Жожо: Жазз хөгжмийн ертөнцөд уран бүтээлч бүр тэгш эрхтэй



Сонирхолдоо хөтлөгдөн эхлүүлсэн хэн нэгний санаандгүй алхам ирээдүйг нь замчлан өмнө нь огт төсөөлөөгүй газарт нь хүргэжээ. Үүнээс амьдрал тааварлашгүй, зорилго тавиад хичээвэл амжилтад хүрэх боломжтойг жазз дуучин Б.Өнөрзул хэлж байна. Түүний урлагийн нэр Жожо. Яагаад ч юм эхнээсээ энэ л нэрээрээ жазз уран бүтээлч, сонсогчдод танигдсан учраас чихэнд хоногшчихож. Жожо саяхан Монгол Улсын Морин хуурын чуулгын уран бүтээлчидтэй Версалын ордны хааны дуурийн театрын тайзнаа алдарт Эдип Пиафын “La Vie en Rose”-г дуулж үзэгчдэд хүргэсэн юм.

-Жазз хөгжимтэй нөхөрлөсөн үеэс тань эхлэн ярилцъя. Таны насныхан жазз хөгжимд төдийлөн дурладаггүй юм шиг санагдаг. Харин та яагаад жазз дуучин болох сонголт хийсэн бэ?

-Би UBS мюзикт хөтлөгч, редактороор ажилладаг байсан. Жазз хөгжим сонирхон сонсож эхэлсэн нь оюутан байхдаа хийдэг байсан энэ ажилтай маань холбоотой. Тухайн үед бид хөгжим сонсож, судалж, хайж олсноо хүмүүст танилцуулах үүрэгтэй байв. 2011 оны Грэммийн наадмын “Шилдэг, шинэ уран бүтээлч” номинацын эзнээр Эсперанза Спалдинг тодорсон нь  надад их онцгой сэтгэгдэл төрүүлж тэр үеэс жазз хөгжмийг анзаарч, хайж олоод сонсдог болсон. Эсперанза Спалдингийн уран бүтээлийг дуучин гэхээсээ илүү сонсогчийн хувиар сонсох дуртай байлаа.

-Тухайн үед таны сонирхлыг юу өдөөж жазз уран бүтээлд илүү автуулах болов?

-Монголд “Их талын жазз” фестиваль болдог. “Агула” нэртэй төслийг зохион байгуулж эхэлсэн. Хамгийн гоё нь мэргэжлийн жазз хөгжимчин бэлтгэх Германы төсөл хэрэгжүүлж эхэлснийг мэдсэн.  Тэр үеэс “Дуулдаг юм чинь яагаад өөрийгөө сориод үзэж болохгүй” гэж бодох болсон юм. 2016 онд уг төсөлд хамрагдахаар бүртгүүлж дуулаачаар сурч эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл жазз дуу дуулж байна. Төслийн нэг хэсэг болсноосоо хойш “Яавал илүү олон хүнд энэ хөгжмийг таниулах вэ” гэж бодох болсон. Тэр үед “Бүдүүн муур” жазз клуб нээгдээд өдөр бүр тоглолттой байх болсон.  Биднийг  сонсохоор зорин ирдэг сонсогчидтойгоо жазз хөгжмийн талаар ярилцдаг байв. 

-Таныг дуулж эхэлж байх үед жазз хөгжим сонсогчдын хүрээлэл өргөн дэлгэр байгаагүй. Багахан хүрээлэлд дуучны карьераа эхлүүлэхэд анхандаа ямар санагддаг байсан бол?

-Жазз дуучин болно гэж карьер хөөхөөс илүү энэ жанрт дуртай хүмүүсээ цуглуулж, сонсох дуртай дууг нь дуулж өгөөд олон жилийг өнгөрөөжээ. Одоо бодоход мөрөөдлийн тайзан дээрээ, хүссэн тоглолтоо хийсэн байна. Ингээд бодохоор би азтай байгаа биз дээ. Жазз дуу, хөгжим сонсдог хүмүүстэйгээ ойр байсан. Гэхдээ энэ нь нэг талаараа надаас хариуцлагатай байхыг шаарддаг байлаа. 

-Олон улсын хамтын ажиллагаа, сургалт, зочин уран бүтээлчдийг тодорхой хугацаатайгаар урьж авчрах болсон нь хүмүүсийг жазз хөгжимд дурлуулсан гэж боддог. Харин та юу гэж боддог вэ?

-Тэгэлгүй яах вэ, уран бүтээлчид мэргэжлийн байх тусам нөлөөлөл нь их. Сонсогчид уран бүтээлчийн ур чадвар, хөгжмийн бүтээлд дурладаг. Манай уран бүтээлчид ч гэсэн тухайн үед гадаадаас ирсэн багш нараас урам авдаг, уран бүтээлчийн ирээдүйгээ илүү гэрэл гэгээтэйгээр хардаг байсныг санаж байна. Намайг мэргэжлийн уран бүтээлч болохоор төсөлд хамрагддаг тэр жил үе тэнгийн хоёр багш Германаас ирж 17 хоногийн хугацаатай хичээл заасан. Тэдний нэг нь нарийн бүрээчин, нөгөө нь саксафонч байлаа. Тэднээс жазз хөгжимчний амьдралыг илүү сайн ойлгосон. Герман багш нарын уран бүтээлдээ хандаж байгаа байдал жазз уран бүтээлч болохоор суралцаж байгаа оюутнуудад сонирхолтой санагддаг байсан. Ингэж жазз хөгжимчин, дуучин, сонирхогч нийлсэн орчныг бүрдүүлэхэд тэр чиглэлээр суралцаж байгаа хүмүүсийн ур чадвар ч дээшилдэг. Үүнийг дагаад үзэгч, сонсогчдод хүрэх бүтээл, мэдээлэл илүү өргөн хүрээтэй болж өөрчлөгддөг юм билээ.

Жазз хөгжмийн багш нараас гадна гаднын уран бүтээлчид Монголд ирдэг  байсан. Энэ үйл явдал магадгүй зарим хүнд насан туршийн дурсамж үлдээсэн байх. Монголд гурван удаа ирсэн Жесси Дэвис гээд алфа саксафонч байдаг. Түүнийг хараад “Жазз хөгжим тоглоно” гэсэн сонголт хийсэн оюутан олон байсан. Үнэхээр гайхалтай тоглолт үзэхээр хүний бодол, амьдрал өөрчлөгддөг. Тэр ид шидийг дахин мэдрэхийн тулд судалгаа хийж эхэлдэг юм шиг санагддаг. Би нэг удаа шог зураач С.Цогтбаяр ахад зэмлүүлж байснаа санаж байна.

-Юунаас болоод?

-Бидэнд хандаж “Та нар хаа нэг газар очоод жазз дуу, хөгжим сонсогчдын хүрээлэл бага” гэж ярьдаг. Гэтэл жазз хөгжим сонсдог хүн олон байгаа гэж хэлж байсныг нь одоо хүртэл санаж байна. Түүнээс нэг дүгнэлт хийсэн нь бид байнгын үзэгчээрээ хүрээллээ тогтоогоод байсан байж. Гэтэл бидний таньдаггүй жазз хөгжим сонсдог хүн олон бий. Пянзны цуглуулгатай, жазз сонсдог хүн олон байдгийг ойлгосон юм. 

-Тэгвэл та яг хэзээнээс жазз дуучин болохоор шийдсэн юм бэ?

-Би өөрийнхөө дуу хоолойг бичлэгээс сонсох дургүй, ичдэг байлаа. Энэ бодлыг нэг бичлэг өөрчилж, дуучин болохоор шийдсэн. 2019 онд “Бүдүүн муур”-ын анхны “D off”  цомог бичигдэхэд гурван дуу дуулсны нэг нь “Stardust” байсан. Энэ дуундаа би маш их хайртай. Дуугаа нэг удаагийн дуулалтаар бичүүлсэн. Надад дахиж бичүүлэх боломж олдоогүй. Цомог гарсны дараа дуугаа ганцаараа сонссон. Тэр үед “Чамд ийм зүйл байдаг учраас дуучин болж болох юм байна” гэж өөртөө хэлсэн.

-Тэр үед “Энжигийн эгч дүүс” хамтлагийн нэг хэсэг нь  болчихсон байсан уу?

-“Энжигийн эгч дүүс” хичээлээс төрөн гарсан хамтлаг. Манай багш Энжи. Тухайн үед бид шинэ дуундаа хамтарч ажилладаг байсан. Бидний хоолойн өнгө ч тохирдог юм шиг санагддаг байлаа. Гоё сонсогддог гээд биднийг хүмүүс сонсох дуртай. Ингэж хамтдаа дуулсаар байгаад нэг мэдэхэд “Энжигийн эгч дүүс” хамтлаг шиг болсон. Үнэхээр хайр татам цаг үе өнгөрсөн. “Та нар шиг дуулдаг хамтлаг байдаг ч ингэж сонсогддоггүй” гээд Европ руу хоёр ч удаа урьж гаднын үзэгчдэд  уран бүтээлээ хүргэж байсан. Бидний хамтдаа гарсан тайз болгон их онцгой, утга учиртай байсан санагддаг. Бэлтгэл, дуутайгаа ажиллахад инээд, аз жаргалаар дүүрэн дулаан уур амьсгалтайгаар өнгөрөөдөг байжээ.

-Ямар ч зүйл эхэндээ хялбар байдаггүй. Хамтлагаараа уран бүтээл дээр ажиллахад ямар бэрхшээл тулгардаг байсан бэ?

-Анхандаа бидэнд бэрхшээлтэй зүйл байгаагүй. Бараг урсгалаараа бүх зүйл болсон. Герман явсны дараа нэгэн эрхмийн зөвлөснөөр цомог бичүүлэхээр шийдсэн. Магадгүй тэр үеэс бэрхшээлтэй тулгарч эхэлсэн байх. Тухайн үед Энжи Германд сурч эхэлсэн үе байсан болохоор бичлэг, бэлтгэл гээд бүх зүйлээ зайнаас хийх шаардлагатай болсон. Гэхдээ л төвөгтэй байсан ч цомгоо амжилттай бичүүлж ард нь гарсан даа.

-Өөрсдийн бүрдүүлсэн орон зайдаа жаргал дүүрэн дуулж байгааг чинь хараад жазз хөгжим таны амьдралын нэг хэсэг юм шиг санагдсан. Миний таамагласан шиг хөгжим таныг үнэхээр аз жаргалтай болгодог уу?

-Жазз уран бүтээлч байх гол шалтгаан нь хөгжимчин, дуучин тайзан дээр хамтдаа тоглож байгаа мөч. Бүх уран бүтээлч эрх тэгш. Өөрийнхөө хэлэх гэснийг хөгжмөөрөө хэлэх боломжтой. Нэг нь л байхгүй бол бүтэн болдоггүй. Тиймээс бүгд хамтдаа тайзан дээр тоглох мөч хамгийн сайхан нь. Одоо бол жазз хөгжим, дуугүйгээр амьдралаа төсөөлж чадахааргүй болсон байна.

-“Энжигийн эгч дүүс” хамтлагийнхан одоо хувийн карьертаа анхаарал хандуулж байна. Таны хувьд ямар уран бүтээл дээр түлхүү ажиллаж байгаа вэ?

-Хамтлагийн охид яалт ч үгүй өөр өөр зан араншинтай учраас тусдаа хиймээр зүйл байдаг. Одоо тэр цаг нь буй болоод хувийн уран бүтээлүүдээ хийж байна. Өнгөрсөн хугацаанд “Чи өөрийн гэсэн дуутай болохгүй юм уу” гэж олон хүнээс зэмлэлийн үг сонссон. Тиймээс одоо хувийн уран бүтээлдээ анхаарал хандуулан ажиллаж байна.

-Саяхан Монгол Улсын Филармонийн уран бүтээлчид Версалын хааны ордонд тоглолтоо толилуулахад та тайзан дээр гарсан. Хэний, ямар уран бүтээлийг дуулж үзэгчдэд хүргэсэн бэ?

-Версалын хааны ордны дуурийн театрт Монгол Улсын Филармонийн Морин хуурын чуулгатай хамт дэлхийд алдартай уран бүтээлч Эдип Пиафын “La Vie en Rose” дууг дуулсан. Өгөгдсөн даалгавар бол Францын ард түмний хайртай охин, дууч шувуухай Эдип Пиафын дэлхий дахинд таниулсан сонгодог шидээвэр болох энэхүү хайрын дууг эх хэлээр нь дуулах байлаа. Би чадах чинээгээрээ хичээсэн. Анх удаа ийм том үүрэг хариуцлагатай томилолт авсан нь миний хувьд нэр төрийн хэрэг байлаа.

-Хүний хүсэл мөрөөдөл хязгааргүй. Цаашдаа та жазз хөгжмөөрөө үргэлжлүүлэн суралцах уу?

-Версалын хааны дуурийн театрын тайзан дээр гарснаас хойш таны хэлсэн “Хүсэл мөрөөдөл хязгааргүй” гэдэг үгэнд илүү их итгэх болсон. Би олон зүйлийг хүсдэг, маш том мөрөөдөлтэй. Өмнө нь арай бүтэхгүй байх гээд хойшоо суудаг байсан бол одоо ханцуйгаа шамлаад орж байна. Гэхдээ “Ийм ч юм хийнэ, тийм ч юм хийнэ” гэж хэлэхгүй. Хийж бүтээснийхээ дараа үзүүлэхийг хүсэж байна.


Б.Сэлэнгэ

Эх сурвалж: Монголын үнэн сонин №043/24574/


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 1 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 1 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 1 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 1 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 2 цагийн өмнө
SDY Calling you... 2 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 2 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 2 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 2 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 2 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22