“Нээлттэй Сэлэнгэ” өдөрлөгийг энэ сарын 17-18-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулав. Засгийн газраас дэвшүүлэн хэрэгжүүлж байгаа Шинэ сэргэлтийн зургаан бодлогод Хот, хөдөөгийн сэргэлт багтсан. Хөдөөгийн сэргэлтийн хүрээнд нийслэлийн төвлөрөл, түгжрэлийг бууруулах, Улаанбаатар хотоос орон нутагт амьдрах, үйл ажиллагаа явуулах иргэн, аж ахуйн нэгжид төрийн бодлогоор нийгмийн асуудлыг анхаарч, бизнесийн хөнгөлөлт үзүүлж байгаа билээ. Тиймээс ч нийслэлчүүд, бизнесмэнүүд орон нутаг руу анхаарлаа төвлөрүүлж, судалгаагаа эхлүүлж, зарим нь эхнээсээ хөдөөг зорьж, ажиллаж, амьдарч байгаа жишээ цөөнгүй. Энэ хүрээнд Сэлэнгэ аймаг улаанбаатарчуудыг нутагтаа ирж, ажиллаж, амьдрахыг уриалж байна. Улаанбаатар хотноо Бөхийн өргөөнд хоёр өдөр үргэлжилсэн “Нээлттэй Сэлэнгэ”-ийг нийслэлийнхэн зорин ирж, брэнд бүтээгдэхүүнийг нь худалдаж авахаас гадна тус аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаатай танилцаж байв. “Нээлттэй Сэлэнгэ”-ээс иргэд тус аймагт шилжин суурьших иргэд ямар ажлын байр эрхлэх боломжтой, Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ямар ажил хэрэгжүүлж байна, тус аймагт аялах бол ямар маршрут сонгох вэ зэргийг судаллаа. Тухайлбал, Газрын харилцааны хэлтсээс Сэлэнгэ аймагт өмчилж болох газрыг сум сумаар нь танилцуулж байв. Тухайн иргэн сонирхсон сум, орон нутагт өмчилж авах газраа гар утаснаасаа QR код уншуулан шууд харж судалж байв. Сэлэнгэ аймгийн БОАЖГ-ын Ойн албаны дарга Г.Цэнгэлмаа “Манай салбарын тухайд нээлттэй өдөрлөгөөр байгууллагын үйл ажиллагаагаа сурталчилж байна. Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 94 аж ахуйн нэгж, байгууллага, 27 сая мод тарьж, ургуулж байна. Мэргэжилтэй ажилтан бий болгохын тулд МСҮТ-үүдийг үндэслэн ойн мэргэжлийн ажилтан бэлтгэгдэж эхэлсэн. Улаанбаатарчууд болон монголчуудаа байгалийн сайхан бүрдсэн, дэд бүтэц хөгжсөн Сэлэнгэ аймагт ирж ажиллаж, амьдрахыг урьж байна” гэсэн юм.
Өдөрлөгийн талаар Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж “”Нээлттэй Сэлэнгэ” арга хэмжээ энэ сарын 10-нд эхэлж, Сэлэнгэ аймагт бизнес эрхлэгчид, Сэлэнгэ аймгийн Нутгийн зөвлөлийнхөн, Сэлэнгэ аймгаас төрөн гарсан хүмүүсийн уулзалтыг хийсэн. Энэхүү уулзалтаар нутагт маань ажиллаж, амьдрах боломж, бололцоо ямар байгаа талаарх танилцуулгыг хийсэн. Мөн энэ сарын 16-нд Улаанбаатар хотод бизнес эрхэлж байгаа томоохон компани, аж ахуйн нэгжүүдэд Сэлэнгэ аймагт ямар боломж байгаа талаарх хэлэлцүүлэг хийлээ. Энэ удаад Сэлэнгэ аймагт үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна. 17 сум, зургаан тосгоны иргэд, аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн гаргаж байна. Сэлэнгэ аймгийг зорин очих хүсэлтэй иргэд сумдын Засаг дарга нартай уулзаж, боломжийг судалж, өргөдөл хүсэлтээ өгч шийдвэрлүүлж байна хэмээв.
