А.Адилцэцэг: Хүүхдүүд өөрийг нь ойлгодог хүнд хайртай байдаг



“Манай хүүхэд гурван настай ч сайн ярьдаггүй”, “Эрэгтэй хүүхэд хожуу хэлд ордог” гэсэн яриа аав, ээжүүдийн дунд түгээмэл өрнөдөг. Цэцэрлэгийн насныхан байтугай нэгдүгээр ангийн сурагч ч бүтэн өгүүлбэрээр өөрийгөө илэрхийлж чадахгүй байна. Ийм бэрхшээлтэй нүүр тулсан бидний хэдэн эцэг, эх хүүхдийн  хэл, яриа зүгшрүүлэгч багш А.Адилцэцэгийг зорин очсон юм. Орчин үед багш хичээл заахаас илүү хүүхдийг чиглүүлэгч байх ёстой гэдэг. Биднийг угтсан багшийн арга зүй, яриа төсөөллийг давсан юм. Хүүхдийн сэтгэл зүйтэй ажиллаж байлаа. Яг ээж шиг нь  шавь нараа зоригжуулж, ярилцаж, тэврэхэд бяцхан хүүх­дүүдийн нүд сэргээд л ирэв. Нээрэн л бид ажилдаа анхаараад, бяцхан үрсдээ цаг зав зарцуулж хэлэх үгийг нь дуустал сонсож, мөрөөдлийг нь хуваалцдаг билүү гэсэн бодол төрснийг нуух юун. 90 минутын хичээл эцэг, эхчүүдийг ч ухааруулжээ. Завгүй амьдралын хэмнэл дунд  цахимд өнгөрүүлсэн хором мөч бүрээс өдөрт 30 минутыг хүүхдэдээ үлгэр унших, шүлэг цээжлүүлэх, зүйр цэцэн үг тайлбарлахад зарцуулаагүйдээ харамсана. Хаа нэгтээ харсан ч юм шиг, угаас таньдаг байсан мэт мэдрэмж төрүүлэх А.Адилцэцэг багш мэргэжлийн жүжигчин байлаа. Дэлгэцийн хэд хэдэн бүтээлд  оролцсоноос олонд танигдсан нь “Ядуугийн зовлон” уран сайхны киноны гол дүр. Харин аав нь “Мартагдсан дууль”-ийн Санги ах буюу Монголын  бахархалт жүжигчдийн нэг Г.Адилбиш аж. Хичээлийн дараа Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, багш А.Адилцэцэгтэй ярилцсан юм.

 

-Хүүхдийн дотоод ертөнцийг нээх амаргүй ажлыг та төвөг­гүй хийх юм. Хичээлээ бая­жуулж, уйдаахгүй хөтөлбөр боловсруулахад чамгүй хугацаа зарцуулжээ?

-СУИС-ийг кино, драмын жүжигчин мэргэжлээр төгссөн. Тайзны ярианы уран чадварыг мэргэжлийн түвшинд сурсан учраас хэлний бэрхшээлтэй хүүхдүүдтэй  ажилладаг байлаа.  Хятадад зургаан жил багшилсан юм. Ковидын үеэр эх орондоо ирэхэд  “Охидын мисс” төвөөс хэл яриа, ур чадвар, хөтлөгчийн багшаар ажиллуулах хүсэлт ирэв. Хуримтлуулсан туршлага, мэдлэгээ хүүхдүүдэд зориулахсан гэх сэтгэлээр багшилж эхэлсэн.

-Хүүхдийн ур чадвараас гадна авьяасыг гярхай ажиглаж, мэргэжлийн зөвлөгөө өгөхийг сонслоо.  Аав, ээжүүд ч сур­галтад давхар суух шиг санагдлаа?

-Танд хариулахаасаа өмнө Хятадад анзаарснаа юун түрүүнд дурдъя. Өвөрмонголд багшлахдаа урд хөршийн эцэг, эхчүүд хүүхдэдээ бүхнийг зориулж байгааг харлаа. Хичээлийн бус дугуйланд хамруулах, ялангуяа хувь хүний төлөвшлийн хичээлд заавал суулгадаг. Сурлагаараа гавихгүй байгаа, найз нөхөдгүй хүүтэй ажилласан. Тэр хүүхэд ч сайнаар өөрчлөгдөхөд ангийнхан нь миний хичээлд суусан. Миний вичатаар илгээсэн гэрийн даалгаврыг аав, ээж, эмээ, өвөө, хөршийнхөн нь хүртэл хамт хийдэг. Тэгж хичээж ирээдүйгээ бэлтгэж чадсан учраас Хятад улс хөгжөөд байна. Монгол ээж, аавууд бүгд анхаардаггүй гэвэл худлаа. Хүүхдээ анхаардаг гэр бүл олон. Тэд ч бас миний хичээлтэй танилцаад, ирж суугаад хаана алдсанаа ойлгодог. Хүн бүр математикч болох албагүй гэдэг. Залхааж биш дуртай чиглэлээр нь дотоод ертөнцийг нь нээж зөв хөгжүүлэх хэрэгтэй.Санаа бодлоо хэлэхээс ичдэг, зарим үсгээ зөв дууддаггүйдээ ичдэг хүүхдүүдэд өөрийгөө илэрхийлэх  чадамжийг эзэмшүүлэхэд нүдний өмнө өөрчлөгддөг. Авьяасгүй хүүхэд байдаггүй, нээх нь л чухал. Ингэхийн тулд эцэг, эх, асран халамжлагчтай нь ярилцаж, хамтран ажиллахад илүү үр дүнтэй. Хэл ярианы бэрхшээлтэй хүүхдүүдтэй ганцаарчилж ажилладаг.

-Бид ч бас  “Хүүхдийнхээ төлөө” амьдарч, ажилладаг. Өнөөдрийн орчин, нөхцөлд гэр бүлдээ зориулах цаг хомс. Олдсон хэсэгхэн хормыг яавал хүүхдүүддээ зөв зарцуулах вэ?

-Өглөө, оройн замын түгжрэлтэй өрсөн хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт хүргэж, ажлаа хийдэг ээж, аавуудын зовлонг ойлгож байна. Гэхдээ гар утсандаа зарцуулдаг цагаасаа хэдхэн минутыг хүүхдэдээ үр бүтээлтэй зарцуулаарай. Эцэг, эхчүүд тулж ажилладаггүй хэрнээ “Хүүхдээ яаж хэлд оруулах вэ” гэж асуудаг. Хүүхэдтэйгээ ярилц, үлгэр уншиж өг гэж зөвлөнө дөө.  Эрхлүүлж үнсэх, өхөөрдөх, халамжлах нь хүүхдийн ертөнцийг гэрэлтүүлж, насанд нь хөгжүүлэхэд хангалтгүй. Нөгөө талаар ухаалаг утасны хэрэглээ бодож сэтгэх, цээжлэх, оюуны хурдгүй болгодог.

-Гар утасны хэрэглээ хэтийд­сэнийг хүлээн зөвшөөрнө. Насанд хүрсэн хүмүүс ухамс­раараа нийгмээс өөрийгөө тусгаарлалгүй, цахим орчинд бүрэн автахгүй байгаа. Гэтэл хүүхдүүд цахим орон зайнаас гарч чадалгүй, хүн хоорондын харилцаанаас алсарч улам л бүрэг болдог. Яг л тийм хүүхдэд таны сургалт чиглэжээ?

