Сониныхоо энэ дугаарын “Эмэгтэйчүүд” буланд Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны III хорооны МАН-ын хорооны дарга Э.ГАНЧИМЭГИЙГ урьж, ярилцлаа.
-Та улс төрд орох шийдвэрээ хэдийд гаргасан бэ. Баргийн хүн халгаадаг хариуцлагатай салбарт орох шийдвэрийг яагаад гаргах болов?
-Ер нь залуу хүмүүс ганцаараа бодож байгаад шууд л улс төрд оръё гээд орчихдоггүй юм шиг санагдсан. Аав ээж, гэр бүл, найз нөхөд хэн нэгнээ дагаж шийдвэрээ гаргадаг байх. Миний улс төрд орох болсон шийдвэр аавтай маань холбоотой. Миний аав Өвгөний Эрдэнэбаяр гэж Монголын хохирол үнэлэгчдийн холбооны ерөнхийлөгч, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн, манай улсын санхүүгийн салбарын шилдэг төлөөллүүдийн нэг. Хөрөнгийн мэргэшсэн үнэлгээчин, татварын мэргэшсэн зөвлөх, санхүүгийн салбартаа түүчээлж ажилладаг хүн байсан.
Би 2011 онд ОХУ-ын Эрхүү хотын Байгалийн эдийн засаг, хууль зүйн их сургууль буюу хуучнаар НАРХОЗ-ыг нягтлан бодогч, анализ ба аудит мэргэжлээр төгсөж ирээд аавынхаа үүсгэн байгуулсан татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний “Итгэлт Такс ТМЗ” компанид ажиллаж байсан үе. Компанийн гадуур ажлыг би их хөөцөлдөж явдаг байсан. Ингэх тоолонд хууль эрх зүйн хувьд ч тэр, төрийн байгууллагын үйлчилгээний хувьд ч гацаа саад, ойлгомжгүй байдалтай нүүр тулаад их бухимдаж орж ирдэг байсан. Энэ байдлаа аавдаа ирээд хэлэхээр “Энэ гацаа саад, зөрүүтэй байдлыг залуу үеийнхэн та нар л цэгцэлж өөрчилнө шүү дээ” гэж хэлнэ. Тэгээд яаж өөрчлөх вэ гэхээр бодлого, зохицуулалтаар л өөрчилнө гэж ярилцдаг байсан юм. Тэр үедээ жоохон бухимдал төрж байгаад тэгсхийгээд л мартчихдаг байлаа.
Харин 2015 онд Чингэлтэй дүүргийн Татварын албанд нэг ажил хөөцөлдөж хэд хэдэн удаа очсон юм. Би гадаадын хөрөнгө оруулалттай харилцагч байгууллагынхаа гадаад иргэний регистрийн дугаарыг авахаар очсон. Хэд хэд очсоны эцэст намайг “Гадаадын иргэн харьяатын газар руу яв” гэлээ. Би бухимдаад шаардлага тавьсан чинь хажуудах шургуулганаасаа шууд гаргаад өгсөн. Очоод таван минутын дотор гаргаад өгчих тоон цифрийг ингэж хүнд суртал гаргаж өгсөнд би маш их бухимдсан. Энэ тухайгаа дахиад л аавдаа хэлээд ийм байдлыг өөрчилмөөр байна гэсэн. Миний аав их алсын хараатай хүн. Үнэхээр чи өөрчлөхийг хүсэж байгаа бол улс төрд оролцоод яв гэж хэлсэн дээ.
-Улс төрд орох эхний алхмаа хаанаас эхлүүлсэн бэ?
-“Харанхуйг зүхэж сууснаас ганц ч гэсэн гэрэл асаа” гэдэг. Өөрөө л оролцохгүй бол болохгүй юм шиг санагдаад улс төрд орохоор эргэлт буцалтгүй шийдсэн. Аав маань улс төрөөс хол байхыг боддог байсан. Гэхдээ тэр үед улс төр сайн мэдэх хүнтэй уулзуулж өгсөн нь Улаанбаатар хотын ерөнхий менежер байсан Т.Гантөмөр гуай байсан юм. Ингээд л Баянзүрх дүүргийн иргэн учраас дүүргийнхээ Намын хороог зорин очиж байлаа.
-Таныг салбартаа болж бүтэхгүй байгаа асуудлуудад шийдэл олох, өөрөөр хэлбэл өөрчлөлт, шинэчлэлийн салхийг сэвэлзүүлэхээр улс төрд орсон гэж ойлгож болох уу?
-Ер нь тэгж ойлгож болно. Гэхдээ “Хүн мэддэг юмаа ярьж, чаддаг зүйлээ хийх хэрэгтэй” гэдэг үг байдаг. Салбар бүрийн мэргэжилтнүүд өөрсдөдөө тулгамдаж буй асуудлаа дэвшүүлэн хэлэлцэж бодлогодоо тусган, шийдээд явахад нийгмийн асуудлууд аяндаа зохицуулагдана гэж хардаг. Мэдэхгүй салбараа гэнэт барьж аваад шийдээд, хөгжүүлээд явна гэвэл худлаа амлалт л болох байх.
-Улс төр бол таны амьдрал, шаардлагаас үүдсэн салбар. Үүнээс гадна танд бизнес эрхлэгч гэдэг том үүрэг, хариуцлага бий?
-Тийм шүү. Нэг л хүний амьдрал учраас дан улс төр хийгээд явахад хэцүү. Арын амьдрал маань хүний гар харахгүй хараат бус, бие даасан байх нь чухал. Аавын маань үүсгэн байгуулсан компани өнөөдөр 24 дэх жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Одоо би “Итгэлт” санхүүгийн группийн захирлаар ажиллаж байна. Манай групп компани хөрөнгийн үнэлгээ, байгаль орчны үнэлгээ, хүний амь нас, эрүүл мэндийн хохирлын үнэлгээ болон татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.
-Таны ярианаас ажил, мэргэжлийн зарчим тань улс төрд орох нэг шалтгаан болсон юм байна гэж ойлголоо?
-Миний ажил хохирогч, хохироогч хоёр талын үнэнийг жингийн туухай дээр ижилхэн тавьж жигнэдэг зарчимтай. Тиймээс хэн нэгний талд илүү үйлчлэх гэдэг ёс зүй надад үгүй. Аавын минь өвлүүлж өгсөн ажил, миний мэргэжил хоёр хараат бус байхад сургасан гэх үү дээ. Энэ зарчим маань улс төрд ороход их хэрэг болсон. Одоо ч би энэ зарчмаасаа хазайхгүй яваа гэж боддог. Аав маань “Манай улс гаднын хөрөнгө оруулагч компаниудыг дэмжих хэрэгтэй. Энэ компаниуд манайд хөрөнгөө оруулсныхаа төлөө маш их хохирдог” гэж хэлдэг байсан. Өнөөдөр манай улс гадаадын хөрөнгө оруулагч нараа үнэнийг хэлэхэд үргээгээд алдчихаад сууж байна. Гадаад хөрөнгө оруулагчдыг татах, харилцан ашигтай хамтарч ажиллах чиглэлийн зохицуулалт, эрх зүйн орчин гээд бидэнд хийх ажил олон байна. Манайх нэг компанийн хэмжээндээ л энэ талаар ажлууд хийдэг болохоос бүхэл бүтэн улс орны хэмжээний асуудлыг бол хууль, эрх зүйн орчноор нь л шийдвэрлэх боломжтой.
-Та бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төлөөлөл. Энэ төлөөлөлд тулгарч буй бэрхшээлд ямар өөрчлөлт хийхийг хүсэж байна вэ?