Ийнхүү тус аймгийн ЗДТГ-ынхан үйл ажиллагаагаа нийслэлчүүдэд нээлттэй сурталчлав.
Сэлэнгэ аймаг мал аж ахуй, газар тариалангийн бүс нутаг. Тиймээс ч “Нээлттэй Сэлэнгэ” өдөрлөгийн үеэр сум бүр өөрсдийн брэнд бүтээгдэхүүнээ танилцуулж, худалдаалав.
Сэлэнгийн брэнд бүтээгдэхүүнүүд борлуулалт сайтай, эрэлт ихтэй байлаа.
СҮХБААТАР: Эмийн ургамлын найрлагатай “Сэлэнгэ цай”-г жилд 10 мянгыг үйлдвэрлэдэг
Сүхбаатар хотынхон “Сэлэнгэ цай”, годон гутлын брэндээрээ үзэсгэлэн худалдаанд оролцож байв. Пакетлан савласан “Сэлэнгэ цай” 5000 төгрөг, хандгайн арьсан годон гутлыг 750 мянган төгрөгийн үнэтэй худалдаалж байлаа. “Мөнхцовдон” хорооны дарга н.Ариунаа “Манай хоршоо зөгийн аж ахуй, жимс, жимсгэнэ, мод үржүүлгийн үйл ажиллагаа явуулдаг. “Сэлэнгэ цай” бол манай аймгийн брэнд бүтээгдэхүүн. Боролзгонотой, нохойн хошуутай, олон төрлийн эмийн ургамалтай цай үйлдвэрлэдэг “Үжит” компанийнх. Сүүтэй цай чанахад улайхгүй. Бид жилд 10 мянга гаруйг үйлдвэрлэдэг” гэв.
Нийслэлд “Сэлэнгэ органик” нэрийн дэлгүүрээр дээрх бүтээгдэхүүнээ худалдаалдаг байна. Мөн зөгийн балыг гурван төрлөөр нь багцлан, бэлгэнд өгөх зориулалттайгаар худалдаалж байсан юм.
ЗҮҮНБҮРЭН: Зөгийн балаа экспортод гаргахаар зорьж байна
Зүүнбүрэн сум ягаан хальстай, монгол сармис, зөгийн балаараа алдартай. Хувиараа зөгийн аж ахуй эрхлэгч, иргэн Нямбаяр сумаа төлөөлөн иржээ. Есөн жил зөгийн аж ахуй эрхэлж байгаа тэрбээр “Манайх 60-70 зөгийн бүлтэй. Зуны гурван сарын хугацаанд 1-1.2 тонн килограмм бал хурааж авдаг. Зөгий цэцгийн шүүсээр хооллодог. Манай Зүүнбүрэн сум сөд өвс, мангир, хөвөн оройт, багваахай цэцэг гээд эмийн ургамлаар баялаг байдаг. Тиймээс ч идэж байгаа цэцэг, ургамлаасаа шалтгаалаад зөгийн балны өнгө, үнэр, амт өөр өөр гардаг. Бусад зөгийн балнууд органик бүтээгдэхүүнээрээ онцлогтой” гэлээ. Эдний зөгийн бол байгалийн болон таримал цэцгээсээ хамаараад 30-35 мянган төгрөгийн хооронд худалдаалагдаж байв. Зөгийн балнуудаа нэг килограмм, 750 граммаар тус тус савлажээ.
Зөгийн аж ахуй эрхлэгч Нямбаяр зөгийн балаа хяналтын шинжилгээнд хамруулж, баталгаажуулсан байна. Мөн бүтээгдэхүүний дээжийг БНСУ-д шинжлүүлэхэд маш сайн үзүүлэлттэй гарчээ. Цаашдаа зөгийн балаа экспортод гаргахаар зорьж байгаа аж.
ОРХОН: Даршилсан ногоо, утсан загас эрэлт ихтэй байлаа
Улаанбаатарчууд бидэнд эрт ургацын төмсийг Орхон сум нийлүүлдгээрээ онцлогтой. Орхон сумын эрт ургацын төмсний болц хурдан, шаргал өнгөтэй байдаг. Харин үзэсгэлэнд галла сортын ам чанар сайтай, шаргал төмс худалдаалж байв. Орхоны даршилсан ногоо, утсан загасыг эрж хайсан иргэн олон байлаа. Сүүлийн үед тус сумынхан сармис даршилж байна. 21 жил ногоо тарьж, 18 дахь жилдээ ногоо даршилж байгаа иргэн Б.Эрдэнэцэцэг үзэсгэлэн худалдаанд 300 шил даршилсан ногоотой иржээ. Өөрийн цахим пэйж хуудсаараа захиалга авч борлуулалт хийдэг байна. Жилдээ 5000 шил ногоо даршилдаг гэнэ. Шилтэй даршилсан ногоогоо 6000-7000 төгрөгөөр худалдаалж байв. Мөн ямар ч амтлагчгүйгээр утсан загасыг иргэд сонирхон худалдан авч байв.
БАЯНГОЛ: “Мянган цэцгийн шүүдэр” аймгийн брэнд бүтээгдэхүүний шагналыг хоёр удаа авчээ
“Мянган цэцгийн шүүдэр” компанийн захирал Хишигмаа 16 төрлийн эмийн ургамлын цайтай оролцлоо. Найм дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа тус компанийн бүтээгдэхүүн аймгийн брэнд бүтээгдэхүүний шагналыг хоёр удаа хүртсэн байна. Тус компани эмийн ургамлын цайгаа аймаг, сумдаа захиалгаар борлуулдаг. Цаашдаа Улаанбаатар хотод худалдаалж, хүрээгээ тэлэхээр зорьж байгаа аж.
ШААМАР: Үхрийн ширийг боловсруулж, 40 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг
“Нээлттэй Сэлэнгэ” үзэсгэлэн худалдаанд тавигдсан хазаар, бугуйл, авдарны сур, толгойн гоёл, бөгж, бүс зэрэг үхрийн ширэн бүтээгдэхүүн олны нүдийг хужирлаж байлаа. Иргэн Б.Энхбаяр 30 гаруй жил үхрийн шир боловсруулан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа нэгэн. Жилд 300 орчим үхрийн шир боловсруулж, 40 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна. Ихэвчлэн Ээж модоор аялж байгаа иргэдэд бүтээгдэхүүнээ борлуулдаг аж.
Түлхүүрийн оосор 5000, олом 15 мянга, бугуйл 150 мянган төгрөгөөр худалдаалж байв. Улаанбаатар хотоос захиалга байнга авдгаа энэ ташрамд дуулгаж байна.
ХҮДЭР: Брэнд талх борлуулалт сайтай байв
Тус суманд хүний эрүүл мэндэд сайн олон нэр төрлийн эмийн ургамал ургадаг. Өндөр настан Өлзийхишиг эмийн ургамал түүж худалдаалдаг байна. Тэрбээр “Би өмнө нь байгалиас түүсэн эмийн ургамлаа хүнд өгдөг байлаа. Харин өнгөрсөн жилээс эхэлж үзэсгэлэн худалдаанд оролцож байна. Хүний эрүүл мэндэд сайн ач тустай 20 гаруй нэр төрлийн эмийн ургамлаа авчирч үзэсгэлэнд оролцож байгаадаа баяртай байна” хэмээв.
Мөн Хүдэр сумын брэнд бүтээгдэхүүний нэг нь талх. Хувиараа хөдөлмөр эрхлэгч Уранчимэг өдөрт 50-60 талх үйлдвэрлэн сумын дэлгүүрүүдэд борлуулдаг байна. Нэг ширхэг нь 5000 төгрөгийн үнэтэй, Хүдэр сумын брэнд талх борлуулалт сайтай байлаа.
ТҮШИГ: ЖДҮ ЭРХЭЛДЭГ ИРГЭДЭЭ ДЭМЖИН АЖИЛЛАДАГ
Байгалийн үзэсгэлэнт Түшиг сум газар тариалан, хөдөө аж ахуйн чиглэлээр хөгжсөн. Тус сумын Засаг дарга Г.Батболд “Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Боомтын сэргэлтээр Түшиг-Зэлтэр боомт нээгдэхээр бэлтгэл ажилдаа орж байна. Эхний ээлжид засмал замын ажил хийгээд явж байна. ЖДҮ эрхэлж байгаа иргэдээ дэмжиж ажиллаж байна” гэлээ.