-Өсвөр насныхны өдөр тутмын амьдрал ухаалаг утас болсон.  Ухаан хөгжүүлэх бус түр зуурын хэсэг хором хараад өнгөрөх ашиггүй контент хүүхдийн тархийг хогийн сав шиг дүүргэж байна. Зүйр цэцэн үг, дөрвөн мөрт мэдэхгүй хүүхэд бүтэн шүлэг цээжээр унших нь юу л бол. Юунаас болов гэдэг чухал. Энэ бүхнийг анзааралгүй явах уу. Хожмын өдөр “Яагаад хүүхэдтэйгээ харилцаж, зөв хүмүүжүүлээгүй юм бэ” гэж харамссанаас өнөөдрөөс эхлээд гэр бүлээ амьд харилцаатай болгоорой гэж эцэг, эхчүүдэд хэлдэг.  Шүлэг бүрэн цээжлээгүйн төлөө цэцэрлэг, сургуулийн багш нарыг зуун хувь буруутгах хэрэггүй. Ачаалалтай, хүүхэд бүртэй хүрэлцэж ажиллахад хэцүү байгаа. Бие дааж сураагүй, гэртээ аав, ээж биш утастай найзалдаг хүүхдүүд богинохон хугацаанд багшийн заасныг хүлээж авч чадахгүй байна. Хоцрогдсоор хичээлээ бүрэн ойлголгүй, тээр хойно үлддэг. Гэтэл биеэ даасан хүүхдүүд үсгээ нүдлээд, хүрдээ цээжлээд багштайгаа зэрэгцээд сурдаг.

-Таныг олон хүүхэд зорьж ирдэг юм байна. Бүгдийг нь нэг ангид хамруулдаг уу. Шавь нараа сонгохдоо нас харгалздаг уу?

-Нэг ангид 15 хүүхэд авдаг. 20 хүрчихээр хувааж хоёр анги бүрдүүлдэг.  90 минутын хичээлээ хүүхэд бүрд өгөөжтэй, хүртээмжтэй зааж байж үр дүн гарна.   5-16 насны хүүхдүүд авдаг. Хүүхдүүд улам л хэрсүү болж байна. Хичээлийн хөтөлбөрөө тэр хэрээр өөрчилдөг. Шавь нартайгаа сэтгэл зүрхээрээ холбогдсон цагт л хэн нэгэн биш өөрийнхөө төлөө хичээх ёстой гэдэг горимыг суулгаж чаддаг. Миний шавь нар зөв цэгцтэй ярьж, анхаарал, ой тогтоолт, сэтгэлгээний хурдтай, харилцааны соёлтой, гоо зүй, өөрийгөө хөгжүүлэх чадвар эзэмшсэнээрээ бусдаас ялгардаг. Ирээдүйн сууриа тавьж, өдрөөс өдөрт сайнаар өөрчлөгдөх шавь нараа биеэ даасан, хүн сэтгэлтэй хүн  болоорой гэж боддог.

-Багшлахдаа баримталдаг зарчмаасаа хуваалцана уу?

-Шавь нараа дүгнэж хэлдэггүй. Өөрсдөөр нь өөрийг нь дүгнүүлдэг.  Хүүхдүүд өөрийг нь ойлгодог хүнд хайртай байдаг. Тиймээс хэрэгтэй цагт нь ээж, эгч нь болно. Би ер нь хаа явсан газраа хүүхдүүдийг ажиглаж, ярилцах дуртай. Найз нөхөд, ойр тойрны хүмүүсийн хүүхдүүдийн хүсэл тэмүүллийг мэддэг. Эцэг, эхэд нь хэлж, зөвлөдөг юм. Мэргэжлийн уран бүтээлч учраас үнэхээр авьяастай хүүхдүүдийг жүжигчин, дуучин, бүжигчидтэй холбож, чадвар сонирхлоороо амжилтад   хүрэх гүүр нь болдог. Мэргэжлээ сонгоогүй, ямар хүн болохоо мэдэхгүй ахлах ангийн сурагч олон байна. Сэтгэлдээ байгаа хүсэл, мөрөөдөлдөө хүрэх ёстойг тархинд нь суулгах хэрэгтэй. Тархи нь сэрж, мэдэрч байж хүүхэд өөрийгөө дайчилна. Багш бүрийн арга барил ондоо. Би аман наадгайн төрлөөр хичээлээ орох дуртай. Зүйр цэцэн  үгс хүүхдийг зөв голдиролд нь оруулж, төлөвшүүлдэг. Хэнийг хайрлаж, хүндлэхээ мэддэг болно.