-Бизнесийн салбарт ажилладаг эмэгтэй захирал, ажил олгогч талаасаа харах юм бол миний дээр өгүүлсэн төрийн байгууллагуудын уялдаа холбооны асуудал бидэнд асар их бэрхшээл болж байна. Бизнес эрхлэхэд хамгийн түрүүнд татварын тухай хуулиуд, нийгмийн даатгалын хууль маш чухал үүрэгтэй. Гэтэл энэ хуулиуд маань өөрөө бизнес эрхлэгч болон ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсээ дэмжих биш боомилсон шинжтэй байдаг. Наад захын жишээ хэлэхэд бизнес эрхлэгч байгууллага олсон орлогоо өөрөө тайлагнаад татвараа төлдөг. Төр буй дор татвар буй гэдгээр төлөх нь үнэн, төлөх ч ёстой. Гэхдээ орлого, ашгаа өөрөө тодорхойлоод татвараа төлдөг энэ үйл явцыг дарамтгүй болгох ёстой. Компаниас зардал бодитоороо гардаг. Гэтэл түүнийг и-баримтгүй л бол зардал болгож тусгадаггүй. Ингээд татвар дээр нэг их ашигтай компаниуд харагдаад түүнээс нь татвар бодогддог нэг ёсны гажуудал үүсдэг. "И-такс" систем үнэхээр сайн ч гэсэн одоохондоо нийтээрээ "И-баримт"-ыг хэрэглэж заншаагүй байна шүү дээ. Үүний сөрөг үр дагаврыг хэдэн компанидаа үүрүүлчихээд л татвараа нэхээд сууцгааж байна. Энэ чигээрээ удвал жижиг худалдаа, үйлчилгээний газрууд өрөнд ороод дампуураад дуусна.
Ингэж “Татвараа цаг хугацаанд нь төлсөнгүй” гээд данс хаадаг. Шууд үйл ажиллагааг нь зогсоох нөхцөл бол данс хаах арга.
Бизнес эрхлэгч нарын эхний зорилго татвар төлөх биш шүү дээ. Юуны өмнө аливаа бизнес тогтвортой, тасралтгүй ажиллах ёстой. Хоёрдугаарт, ажиллагсдынхаа цалинг тавих бол маш чухал асуудал. Түүний дараа татвар төлөх тухай яригдана. Арайхийж хэдэн төгрөг олоод ажилчдынхаа цалинг тавих гэхээр данс хаачихдаг. Тэгэхээр тэр байгууллага яаж хөдлөх юм. Энэ цикл ерөөсөө буруу явагддаг. Шууд залгаад “Дансыг чинь хаалаа шүү, шүүх рүү өглөө” гэдэг. Өөрсдөө ийм хэмжээний татвар төлнө гээд тайлангаа гаргаад төлөөд явж байхад хугацааны алданги гээд дахиад нэг дарамт үүсгэдэг. Торгууль, хүү, алданги гээд 50 хувьтай тэнцэх дарамт дахиад ирдэг жишээний.
Өөрчлөлт, шинэчлэл хийе, хөгжье гэвэл хаах боох биш дэмжих дэлгэрүүлэх тухай л ярих ёстой болов уу. Дээрх хуулиуд дагалдах журам, дүрэм, стандартууд хоорондоо уялдаа холбоогүй, хэрэгжүүлэхэд хэцүү. Дээрээс нь манай төрийн байгууллагууд холбогдох хуулиа огт сурталчилдаггүй. Энэ нь төрийн хийх ёстой ажил. Манай компани үйл ажиллагаагаа тасралтгүй явуулахын тулд харилцагч нартаа хууль сурталчлах ажлыг давхар хийгээд явдаг. Тиймээс өмнө нь миний хэлснээр өөрчилье, шинэчилье гэвэл өөрөөсөө эхэлцгээх нь л зөв.
-Улс төрд ороод л анхны ялалтаа авч чамгүй амжилттайгаар гараагаа эхэлсэн санагдаж байна. Харин тухайн үед танд ямар сэтгэгдэл төрж байсан бол?
-Баярлалаа. 2016 онд Орон нутгийн сонгуульд өрсөлдөж, Баянзүрх дүүргийнхээ Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдож ажилласан. Манай намаас сонгогдсон хоёрхон эмэгтэй төлөөлөгчийн нэг нь болж ажиллаж байлаа. Манай нам цөөнх болсон учир сөрөг хүчний байр сууринаас ажилласан. Санхүүгээр мэргэшсэн хүний хувьд Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын санхүү төсөвт нэлээд хяналт, тооцоо хийж ажилласан. Үнэнийг хэлэхэд төсвийг маш үрэлгэн зарцуулж байсан. Сөрөг хүчин ч байсан, залуу шинэхэн зоригтой ч байсан шүүмжлэлийн шуурган дундуур л ажилласан.
2016-2020 онд ингэж ажиллахад үнэн бэрхшээлтэй байсан. Яагаад гэвэл, Иргэдийн төлөөлөгчдийн хурал бараг хуралддаггүй. Хоёр намаас сонгогдсон төлөөлөгчдийн тоо ойролцоо байсан тул ширүүхэн юм болно. Би чинь залуухан, шинэхэн, ажил хиймээр, хуралдаа сууж үзмээр байдаг. Иргэдийн төлөөлөгч учраас хамтраад ажлаа хийх ёстой гэдэг байр сууринаас зөрөн байж суухаар хэдэн талаасаа загнуулна, шүүмжлүүлнэ. Ийм халуун улс төр рүү шууд орсон нь надад туршлага болсон. Анх удаа ялалт байгуулсан хүнд чинь бас амбиц байлгүй яах вэ. Ингэж хэдэн талаасаа чичлүүлэн байж дүүргийнхээ долдугаар хороонд 56 сая төгрөгийн камержуулалтын төсвийг суулгаж чадсанаараа тухайн үедээ өөрөөрөө бахархаж байж билээ. (инээв)
-2020 оны сонгуульд өрсөлдөөд ялагдсан. Энэ тухайд өөрийгөө хэрхэн дүгнэсэн бэ?
-Сонгуульд өрсөлдөхөөсөө өмнө буюу 2018 онд хорооны тэргүүлэгч гишүүн, 2020 оны арванхоёрдугаар сараас эхлэн III хорооны МАН-ын хорооны даргаар ажилласан. 2020 онд нийслэл, дүүргийнхээ иргэдийн хуралд өрсөлдсөн ч гарч чадаагүй. Гэсэн ч намын хорооны даргаа одоо хүртэл хийж байна.
Миний бодлоор улс төрд ялж, ялагдахаасаа илүү улс төрийн сонголт бол үзэл санааны илрэл гэж боддог. Тиймээс нэг удаагийн ялалт, ялагдлаас болоод үзэл санааны сонголтоо өөрчилнө гэж байхгүй. Улс төрд нэгэнт сонголтоо хийгээд орсон л бол тууштай, тогтвортой, өсөлттэй ажиллах нь чухал гэж боддог. 2020 оны сонгуулийн дараа өөртөө ямар дүгнэлт хийсэн бэ гэвэл маш том тойрогт, хүчтэй өрсөлдөгч нартай өрсөлдсөн. Миний хувьд жижиг багаар ажилласан, туршлага дутсан гэсэн дүгнэлтийг өгсөн дөө.
-Хүний улс төрийн сонголт бол тухайн хүний үзэл санааны сонголт байдаг гэж та хэллээ. Та намын сонголтоо хэрхэн хийсэн бэ?
-Би аавынхаа үнэт зүйл, үзэл санаа, үндсэн зарчмыг ерөнхийдөө баримталж, хадгалж явдаг. Тиймээс ч өнөөдөр ажил, мэргэжлийнх нь нэр хүндийг өргөж ажиллахыг хичээдэг. Аав минь хуучнаар МАХН-ын гишүүн байсан. Нэгдүгээрт, энэ нөлөөлсөн. Хоёрдугаарт, үзэл баримтлалын хувьд МАН-ыг би хувьдаа дэмжсэн. Би шинжээч хүн учраас намд элсэхээсээ өмнө уншиж судалсан. Монгол Ардын Намын өнөөдрийн хүний эрхийг дээдэлсэн социал демократ үзэл баримтлал бол орчин үеийн хамгийн дэвшилтэт хүмүүнлэг үзэл гэж боддог. Хүнээ бодсон нийгэм бүтээнэ гэдэг бол миний бие хүний үзэл санаатай нийцсэн гэсэн үг. Монголчууд бидэнд газар нутаг, байгалийн баялаг гээд бүх зүйл байгаа гэж би хэлэх дуртай. Харин энэ боломжийг бид хүндээ ээлтэй бодлого, шийдвэр, хэрэгжүүлэлтээр хангаад явахад манай эх орон шиг сайхан улс орон хаана ч байхгүй.
-Улс төрд залуу хүн ороход янз бүрээр л нэрлүүлж, хочлуулдаг. Мөн эмэгтэй хүнийг хоёрдугаарт эрэмбэлэх хандлага элбэг тохиолддог. Иймэрхүү асуудалтай нүүр тулж байв уу?
-Цүнх баригч гэх мэт нэр хочид эмзэглэдэггүй. Санахгүй байхыг бодоход би тэгж хочлуулж байгаагүй юм байна. Миний хувьд хэн нэгэн даргыг биш намын бодлого шийдвэрээ дагаж ажилладаг. Намын хорооны ажилдаа цаг хугацаа, мөнгө санхүүгээ зориулаад ажиллаад явж байгаа нь л өөрөө амжилт.
Харин сонгуулийн үеэр залуу, эмэгтэй хүнийг туршлагагүй гэж басах, хоёрдугаарт, эрэмбэлэх үзэл хандлагатай олон удаа нүүр тулж байсан. Ер нь эмэгтэйчүүд улстөрд жоохон хавчигдмал хүрээгээр хязгаарлагддаг нь үнэн. Харин намын зүгээс социал демократ үзэл баримтлалыг гол үзэл санаагаа болгож хүний эрх, жендэрийн эрх тэгш байдлыг хангахад чиглэж байгаад талархаж бас дэмжин ажиллаж байна. Орчин үеийн хүмүүсийн боловсрол мэдлэг дээшилж, мэдлэг мэдээлэл авах цар хүрээ асар хурдацтай тэлж байна. Иймээс энэ үзэл хандлага өөрчлөгдөж байна гэж хардаг. Намын эмэгтэй лидерүүд, бүх шатанд ажиллаж байгаа эмэгтэйчүүд үүний төлөө ихийг хийж, бүтээж байна.
-Намын анхан шатанд буюу намын үүр, хороонд ажиллахын жаргал, зовлон нь юундаа байдаг вэ?
-Сайхан зүйлс олон бий. Намын гишүүд дэмжигчидтэйгээ үргэлж уулзаж, тэднийхээ жаргал, зовлонг хуваалцаж байхад өнөр бүлтэй болсон мэт мэдрэмж авдаг. Харин хатуухан хэлэхэд улс төрийн өндөр албан тушаалд ажиллаж буй увайгүй, ёсзүйгүй улстөрчдийн хүмүүсийн хэлдгээр “идсэн”, луйвардсан гэх мэт сөрөг мэдээллээс болоод үнэхээр нүүрээ хийх газаргүй, ичгэвтэр байдалд ордог үеүд ч бий. “Танай намын хүн, танай намынхан ийм”....гээд чичлүүлэх бол энүүхэнд. “Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино” гэдгээр эгэл жирийн мянга, мянган гишүүн дэмжигчид намын бүх шатанд ажиллагсад ганц, хоёрхон хүний өмнөөс тийм нэр зүүх бол үнэхээр ичмээр явдал.
-Та улс төрийн ямар сонгуульт ажлууд хийдэг вэ?
-Баянзүрх дүүргийн Намын хорооны гишүүн, III хорооны МАН-ын хорооны дарга, Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны бага хурлын гишүүн. Мөн намын хэсэг залуусын үүсгэн байгуулсан Социал демократ клубийн үйл ажиллагаандаа идэвхтэй оролцоод явж байна.
-Сар гаруйхны дараа 2024 гарлаа. Сонгуулийн жил гэдгийг бүгд мэднэ. Та ямар амбицтай байна вэ?
-Улс төр гэх том айлд, нам гэх нэг туган дор анхан шатнаас нь суралцаад ажиллаад л явж байна. Боломж гарвал залуу хүний хувьд хүссэн зорьсон өөрчлөлтийнхөө төлөө өрсөлдөж, алхам ч болтугай ойртож ажиллахад бэлэн. Би түгээгч чанарын хүн. Тиймээс бүхий л зөв, шинэ, дэвшилтэт зүйлийг өөрөө түүчээлж, түгээх дуртай. Тэр л зарчмаараа урагшилна даа.
-Ярилцсанд баярлалаа.
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: Монголын үнэн сонин №044/24575/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна