Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2023.11.23) нэгдсэн хуралдаан 10 цаг 17 минутад эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэхээр тогтож, Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар хуулийн төслийг буцаан татахаар ирүүлсэн Засгийн газрын албан бичгийг танилцуулав. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн “Хууль санаачлагч төслөө татан авах журам” гэсэн 20 дугаар зүйлийн 20.3-т “Энэ хуулийн 20.1, 20.2-т заасны дагуу хууль, тогтоолын төслөө татан авах тохиолдолд тухайн төсөл нь хэлэлцүүлгийн аль шатанд байгаагаас үл хамааран хууль санаачлагч хууль, тогтоолын төслөө татан авах үндэслэлээ тусгасан албан бичгийг Улсын Их Хуралд ирүүлэх бөгөөд Улсын Их Хурлын дарга нэгдсэн хуралдаанд энэ тухай танилцуулснаар хууль санаачлагч хууль, тогтоолын төслөө татан авсанд тооцно” гэж заасан байдаг. Засгийн газраас 2022 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Зохицуулах үйлчлэлтэй хүнсний тухай хуулийн төслийг татан авч буйгаа мэдэгдсэнийг Улсын Их Хурлын дэд дарга танилцуулсан юм.
Нэгдсэн хуралдаанаар эхлээд “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам танилцууллаа.
Байнгын хороо 2023 оны арван нэгдүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгээр санал хурааж, олонхын дэмжлэг авсан саналуудыг тогтоолын төсөлд нэмж тусган, төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дарааллыг жигдлэх хууль зүйн техникийн засваруудыг хийсэн гэв.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас зарчмын зөрүүтэй 1 саналын томьёоллыг санал хураалгахгүйгээр гүйцээн боловсруулах чиглэл өгч, Байнгын хороонд шилжүүлснийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42.2.1-т заасныг баримтлан, санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.
Байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Т.Доржханд, Ш.Адьшаа, Ц.Туваан, Б.Дэлгэрсайхан нар асуулт асууж, Эдийн засгийн байнгын хорооны дарга болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, тайлбар, мэдээлэл авсан юм. Дараа нь зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэсэн юм. Тодруулбал, орон сууцны ипотекийн хөтөлбөрийг Засгийн газар шилжүүлэн авах хүртэлх хугацаанд хөтөлбөрийн тасралтгүй байдлыг хангаж, зээлийн эргэн төлөлтөөс санхүүжүүлэх, мөн орон сууцны ипотекийн хөтөлбөрийн хүрээнд олгох зээлийн нийт эх үүсвэрийг нийслэл, орон нутагт тэгш, хүртээмжтэй хуваарилахыг Монголбанканд даалгахыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Ийнхүү саналын томьёоллыг дэмжсэн тул Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулсан юм. Нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 39 гишүүний олонх буюу 53.8 хувь нь дэмжснээр “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдав.
Дараа нь Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан боловсруулсан “Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан боловсрол, эрүүл мэндийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцууллаа.
Улсын Их Хурал арван нэгдүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм. Төсвийн байнгын хорооны энэ сарын 21-ний өдрийн хуралдаанаар дээрх тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн байна. Байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.1 дэх заалтад заасны дагуу нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарын төслийг бэлтгэсэн байна.
“Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан боловсрол, эрүүл мэндийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул эцсийн хувилбарын төсөл болон эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэжээ.
Төсвийн байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулав. “Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан боловсрол, эрүүл мэндийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн 52.5 хувь нь дэмжснээр төсөл батлагдав.
Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр танилцуулсан боловч төслийн зарим заалтыг хууль хоорондын зохицуулалтад нийцүүлэх шаардлага үүссэн учир Байнгын хорооны анхны хэлэлцүүлэгт буцаах горимын саналыг Улсын Их Хурдын дэд дарга Л.Мөнхбаатар гаргав. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн “Нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулах” гэсэн 41 дүгээр зүйлийн 41.8-д “Нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулах үед хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дахин явуулах шаардлагатай гэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзсэн бол хуулийн төслийг Байнгын хороонд буцаана” гэж заасан байдаг. Улсын Их Хурлын дэд даргын гаргасан горимын саналаар санал хураалт явуулахд гишүүдийн 56.4 хувь нь дэмжсэн тул Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.
Энэ өдрийн нэгдсэн хуралдааны төгсгөлд зарим Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн юм. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгаланг, Төсвийн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэнг, Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн П.Анужинг, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболдыг, Эдийн засгийн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцагийг сонгохоор тогтжээ. Энэ талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн П.Анужин, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нар тус тус танилцуулав.
Байнгын хороод хуралдаанаараа Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 26 дугаар зүйлийн 26.4, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т заасан журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэсэн байна.
Ингээд дээрх санал, дүгнэлтүүдтэй холбогдуулан, Байнгын хорооны даргад нэр дэвшигчдээс нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд асуулт асууж, санал хэлэх шаардлагагүй гэж үзсэн тул санал хураалт явууллаа. Байнгын хороодын саналаар нэгбүрчлэн санал хураалт явуулахад Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгаланг улируулан сонгохыг хуралдаанд оролцсон 40 гишүүний 60 хувь нь, Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн П.Анужинг улируулан сонгохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 61.9 хувь нь, Төсвийн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэнг улируулан сонгохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 69 хувь нь, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболдыг сонгохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 69 хувь нь, Эдийн засгийн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцагийг улируулан сонгохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 69 хувь нь тус тус дэмжсэн юм. Иймд Улсын Их Хурлын холбогдох тогтоолын төсөл батлагдаж, Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар эцсийн найруулгыг нэгдсэн хуралдаанд уншиж танилцууллаа.
Ийнхүү Улсын Их Хурлын өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөсөн бөгөөд Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар хуралдааны төгсгөлд хэлэлцүүлэг хоёр дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилж байгааг хэлэлцүүлгийн талаар мэдээлэл өгөв. Тэрбээр “Монгол Улсад парламентын ардчиллыг төлөвшүүлэх, түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн оршил хэсэгт заасан эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх үйл хэрэгт чухал хувь нэмэр оруулсан үйл явдал болж байна. Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоотой 2022 оны наймдугаар сард байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд жендерийн мэдрэмжтэй парламент болон хүний эрхийн мэдрэмжтэй парламентын өөрийн үнэлгээг энэ өдрүүдэд хийж байна. Олон Улсын Парламентын Холбоо жендерийн мэдрэмжийн өөрийн үнэлгээг сүүлийн 10 жилийн хугацаанд бусад улстай хамтран зохион байгуулаад байгаа. Хүний эрхийн өөрийн үнэлгээг манай улстай хамтран анх удаагаа зохион байгуулж байгаагаараа онцлогтой юм. Бид хүний эрх, жендерийн асуудлаар юу хийсэн, юу хийх шаардлагатай байгааг хөндлөнгийн, хараат бус, мэргэшсэн олон улсын шинжээчдийн багаар хийлгэж байгаагаараа парламентын түүхэнд бичигдэх онцгой үйл явдал болж байна” хэмээгээд Улсын Их Хурлын гишүүдийг Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хамтран зохион байгуулж буй “Хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй парламент” өөрийн үнэлгээний нэгдсэн хэлэлцүүлэгт идэвхтэй оролцохыг урьсан хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна