Ө.Сувдаа: Бид аймагтаа 20 мянга гаруй иргэн татах үүрэгтэй ажиллаж байна


Улаанбаатар хотод болсон “Нээлттэй Сэлэнгэ” арга хэмжээний үеэр аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаатай уулзаж, ярилцлаа.

 

-Иргэд, ААН байгууллагыг аймаг­таа татах зорилготой “Нээлттэй Сэлэнгэ” арга хэмжээнд танайхан ямар бүрэлдэхүүнтэй оролцож байна вэ?

-Сэлэнгэ аймгийн 17 сум, зургаан тосгоны үйлдвэрлэгчид, ААН, байгууллагууд болон иргэдэд үйлчилгээ үзүүлдэг Газрын харилцаа, хот байгуулалт, Байгаль орчин, аялал жуулчлал, Хөдөө аж ахуй, Нийгмийн даатгал, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, Улсын бүртгэл, ЭМГ, БШУ-ы газар, Стандарт, хэмжил зүйн болон Татварын хэлтэс зэрэг аймгийн арван агентлаг бүгд ирсэн. ААН-үүд маань өөрсдийн үйлдвэрлэсэн бүх төрлийн бүтээгдэхүүнээ дэлгэн оролцож байна. 

-“Нээлттэй Сэлэнгэ” арга хэм­жээний онцлог юу вэ?

-Монгол Улсын Засгийн газ­раас хэрэгжүүлж байгаа Шинэ сэргэлтийн бодлого, Хөдөөгийн сэргэлтийн хүрээнд Монгол Улсын төсвийг бүрдүүлдэг гол зургаан аймаг хүн амынхаа 10-20 хувьтай тэнцэх иргэнийг аймагтаа татах зорилго тавьсан. Манай Сэлэнгэ аймаг 100 мянга гаруй иргэнтэй, 20 мянга гаруй иргэн татах үүрэгтэй ажиллаж байна. Арга хэмжээ маань үүнд чиглэж байна. Хотын төвлөрлөөс гарч хөдөөг зорьж байгаа бол “Сэлэнгэд, манайд аймагт ирж амьдраарай, Сэлэнгэ нутаг ийм онцлогтой шүү” гэдгийг таниулах үүднээс үйлчилгээ, бараа бүтээгдэхүүнээрээ сурталчилж байна. Мөн магадгүй, иргэн очоод газар авах бодолтой бол яах ёстой вэ. Байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулбал ямар вэ. ХАА, газар тариалангийн чиглэлээр ажиллах иргэн юу мэдвэл зохих вэ гэсэн мэдээ мэдээллийг өгөх зорилгоор аймгийн төрийн байгууллагууд маань ажил үйлчилгээгээ танилцуулж байна.

-Аймгийн ЗДТГ-ын даргын хувьд Сэлэнгэ аймгийн давуу талыг нэрлэхгүй юү? 

-Манай аймаг давуу тал ихтэй. Газар тариалангийн үржил шимтэй хөрс, байгалийн үзэсгэлэнт газрууд, дагалдах баялаг, газрын доорх ашигт малтмалын ховор нөөц гээд бүх юм нь тэгш өгөгдсөн онцлогтой аймаг. Мөн Сэлэнгэ нутаг тэр чигээрээ түүхийн гэрч. Бид  эдгээр давуу талаа ашиглаж байж хөгжинө. Аймгийнхаа 109 мянган иргэнийг яаж ажилтай, орлоготой байлгах вэ гэдэг асуудал аймгийн удирдлагын багийн өдөр тутмын боддог зүйл. Ард иргэдээ дэмжсэн, бодлого чиглэл зөв байх юм бол ажил зөв л явна. Иймээс гарч буй бодлого бүхэн иргэндээ ээлтэй, ажил, амьдралыг нь дэмжсэн шийдвэр гаргахыг гол зорилгоо болгон ажиллаж байна.  Аймгийн иргэд маань хэзээнээсээ их хөдөлмөрч хүмүүс. Түүхийн хугацаанд үе, үеийн тариаланч, ногоочин,  малчин, барилгачин, эмч, багш  гээд  бүхий л салбарын хүмүүс өнөөдрийг хүртэл Сэлэнгэ нутгаа  сайхан хөгжүүлж ирсэн. Сайнаар үргэлжлүүлж, сайн авч явах нь өнөөгийн бидний үүрэг. 

Бид аялал жуулчлалын салбараа хөгжүү­лэх үүднээс дотоод гадаадын олон сайн туршлагыг нутагшуулж, хувийн хэвшлийнх­нээ дэмжин ажиллаж байна. 2023 онд дотоодын аялал жуулчлалаар манай аймаг тэргүүлэх байр суурьтай байлаа. Олон ч жуулчин зөвхөн Сэлэнгэ нутгийг зорин ирж байна. 

-Газар тариалан эрхлэх сонир­холтой иргэн, ААН танай аймгийг сонгон ирж суурьших магадлал өндөртэй. Бэлчээрийн мал аж ахуй эрхлэх боломж ямар байдаг юм бол?

-Сэлэнгэ Монгол Улсын Засгийн газрын тогтоолтой тариалангийн бүс нутгаар зарлагдсан аймаг. Монгол Улсын хүнсний аюулгүй байдал сэлэнгэчүүдийн хөрс шороо, тариа будаа, хүнсний ногоотой салшгүй холбоотой. Аймгийн гол салбар болох хөдөө аж ахуйдаа эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хослуулан хөгжүүлж явна. Үржил шимтэй хөрс шороотой, улсынхаа хэрэгцээт үр тарианы талаас илүү хувийг, төмс, хүнсний ногооны 30 хүртэлх хувийг дангаараа үйлдвэрлэдэг.  Тиймээс бэлчээрийн мал аж ахуй эрхлэх боломжгүй гэж үзэж болно. Манай сэлэнгийнхэн маш хөдөлмөрч хүмүүс. Хашаанаасаа эхлээд хэдэн га талбайд ногоо тарьж, зөгий үржүүлж, мод бут суулгаж амрах завгүй хөдөлмөрлөдөг. Зүгээр суудаг хүн бараг үгүй. Хүнсний ногоо тариалах хүсэл зорил­готой хүмүүс манай орон нутгийн иргэдээс хурдан суралцана гэж бодож байна.  

-Орон нутагт ажиллах боловсон хүчин олдохгүй, ховор байна гэцгээж байна. Танайх энэ талд хэрхэн ажиллаж байгаа вэ? 

-Сүүлийн жилүүдэд төрийн алба болов­сон хүчний дутагдалд орсон нь үнэн. Энэ байдал сумдад түлхүү харагдаж байна. Эрүүл мэндийн салбарт бас харагдаж байгаа. Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлөөс 2023 оны арваннэгдүгээр сарын 1-ний байдлаар 17 удаагийн шалгалтыг зохион байгуулж, давхардсан тоогоор 432 сул орон тоог зарлаж, 117 сул орон тоог нөхөх арга хэмжээ авсан. Мөн манай аймаг 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн орон нутгаас цалинждаг төрийн албан хаагчдынхаа цалинг 50 хүртэл хувиар нэмэгдүүллээ. Энэ шийдвэр орон нутагт ажиллаж байгаа албан хаагчдыг дэмжсэн бодитой шийдвэр болсон. Өнөөдөр албан хаагчид маань гар дээрээ нэг саяас доошгүй төгрөгийн цалин авч байна. Аймгийн удирдлагын баг ирэх жил 100 хүртэл хувиар цалинг нэмэгдүүлэх гарц гаргалгаа боломжийг хайж байна. Нэмэгдүүлэх боломж ч харагдаж байгаа. Тиймээс манай аймгийн төрийн албанд зорин ирж ажиллах мэргэжлийн боловсон хүчин олон болох байх гэдэгт итгэлтэй байна. 

Эх сурвалж: Монголын үнэн сонин №044/24575/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​Нүд бүрэлзэж чих шуугих нь хий арвидсаны шинж 13 цагийн өмнө
УИХ-ын гишүүн, Удирдах зөвлөлийн ажлын албаныхан иргэдтэй уулзлаа 13 цагийн өмнө
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонс… 14 цагийн өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөм… 14 цагийн өмнө
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто зам, гүүрэн бай… 18 цагийн өмнө
Туулын хурдны зам барих олон улсын нээлттэй тендерийг дахин зарлана 20 цагийн өмнө
Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож аж… 20 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн х… 20 цагийн өмнө
Нийслэлийн 23 дугаар сургуулийн гадаад хэлний өдөрлөгийн нээлт боллоо Өчигдөр
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг эргүүлэн татна Өчигдөр
ВАТИКАН: Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө Өчигдөр
“Хүүхэлдэй”, “Болзоо” моно драмын жүжиг нэгэн тайзнаа үзэгчдийн хүртээ… Өчигдөр
Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын олон улсын нээлттэй тенде… Өчигдөр
Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн б… Өчигдөр
Туркийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа Өчигдөр
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна Өчигдөр
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна Өчигдөр
Б.Алтантулга: Нийгэм дэх буруу ойлголтоос болж тархины үхэлтэй донороо… Өчигдөр
​ Нүүрсийг тусгай гарцаар хил нэвтрүүлж, экспортыг нэмэгдүүлнэ Өчигдөр
Франц Алжираас Элчин сайдаа татлаа Өчигдөр