Хувцас загварын зөнч



Хотын төвөөс зайдуухан орон сууцны хорооллын таван давхарт урлангаа нээн тохижиж эхлээд байсан дизайнертай хэдэн жилийн өмнө уулзаж байлаа. Тэнд нэлээд хэдэн хүн байсан ч тус тусын ажлаа хийгээд хүн орж ирж байгааг ч анзаарах завгүй угтсан нь санаанд тод үлджээ. Сурвалжилга бэлдэхээр зорин очсон дизайнер нь “O’Couture” брэндийг үүсгэн байгуулагч Д.Отгонжаргал байв. 

Баяр ёслолын үе таарсан учир захиалга ихтэй байсан болов уу, даашинзны нарийн чимэглэлийг нямбайлан хийх агаад үндсэн өнгөнөөс зугтаж байгаа бололтой чимэглэл оруулахдаа ахин дахин нягтлан харж суухтай нь таарсан юм. Тухайн үед тэрбээр хилийн дээс алхаж ирээд удаагүй, Азийн наадмаас томоохон шагнал авсан ч ач холбогдол өгөөгүй янзтай ажилдаа дарагдан байсан санагдана. Тэр цагаас хойш нэлээд хэдэн жил өнгөрчээ. 

Ийн дурсах болсон нь шалтгаантай. Учир нь, “O’Couture” брэндийг үүсгэн байгуулагч, ерөнхий дизайнер Д.Отгонжаргал тухайн үед авч байсан шагналын эзнээр дахин тодорч Азийн шилдэг дизайнераар хоёр дахь удаагаа өргөмжлөгдлөө. Энэ удаад тэрбээр өргөн бүрэлдэхүүн, томоохон коллекц, шинэ брэндтэйгээр Сөүлийг зориод иржээ. “Asia model” фестиваль хэдхэн хоногийн өмнө БНСУ-ын нийслэл Сөүл хотод болсон. Хувцас загварын шилдгүүд чуулсан уг фестивальд 20 гаруй улс орны дизайнер оролцсоноос Д.Отгонжаргал ноолууран брэндийн дээжээсээ танилцуулснаараа онцгойрч чадлаа.

Түүнчлэн үндэсний болон гоёлын коллекцуудаа фестивалийн үеэр танилцуулсан нь олны харааг аргагүй булаажээ. Угаас түүний урласан бүтээлүүд дахин давтагдашгүй. Гар ажиллагаа ихтэй бөгөөд хэлбэр хөөх бус хүний биед суух, зохицохыг бодолцдогоороо ялгардаг гэдэгтэй маргах хүн үгүй байх. Энэ талаар түүний бодлыг хуваалцахад  “Уран бүтээлч бүр өөрийн гэсэн стильтэй. Дээрээс нь хувь хүний стиль гэж бий. Энэ хоёр стиль зөрчилддөг тал байдаг. Тэгэхээр тухайн загвар зохион бүтээгчийн загвараас тэр хүнийг тодорхойлох боломжгүй. Жишээлбэл, рок хөгжим сонсдог, хөгжилтэй хүний бүтээл шал өөр дүр төрхийг илэрхийлсэн тохиолдол байдаг. Миний хувьд ч гэсэн бүтээлийг маань хараад намайг тодорхойлох боломжгүй болов уу. Хэрвээ хэн нэгэн хүн өөрийгөө тодорхойл гэвэл би өөрийгөө даруухан гэж хэлнэ. Тийм болохоор ч тэр үү бүтээлээ урлахдаа чимээгүй орчинд хийх дуртай” хэмээн хэлж байсан юм. 

Д.Отгонжаргал хувцаснуудаа амилуулах моделиудад ихээхэн ач холбогдол өгдөг. Энэ нь ч саяхан оролцоод ирсэн фестивалийн бүрэлдэхүүнээс харагдана. Сөүл хотыг зорихдоо тэрбээр Монголын супер модель Э.Энхболд, Азийн топ модель Г.Оюунгэрэл, топ модель Х.Бадамгэрэл, С.Төгс нарын шилдгүүдээр багаа бүрдүүлжээ. Бүгд л хувцас загварын салбартаа цахиур хагалсан моделиуд юм. Дизайнерууд бол хувцас загварын зөнчид. Тэд хэнд өмсүүлбэл бүтээлийнх нь онцлогийг гаргаж чадахыг мэднэ. “Загвар зохион бүтээгч нэг бүтээл урлахын тулд нэлээд хугацаа зарцуулдаг. Ингэж ур, ухаанаа шингээсэн бүтээлээ үзэгчдэд хүргэхэд модель маш чухал үүрэгтэй.

 Миний бүтээлийг хүмүүст хүргэх моделиуд маань туршлагатай байгаасай гэж боддог. Энэ нь намайг тайзны ард ажиллахад илүү хялбар, санаа зовоох зүйл бага болгодог. Энэ утгаараа би олны танил моделиудыг сонгодог” хэмээн Д.Отгонжаргал хэлсэн удаатай.
Д.Отгонжаргал багын л  бүтээлч хүүхэд байжээ. Хүүхэлдэйдээ хувцас оёхоос гадна эвлэгхэн зурчихна. Эндээс түүний дизайнер мэргэжил тодорч байсан уу гэлтэй. Өсвөр насандаа өөрийн давуу талыг харж Урлах эрдмийн дээд сургуульд элсжээ. Оюутан ахуйдаа бүтээлийн эрэл хайгуулд автаж явсан биз. Цөөнгүй бүтээлийн ард гарч, багш нарынхаа хараанд өртжээ. Ингэж сургуулиа улаан дипломтой төгссөн түүнд сургуульдаа багшлах санал ирсэн гэдэг.

 Оюутны ширээнээс багшийн индэрт хүрсэн тэдгээр он жилүүд ирээдүйгээ бодож бясалгах багагүй цаг өгсөн байх. Сургуульдаа арваад жил багшилсны эцэст дизайнерын карьераа эхлүүлжээ. Д.Отгонжаргал хүнтэй ажиллахдаа эхлээд дотоод ертөнцтэй нь танилцахыг хичээдэг. Судалгаа хийснийхээ дараа сая тухайн хүний шинэ дүр төрхийг гаргаж ирдэг. Түүний баримталдаг энэ зарчим олон хүний стилийг өөрчилж, өөрийн гэсэн дүр төрхөө олоход нь тус болсон байх. Бас “O’Couture” брэндийн эхлэлийг тавих үндэс болжээ. Ингэж явсаар тэрбээр 2014 онд таван хүнтэйгээр брэндийн ажлаа эхлүүлсэн түүхтэй. Одоо бол тэр хувцас загварын ертөнцдөө танигдсан нэгэн тод автор. 

Монголын олны танил эрхмүүд түүний урласан хувцсаар гангарч, гаднын алдартнууд дунд ч Д.Отгонжаргалын үйлчлүүлэгч цөөнгүй бий. Хамгийн сүүлийн жишээ дурдахад, Дэлхийн миссийн тэмцээнд эх орноо төлөөлж байсан загвар өмсөгч А.Баярцэцэг “Тамгагүй төр” жүжгийн Лондоны нээлтэд оролцохдоо Д.Отгонжаргалын бүтээлээр  гангарчээ. Өдөр тутмын стилиэр цасан цагаан суурин дээр сувдан оруулга хийсэн нь эзнээ донжтой хийгээд эрхэмсэг харагдуулж байлаа. Энэ нь тэдний анхны хамтрал биш. А.Баярцэцэгийг Эх дэлхийн миссийн тэмцээнд оролцох үеэс хамтран ажиллаж дизайнераа олон улсын тайзан дээр хэд хэдэн удаа алдаршуулсан загвар өмсөгч.

 

Д.Отгонжаргалын нөхөр Азийн топ модель Э.Энхболд. Тэд бол хувцас загварын салбараас төрөн гарсан гоё хосуудын нэг, хоёр хүүхдийн  аав, ээж юм. Д.Отгонжаргалын ярьснаар тэдэнд бүтээл хийхэд, бизнес эхлүүлэхэд хойш суух цаг багагүй гарсан. Гэхдээ л гэр бүл, ханьтайгаа зүтгэсээр брэндээ хөл дээр нь босгож илүү ихийг хийж бүтээхийн төлөө ажиллаж байна. Д.Отгонжаргал өнгөрсөн хугацаанд өөр өөрийн онцлогтой загварын шоунуудын ард гарчээ. Тэгэхдээ ганцхан зүйл баримталдаг нь стандарт. Энэ утгаараа тэрбээр мэргэжлийн, стандартад нийцсэн загварын шоуг үзэгчдэд үзүүлэх талд  түлхүү анхаардаг юм. Одоо тэр Монголдоо хамгийн томд тооцогдох нүсэр шоу зохион байгуулахаар ажиллаж байна. Загварын шоугаа арванхоёрдугаар сарын 1-нд товлосон бөгөөд энэ үеэр цоо шинэ ноолууран брэндээ танилцуулах ажээ. Түүнчлэн үндэсний, гоёлын нийлсэн 108 загварыг үзэгчдэдээ хүргэхээр бэлдэж байна.  


 Б.Сэлэнгэ

Эх сурвалж: Монголын үнэн сонин №043/24574/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 1 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 2 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 2 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 2 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 2 цагийн өмнө
SDY Calling you... 2 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 2 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 3 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 3 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 3 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22