхээ танин мэдэх ур чадвар дутмаг байна хэмээн үнэлжээ. 

 Эрүүл мэндийн байдал
Монгол эмэгтэйчүүд нас ахих тусам биеийн эрүүл мэнддээ өгөх үнэлгээ муудаж байгаа ч сэтгэл зүйн эрүүл мэндэд өгөх үнэлгээ нэмэгдэж байна. Харин эмэгтэйчүүдийн нас залуу байх тусам биеийн эрүүл мэндийн үнэлгээ харьцангуй өндөр ч сэтгэл зүйн эрүүл мэндийн үнэлгээ буурч байгааг анхаарах шаардлагатай байна. Эмэгтэйчүүдийг эрүүл байлгахад нөлөөлж буй хүчин зүйлсэд хүүхэд, гэр бүлийн аз жаргал томоохон байр суурь эзэлсэн. Эсрэгээрээ эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй зүйлсэд сэтгэл гутрал, нийгмийн стресс зэргийг оролцогчид нэрлэсэн байлаа.  


Нийгмийн оролцоо, нийгэмд эзлэх байр суурь
Судалгаанд хамрагдсан найман эмэгтэй тутмын нэг нь уян хатан цагтай ажил хийдэг бол 7.2 хувь нь хагас цагийн, 6.4 хувь нь зайнаас ажилладаг гэж хариулжээ. Эмэгтэйчүүдийн хувьд нийгэмд эзлэх байр суурийг тодорхойлох хамгийн чухал хүчин зүйл бол боловсрол гэж үзсэн байна. 

Чөлөөт цаг, ажил амьдралын тэнцвэр
Судалгааны үр дүнгээс харахад эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийг бодоход илүү цагаар ажиллах нь түгээмэл. Гэхдээ эмэгтэйчүүдийн олонх нь амралт, гэр бүлдээ гаргах цаг, бүтээмж зэргээ сайтар зохицуулж чаддаг гэжээ. Харамсалтай нь судалгаанд оролцсон эмэгтэйчүүдийн олонх нь хоёр хүрэхгүй цагийг өөртөө зарцуулдаг аж.

Засаглал, жендэрийн эрх
Эмэгтэйчүүд жендэрийн эрхийн тухай ойлголтыг мэддэг эсэхийг субьектив үнэлүүлэхэд  нийт оролцогчдын 6.4 хувь нь огт мэдэхгүй, 19.1 хувь нь бараг мэдэхгүй гэж хариулжээ. Үүнээс эмэгтэйчүүдийн жендэрийн тухай ойлголтыг нийтээр сайжруулахад чиглэсэн олон нийтийн хөтөлбөрүүдийн хэрэгцээ, шаардлагатай нь харагдаж байна.  

Улс төрийн оролцоо
Судалгааны үр дүнгээс харахад эмэгтэйчүүд улс төрийг төдийлөн сонирхдоггүй, улстөрчдийг сайн таньдаггүй, улс төрийн намуудын үзэл баримтлалыг сайн ялгаж мэддэггүй гэж хариулжээ. Сонгуулийн тогтолцооны ялгааг таван эмэгтэй тутмын нэг нь огт мэддэггүй гэсэн байна.  
“Ковид 19” цар тахлын нөлөөлөл
Эмэгтэйчүүдийн амьжиргаагаа хангах, сурч боловсрох, нийгэмдээ оролцох хэрэгцээнд цар тахал хамгийн их сөргөөр нөлөөлсөн бол хайрлуулах, харьяалагдах, бүтээлч байх, чөлөөт цагтай байх хэрэгцээнд харьцангуй багаар нөлөөлсөн гэжээ. Цар тахлын нөлөөллөөр эмэгтэйчүүдийн санхүүгийн байдал муудсаны нэг нь хуримтлал багассан явдал юм. Тодруулбал, гурван эмэгтэй тутмын хоёрынх нь хуримтлал буурчээ.  

“Асрамжийн даатгал” эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг хөнгөвчилж, орлогыг нэмэгдүүлнэ
Эмэгтэйчүүдийн санхүүгийн боловсролыг дэмжих, санхүүгийн бие даасан байдлыг бэхжүүлэхэд орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх бодлогын хэрэгслүүдийг нэвтрүүлэх шаардлагатай байна. Түүнчлэн гэр бүлийн гишүүдээ асрах, сувилах үүрэг хүлээж буй эмэгтэйчүүдийг “ажилгүй” гэдэг ангилалд багтаадаг. Иймээс ахмад настан, нярай, бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй эцэг эх, ахан дүүсээ асарч буй эмэгтэйчүүдийн хөлсгүй хөдөлмөрийг үнэлдэг, хүндэтгэдэг нийгмийн уур амьсгал, ухамсрыг бүрдүүлэхийн төлөө төрийн болон төрийн бус байгууллага хамтран ажиллах нь илүү үр дүнтэй. Төрөөс асрамж сувилгааны дэд бүтцийг  бүрдүүлж, ерөнхий боловсролын сургуулиудын өдөр өнжүүлэх ангийн хүртээмжийг сайжруулах хэрэгтэй. Мөн нийгмийн даатгалд “асрамжийн даатгал” гэдэг шинэ төрлийг нэвтрүүлэх замаар эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг хөнгөвчлөх, орлогыг нэмэгдүүлэх боломж нээгдэх юм. 
Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд жендэрийн тухай ойлголтыг олон нийтэд түгээж эмэгтэйчүүдийн улс төрийн мэдлэгийг дээшлүүлэх, нөлөөллийн үйл ажиллагаануудыг зохион байгуулах зэрэг нэн шаардлагатай ажлуудаа эхлүүлэхийг зөвлөжээ. 
Эмэгтэйчүүдийн олонх нь сэтгэл зүйн эрүүл мэндийн байдлаа дунд зэрэг хэмээн үнэлжээ. Ялангуяа цар тахлын хязгаарлалт, хөл хорионы үед сэтгэл зүйн эрүүл мэнд дэлхий даяар доройтож улс орнууд сэтгэл зүйн зөвлөгөөг идэвхжүүлж байна. Монгол Улс иргэдийнхээ сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих чиглэлээр тодорхой бодлого, хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай байна. 

 Б.Сэлэнгэ

Эх сурвалж: Монголын үнэн сонин №043/24574/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 4 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 6 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 7 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 7 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 7 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 7 цагийн өмнө
SDY Calling you... 7 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 7 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 7 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 8 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 8 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22