Ертөнцийн юмс үзэгдэл хөгжил, хөдөлгөөн дунд оршдог байна. Юмсын хөгжил, хөдөлгөөн үзэгдлийн мөн чанар, ямар нэгэн шинжийг ижил буюу маш ойр төрлөөр нь ижил буюу ойролцоо параметрээр нь ангилан хөгжил, хөдөлгөөн шинж байдлыг нь харьцуулж судалдаг билээ. Орчин үед үзэл онолын буюу үзэл суртлын маш олон янзын хэв шинж аяс хэт олширч, сайн харьцуулан үнэн зөв, төв урсгал чиглэлийг баримтлахад нийгэмд багагүй бэрхшээл үүсэж, элдэв гажилтууд ч цөөнгүй гарсаар байна. Энгийн жишээгээр зарим зүйлийг тэмдэглэе. Автобус явж байхад, зарим хүн сууж байхад, зарим нь автобусны хөдөлгөөний дагуу, зарим нь хөдөлгөөний эсрэг хөдлөх зэрэг явдал байдаг. Тэгвэл эдгээр хөдөлгөөнийг нарийвчлан харьцуулан авч үзэхгүй бол алдаа гардаг. Юмс үзэгдлийг параметрийн зөрүүтэй байдлаар харьцуулан авч үзвэл алдаа улам нэмэгддэг. Өргөн – нарийн, зузаан – нимгэн, өндөр – нам, урт – богино, хурдан – удаан, их - бага , сайн – муу гэх мэтээр харьцуулан жишсэн ойлголтуудыг ижил буюу ойролцоо параметр /шинж төрлөөр/-ээр нь авч үзнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, уулыг уултай, өвс ногоог өвс ногоотой нь харьцуулан өндөр нам гэх зэргээр жишиж үздэг билээ. Энэ мэтийн харьцуулан жиших ойлголт нь байгаль, нийгэмд ч байх бөгөөд юмс үзэгдэлд улам нарийн төвөгтэй, ижил параметрээр нь зөв тогтоож зөв харьцуулан жишихийг шаарддаг. Гандуу үед бороо орох нь хүн, байгальд ээлтэй зүйл юм. Гэтэл өдөр, шөнөжин бороо орсоор үерлэн сүйрэл үүсгэвэл муу. Үүнээс үзэхэд сайн муу гэсэн ойлголт ч гэсэн тодорхой хэмжээ хязгаар дотор байдаг харьцангуй ойлголт билээ. Аливаа зүйл асуудлыг тодорхой байж болох хэмжээ хязгаар дотор харьцуулан авч үзэх ёстой юм. Үүнтэй адил нийгмийн олон асуудлыг хөндөж ярихдаа ижил бус параметрийг хольж хутгаж, харьцуулан жишиж, маргалдах асуудал манайд байсаар байна. Тухайлбал, цалин хөлсний тухай, мөн жендерийн асуудлаар яихдаа ч параметрийн ялгааг сайн ялган харьцуулж чадахгүй ярьж маргах явдал гарах нь олонтаа. Жендэрийн асуудлыг ярихдаа хүйсийн ялгаатай холбоотой биеийн хүч тамир, эр зориг, ажил хөдөлмөрийн хүнд хөнгөн, хялбар, бэрх ялгаа байдгийг ч бодож үзмээр санагдана. Шинжлэх ухааны нарийвчилсан ирээдүйтэй судалгааны шинжээр бодоход эрэгтэй болон эмэгтэй хүний ДНХ-ийн бүтэц доторх гений бүтэц шинж хөдөлгөөний онцлогтой холбоотой гэж үзмээр санагдана. ДНХ болон гений бүтэц хөдөлгөөн шулуун биш долгиолог бөгөөд бүтэц хөдөлгөөний долгиолог чанарын далайц, давтамж, эрч хүч нь ижил бус ялгаатай байдал нь хүйсийн болон бие хүмүүсийн ялгаатай чанарыг үүсгэдэг бололтой. Цус ойртох нь хүний олон талын чанарыг сулруулдаг, өвчин эмгэг зэрэг олон талын сулралыг бий болгодог гэж судлаачид үздэг. Тэд үүний учрыг ярихдаа ойртсон цус дотор сул шинж бүхүй хос ген олширч организмд сул шинжийг бүрдүүлнэ гэж үздэг байна. Хүний хүн чанарын хөгжил бүр бага насанд илүү эрч хурдтай явагдаж эхэлдэг байна. Ген ба ДНХ-ийн бүтэц хөгжлийн холбоос сайн бэхжиж амжаагүй байгаа бага насны үе дэх сургалт хүмүүжлийн нөлөө зөв буруу, сайн эрчтэй ба сулхан тусгал өгснөөс хүн чанарын хөгжил төлөвшил ихээхэн шалтгаалдаг бололтой. Хүн төрөлхтний байлдааны түүхийг харахад эрчүүд илүү үүрэг, зоригтой, тэд эмэгтэйчүүдэд илүү түшигтэй байсаар ирсэн нь түүхээс харагддаг. Эхийн эрхт эртний нийгмийн үед отог омгуудын хооронд зөрчил тэмцэл хүчтэй байсан цагт зарим баатарлаг эмэгтэйчүүд эмнэг сургаж, ан агнаж, жад сэлэм барьж байлдаж явсан түүх байдаг нь ч үнэн билээ. Гэхдээ эрчүүд адил түүхэн урт хугацаанд эмэгтэйчүүд нийтлэгдүү шинжид хүрээгүй юм. Микробиологийн үүднээс хүйсийн онцлог ялгаа, эр зориг, хөдөлмөр үйлсийн ялгаа байсаар ирснийг бүр дээр үеэс өвөг дээдсүүд ажиглан мэдэж дараах дүгнэлт зүйр үгийг хэлж байжээ. Тухайлбал, “Эр хүнд зориг хэрэгтэй, эмэгтэй хүнд түшиг хэрэгтэй” гэжээ. Өндөр мэдлэг, ажлын ур чадвар, мэргэжил, хүнлэг ёс зүй зэргийн боловсрон бий болох үе шатыг, гурван үеийн залгамж холбоог дутуу үнэлэх явдал амьдралд гарсаар байна.
