Б.Нарантуяа: Гар нь хөдөлсөн бүхний ам нь тостой байдаг өгөөж баян нутагтаа урьж байна


Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Нарантуяатай ярилцлаа.

 

-Аймгийн ИТХ бүрэн эрхийнхээ хугацааны гурван жилийг ардаа үджээ. Сэлэнгэ аймгийн хөгжлийн бодлого ямар байх ёстой гэж ИТХ болон Засаг даргын баг анх тодорхойлж байсан бэ?

-Юуны өмнө танай сонины уншигч­дад болон нийт сэлэнгэ­чүүддээ энэ өдрийн мэнд хүргэе. 2020-2024 оны бүрэн эрхийн хугацаанд аймгийн ИТХ-аас иргэдийн эрүүл аюулгүй, ая тухтай амьдрах орчныг бүрдүү­лэх зорилгоор бүтээн байгуулал­тыг үргэлжлүүлэх, эдийн засаг, санхүүгийн чадавхыг нэмэгдүүлэх, нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн стра­тегийн зорилтуудыг дэвшүүлэн аймгийн хэмжээнд нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажил­лагааг чадавхжуулах, төр иргэний гүүр болон шийдвэр гаргах түвшинд ард иргэдийн оролцоог хангах, иргэн төвтэй хөгжлийн бодлогыг баримтлан ажиллаж байна.

Энэ бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр” болон улс төрийн намуудын мөрийн хөтөлбөр, аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн гаргасан санал, сумдын Засаг даргын Тамгын газрууд, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний газар, хэлтэс, агентлагийн санал, иргэдээс цахимаар авсан санал хүсэлтийг судлан боловсруулсан. Тухайлбал, аймгийн МАН-ын мөрийн хөтөлбөрөөс 75, АН-ын мөрийн хөтөлбөрөөс 17, аймгийн ИТХ-ын 13 төлөөлөгчөөс 76 санал, 14 сумын давхардсан тоогоор 225 иргэн санал ирүүлснийг судлан үзэж боловсруулж байсан. Үүний дагуу аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газар хамтран аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг таван бүлгийн 15 дэд бүлэг, 165 зорилтын хүрээнд “Хүнээ дээдэлж-Хамтдаа хөгжье” эрхэм зорилготойгоор боловсруулан, аймгийн ИТХ-аараа баталж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. 

Товчхондоо бол нийгмээ хөдөл­гөгч хүч болсон хүнээ яавал эрүүл, аюулгүй орчинд, ажилтай орлоготой, соёл, ёс суртахуунтай, сайн сайхан амьдруулах вэ, тэр боломжийг нь хэрхэн нээж өгөх вэ гэдэгт аймгийн бодлого чиглэж байна.

Мөн Монгол Улсын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирд­лагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу аймаг маань дунд болон богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдээ хуульд заасан хугацаанд нь боловсруулан баталсан. “Сэлэнгэ аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг боловсруулж аймгийн ИТХ-аар баталсан нь таван жилээр буюу дунд хугацаагаар баталж байгаа анхны тохиолдол болж байгаа юм. Өмнө нь бид үндсэн чиглэлээ сонгуульт дөрвөн жилийн хүрээнд баталдаг байсан бол бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль шинэчлэгдсэнээрээ аймаг маань дунд хугацаанд хөгжлийн бодлогоо төлөвлөн ажиллах нөхцөлийг бүрдүүлж өглөө.

Аймгийн ИТХ-аас хууль тогтоом­жоор олгогдсон чиг үүргийн дагуу Монгол Улсын урт, дунд хугацааны бодлогын баримт бичиг, Засгийн газрын болон аймгийн Засаг даргын энэ бүрэн эрхийн үйл ажиллагааны хөтөлбөрийг аймаг орон нутагт хэрэгжүүлэхэд Хурлын бодлого шийдвэр, үйл ажиллагаагаар дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байна. Аймгийн ИТХ болон Засаг даргаас энэ бүрэн эрхийн хугацаанд “Хүнээ дээдэлж-Хамтдаа хөгжье” эрхэм зорилготойгоор иргэн төвтэй хөгжлийн бодлогыг баримтлан ажиллаж байна.

-Нутгийн өөрөө удирдах байгууллага ИТХ орон нутгийн иргэдийнхээ санал, санаачилгыг хэрхэн тусгаж авдаг вэ. Жилдээ ер нь хэд орчим санал, хүсэлт иргэдээс ирдэг юм бол. ИТХ-ын зүгээс иргэд рүүгээ чиглэсэн ямар үйл ажиллагаа явуулдаг юм бэ? 

-1992 онд батлагдсан Монгол Улсын шинэ Үндсэн хуулиар нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн орчныг баталгаажуулсан бөгөөд иргэд төрийн эрх барих үйл ажиллагаанд төлөөллөөрөө дамжуулан оролцох эрхийг нь нээж өгсөн. Энэ нь бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал юм. ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа төлөөлөгч бүр тойргийнхоо ард иргэдийн хүсэл сонирхол, эрх ашгийг төлөөлж байдгийн хувьд төлөөлөгчийн хэлсэн үг, гаргасан санал санаачилгыг чухалчлан авч үздэг. Тийм ч учраас улс төрийн намууд Иргэдийн төлөөлөгчдийн Хуралд иргэдийн дуу хоолой болж, тэдний эрх ашгийн төлөө явдаг, хөөцөлддөг, дуугардаг, бүтээлч, ажил хэрэгч хүнээ сонгон дэвшүүлдэг. Энэ бүрэн эрхийн хугацаанд аймгийн ИТХ-ын нийт 37 төлөөлөгчийн 25 нь буюу 67.6 хувь нь анх удаа аймгийн ИТХ-д сонгогдон ажиллаж байгаа шинэ залуу төлөөлөгчид, бусад 12 төлөө­лөгч нь буюу 32.4 хувь нь хоёроос дээш удаагаа сонгогдсон хашир туршлагатай төлөөлөгчид байна. Тиймдээ ч сонгогдсон тойргийнхоо ард иргэдийн хүсэл сонирхлыг хангалттай сайн илэрхийлж, хурлын хуралдаанд идэвх санаачилгатай бүтээлчээр оролцдог. 

Монгол Улсад нутгийн удирд­лагын шинэ тогтолцоо үүсэн бэх­жээд 30 жилийн ойтойгоо золгож байна. Энэ ойн хүрээнд аймгийн ИТХ-ын Ажлын албанаас иргэдийн санал хүсэлтийг нээлттэй, чөлөө­тэй сонсох, тулгамдаж буй асууд­луудыг шийдвэрлэх зорилгоор “Иргэний индэр” нээлттэй хэлэл­цүүлгийг сумдад зохион байгуулж ажилласан. Иргэд төрийн байгуул­лагын үйл ажиллагаанд хандаж хэлэх үг, дэвшүүлэх шинэлэг санал санаа­чилгаа индрээс чөлөө­тэй хэлж, харин түүнийг нь орон нутгийн төрийн байгууллагын удирдлагууд нь танхимаас сууж сонсож, холбогдох хариултуудыг өгч, боломжтойг нь цаг тухайд нь шийдвэрлэсэн үр дүн­тэй арга хэмжээ болсон юм. Энэ мэтчилэн бид аль болох иргэдээсээ асууж, тэдний хүсэл сонирхлыг сон­сож, асуудлыг шийдвэрлэх гарц гар­галгааг олж, хамтран ажиллаж байна.

-Сэлэнгэ аймаг газар тариа­лангаас гадна эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэх хамгийн боломж­той бүс нутаг. Газар тариалангийн бүс нутаг, ААН, иргэдээ ИТХ бод­логын хэмжээнд хэрхэн дэмждэг вэ. Мөн эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийн өнөөгийн байдал бо­лон хэтийн төлөвийн талаар дэл­гэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү?

-Манай аймгийн хувьд атар газар эзэмшиж, газар тариаланг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлээд 63 жил болж, улсын хэрэгцээт үр тарианы 50-60 хувийг тогтмол ханган ажиллаж байна. Ингэхдээ газар тариалан, мал аж ахуйг хослуулан хөгжүүлэх бодлогыг баримтлан ажилласаар ирсэн. Манай аймгийн мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл 2005 он хүртэл зохистой хэмжээг хангаж байгаад 2006 оноос зохист хэмжээ алдагдаж 2006-2008 он гэхэд манай аймгийн малын тоо 1.4 сая толгойд хүрч өссөн юм. 

Аймгийн ИТХ-ын 2005 оны 51 дүгээр тогтоолоор “Эрчимжсэн мал ахуйг бүсчлэн хөгжүүлэх хөтөлбөр”, 2009 оны 20 дугаар тогтоолоор “Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрийг эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн бүс нутаг болгох тухай” тогтоолуудыг батлан, мөрдөж ажилласны үр дүнд Монгол Улсын Засгийн газраас 2018 онд Тариалангийн зарим бүс нутгийг тогтоох тухай 131 дүгээр тогтоолоор Сэлэнгэ аймгийн 16 сумын 44 багийг тариалангийн бүс нутгаар зарлаж, тариалангийн бүс нутагт мал аж ахуйг эрчимжүүлэн хөгжүүлж, газар тариалангийн үйлдвэрлэлтэй хоршуулан хөг­жүүлэх нь манай аймгийн мал аж ахуйн салбарын бодлого тодорхойлогдож байна.

Аймгийн ИТХ-ын 2009 оны 20 дугаар тогтоолоор мал сүргийн бүтцийг адуу таван хувь, үхэр 35 хувь, хонь 50 хувь, ямаа 15 хувь байх, хээлтэгчийн хувийн жин бог малд 60-65 хувь, адуунд 40 хувь, үхэрт 50-аас доошгүй байна. Адууг уналга эдэлгээ, хурдлах чадвар болон махны ашиг шим өндөртэй адууг нийт сүргийн тав хүртэл хувьд багтаан үржүүлнэ. Мах сүүний чиглэл, хосолмол ашиг шимт чиглэлийн үхэр, мах ноосны нарийн, нарийвтар ноост хонь, ноолуур, сүүний чиглэлийн ямаа, гахай, шувуу, зөгийн аж ахуйг үржүүлэх бүс нутгийг тогтоож үйл ажиллагааны чиглэлээр нь төрөлжүүлэн батал­гаажуулсан. 

Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2022 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 4907 мал бүхий өрх 5451 малчин өрх, 73 аж ахуйн нэгжид 1.9 сая толгой мал тоологдсон. Малын төрлөөр нь тэмээ 553 толгой, адуу 129.5 мянга, үхэр 298.5 мянга, хонь 857.6 мянга, ямаа 626.8 мянга тоологдсон.

Манай аймгийн мал аж ахуйг хөгжүүлэх хэтийн бодлого нь тариалангийн бүс нутагт малын тоог тогтвортой хэмжээнд байлгаж, мал аж ахуйг бүсчлэн хөгжүүлж, мал сүргийг эрсдэлээс хамгаалах чадавхыг сайжруулах, эрчимжсэн, суурин, хагас суурин мал аж ахуйг хөгжүүлэхэд чиглэгдэж байна. Мөн үхэр сүргийн тоо толгойг нэмэгдүүлэх, мах, сүү, сүү-махны чиглэлээр төрөлжүүлэн хөгжүүлэх зорилгоор аймгийн ИТХ-аас 2017 онд “Эрчимжсэн үхрийн аж ахуй” аймгийн хөтөлбөр баталж, үхэр сүргийн тоо толгой нэмэгдэхийн зэрэгцээ үүлдэрлэг байдал сайжирч байна. 1990 он гарснаас хойш үхэр сүргийн тоо толгой, үүлдэрлэг байдал, мах болон сүүн ашиг шим буураад байсныг нэмэгдүүлэх чиглэлээр түлхүү анхаарч байна. 

-Засгийн газрын Шинэ сэр­гэлтийн бодлого, Хөдөөгийн сэр­гэлтийн хүрээнд танай ИТХ ажлын хэсэг гаргасан гэсэн. Засгийн газ­раас хэрэгжүүлж буй энэ бод­лого танай аймгийн түвшинд хэр явагдаж байгаа вэ?

-“Алсын хараа-2050” урт хуга­цааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлогын эхний үе шатыг хэрэгжүүлэх, Улаанбаатар хотын хэт төвлөрлийг бууруулах, хот, хөдөөгийн хөгжлийн зохистой тэнцвэрийг хангах Засгийн газрын бодлогын хүрээнд манай аймаг хүн амаа 20 хувь буюу 21 мянгаар нэмэгдүүлэхтэй холбогдуулан суурь судалгааны ажлыг хийж, Сүхбаатар, Мандал, Сайхан сумдад хүн амаа түлхүү тэлэхээр төлөвлөн, орон нутагт үйл ажиллагаа эрхлэх боломж нөхцөлөөр хангах, дэм­жих чиглэлээр холбогдох хууль тогтоомжийг шинэчлэн боловс­руулж, саналыг уламжлан ажил­ласан. Аймгийн Засаг даргын 2022 оны А/478 тоот захирамжаар "Нээлттэй аймаг" хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог томилогдон, “Нээлттэй аймаг” хөтөлбөрийг боловсруулан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 102 дугаар тогтоолоор батлуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

-Шинэ сэргэлтийн бодлого, Хөдөөгийн сэргэлтийн хүрээнд хийж байгаа онцлох чухал ажлуудаасаа дэлгэрэнгүй өгүү­лэхгүй юү. Шинэ сэргэлтийн бод­логыг зарласнаас хойш Сэлэнгэ аймаг руу шилжих хөдөл­гөөн хэр идэвхэжсэн бэ?

-Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогод тус­гагд­сан хөдөөгийн сэргэлтийн хүрээнд орон нутагт шилжин суурь­ших хүсэлтэй иргэдийг тогтмол мэдээллээр хангах зорил­гоор huduu.mn цахим сайтыг ажиллуулан, өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотноо "Нээлттэй Сэлэнгэ" арга хэмжээг зохион байгууллаа. Мөн аймгийн Засаг даргын 2023 оны А/453 дугаар захирамжаар арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг байгуулан бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. “Нээлттэй Сэлэнгэ” арга хэмжээнд аймгийн Бизнес эрх­лэгч­дийн уулзалт зөвлөгөөн, шинэ ургацын төмс, хүнсний ногоо, брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын үзэсгэлэнгүүд гарч, урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулагдаж, бүх сумд, газар, хэлтэс, агентлагууд өөрсдийн мэдээллийн цэгийг ажиллуулан, иргэдийг түргэн шуурхай мэдээл­лээр хангаж ажилласан. 

2023 оны эхний арван сарын байдлаар Улсын бүртгэлийн хэлт­сийн судалгаагаар Улаанбаатар хот болон бусад аймгаас нийт 1800 гаруй иргэн Сэлэнгэ аймагт шилжин ирээд байна. Цаашид Сэлэнгэ аймгийг зорьсон шилжилт хөдөлгөөн нэмэгдэх төлөвтэй байгаа.

Олон улсын авто зам, төмөр зам, дэд бүтэц сайтай, газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйг хослуулан хөгжүүлэгч, түүхийн дурсгалт болон байгалийн үзэсгэлэн бүрдсэн Сэлэнгэ сайхан нутагт минь тавтай морилоорой, хөдөлмөрч бүтээлч Сэлэнгэ түмний минь нэг болоорой. Гар нь хөдөлсөн бүхний ам нь тостой байдаг өгөөж баян нутагтаа урьж байна.

-Энэ ондоо багтааж хийхээр зорьж, төлөвлөж байгаа ямар ажлууд байна вэ. Цаашдын ажлын төлөвлөлтөөсөө цухас дурдвал?

-Монгол Улсад Нутгийн удирд­лагын шинэ тогтолцоо үүсэж хөгжсөний 30 жилийн ой өнгөрсөн 2022 онд тохиолоо. Өнгөрсөн 30 жилийн түүхэнд иргэдээс сонгогдсон төлөөллийн байгууллага болох ИТХ хэрхэн ажиллав. Аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх ямар томоохон бодлого шийдвэр гаргаж байв. Аль даргын үед ямар асуудлыг голчлон анхаарч ажиллаж ирсэн юм гэх зэргээр бидэнд өнгөрснөөсөө сургамж авах, одоогоо цэгнэн дүгнэх, ирээдүйгээ төлөвлөхөд ойн арга хэмжээгээ зохион байгуулж, аймгийн төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байсан үе үеийн хурлын төлөөлөгчид, үе үеийн аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга нараасаа үг сонсох, тэдний арвин туршлагаас суралцах хэрэгцээ шаардлага байгаа юм. Тиймээс энэ ондоо багтаад Монгол Улсад Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсэж хөгжсөний 30 жилийн ойгоо зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна. Мөн аймгийн ИТХ-ын 2023 оны ажлын төлөвлөгөөний биелэлтийг хангахаар тухай бүрд нь ажлаа төлөвлөн, баг хамт олонтойгоо зүтгэж байна даа.

Д.Жаргал

Эх сурвалж: Монголын үнэн сонин №044/24575/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​Нүд бүрэлзэж чих шуугих нь хий арвидсаны шинж 13 цагийн өмнө
УИХ-ын гишүүн, Удирдах зөвлөлийн ажлын албаныхан иргэдтэй уулзлаа 13 цагийн өмнө
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонс… 14 цагийн өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөм… 14 цагийн өмнө
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто зам, гүүрэн бай… 18 цагийн өмнө
Туулын хурдны зам барих олон улсын нээлттэй тендерийг дахин зарлана 20 цагийн өмнө
Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож аж… 21 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн х… 21 цагийн өмнө
Нийслэлийн 23 дугаар сургуулийн гадаад хэлний өдөрлөгийн нээлт боллоо Өчигдөр
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг эргүүлэн татна Өчигдөр
ВАТИКАН: Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө Өчигдөр
“Хүүхэлдэй”, “Болзоо” моно драмын жүжиг нэгэн тайзнаа үзэгчдийн хүртээ… Өчигдөр
Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын олон улсын нээлттэй тенде… Өчигдөр
Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн б… Өчигдөр
Туркийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа Өчигдөр
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна Өчигдөр
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна Өчигдөр
Б.Алтантулга: Нийгэм дэх буруу ойлголтоос болж тархины үхэлтэй донороо… Өчигдөр
​ Нүүрсийг тусгай гарцаар хил нэвтрүүлж, экспортыг нэмэгдүүлнэ Өчигдөр
Франц Алжираас Элчин сайдаа татлаа Өчигдөр