Хөхүй хүйтний өмнө хөдөөнийхнөө санах сар



Өвлийн тэргүүн сар шинэ­дээ тоолоод тун ч удаагүй байна. Хүйтний ам наашилж, хөр цасан зузаараад ирэх энэ үест малын тоо цөө­рөөд, маанийн уншлага нэ­мэг­дээд ирдэг. Цахим ер­төн­цөд арваннэгдүгээр са­­рыг “Хөдөөний ах дүүгээ са­нах сар хэмээн өхөөрдөн нэр­лэсэн нь ч учиртай. Цаг хүйтэрч, цас нэмээд эхлэхээр монголчууд зөнгөөрөө л идэш хоолны эрэлд гарч эхэлнэ. Хэдэн зуу, мянган жилийн дөрвөн улирал тойрсон амьдралын хэмнэл, хүйтэн өвлийн урт шөнүүдийг тэсэж давах ахуйн дадал маань соёл болтлоо цусанд минь шингэснээс тэр биз. Өвлийн тэргүүн сар урьд цагт сан бол  “Богинын идэш”-ний цаг үе л дээ. Миний санаж байгаагаар намрын сүүл сарын дунд үеэс “Малын тоо тооллого”-ын өмнө хийх уртын идэш хүртэлх зурвасхан хугацаанд богинын идэш хэрэг болдог. Нутаг, нутгийн онцлогоос шалтгаалаад өөр өөр цаг хугацаанд бэлтгэдэг, бас өөр өөр нэртэй байж магадгүй юм. 

Саяхны амралтын өдрүүдээр улаанбаатарчуудын мал, махны хэрэгцээг хангадаг түүхий эд, мах, амьд мал бэлтгэлийн “Эмээлт” зах орж үнэ ханш ямар байгааг сонирхлоо. 

Домогт Шар хөвийн дөрөлж, Эмээлтийн зөрлөг бараадан төвхнөсөн түүхий эдийн төвийн урт урт сэндвичин агуулах, мах бэлтгэлийн үйлдвэрийн барилгууд дээгүүр “Хүйтний онгорхой” өгсөн Туул голын “Цагаан түнэ” орчмоос хөөрөгдөн өгсөж ирсэн харзны уур манан эргэн цан хүүрэг болон буух ажээ. 

“Эмээлт”-ийн түүхий эд, мал мах бэлтгэлийн зах дээр амьд мал борлуулж, худалдаалдаг ганц л газар байдаг. Мал мах бэлтгэх, улай бой хийсэн газар ноход хэмлэлдэж, шувуу эргэсэн айхавтар л газар байх даа гэж бодож байсан минь том эндүүрэл байлаа. Хаа нэг, хоёр хүзүүвчтэй ноход гүйж яваа харагдах нь төсөөллөөс минь ангид хэрэг.

Саравчинд барьсан төмөр хайсанд малыг төрөл, төрлөөр нь ангилан хашжээ. Хоёр том саравчаар дүүрэн аймаг, аймгаас авч ирсэн адуу, үхэр, хонь ямаа харагдана. Идэш хоолны цаг тул арга ч үгүй биз. Олон хоног хашигдсан мал өл хоолгүй зовчих вий гэсэн асуудал энд алга. Шүүс нь үнэртсэн ногоон тэжээл хөл доороо дэвссэн тарган гуна, амбан шарууд ногоон шүлс савируулан хивж зогсоно. Эдгээр зарах малын эрүүл мэндийг үзэж оношлон худалдах зөвшөөрөл өгөх мал эмнэлгийн салбар, худалдан авагчдын хүсэлтээр сонгож авсан малыг нь нядалж, төхөөрч өгөх Бойны том сэндвичин барилга байх ажээ. 

Монголчууд бид энэ онд 195.8 мянган килограмм мах иднэ. Энэ жилийн идэш, хоолны цагаар хөл хөс төдий л ихгүй байгаа аж. Саравчинд оронгуут л “Ямар мал үзэх вэ, нас, шүдийг нь үзээд аваарай” гэж бүчин авах залуусаас нэгийг нь сонгон авч борлуулалт хэр байгааг нь сонирхов.