Төрийн соёл өрхийн соёлоор бүрэлдэн хөгжсөн түүхтэй учир өрхийн тэргүүн болон Төрийн тэргүүний тухай ойлголт ч ижил төрөлд баймаар санагдах юм. Зарим хүн “Гэр бүл нийгмийн амьдралд эмэгтэйчүүд илүү эрхтэй оролцдог”. Зарим нь “Шийдвэр гаргах түвшинд эрчүүд илүү оролцдог” гэж маргадаг. Малчин гэхэд “Эрчүүд нь малаа мэдэж зардаг, эмэгтэй хүнд тийм эрх хомс” гэх жишээ гаргадаг хүмүүс ч бий. Хөдөлмөр хуваарилалт, үүрэгт үйл ажиллагааны явцад мал маллах, эдийн засгийн эргэлтэд оруулах зэрэг асуудалд эрчүүд нь илүү чухал үүрэг гүйцэтгээд, илүү сайн мэддэг байж болно шүү дээ. Эрхийн давамгай байх шинж гүйцэтгэх үүргээс нь ихээхэн хамаардгийг ч бодож үзэх нь зөв юм. Үүрэг хүлээх чадвар нь сайн бүрэлдээгүй бага балчир хүүхдийн аливаа асуудалд эцэг эх, бусад хүмүүс анхаарал тавьж хариуцах үүрэг хүлээдэг билээ. Адуучин тэмцээнийг үзэхэд эрчүүд морин спортод илүү харагдаж, давхиж яваа морин дээрээс уурга шүүрч аваад, догшин адууг уургалан барьж, эмнэг сургаад амаргүй ур чадвар эзэмшиж байгааг бид харж сайн мэддэг бус уу. Ийм маш олон жишээг тоочин дурдаж болмоор... Энэ мэтийн олон зүйлийг харьцуулан жишиж үзэхэд шинжлэх ухаан, техникийн хөгжил болон олон улс хоорондын холбоо харилцааны хөгжил улам нарийсаж, илүү их ээдрээтэй, нарийн төвөгтэй болсоор байгаа энэхүү бэрх цаг үед шинжин бодож үзэхэд төрийн тэргүүн, өрхийн тэргүүн илүү ухаалаг бөгөөд илүү зоригтой, алсын хараатай хүмүүс байх нь зөв байх болов уу. Нэн ялангуяа Төрийн тэргүүн, ард олны өмнө өндөр хариуцлага хүлээж ажиллах хүмүүс учир өндөр мэдлэгтэй, ажлын сайн арга туршлагатай, хүнлэг, өндөр ёс суртахуунтай, хурц тунгалаг хараатай байхаас гадна хамгийн гол нь ухаалаг зоригтой байх нь илүү чухал билээ. Нэн ялангуяа эр зориг, эрдэм, авьяас чадвар ихээр шаарддаг төрийн өндөр хариуцлагатай албан тушаалд квот болон хүйсийн хувь тогтоож, хайнга буюу баруунлаг онол үзэл илүү баримтлах нь эргэлзээ төрүүлдэг байна. Энд хүйс үл харгалзан эр зориг, эрдэм мэдлэг, ухаалаг авьяас чадвар, ажил мэргэжлийн шаталсан бэлтгэлийг онцгойлон харж үзэх нь зөв юм.
Нийгэмд бие хүний гол баялаг бол нэгдүгээрт, эрүүл мэнд, хоёрдугаарт, эрх чөлөө, удаах байрт, хэлний баялаг байна. Түүнчлэн хүний үүрэг гүйцэтгэх, эрэхээ эдлэх хүн чанар буюу бүх чадварууд хүний гол баялаг. Энэ баялаг улс нийгмийн хөгжлийн үе шатанд шударга хэрэгжин дээшилж байх учиртай.
Энд бид жендэрийн тэгш эрхийг огт үгүйсгэж үзээгүй ба жендэрийн байгаль нийгмээс заяасан онцлог ялгаатай шинжийг зөв харьцуулан жишиж, чухал асуудалд хүмүүс илүү ухаалаг зоригтой, ашигтай, илүү эерэг ойлголтоор хандаж байгаасай гэсэн бодлоор ийнхүү өгүүллээ.
Х.Хавалхаах
/Ахмад багш/
Эх сурвалж: Монголын үнэн сонин №043/24574/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна