Хурмастын ааш хувирч, хулгайч нарын нүүр царай илчлэгдсэн өдрүүд...

unen
16 цагийн өмнө

Өвлийн сар гарчихаад байхад зарим газар бороо шивэрч,  нийслэлд дээврийн цас хайлан, шалбааг урсаж олныг гайхшируулав. Эрдэнэт, Булганд бороо орж байхад Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Дорноговь аймгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурч, 200-гаад иргэн төөрч, Онцгой байдлын ажилчдаас тусламж хүсжээ.  Хурмастын хачин ааш дан ганц монголчуудыг ч алмайруулаад зогссонгүй, элсэн цөлд үер бууж, Африкт мөндөр орж, Абу Даби, Дубай хот гэхэд усанд автах шахлаа. 

Өнгөрсөн долоо хоногт "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувь, “Хөтөл цемент шохой үйлдвэр”-ийн хувьчлал, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийн концессын гэрээний асуудлаар 20 хүнд холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг эхэлсэн. Асар их хохиролтой, албан тушаалтнууд, баячууд нэр холбогдсон энэ хэрэг бүхэл бүтэн  долоон жил шалгагдаж, шүүх дээр очоод дахиад л “хад” мөргөв.  “Хөтөлийн цемент шохойн үйлдвэр”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийг хувьдаа авч, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг луйвардсан гэх энэ хэргийн толгойлогч Д.Эрдэнэбилэг гадаадад оргон зайлсан. Харин Д.Эрдэнэбилэгтэй холбоо хамаарал бүхий  эдгээр этгээдээс өмгөөлөгч нар нь “оргон зайлсан” гэнэ.  “Өмгөөлөгч ирээгүй” гэдэг шалтгаанаар Сангийн сайд асан Б.Болор, Монгол банкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргал, УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат, Худалдаа хөгжлийн банкны захирал О.Орхон тэргүүтэй өндөр албан тушаалтнуудыг шүүх хурал хойшиллоо. Цаашид ч энэ шүүх хурал олон удаа хойшлох шинжтэй. Учир нь, Эрдэнэтийн 49 хувьтай хамгийн их орооцолдсон Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, хамаг мөнгө төгрөгийг нь идэж уусан гэх  Д.Эрдэнэбилэг  хоёрыг байлцуулахгүйгээр  нэр бүхий 20 хүнийг шүүхэд төвөгтэй гэж хуульчид үзэж байна. Монголчууд “Алдсан хүн ганц тамтай, авсан хүн 10 тамтай” гэж ярьдаг. Нэг бүлэг болж, төрийн өмчит том үйлдвэрүүдийг луйвардсан этгээдүүд өнөөдөр Д.Эрдэнэбилэг, Ч.Сайханбилэг рүүгээ бүх хэргээ чихээд өнгөрөх гэж оролдож байгаа сурагтай. АТГ-аас  Ч.Сайханбилэг, Н.Удаанжаргал, Д.Эрдэнэбилэг нарыг Интерполоор эрэн сурвалжилж байгаа талаар өнгөрсөн долоо хоногт мөн мэдээлэл өгсөн. “Тавантолгой төмөр зам" компанийн гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргалын хувьд оршин суугаа газраа байнга сольж байгаа учраас барихад төвөгтэй байгаа гэдгийг ч нуусангүй. Энэ  онд л гэхэд АТГ гэмт хэргийн улмаас учирсан 194.8 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн. Үл хөдлөх хөрөнгө буюу байр, орон сууц, хөдлөх хөрөнгө буюу машин, тоног төхөөрөмж зэрэг нийт 11.2 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжлэн хамгаалах арга хэмжээг авсан. Авлигын хэрэгт холбогдсон нэг этгээд мөнгөө нуухын тулд  22 орон сууц худалдаж авсан байжээ гэдэг мэдээлэл анхаарал татаж байлаа. 
Өнгөрсөн амралтын өдүүдэд нийгмийн сүлжээнд тавигдсан Ерөнхийлөгчийн бичлэг нийт монголчуудыг гайхшируулж, тагнуул,  цагдааг сандаргав. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хятад хэлээр мэндчилгээ дэвшүүлж байгаа энэ бичлэгийг  Хятадын тикток сүлжээн дээр “Цахим ертөнц” нэртэй хаягнаас "deep fake" буюу хуурамчаар хүний царай, дуу хоолойг өөрчилдөг программаар хийжээ. Тэд энэ бичлэгээ  Өвөрмонголын “Талын дуу хоолой” пэйжээр цацсан нь тогтоогдож, нэр бүхий иргэд үндэсний тусгаар тогтнол, эв нэгдлийг эвдрэлцүүлэх, алдар хүндэд халдсан, худал мэдээлэл тараасан хэргээр шалгагдаж байна. Эдгээр иргэнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилж мэдүүлэг авч эхэлсэн бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газраас БНХАУ-ын прокурорын байгууллагад ханджээ. Өмнө нь хүний дүрс, зургийг эвлүүлж, хуурамч мэдээлэл тараадаг байсан бол энэ удаа хүний дуу хоолойг өөрчлөн, ямар ч хэлээр, ямар ч эвлүүлэг хийж болдог болсон гэдгийг, бас нэр нүүрээ яаж ч нуугаад цахим орчноос зугтааж чадахгүй баригддаг гэдгийг энэ хэрэг илчилж өглөө. Сүүлийн үед цахим гэмт хэрэг нэмэгдэж, цахим залилан, мөрийтэй тоглоомтой холбоотой гомдол нэмэгдсэн. Үүний хажуугаар иргэдийг өдөөн тухирсан, гэмт хэрэгт уруу татсан, үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн хуурамч мэдээллийг тараасан хэрэг нэмэгдэж цөөнгүй хүн ял сонсох дээрээ тулжээ. Тодруулбал, “Монгол Улсын хилийн отрядыг нүүлгэн шилжүүлж, улсын нутаг дэвсгэрээс БНХАУ-д шилжүүлэн өгөх гэж байна”, “Казах иргэдийг хүмүүжүүлж залхаан цээрлүүлэх зорилгоор томоохон  ажиллагаа явуулахаар шийджээ. Бид та бүхэнд буу зэвсгээр туслах болно. Бүгдээрээ хамтдаа тэмцэн, засаг төрийг эргүүлье”, “Баян-Өлгий аймагт дайчилгааны хээрийн сургуулилалт явагдаж байна. Энэ нь тус аймгийн иргэдийг айлган сүрдүүлэх зорилготой” гэх мэт илт хуурамч мэдээлэл тараасан иргэд баригдаж, шүүхээр хэргээ шийдүүлэхээр хүлээж байгаа юм байна. 
Нийслэл хотын зовлон нийт монголчуудын асуудал болсоор удаж байна. Утаа, түгжрэл тойрсон гомдол санал энэ долоо хоногт цахим орчинд үргэлжилж, бухимдсан иргэдийн тоо энэ хэрээр нэмэгдэв. Улаанбаатар хотод нийт 412.5 мянган өрх амьдарч байгаагаас 51.4 хувь буюу 212 мянган өрх нь орон сууцанд, 200 мянган өрх нь гэр хороололд амьдарч байгаа. Агаар, хөрсний бохирдлын 80 хувь нь гэр хорооллоос үүдэлтэй гэсэн судалгаа гарсан байна. Тиймээс гэр хорооллыг орон сууцжуулах, эхний ээлжид Баянхошуу, Толгойт, Сэлбэ, Дамбадаржаа болон Шархад дэд төвүүдийг түшиглэн орон сууц барих ажлыг эхлүүлэхээр шийдвэрлэжээ. Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдааны үеэр Нийслэлийн асуудлыг онцгойлон ярьж, хэд хэдэн шийдвэр гаргалаа. Тодруулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024-2027 оны хооронд метро байгуулах, төслийн урьдчилсан тооцоо, эх үүсвэрийн талаар судалж, шийдвэрлүүлэх саналыг 2023 онд багтаан УИХ-д өргөн мэдүүлэхийг Засгийн газрын холбогдох гишүүдэд үүрэг болгов. Үүнээс гадна Нийслэлийн засаг захиргааны зохион байгуулалтын асуудлыг ч хөндөж байна. 1992 онд шинэ Үндсэн хуулийг баталсны дараа Улаанбаатар хотыг есөн дүүрэгт хуваасан. Түүнээс хойш 31 жил өнгөрчээ. Энэ хугацаанд Улаанбаатарын хүн ам 1.7 сая хүрсэн байна. Тиймээс төвийн зургаан дүүргийн 204 хороог нэгтгэн 42 дүүрэг байгуулах, Дүүргийн Засаг дарга нарын эрх мэдлийг хумьж, иргэддээ илүү ойр ажиллах нь чухал гэж Засгийн газраас үзэж байна.
Улс төрийн намууд харьцангуй хөл хөдөлгөөн багатай байна. Олон сар хэрүүл хэлцэлтэй байсан АН-ынхан нийслэлийн Ардчилсан намын даргаар Т.Батцогтыг сонголоо. МоАХ-ноос нэр дэвшин өрсөлдсөн Т.Батцогт нийслэлийн Ардчилсан намын гишүүдийн тоог жилийн хугацаанд 40 мянган шинэ хүнээр нэмэгдүүлнэ гэдэг мөрийн хөтөлбөртэйгөөр орж ирсэн. Гэвч АН-ынхан экс Ерөнхийлөгч Х.Баттулга Нийслэлийн АН-ыг гартаа оруулчихлаа гэж бас л гомдол санал гаргаж байна. Үүнтэй зэрэгцэн  Нийслэлийн АН ирэх сарын эхээр олныг хамарсан жагсаал цуглаан зохион байгуулна. Энэ жагсаалыг санхүүжүүлэх хүмүүс байгаа гэсэн  мэдээлэл  сошиал орчинд цацагдаад байна. 
УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай хоёр жилийн өмнө АН-даа буцаж орж гишүүнчлэлээ сэргээсэн. Тэрбээр “Ард түмнээ хайрлая” намаа эхнэр Л.Аззаяадаа бэлэглээд байгаа.  Гэхдээ нөхрийнх нь “бэлэглэсэн” намын нэр Л.Аззаяа хатагтайд таалагдаагүй бололтой. Өнгөрсөн долоо хоногт Улсын дээд шүүхэд “Ард түмний хүч” нам болгон намынхаа нэрийг шинээр бүртгүүллээ.
Өнгөрсөн долоо хоногийн хамгийн таатай мэдээллийг Боомтын сэргэлтийн Үндэсний хорооноос өглөө. Энэ онд Монгол Улс 50 сая тонн нүүрс экспортлохоор тооцоолж төсөвт тусгасан. Тэгвэл он дуусахад 40 хоног дутуу байхад нүүрсний экспортын хэмжээ 60 сая тоннд хүрч, төлөвлөсөн хэмжээнээс даруй 10 сая тонноор нэмэгдэж дээд амжилт тогтоов.

  Б.Нүүдэл

Эх сурвалж: Монголын үнэн сонин №044/24575/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22