Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржтой ярилцлаа.
-Аймгийн удирдлага бүрэн эрхийн хугацааныхаа гурван жилийг нь ардаа үджээ. 2020 онд энэ баг ажлаа аваад хийж хэрэгжүүлэх олон ажлыг төлөвлөсөн нь тодорхой. Өнөөдрийн байдлаар амжилттай хэрэгжүүлсэн томоохон төсөл, хөтөлбөр, түүний хэрэгжилт ямар байгаа бол. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Аймгийн Засаг даргын бүрэн эрхийн хугацаанд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 309.3 тэрбум төгрөг, орон нутгийн Хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 81.7 тэрбум төгрөгийн, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 16.6 тэрбум төгрөгийн, Замын сангийн хөрөнгө оруулалтаар 6.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлж байна. Томоохон төсөл арга хэмжээнүүдээс дурдвал Ерөө суманд “Монгол Алт” компанийн 11.5 тэрбум төгрөгийн олон улсын стандартад нийцсэн дөрвөн давхар 960 хүүхдийн сургууль, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд 6.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай төрийн албан хаагч урьдчилгаа төлбөргүй, найман жилийн хугацаатай төлөх 120 айлын орон сууц барьж байна.
Аймгийн төвийн Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн барилга, Сайхан сумын “Залуучууд” хөгжлийн ордон, Сүхбаатар сумын Хүүхэд хамгаалал, хөгжлийн төвийн барилга, Нөхөн сэргээх сургалтын төвийн барилга, Мандал сумын бохир усны шугам сүлжээг өргөтгөх ажил, Алтанбулаг сумын хилийн боомтын цэвэрлэх байгууламжтай холбох бохир ус зайлуулах шугамын ажлууд 90-100 хувийн гүйцэтгэлтэйгээр үргэлжилж байна. Цагааннуур сумын Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилга 95 хувь, аймгийн Нэгдсэн эмнэлгийн барилгын дотоод сантехникийн шугам солих “Ноён Өндөр” констракшны хийж буй ажил 100 хувь, Сүхбаатар сумын дөрөвдүгээр багийн 200 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилгын 49 хувь, Дархан-Сэлэнгийн авто замаас Шаамар-Цагааннуур, Түшиг-Зэлтэрийн боомттой холбох 120.8 километр хатуу хучилттай замын ажил 95 хувь, Баянгол суманд ЖДҮ эрхлэгчийг дэмжин ажиллах Бизнес инкубатор төвийн барилгын ажил 80 хувь, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн лабораторийн барилгын ажил 40, аймгийн төвд шинээр дөрвөн эгнээ, 0.6 километр хатуу хучилттай авто зам барих ажил тус тус үргэлжилж байна. 108 орчим сая ам.долларын буюу 300 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилттэй, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа томоохон дэд бүтэц бол ДЦС.
Манай аймаг, орон нутгийн стратеги төлөвлөгөөнүүдийг боловсруулж байна. Сэлэнгэ аймгийн аялал жуулчлал, газар нутгийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө гаргах гээд бүх зүйлийг төлөвлөгөөнд үндэслэн хийнэ. Тиймээс бид менежмент, төлөвлөгөөндөө тулгуурлан ажиллаж байна.
-Сэлэнгэ аймгийн дэд бүтэц маш сайн хөгжсөн, олон улсын гарцтай, томоохон зах зээлүүдэд ойр, хөгжихөд таатай байршилтай. Ийм давуу талыг ашиглаад аймгийг илүү хөгжүүлэх хөгжлийн төлөвлөгөөг зурсан болов уу гэж бодож байна?
-Сэлэнгэ бол бүтээгдэхүүн нийлүүлэгч аймаг. Манай аймаг бүтээгдэхүүнээ Дархан-Уул аймаг руу нийлүүлдэг. Сэлэнгэ аймгийн төв ОХУ-тай авто зам болон төмөр замын боомтоор хиллэдэг. Одоо шинэ боомт нээгдэж, иргэдийн зорчих хөдөлгөөн нэмэгдэж байна. Мөн ачаа тээврийн урсгал гарц өмнөхөөсөө 3-4 дахин нэмэгдэнэ.
Монгол Улсын Засгийн газраас 21 мянган хүн хүлээж авах боломжтой гэж тооцоолсон. Одоогоор арван мянган хүн амтай манай аймагт гурван том хот байдаг. Тиймээс гурван хотоо бүсчлэн хөгжүүлэх зорилготой ажиллаж байна. Тухайлбал, Сүхбаатар сум 100 мянган хүний даацтай хот болох ёстой. Харин Мандал сум 100-150 мянган хүн хүлээж авах хүчин чадалтай хот болох ёстой. Одоогоор 30-аад мянган хүн амьдарч байна. Дараагийн хотыг Хөтөл гэж харж байна.
-Газар тариалангийн гол бүс нутаг, ногоон эдийн засагтай аймаг гэсэн тодорхойлолт бол танай аймгийнх. Аймгийн хэмжээнд одоогоор хэдэн ААН, компани, иргэд газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Тэдний аймгийн төсөвт бүрдүүлж байгаа хувь хэмжээ ямар байгаа вэ?
-Манайх Монгол Улсын газар тариалангийн гол бүс. Улсын төсөв бүрдүүлдэг зургаан аймгийн нэг. Энэ жил 41 хоног бороо орсон нь ургац хураалтад сөргөөр нөлөөлсөн. Үр тарианы болц удааширсан. Урт намар болсон. Бороо орж, нар халаад асуудал хүндрэлтэй байлаа. Үүнээс үүдсэн асуудал байсан ч бид нэг га-гаас 16 центр ургац авсан. Энэ нь 60-аад жилийн түүхэнд эхнээсээ дөрөв дэх өндөр ургац.
- Ургац, хүнсний ногоо тариалалт нэмэгдсэний шалтгаан нь юутай холбоотой байв?
-Монгол Улсын үр тарианы 50 хувийг манай аймаг дангаараа хангадаг. Ургацын хувьд улсаас өгсөн үүрэг даалгавраа хангалттай биелүүлээд явж байна. Цаашдаа энэ хандлагыг өөрчлөх ёстой. Газар төрийн өмч. Бид нийгмийн хариуцлагатай болох шаардлагатай. Зөвхөн дотоодын хэрэгцээгээ хангах бус экспортод хүнсний ногоогоо гаргах хэрэгтэй. Ингэхийн тулд нэг га талбайгаас авах ургацын хэмжээгээ нэмэгдүүлэх нь чухал. Тухайлбал, газар тариалангийн чиглэлээр бизнес эрхэлдэг тухайн компанид үүрэг чиглэл өгч 1000 га талбайтай бол нийлүүлэх ургацын хэмжээг нь тодорхойлж, үлдсэнийг нь экспортод гаргах боломж бүрдвэл хөдөө аж ахуйн салбарт орох орлого өсөх боломжтой. Ингэснээр экспортын асуудал яригдана.
Энэ хүрээнд сум бүрээ төрөлжүүлж, нийлүүлэлтийн ажлыг хийх нь зөв. Сум бүр дуртай ногоогоо тарихгүйгээр төрөлжүүлээд явбал илүү ашигтай. Тиймээс цаашдаа төрөлжүүлээд хадгалах зоорь бэлдвэл Монгол Улсын хэмжээнд хүнсний ногоог хангах боломж манай аймагт бий. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд зөв зохион байгуулалт чухал. Тухайлбал, тариаланч, худалдан авагч, баглаа сав боодлын үйлдвэр гээд тодорхой шат дамжлагаар хийх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, нэг хүн олон ачаа үүрэх биш хамтын ажиллагаа чухал. Бусад орны хүнс үйлдвэрлэгчид шат шатанд тодорхой нэг ажлын чиг үүрэгтэй байдаг.
-Аймгийг эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хослуулан эрхлэх стратегийн бүс нутаг болгох шийдвэрийг Засгийн газар гаргаж байсан. Энэхүү шийдвэр аймаг орон нутгийн хөрсөн дээр хэрхэн үр дүнтэй хэрэгжиж байгаа бол?
-Эрчимжсэн мал аж ахуй гэдэг нь том ухагдахуун. Бэлчээрийн мал аж ахуйгаас илүүтэй эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх хэрэгтэй. Сайн үүлдрийн малыг авчирч, тохирсон тэжээл, ургамлыг нь тарьж, өсгөх шаардлагатай. Түүнээс бус эрчимжсэн мал аж ахуй гэж зарлачихаад Засгийн газрынхаа бодлогыг хэрэгжүүлэхгүй байгаа нь хүндрэлтэй байна. Нэг, хоёр малчны эрх ашгийг бус эрчимжсэн мал аж ахуйгаа дэмжих шаардлагатай.
-Сэлэнгэ аймгийн харьяат биш ч газар авч газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэх боломж иргэн, аж ахуйн нэгжүүдэд бий юү?
-Манай аймагт 2023 он гарсаар 1800 хүн шилжин ирж суурьшсан байна. Цаашдаа Сэлэнгэ аймагт амьдрах боломж, бололцоо, нөхцөл юу байх талаар Улаанбаатар хотноо “Нээлттэй Сэлэнгэ” чуулга уулзалт хийсэн. Сэлэнгэ аймгийн 17 сумын Засаг дарга болон ИТХ-ын төлөөлөгч, бизнес эрхлэгчид оролцсон энэ уулзалтаар аймгаа цаашид хэрхэн бүсчлэн хөгжүүлэх талаар судаллаа. Сэлэнгэ аймгийн аль суманд ямар үйлдвэрлэл эрхэлж, юу хийж болох талаар зөвшилцсөн.
Бидэнд цаашдаа эрчимжсэн мал ахуйг хөгжүүлж, газар тариалангаа тэлэх боломж байна. Өвлийн хүлэмж, төмс, хүнсний ногоо тариалахад манай аймаг нээлттэй. Тиймээс бид “Нээлттэй Сэлэнгэ” арга хэмжээгээр аймгаа сурталчилж, боломжоо танилцуулсан. Тухайн хүн манай боломжийг ашиглаж, сайн үүлдрийн мал аж ахуй, шинэ техник техологи оруулж ирж үйл ажиллагаагаа явуулах нь нээлттэй юм.
-Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас цөлжилт нэмэгдэж байна гэдэг. Сэлэнгэ аймгийн хувьд цөлжилт ямар байна. Түүнээс сэргийлэх талаар хэрхэн ажиллаж байгаа вэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд манай Сэлэнгэ нийлүүлэгч аймаг болохоо зарласан. 2022 онд анх нийлүүлэгч аймаг болохоо зарлахад найман сая орчим тарьц, суулгацтай байсан. Одоо бид 2023 оны тооцоогоо хийхэд нийтдээ 50 орчим сая модтой болсон болов уу гэж бодож байна. Манай аймаг бусад аймагтаа тарьц, суулгацаа нийлүүлнэ. Аймгийнхаа түймэрт өртсөн, хортон шавжид идэгдсэн 252 га газрын судалгаа гаргасан. Сэлэнгэ аймгаас гарах төрөл бүрийн үрийн судалгааг гаргасан. Одоо бид аль аймагт ямар мод таривал тохирох вэ гэдгийг судалж байна.
Өнгөрсөн хавар манай удирдлагын баг Дорноговь, Өмнөговь аймагт мод тарьсан, сайхан ургаж байна. Ингээд бид аймаг, аймагт туршилтын модоо тариад эхэлсэн.
-Ажилгүйдэл аймгийн хэмжээнд ямар байна. Ажлын байр нэмэгдүүлэх нөөц бололцоо хэр байгаа вэ?
-ДЦС-ыг ашиглалтад оруулснаар 300 хүний ажлын байр, нүүрсний уурхай ашиглалтад оруулснаар 400 ажлын байр шинээр бий болно. Цаашлаад төмөр замын ажлуудыг дагасан ажлын байр бий болно. Энэ мэтчилэн манайд нэлээд ажлын байр бий болсоор байна.
Хувийн хэвшил, иргэд өөрсдөө санаачилгатай ажиллавал манай аймагт ажилгүйдэл гарах нөхцөлгүй. Бид аж ахуйн нэгжүүдтэйгээ хамтарч ажиллахаар зорьж байна.
-Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хот дэд бүтэц сайтай. Сүүлийн жилүүдэд барилгажилт нь хүрээгээ тэлсэн байгаа харагдаж байна. Дэд бүтэц, орон сууцыг хөгжүүлэх ямар бодлогуудыг хэрэгжүүлж байна вэ?
-Сүхбаатар хотод аялал жуулчлал, усан тээвэр, хил орчмын худалдаа, аж үйлдвэрлэл хөгжүүлэх өргөн боломжтой. Зам харилцаа, эрчим хүч, дэд бүтэц сайтай. Ижил төстэй муж, хотуудтай шууд болон уламжлалт харилцаатай хот. Тиймээс хилийн боомт хот болгон хөгжүүлснээр аж үйлдвэрийн тээвэр логистикийн төвүүдийг байгуулах, аялал жуулчлалыг хөгжүүлснээр ОХУ-ын хилээр орж ирж байгаа аялагчийн тоо нэмэгдэж, бизнес эрхлэгчид аялах, бизнес хийх, хотын тээвэр, логистикийн төвөөр дамжуулан бараа бүтээгдэхүүнийг гуравдагч орон руу гаргах бүрэн боломжтой.
Сүхбаатар хотод өмнө нь халаалт, дулааны асуудал тулгамдаж байсан. Учир нь, ДЦС-гүйгээс орон сууц барьж чадаагүй. Харин 2024 оны дөрөвдүгээр сард 50 мВт-ын ДЦС-ыг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. ДЦС-тай болсноор Сүхбаатар хотын хөгжилд эерэг нөлөө үзүүлнэ. ДЦС-тай болсноор эрчим хүчний асуудлыг бүрэн шийдэж байна. Үүнтэй холбоотой дэд бүтэц, барилгын ажлыг эхлүүлсэн. Өнөөдөр аймгийн төвд 1000 айлын орон сууцны төсөл хэрэгжүүлж эхлээд байна.
Ирэх арванхоёрдугаар сард 77 айлын орон сууц ашиглалтад орно. Сэлэнгэ аймагт амьдрах нөхцөл бүрдэх юм. Сайхан суманд 240 айлын орон сууц, Мандал суманд 300 айлын орон сууцыг тус тус барьж байна. Төмөр замын боомтоо түшиглэж аймгийн төвийг хөгжүүлэх бодлого барьж байгаагаа мөн энэ ташрамд дуулгая.
-Шинэ ДЦС-ыг ашиглалтад оруулснаар орон сууцны өртөг буурах болов уу. Өнөөдрийн байдлаар Сүхбаатарт орон сууцны үнэ ямаршуу байгаа бол. Иргэдийн орон сууц худалдан авах чадвар хэр байна. Захиалга өгөх хүсэлт, эрэлт хэр зэрэг өсөж байна вэ?
-Засгийн газраас орон нутагт 100 ам.метрээс дээш квадраттай талбай бүхий орон сууцыг ипотекийн зээлээр авах боломж олгосон. Үүний дагуу иргэд ипотекийн зээлд хамрагдаж орон сууц худалдан авах боломжтой.
Сүхбаатар хотын хоёр байршлыг дахин төлөвлөлтөд оруулсан. Хувийн хэвшлийн түншлэлээр 12 давхар 77 айлын орон сууц, долдугаар багт 12 давхар гурван блок 336 айлын “Сүлд өргөө” хотхон, дөрөвдүгээр багт 600 айлын “Сэлэнгэ мөрөн” хотхоны барилгын төслийг эхлүүлсэн. Энэ нь манай аймагт ажиллаж, амьдрах иргэдийг ая тухтай байлгах орон сууцаар хангах нөхцөл бүрдэж байна.
Орон сууцууд ашиглалтад оруулснаар зах зээлийн ханшаараа өртөг зардал нь буурна гэж тооцож байна. 400 га газрыг шинээр төлөвлөж 5000 айлын орон сууц барих бүтээн байгуулалтын ажлыг мөн төлөвлөж байгаа.
-“Спирт бал бурам”, Хөтөлийн цемент шохой гээд хэд хэдэн үйлдвэр танайд бий. Дагаад үйлдвэрлэл хөгжих боломжтой. Шинээр ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа үйлдвэрүүдийн сураг дуулдаж байна уу?
-“Спирт бал бурам” үйлдвэр Сэлэнгэ аймгийн Мандал суманд үйл ажиллагаа явуулдаг. Энэ үйлдвэр дэлхийн стандарт бүхий Бяслагийн үйлдвэрлэл явуулж байна. Мандал суманд 45 мянган үхэртэй учир сүүний гол цөм байна. Тиймээс эндээс бяслаг үйлдвэрлэх бүрэн боломжтой юм. Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн шохойн нөөц нэмэгдсэн. Үүнд түшиглэн шохойн үйлдвэрлэл явуулна.
-Сэлэнгийн бас нэг зах зээл бол аялал жуулчлал гэж аймгийн удирдлагууд харж байгаа. Байгалийн үзэсгэлэнтэй газруудыг жуулчин татах зорилгоор хөгжүүлэх сонирхолтой иргэн, аж ахуйн нэгжүүд танайхыг зорьж байна уу. Үүнд ямар бодлого барьж ажиллах вэ?
-Манай аймгийн хамгийн том брэнд бол нарсан ойн гайхамшиг. Хүчилтөрөгчийг хамгийн сайн ялгаруулдаг зүйл бол нарсан ой. Тиймээс эрүүл амьдрах хүсэлтэй хүмүүст Сэлэнгэ аймаг нээлттэй. Урсгал усны гайхамшгийг манай аймгаас харж болно. Орхон гол, Сэлэнгэ мөрөн, Ерөө, Хараа гол, мөрнийг дагасан аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой. Сайханы хөтөл, Тужийн нарс гээд байгалийн үзэсгэлэнт газартай. Өнгөрсөн зун гэхэд Сэлэнгэ аймагт дотоод, гадаадын 150 жуулчин аялсан байна.
Аялал жуулчлалын хувьд боломж их байгаа. Энэ жил Сайханы хөтөлд тороосон гүүр тавьсан. Дотоод, гадаадын жуулчид олноор ирж байна. Тужийн нарс, Алтанбулагийн хил орчим гээд иргэд дотоод аялал их хийж байна.
-2022 онд Сэлэнгэ аймаг улсын төсөвт жилд хэдэн төгрөгийн орлого оруулсан бэ. Өнгөрсөн онд төлөвлөгөөт хэмжээнд хүрсэн үү. Энэ онд ямар байх бол?
-Төсвийн тухай хуулийн дагуу бид бүхэн улсад дөрвөн төрлийн татварын орлогыг төвлөрүүлдэг. 2022 онд улсад 2.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж төлөвлөгөөт орлого 100 хувь төвлөрүүлсэн. 2023 онд 4.3 тэрбум төгрөгийг төвлөрүүлэх төлөвлөгөөтэйгөөс хагас жилийн байдлаар 2.1 тэрбумыг нь хуваарийн дагуу төвлөрүүлээд байна. Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай Засгийн газрын наймдугаар сарын 1-ний өдрийн тодотгосон төсвийн тогтоолоор энэ онд улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг 980 сая төгрөгөөр нэмэгдүүлэн 5.2 тэрбум болгон тогтоож өгсөн.
-Монгол Улсын 2024 оны төсвийг хэлэлцэн баталлаа. Ирэх жил ямар бүтээн байгуулалт хийхээр төлөвлөж байна вэ?
-Өнөөдөр дотоодынхоо хүнсийг хангаж байгаа аймагт томоохон хөрөнгө оруулалт хийгээд гараас гаргачих юм бол Монгол Улсынхаа дотоодын хэрэгцээг хангах бүрэн боломжтой. Гол хүнсний хангамж явж байгаа аймаг дээр төсөв бага тавьж байгаад харамсаж байна.
Манай аймгийн төсөв дээр нэмээд 100-200 тэрбум тавьсан бол бүх сумынхаа дэд бүтцийн асуудлыг шийдээд хүмүүсийн амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх боломж бидэнд байна. Засгийн газраас орон нутаг руу хүн амаа төвлөрүүлэх бодлого баримталж байгаа. Улаанбаатараас массыг татах боломжтой газар бол Дархан, Сэлэнгийн бүс нутаг.
Сэлэнгэ сайхан нутагт минь ирж, ажиллаж, амьдраарай хэмээн нийслэлчүүддээ уриалмаар байна.
Н.Энхлэн
Эх сурвалж: Монголын үнэн сонин №044/24575/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна