...Алдрай жаахан бие чинь гол усан мэт урсаж эхлэх нь Амьсгаан дотуур чинь алтан загас сэлүүрдэхийнх биз ээ…


ӨВӨРМОНГОЛЫН ЯРУУ НАЙРАГ


Өвөрмонголын өөртөө засах орны Улаан хад хотын Баарин баруун хошуугаар нутагтай яруу найрагч Тагна  Ялагч 1991 оноос шүлэг зохиол оролдож эхлээд, анхны шүлгүүдээ Өвөрмонголын өнөө цагийн сонин, сэтгүүлүүдэд нийтлүүлж, 1997 онд “Баарины одоо үеийн залуу шүлэгчдийн шүлгийн сонгомол” яруу найргийн антологи эмхэтгэж, 2016 онд анхны шүлгийн түүвэр “Чулуун ургамал”, 2021 онд удаах түүвэр “Харцны минь гүнээс дорно цэцэглэнэ” номоо хэвлүүлжээ.
Түүний шүлгүүд дорнын яруу найргийн уламжлалт өнгө аясыг өнөө цагийн сонгомол арга барилтай чадмаг хослуулсан, гойд соргог мэдрэмжтэй, дүрслэл сайтай, дотоод цөмөөсөө нуугьсан халуун дулаан илчтэй, энэрэхүй үзэл нэвт шингэсэн онцлогтой. Магадгүй даяаршин буй дэлхий дээр өнөөдөр чин сэтгэлийн угаас охь дарс лугаа адил нэрж гаргасан чухам ийм шүлгүүд дутаж буйгаас хүмүүс сэтгэлээ алдан ээдэрч, хайраасаа төөрөлдөн шаналж, утга учиргүй самууралд автан тарчилж байгаа ч юм бил үү? Хэрэв тийм бол энэ мэт шүлгүүдийг олж уншиж, мэдэрч хүртэх нь оюуны их цэнгэлийг эдлүүлж, таны сэтгэлийн мэлмийг онхи өөрөөр нээх нь лавтай билээ. 
М.Уянсүх 


Намрын утга навчсынхаа өнгөнөөс гүн

Намар аа, 
Хүмүүс чиний өнгөнд их дуртай 
Намар аа, 
Харин би чиний 
өнгөний шалтгаанд илүү дуртай
Намар аа, 
Хүмүүс чиний дотор гунигаа асгах дуртай 
Намар аа, 
Харин би чиний дотор голоосоо асах дуртай 

Навчис аа, 
Хүмүүс чиний хийсэн хөглөрөхөд дуртай 
Навчис аа, 
Харин би чиний 
өнгөөрөө бүтээх урлагт чинь дуртай
Навчис аа, 
Хүмүүс чиний бие дээр гишгэлэх 
мэдрэмжид дуртай 
Навчис аа, 
Харин би чамайг нөмөрч бясалгах 
чулууны зүүдэнд дуртай 

Модод оо, 
Хүмүүс чамайг навчистай байхад дуртай 
Модод оо, 
Харин би чамайг нүцгэрэхээр 
дэргэд чинь ганцаардах дуртай 
Намар аа, 
Хүмүүс чиний дотор олноороо суух дуртай 
Намар аа, 
Харин би өөрийг чинь 
өөр дотроо л байлгахдаа дуртай

Навчис аа, 
Хүмүүс чиний шаргал өнгөтэй хамт 
зургаа дарах дуртай
Навчис аа, 
Харин би чиний дотор 
өөрөө шаргалтах дуртай
Намар аа, 
Хүмүүс чиний манантай өглөөд үлэмж дуртай 
Намар аа, 
Харин би чиний мөнхийн мөн чанарт 
мөн биеэрээ шингэж одох дуртай…

2023.09.28

ТӨСӨӨЛЛИЙГ МИНЬ БҮТЭЭЖ БУЙ ЭХ ОРОН

Навчсын судал дотор өнгө болон эрхэлж буй 
эх орон руугаа 
Намрын бугын нүдэн дотор манан болон 
бүдгэрсээр очном, би 
Солонгын өнгөн дотор үнэр болон хүлээж чадаагүй 
      замхран алдаж буй эх орон руугаа
Сарны будаг залгилсаар эргээ дэлсэж буй нуур болон очном, би 

Нутгаа тэмүүлж яваа аргамгийн амьсгаан дотор 
амиа дэвсэж буй эх орон руугаа
Намрын тэнгэр дотор өөрийгөө дүрсэлж буй 
навчис мэт лавсалсаар очном, би
Үүлсийн урсгал дотор сэтгэлээ зүйж буй 
хөх салхины эх орон руугаа 
Өөрийн эрхгүй гэгэлзэж буй ой моддын 
хөгжим болон очном, би 

Шархных нь дотоод өвдөлтийг шингээж буй 
гөрөөсний хэлэн дээрх эх орон руугаа 
Ширхэг нулимсныхаа унах зайгаар орчлонг төсөөлсөөр очном, би 
Сансар огторгуйн хязгааргүй тэлэлтээс 
өөрийгөө агшаан авч үлдэж буй эх орон руугаа 
Сайхан үсээ гурваар сүлжсээр 
ганцаардал мэт сэм сэмхэн сарниж очном, би...

ХОЁУЛАА 

Хоёулаа хэзээ ч уулзахгүй 
Холын цастай уулс байх уу? 
Хэзээ ч ердөө уулзахгүй гэлээ ч 
Хэлхэгдсэн их манантайгаа байх уу?

Хэн, хэндээ хэмжээлшгүй дурлаад 
Хээрийн зэрэглээн дотор 
морьд шиг давхилдсаар л байх уу? 
Хэзээ ч уулзахгүй гэсэн мөртлөө
Хэзээд уулздагуудаас хол илүү утгатай байх гээд
Хэн нэгэндээ мод тарьсаар л байх уу? 

Хоёулаа хэзээ ч уулзахгүйгээ мэдсээр байж 
Хувь тавиландаа бүр ч итгэхгүй 
Хангайн салхиар хэн нэгнээ хайсаар л байх уу?
 
Миний уулын буга 
Чиний уулын согоо руу 
Навчис даргитал урамдахад 
Намрын жимс болж хоёулаа 
Нэгэн зэрэг унаад 
Нимгэртэл санаа алдсаар 
Хөрсөнд баглуулан, 
Хүсэл хүслээрээ 
Нэгэн цул болох уу? 

Хоёулаа хэзээ ч уулзахгүй 
Холын цэнхэр уулс байлаа ч 
Бороотой үдшийн үүлсийг 
цугтаа нөмөрч хоноод 
Бэл, бэлийнхээ усыг 
дорнын тал дээр нийлүүлээд 
Цахилан цахилан өнгөрөх 
Цангасан зээрийн улаан торгон хоолой дээр 
Чанга тэврэлдсээр эцсийн удаа учрах уу?

***
Сарны цагаан гэрлийг чи яахан даавуу шиг 
эсгэж  өмсөөд 
Сайхан биеийнхээ галбирыг 
голын эрэг дээр зурж чадаж байгаа юм бэ? 
Шувуу цуцам алсаас ч сүнсийг минь даллан 
даллаад л 
Сэтгэлээ далдалж, сэтгэлийг минь алдалж 
   чадаж байгаа юм бэ?

Өвөр дээгүүр чинь урсах горхины цагаан аялгууг 
Үсэн дотроосоо яахан 
улам хөгжимлөг сонсгож чадаж байгаа 
юм бэ?
Үүрийн жавар ч цуцам зайгаас үүлсийг 
дуудан дуудаад л 
Өөрийг минь бас яахан өөрөөсөө илүү урсгаж 
чадаж байгаа юм бэ?

Өвсний өнгийг чи яахан амьсгаандаа 
шингээж чадаад 
Үйлээ чи яахан надад өнгөөр илтгэж чадаж 
байгаа юм бэ? 
Үүлс цуцам холоос ч ухааныг минь 
урхидан урхидаад л 
Өөрийнхөө ганцаардлыг яахан 
өөрөөр минь нөхөж чадаж байгаа юм бэ?

Цэцгийн хээг чи яахан хуруундаа урлан чадаад 
Чимхсэн оромноосоо шүлэг ургуулан чадаж 
байгаа юм бэ? 
Чимээ ч цуцах аниргүй руу чив чимээгүй урсаад л 
Цээжнээс минь эхлэн залгилсаар 
биеийг минь яахан барж чадаж байгаа юм бэ? 

2023.9.29

***
Хархан нүдийг чинь уруулаараа шүргэхэд
Асаалттай бүхэн унтраад, асдаггүй бүхэн гэрэлтэх нь 
Хайрын минь шалтгааных биз ээ…  

Халуун цээжин дээр чинь манан мэт хүрэхэд амьсгаа давхцах нь 
Хайрын чинь хатан оргилд дөхөж хүчилтөрөгч дутахынх биз ээ…  

Булбарай зөөлөн гарт чинь хүзүүгээ тэврүүлэхэд амь хаагдах мэт болох нь  
Биед чинь өгсөн хайрынхаа хүчийг буцааж мэдрэхийнх биз ээ…

Алдрай жаахан бие чинь гол усан мэт урсаж эхлэх нь 
Амьсгаан дотуур чинь алтан загас сэлүүрдэхийнх биз ээ…

Нартай борооны дараа давхар солонго татаж өвс, цэцэгс тайтгарах нь
Нүцгэн биеийн чинь нууц долоохон өнгөөр нутагт минь алдрахынх биз ээ… 

2023.10.03

***
Хүмүүний сэтгэл мэт нимгэрэхээс цас шиг 
эмээнэм, би! 
Хүйлэн орчлонгийн хязгааргүйн хязгаар байх 
юмсан гэж 
Хөндийг бүрхсэн арц үнэрээ цацахаас өөрийг 
          огт чадахгүй мэт байхад шунанам, би 
Жаргалын хийгээд зовлонгийн нулимс 
адилхан амттай байдагт бороо шиг эмээнэм, би...

Зүгээр л гэрэлтэхээс өөрийг үл чадагч мэт 
байж байгаад 
Зүрхээ хэлтлэн үдшийн тэнгэрийг тэмтэрч, 
одод мэт байх гэж мөрөөснөм, би
Хайрын цав мэт хагарахаас чулуу мэт айнам, би 
Хангай шиг дув дуугай байхаас бусдыг 
үл чадах мэт байж байгаад
Хамгийн хэцүү цагт амь тэмцэгч бүхэн 
сүүдэрт нь сууж шархаа долоох
ганц модыг авч үлдэхийг нь дуурайж 
шүлэг бичих гэж зовном, би


Эх сурвалж: Монголын үнэн сонин №043/24574/


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 1 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 1 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 1 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 1 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 2 цагийн өмнө
SDY Calling you... 2 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 2 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 2 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 2 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 2 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22