Малын худалдаачин Д.Баасандулам: “Энэ жилийн хувьд мал худалдан авах иргэд өмнөх жилүүдээс харьцангуй цөөн байна. Өдөрт борлуулдаг малынхаа тоо толгойг сүүлийн таван жилээр харьцуулж тооцоход л мэдэгдээд байгаа юм. Амралтын өдрүүдээр борлуулалт сайн байдаг л даа. Гэхдээ арваннэгдүгээр сар гарснаас хойш амралтын өдрүүдээр хийсэн борлуулалтаа харахад бас л чамлахаар тоо харагдаад байгаа юм. Яг зориод ирсэн худалдан авагчдын хувьд үнэ, үйлчилгээ гээд одоо байгаа хэр хэмжээндээ сэтгэл ханамжийг нь 100 хувь дүүргээд буцаах санаатай байдаг. Тэрэндээ ч бид хүрдэг. Худалдан авагчдын сонгосон малыг өөрсдийнх нь хүссэнээр төхөөрөөд, гэдэс дотрыг нь цэвэрлэж, жижиглэж жиргээд өгдөг. Өвлийн хүйтэн боллоо, хөдөөгүүр зарим газраар цас зуд ч болж байгаа сурагтай. Малчид өөрсдөө хэдэн малаа авчраад энд хэдэн долоо хоногоор зогсох боломжгүй учраас бид хотонд нь очиж авдаг. Яг хотноос нь очиж аваад 20-150 мянган төгрөгийн ашиг нэмээд борлуулдаг учраас үйлчлүүлэгчдийн хувьд хэдэн зуун километр явах бензин, түлшний хэмнэлтээ бодвол дүндээ дүн болчихно” гэнэ. Нээрэн л хэдэн зуун километр цаг зав, бензин тос үрэн ажлаа алдаж явахаар эрүүл мэндийн бичигтэй, гарал үүслийн тодорхойлолттой ийм газраас идэш хоолоо бэлдэхэд буруудах юмгүй л болов уу. Түүгээр мал, мах сонирхож яваа худалдан авагчид ч бас над шиг бодолтой байх шиг.

Худалдан авагч Д.Баяр­магнай:  “Малын үнэ санасныг бодвол харьцангуй тогтвортой байх шиг. Хэд хэдэн шалтгаантай биз. Намар эрт унасан цас баруун аймгуудаар зудлах янз оруулж малчид урьд, урьдын жилүүдээ бодвол малаа заазалж махны нийлүүлэлт ихэссэнээс болсон байх. Бид хөдөө гадаа хамаатан садангүй болохоор жилийн жилд л “Эмээлт”-ийн мах, мал бэлтгэлийн захаас өвлийнхөө идшийг авчихдаг юм. Хүнсний захуудаас килограммаар нь авахад нэлээд өндөр үнэтэй болчих гээд байдаг болохоор амралтын өдрөө тааруулаад л наашаа давхидаг. Цахим хуудсуудаар “Мал мах зарна” гэсэн зар явах хэдий ч буух эзэн, буцах хаягтай эндээс авсан нь дээр санагддаг. Нэгд, тийм зарын дагуу авсан малын мах ямар өвчинтэй байсан ч юм билээ бид гаднаас нь хараад мэдэх биш. Хоёрт, шуудхан хэлэхэд буруу гарын мал байхыг үгүйсгэх юмгүй шүү дээ” гэж ярилаа. 

Сар гаруйхны дараа улиран одох 2023 онд монголчууд бид 71.1 сая толгой мал тоолуулжээ. Монгол хүн жилд дунджаар 69.4кг мах, махан бүтээгдэхүүн хэрэглэдэг. Харин өрхийн малын махны хэрэглээг авч үзвэл нэг өрх жилд дунджаар 168кг мах буюу нэг үхэр, хоёр хонь иддэг гэсэн Үндэсний статистикийн газрын тооцоо судалгаа байна. “Эмээлт” амьд малын захаар үйлчлүүлэгчдийн олонх нь хонь худалдаж авахаар иржээ. Өсвөр насны хоёр хүүгээ дагуулсан бүсгүйтэй уулзан хэрэг зоригийг нь асуувал хүнсэнд хэрэглэх хонь худалдан авч эндээ төхөөрүүлээд авч явах зорилготой гээд “Би анх удаагаа л энэ захаар үйлчлүүлж үзэхээр ирлээ.

Шинэ мах, гэдэс дотор чанаж идэх сайхан байдаг болохоор найзынхаа санал болгосноор наашаа гарсан юм. Ээж, аавыгаа хөдөөлүүлснээс хойш хотоос гарахаа бараг больсон доо. Хааяа гэдэс, толгой чанаж идмээр болох юм” гэж хүүрнэж байв. Энд үйлчлүүлэхээр ирсэн хүмүүсийн олонх нь хонь худалдан авахаар ирдэг гэж дээр өгүүлсэн. Тэдний дуу нэгтэйгээр хэлж байгаа нэг шалтгаан нь буцах мөртэй, буух хаягтай гэдэг утга байлаа. “Үхрийг кодлох буюу ээмэгжүүлснээр хэний хотноос гарсан хэдэн настай, ямар тарилга туулгад хэзээ хамрагдсаныг нь мэдэж болох тогтолцоотой болчихвол бүр харгүй амар юм биш үү” гэсэн яриа ч гарч байв.

Ташрамд өгүүлэхэд, энэ онд Монголын махны зах зээл 1.1 тэрбум ам.доллар, ирэх таван жилд зах зээл жил бүр 13.7 хувь өсөх төлөвтэй байгаа юм байна. Бид чинь хаашаа яаж мах экспортлоод байгаа билээ. Энэ оны эхний арван сарын байдлаар 127.4 сая ам.долларын мах экспортолжээ. Үүний дийлэнх буюу 82.1 хувийг адууны мах, 21.1 хувийг хонь, ямааны мах, үлдсэн хэсгийг үхрийн хөлдүү махны экспорт бүрдүүлж буй.  Ер нь бол махны экспорт 2017 оноос хойш жилд дунджаар 49.3 хувь өссөн байгаа юм. “Ковид-19”-ийн нөлөөгөөр 2019-2021 онд нэг их мах экспортолж чадаагүй ч энэ жилээс нэлээд сэргэж, эхний арван сарын экспортоороо дээд амжилт тогтоогоод байна. Хонь, ямааны махыг Азербайжан болон Иран руу, адууны махыг Хятад, Казахстан, Киргизстан, Орос руу, үхрийн махыг зөвхөн Узбекистан руу экспортолж байгаа. Өвлийн идэшний цаг болж байгааг ташралдуулан энэ сарын 27-ноос арванхоёрдугаар сарын 3-ны өдрүүдэд гараас гарт буюу малчдын махыг дундын зуучлалгүйгээр нийслэл хотынхоо иргэдэд худалдах өргөтгөсөн худалдааг зохион байгуулах гэж байна. Аймгуудыг нийслэлийн есөн дүүрэгт хуваарилан борлуулалт хийлгэхээс гадна Төв цэнгэлдэх хүрээлэнд бүх аймгийн малчдын бэлтгэсэн махыг худалдаалах юм байна. 


"Өвлийн идэш 2023" өргөтгөсөн худалдааны байршил:

1. Баянгол дүүрэг VI хороо “Улаанбаатар палас”-ын хашаанд - Архангай, Хөвсгөл аймаг

2. Баянзүрх дүүрэг “Тэнгэр” плаза худалдааны төв - Хэнтий, Сүхбаатар

3. Баянзүрх дүүрэг Жуковын талбай - Дорнод, Хэнтий

4. Чингэлтэй дүүрэг II хороо Тусгаар тогтнолын талбайд - Өвөрхангай, Төв,

5. Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооллын зам дагуу - Ховд, Увс,

6. Сонгинохайрхан дүүргийн XX хороо “Номин” агуулах - Булган, Говь-Алтай, Завхан аймаг

7. Хан -Уул дүүргийн XX хороо "Лавай" худалдааны төв - Дорноговь, Дундговь, Өмнөговь

8. Багануур дүүрэг “Хэрлэн” худалдааны төв - Сүхбаатар аймаг

9. Налайх дүүргийн Налайх зах - Дорнод, Говьсүмбэр

10. Хан -Уул дүүрэг XV хороо Цэнгэлдэх хүрээлэн - Бүх аймгийнхан цуглаж малын махаа борлуулна

Трамп Төмөрөө

Эх сурвалж: Монголын үнэн сонин №044/24575/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
120 мянгат, 19 дүгээр хороолол орчимд шөнийн цагаар хэрэглээний хүйтэн… 17 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа 17 цагийн өмнө
ХКН-ын Төв хорооны Гадаад харилцааны яамны сайд Лю Жяньчаотай уулзав Өчигдөр
Энэ сарын 16, 17, 18-нд Үндэсний номын баяр болно Өчигдөр
Монгол, Хятадын Гашуусухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын … Өчигдөр
Мега төслүүдэд дотоодын үйлдвэрлэгч компаниудтай хамтарч ажиллах талаа… 2025/05/13
Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжү… 2025/05/13
Сувилагчдын тоог нэмэх, мэргэшүүлэх, мэргэжлийнх нь үнэ цэнийг таниула… 2025/05/12
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо 2025/05/12
Ирэх сарын 1-нээс 10-аас дээш жилийн насжилттай болон экспортын өмнөх … 2025/05/12
Фото сурвалжилга: Будапешт хотын Маргарет арал дээр зохион байгуулж бу… 2025/05/12
Энэтхэг, Пакистан харилцан буулт хийхгүй гэв 2025/05/12
Ялалтын баярт 29 улсын төр, засгийн тэргүүн оролцов 2025/05/12
Хүнсний ногоо тариалан эрхлэгчдэд урамшуулал олгоно 2025/05/12
​ Монголын сэтгүүл зүй нэвтэрхий тольтой боллоо 2025/05/12
Б.Солонготуяа: Хил дээрээс зөвхөн монголчуудыг буцаадаггүй 2025/05/12
Ази, Европыг холбосон алтан коридор 2025/05/12
“Хасын Хүлэгүүд” хэсгээ тэргүүлж байна 2025/05/12
Чөлөөтийн тамирчдыг Улаанбаатарын олон улсын нээлттэй тэмцээн хүлээж б… 2025/05/12
В.Оюумаа: Нийслэлийн өмчийн цаасан бүртгэлийг цахимжуулан, ил тод болг… 2025/05/12