Тус сумын айл өрх бүр чацаргана тариалдаг гэхэд хилсдэхгүй. Тарьсан чацарганаа хурааж төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна. Иргэн Ц.Энхмаа дөрөв дэх жилдээ чацарганы ургацаа хураан авч ундаа, жүүс, цай, варень, цэлцэгнүүр хийдэг байна. Энэ жил нэг тонн чацаргана хураажээ.
Байгалийн үзэсгэлэнт, газрын хөрс үржил шимтэй Түшигийнхэн цагаан идээ, зөгийн бал, тарьсан хүнсний ногоогоороо үзэсгэлэнд оролцож байв.
ХУШААТ: Хатаасан хүнсний ногоогоо брэнд болгож, “Сэлэнгэ-5” шинэ сортын төмсийг нутагшуулна
Үржил шимт хөрсөнд тарьж, ургуулсан төмс, луувангаараа алдартай тус сумынхан “Эко Хушаат” хоршоолол байгуулан, үйл ажиллагаагаа явуулж байна. Ногоо тариалж, борлуулахаас гадна нэмүү өртөг шингээж, үйлдвэрлэлийн аргаар хүнсний ногоогоо хатааж, савлажээ. Хатаасан хүнсний ногоогоо сумын брэнд бүтээгдэхүүн болгохоор зорьж байгаа гэнэ. Хатаасан хүнсний ногооны амт, чанар алдагдахгүйгээрээ онцлогтой. Төмс, хүнсний ногооны үнэ нэг килограмм нь 2000-3000 төгрөгийн ханштай бол хатааж савласан хүнсний ногоо 2500 төгрөг. Тус хоршооныхон хүнсний бүтээгдэхүүндээ тогтвортой үнэ ханш барихыг зорьж байгаа аж. Мөн “Сэлэнгэ-5” шинэ сортын төмсийг нутагшуулан тариад эхэлжээ.
САНТ: Цагаан идээний “Цацал” брэнд захиалга ихтэй байна
Малчдын гар дээрээс сүүгээ худалдан авч, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Цацал” брэнд Сантынх. Шилэнд нь бүрсэн тараг, том, жижиг савлагаатай ааруул, тогооны өрөм гээд цагаан идээг иргэд сонирхон худалдан авч байна. “Цацал” компанийн бүтээгдэхүүнийг Дархан-Уул аймгийн худалдааны төвд борлуулдаг байна. Улаанбаатараас ч захиалга ирдэг гэнэ.
ЦАГААННУУР: “Хангай” нарийн ноост хонины удмын санд анхаарч байна
Сэлэнгэ аймгийн газар тариалангийн хамгийн том бүс нутаг 53 мянган га эргэлтийн талбайтай, улсын хэмжээний үр тарианы 20 орчим хувийг үйлдвэрлэдэг. Тус сум эрчимжсэн мал ахуйгаар тэр дундаа “Хангай” нарийн ноост хониороо алдартай.
“Хангай” нарийн ноост хоньтой. Эрдэмтэд 30 жил судалж, нарийн ноосыг гаргасан байна. Ноос нь 18-25 микроны хэмжээтэй. Монгол хониноос 1.2 килограмм ноос гардаг бол “Хангай” хониноос 4.2 килограмм нарийн ноос гардаг. Монгол хонины нэг килограмм ноос 500 төгрөг бол “Хангай” хониных нэг килограмм ноос нь 4000-5000 төгрөгийн үнэтэй байдаг. Эрэлт хэрэгцээ ихтэй байдаг байна.
Тус сум цагааны идээний “Хуурч цөм сүрэг” үнээний фермтэй. Тус хоршоо Сэлэнгэ аймагтаа төдийгүй Дархан-Уул, Улаанбаатар хотод үзэсгэлэн худалдаанд оролцдог байна. Цагааннуур сумын Хөдөө аж ахуйн тасгийн дарга Алтанхуяг “Одоогоор “Хангай” нарийн ноост 15 орчим мянган толгой хонь байна. Аймгаас сүүлийн жилд удмын санд нь анхаарч байна” гэлээ.
БАРУУНБҮРЭН: Жилд таван тонн айраг исгэдэг
Тус сумын үзэсгэлэн худалдаанд Б.Гансүхийн гэр бүл оролцлоо. Б.Гансүхийнх 30 гаруй жил гүү барьж байгаа айл. Тэдний айраг Сэлэнгэ аймгийн брэнд бүтээгдэхүүн болжээ. Гэр бүлийн хүн нь Булган аймгийн Сайхан сумынх. Тиймээс ч айрагны хөрөнгөө Сайхан сумаас авдаг байна.
Жилд таван тонн айраг бэлтгэдэг бөгөөд нэг литр айргийг 10 мянган төгрөгөөр борлуулж байлаа.
МАНДАЛ: Экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна
Тус суманд Түнхэл тосгон харьяалагддаг. Иргэн Дамирансүрэн 30 гаруй жил зөгийн аж ахуй эрхэлж байгаа гэнэ. Тэрбээр “Хан Хэнтийн дархан цаазат газар, Ноён уул зэрэг газарт 20 гаруй төрлийн эмийн ургамал ургадаг. Тиймээс ч амт чанартай зөгийн балаараа алдартай. Түүнээс гадна талх, нарийн боов, сүү, цагаан идээ, жимс, жимсгэнэ гээд олон төрлийн амт чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Хэрэглэгчдэдээ экологийн цэвэр бүтээгдэхүүн хүргэхийг зорьж байна” гэсэн юм. Тус сумынхан үзэсгэлэн худалдаанд дээрх бүтээгдэхүүнээрээ оролцож байлаа.
ЖАВХЛАНТ: Хүмүүс эко бүтээгдэхүүн сайн хэрэглэдэг
Эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан эрхэлдэг тус сумынхан цагаан идээний бүтээгдэхүүнээр үзэсгэлэн худалдаанд оролцохоор иржээ. Иргэн Цэрэнчимэд сумаа төлөөлөн иржээ. Тэрбээр “10 орчим нэр төрлийн сүү, цагаан идээний бүтээгдэхүүнтэй ирсэн. Нийслэлчүүд идэвхтэй худалдан авч байна. Хүмүүс эко бүтээгдэхүүн сайн хэрэглэдэг” гэлээ.
БУГАНТ: Мод, модон эдлэлийн бүтээгдэхүүний захиалга их ирдэг
Үзэсгэлэн худалдаанд “Бугант нандин” компанийн мод, модон эдлэлийн бүтээгдэхүүн олны сонирхлыг татаж байв. Тус аймгийн Бугант тосгонд 2007 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж иржээ. Мод, модон эдлэлээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг тус компани монгол гэрийг иж бүрэн тавилгатай, хүннү загварын гэр, сандал ширээ, буйдан гээд 90 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн, орон сууцны эко модон хаалгыг стандартын дагуу 20 орчим нэр төрлийн өнгө загвараар үйлдвэрлэдэг байна. Тус компанийн дизайнер Бат-Оргил “Манай компани захиалга авч үйлдвэрлэлээ явуулдаг. Компаниудаас захиалга их ирдэг. Манай хэрэглэгчид дотоодын үйлдвэрлэлээ их дэмжиж, захиалж, худалдан авдаг болсон. Бид чанарын түвшин, хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн хүргэхийг зорьж ирсэн” гэлээ.
Ийнхүү “Нээлттэй Сэлэнгэ” өдөрлөгөөр тус аймгийн брэнд бүтээгдэхүүнийг худалдан авах иргэн олон, эрэлт ихтэй байлаа.
Б.Сэргэлэн: Өнөөдрийн байдлаар 300 орчим иргэн шилжин ирээд байна
Газар тариалан, мал аж ахуй, ойн болон уул уурхайн салбарынхан Ерөө суманд үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнтэй холбоотойгоор шилжин ирэх хөдөлгөөн ч жилээс жилд нэмэгдэж, хүн амын тоо өсжээ. Тиймээс ч тус сумын Засаг даргын Тамгын газар хүн амын тоогоо нэмэгдүүлэхэд анхааран ажиллаж байгаа аж. Энэ талаар Ерөө сумын Засаг дарга Б.Сэргэлэнгээс тодрууллаа.
-Танай суманд эдийн засгийн ач холбогдолтой салбарууд үйл ажиллагаа явуулж байна. Хөдөөгийн сэргэлтийн хүрээнд ямар бодлого барьж ажиллаж байна вэ?
-Засгийн газрын дэвшүүлсэн бодлого болон Сэлэнгэ аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хүрээнд бид сумынхаа бодлого, төлөвлөлтийг тодорхойлсон. Энэ хүрээнд аж үйлдвэржилтийг дэмжиж ажиллах байр сууринд байна.
-Хэчнээн иргэн шилжин ирээд байна вэ?
-Манай суманд өнөөдрийн байдлаар нийтдээ 300 гаруй иргэн шилжин ирсэн байна. Өнгөрсөн оны эцсийн хүн амын тооллогоор манай сум 7264 хүн амтай байсан.
-Шилжин ирж байгаа иргэддээ ямар дэмжлэг үзүүлж байна вэ?
-Сумын удирдлага, төрийн байгууллагын зүгээс иргэдээ ажилтай, орлоготой болгоход анхаарч байна. Манай суманд шинээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүддээ хуулийн хүрээнд таатай орчин бүрдүүлэхэд анхааран ажиллаж байгаа.
-Танайх суффолк үүлдрийн хонь нутагшуулан, өсгөж байгаа. Хэчнээн тоо, толгойд хүрсэн бол?
-1950-60-аад оноос эхлэлтэй Ерөө үүлдрийн хонийг сэргээх түвшинд явж ирлээ. Мөн суффолк үүлдрийн хонийг үржүүлж байна. Манай сумын иргэн Баттулга гадаад улсаас авчирч нутагшуулсан. Шинэ үүлдрийн хонь цэврээрээ 200 гаруй толгой, эрлийзсэнээрээ 300 орчим толгой мал байна. Энэ үүлдрийн махны амт чанар сайн. Тиймээс эрэлт хэрэгцээ ихтэй, энэ оны захиалга дууссан байна.
Берг Роберт: Би Сэлэнгэд амьдарч байгаадаа баяртай байна
Канадын иргэн Роберт Сэлэнгэ аймагт ажиллаж, амьдраад есөн жил болж байна. Тэрбээр олон нэр төрлийн жимсний мод бут тарьж, ургуулжээ. Энэ жил анх удаа бөөрөлзгөнө, мойлны “АМС” чанамал хийсэн байна. Иргэн Роберт “Би Сэлэнгэд нүүж, хуучин бэлчээрийн газар аваад мод үржүүлсэн. Манай компанид 50 төрлийн алимны сорт, 30 төрлийн чавганы сорт бий. Усан үзэм, тошлой, бүйлс, үхрийн нүд зэрэг жимс ургуулжээ. Манай жимс цэвэр, органик. Сэлэнгэ сайхан газар байна. Хүмүүс нээлттэй байсан. Би Сэлэнгэд амьдрах дуртай, амьдарч байгаадаа баяртай байна хэмээн сэтгэгдлээ хуваалцав.
Ким Сон Чёл: Гурван улирлын хүлэмжийн технологио монголчуудад зааж өгнө
Сэлэнгэ аймгийн Баянгол суманд Солонгос улсын иргэн Ким Сон Чёл жимсний хүлэмжийн аж ахуй эрхэлдэг. Тэрбээр “Манай компани Улаанбаатар хотоос 150 километрт Баянгол суманд үйл ажиллагаа явуулдаг. Цаг агаарын хувьд Улаанбаатараас дулаахан. Үйл ажиллагаа явуулахад боломжтой, сайхан газар. Ногоо тарьдаг монголчуудын олонх нь зуны хүлэмжтэй. Гурван улирлын хүлэмжтэй болбол давуу тал их, Цаашдаа монголчуудад гурван улирлын хүлэмжийн технологийг зааж өгөхийг зорьж байна” гэсэн юм. Ийнхүү сэлэнгэчүүд Улаанбаатар хотод “нүүн ирж”, хоёр өдрийн турш нийслэлчүүдэд эко, эрүүл бүтээгдэхүүнээ худалдаалж, сум, орон нутгаа сурталчиллаа.
Н.Энхбат
Эх сурвалж: Монголын үнэн сонин №044/24575/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна