Бүтээл, үйлсээрээ мөнхөрсөн Ванган минь


Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Ванганы гэргий Т.Пялзай гуайн дурсамж тэмдэглэлийг хүргэе.

Л.Ванган Соёлын яамны дэд сайдаар ажиллаж байхдаа Завхан аймгаас сонгогдсон АИХ-ын депутат  байлаа. Яг энэ үед 1956-1957 онд АИХ-ын дарга Ж.Самбуу хүчний байгууллагынхантай ярилцсанаар олон жилийн ял авсан хоёр хоригдлыг суллах эцсийн шийдвэрийг Соёлын яамны кино зааланд гаргасан юм. Тэр үед хоригдол Дашжамц “Би дахин ийм муу зүйл хийхгүй” гэж хэлэхэд нь Ж.Самбуу дарга “Та нар итгээч, суллая, дааж авах л хэрэгтэй байна” гэхэд Л.Ванган “Би Сэрээтэрийг нь дааж авъя” гэжээ. Орой гэртээ ирээд “Би Сэрээтэрийг дааж авна, гэртээ ч авчирна” гэж хэлэхэд эхнэр нь “Ванган минь хүн цуглуулна гэхэд арай ч хэтэрлээ” гэхэд ятгасаар байгаад санасандаа хүрсэн дээ. Төр алдсан оносон хүнээ итгээд суллаж байхад би аваад үзье гэж шийдсэн хэрэг. Сэрээтэр маш их авьяастай, баян хуур, аккордион хөгжмөөр тоглож, дуулж бүжиглэдэг. Үүн дээр нь ажиллаж засаад авъя гэх  бодлоор Л.Ванган түүнийг гэртээ авчирсан байх.

Сэрээтэрийн гэргий нь манайд ирсэн. Л.Ванган маань хөөцөлдсөөр байгаад Уул уурхайн яамны харьяа Төв аймгийн Зоргол хайрхны уурхайн соёлын төвд ажиллуулахаар болсон юм. Тэр тухайгаа нэг орой “Гурвуулаа удахгүй явна аа” гэж Сэрээтэрт хэлснээ надад “Маам чи энэ хоёрт хувцас хунар, хөнжил дэвсгэр, аяга таваг гээд тэнд очоод айл болоход нь юу хэрэгтэй бүхэнд нь тусал”  гэснээр гурав дөрвөн шуудай юм бэлдэж аваад явж билээ, бид гурав.

Ийнхүү Сэрээтэр ажилд орж авьяас чадвараа үзүүлж хөдөлмөрлөхөөр Төв аймаг явсан даа. Бид гурвуул уг уурхайд очиход бүх зүйлийг жин тан бэлтгэсэн байв. Уурхайн захиргаа хүлээн авч бэлдсэн орон сууцдаа Сэрээтэрийнхийг оруулж орой нь уурхайн ажилчидтай уулзалт хийсний дараа "Уурхайчдын тосгон"-д Сэрээтэр гэдэг айл нэмэгдлээ. Айл болж цай ундны дээжээ Ванган ахдаа амсуулаад биднийг буцахад “Пялзай эгч та хоёрт маш их баярласан шүү” хэмээн хэлж билээ. Тэгэхэд нь Л.Ванган “Миний хоёр дүү хичээгээрэй. Ахынхаа захиж хэлснээр сайн ажиллаж, уурхайн удирдлагуудтай дотно холбоотой байдаг юм шүү. Ах нь ч гэсэн холбоотой байна. Хоёр хүүхдийг нь ах нь аваад ирсэн ч яах вэ” гэж хэлсэн.

Олон жилийн дараа Л.Ванганд Архангай аймгаас илгээсэн нэг захианд Сэрээтэр “Ахаа, би төрсөн нутагтаа, сумынхаа клубт ирээд таны хэлснээр мөнгөнөөс хол байж, юухан хээхнийг хийсээр байгаад баяраар ойн медалиар, Чанцал минь алдарт ээж боллоо” гэсэн сайхан мэдээгээ дуулгаж билээ.

ӨРШӨӨГДӨЖ, АВРАГДСАН ААВ ХҮҮ ХОЁР

Д.Ламжавыг Завхан нутаг, улс эх орондоо урам зоригтой, сайхан хөдөлмөрлөж явтал нь 1937 оны есдүгээр сард баривчлан шүүж, улмаар 14-ийн хэрэгт холбогдуулан тасалж цаазын ял оноосон боловч хоёр хүүгийнх нь ээж насан өөд болсон тул цаазын ялаас өршөөж, өнчин хоёр хүүхэд нь аавынхаа аминд орсон байдаг юм билээ.

Л.Ванганы "Хүний мөр" кино зохиолоор бүтээгдсэн уран сайхны кино, “Монгол кино” үйлдвэрийн болон Соёлын яамны уран сайхны зөвлөлөөр орж хянан хэлэлцэж шүүн тунгаасны дараа баталж нийтэд гаргахыг хүлээн зөвшөөрсөн юм. Гэтэл дэлгэцэд гарах анхныхаа орой нь “Энэ киног битгий гарга” гэж дээрээс чулуудсан үг Ванганыг зохиолоор нь далимдуулан зайлуулах гэсэн цөөн дарга нарын хийсэн гэм биш зан нь байсан байх аа. Яваа яваандаа "Хүний мөр” кино бүрмөсөн хаагдахын эхлэл байсан юм билээ.

Ю.Цэдэнбал дарга Магван даргыг дуудан ирүүлж “Энэ асуудал үүсгээд байгаа "Хүний мөр", "Түмний нэг" болон Ванганы бусад киног Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ үзэх ажлыг чи зохион байгуул. Мөн энэ ажлын талаарх протоколуудыг эхнээс нь бүгдийг чи бичнэ шүү” гэх үүрэг даалгаврыг Магван гуайд өгсөн юм билээ.

Нэг өдөр Ю.Цэдэнбал дарга Л.Ванганыг дуудлаа гэснээр гэрээсээ гарахдаа нэг хүнтэй утсаар ярьсан юм. Яваад очиход нь Болд сайд, Жигжид найруулагч нар ирчихсэн байжээ. Ю.Цэдэнбал даргын өрөөнд цугларсан олон дарга "Хүний мөр" болон бусад киног үзсэнээрээ уул зохиолуудын дүр, дүрүүд нь чухам юу хэлчихсэн болоод тэгтлээ их эмзэглэн мушгиж, юугаа хамгаалах гээд байсан юм бол. Болд сайд юм юмтай эргэцүүлэн хамгаалах гэсэн хатуухан үг хэлсэн боловч дийлдэхгүй кино бүрмөсөн хаагдаж, Л.Ванганыг төлбөрт унагахын даваан дээр Ю.Цэдэнбал дарга аварч “Чи зохиолоо дахин бич. Энэ гараад байгаа асуудлуудыг бодно шүү. Та нар энэ киногоо дахиад хий, мөнгийг чинь гаргаж өгнө” гэснээр асуудал өндөрлөж Л.Ванганыг гэртээ ирэхэд бага насных нь найз Гаваа нь манайд ирсэн байлаа. Тэд ярилцаж байхдаа “Ёстой өгөөмөр сэтгэлтэй, зангарагтай удирдагч хүн юм аа” гэлцэж билээ. Зохиолч Я.Баяраа, найруулагч Э.Ган-Очир нарын бүтээсэн “Л.Ванган-“Хүний мөр” нэг бүлэг баримтат кинонд Магван даргын өгсөн маш тов тодорхой ярилцлагууд байдаг. Тэр үзэгч бүхэн түмний сэтгэл зүрхэнд хүрсэн гэдэгт миний бие итгэдэг юм. Намайг нэг өдөр хөрштэйгөө гудамжид явж байтал “Та чинь Ванган гуайн гэргий мөн дөө. Та чинь нэг хачин нэртэй” гэж хэлэхэд нь би таныг танихгүй байна гэж хариултал “Ванган гуайн  кинонуудыг гарах тоолонд нь би үздэг гээд  Булган аймгийн нэг сургуулийн багш хэмээн өөрийгөө танилцуулж билээ. Тэр хүн “Л.Ванган-“Хүний мөр” гэдэг баримтат киногоор би таныг таньж байна гэж хэлж билээ. Би гэртээ ирээд хүүхдүүддээ “Аавыг чинь тэр баримтат кино бас уран бүтээлүүдээр нь шүтэн биширч, хүндэтгэн дээдлэгчид байдагт баярлалаа” гэж бахархан ярьснаа мартдаггүй.

Л.Ванганы маань 100 насны ойд зориулан бүтээсэн дээрх баримтат кино болон энэ нэрээр нэрлэсэн хар ном, мөн “Д.Ламжавын Ванган” дөрвөн боть номд олон уран бүтээлч, завханчуудын өгсөн дурсамж, яриануудыг ивээн тэтгэгчдийн ач буянаар үзэгч, уншигч түмэн олондоо хүргэсэн билээ.

Т.Пялзай

 /Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан/

Эх сурвалж: Монголын үнэн сонин №043/24574/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 3 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 6 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 6 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 6 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 6 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 6 цагийн өмнө
SDY Calling you... 6 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 6 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 7 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 7 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 7 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22