-Таны хичээлд суух хүсэлтэй томчууд олон байх. Насанд хүрсэн хүмүүст багшлах төлөв­лөгөө бий юү?

-Бид бүгдээрээ анх удаа амьдарч байгаа учраас мэдэхгүй, чадахгүй зүйл тулгарна. Тиймээс хүүхдүүдээс илүү эцэг, эхчүүдийг зөв дадалтай болгох сургалтыг дунд сургуулиуд зохион байгуулаасай. Эд хэрэглэлд мөнгө зарцуулдаг шигээ хүмүүжилд нь анхаараасай.  Бидний тайван амьдрах, өтөл насандаа жаргах түрхүүр бол хүүхэд. Томчууд ч хаалттай болжээ. Олж харахгүй байгаа болохоос биш томчуудын дотор ч хүүхдийн гэгээхэн ертөнц байдаг.

-Жүжигчний мэргэжлээ багшаар солиход юу таныг хөтлөв. Мэргэжлийн карьераа хойшлуулсандаа харамсдаг уу?

-Ихэр охидоо төрүүлээд мэргэжлээ хойш тавьсан. Урлагт зүтгэхэд ар гэрээ хэдэн өдөр, сараар орхихоос өөр сонголтгүй. “Үхтэл үр харам” гэдэг дээ.  Тийм жишээг мэдэх учраас охидоо өсгөж, үлгэр дуурайл болох сонголт хийсэндээ харамсдаггүй. Кино дүрийн санал одоо ч ирдэг. Ажлынхаа заваар оролцоод явдаг. Харин уран бүтээлдээ бүрэн орж амжихгүй л байна. Хүүхэд хөгжлийн хичээлээс гадна харвалтын дараа хэл ярианы согогтой болсон хүмүүст зориулсан хөтөлбөр, төсөл боловсруулаад нийгэмд чиглэсэн ажил хийх санаа байна. Манай нийгэм яасан ч харгис болоо вэ. Тэднийг “Ярьж чадахгүй” гэдэг шалтгаанаар нийгмээс тусгаарладаг. Хэл заслын эмч нар байдаг ч бас л ачаалалтай учир илүү цагаар тусгай сургалт орж чаддаггүй.

 

Бэрхшээлийн ард бэлэг

 

Амжилт бол аажим аажмаар мацаж гардаг оргил. Ганцхан өдрийн сургалтаар хүрэхгүй ч уйгагүй хичээллэвэл үр дүнд хүрнэ. Долоо хоногт хоёр өдөр тохиох хичээлдээ яаран ирсэн шавь нар нь бидэнтэй зөрөөд ангидаа орцгоов. Өөрийг нь сонсож, мэдрэмжийг нь хөглөдөг багшийгаа хүүхдүүд тэвэрч, уулзаагүй өдрүүдийнхээ сонин сайхныг хуваалцаж байв.  “Бэрхшээлийн ард бэлэг” гэж шавь нараа зоригжуулах тэрбээр хүүхдүүдийн ээж шиг л ярилцана. Нийгмийн харилцаанд хэл ярианы хөгжлөөрөө өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлэх нь хамгийн чухал.  А.Адилцэцэг багшийн сургалт хэл яриаг хөгжүүлэх ижил төрлийн сургалтаас олон давуу талтай. Хүүхдийн буруу авиаг засахаас гадна өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлэх, өөртөө итгэлтэй болох талд суралцаж, авьяасыг нээж хөгжүүлдэг аж. Зөвхөн охиноо гэлтгүй хүүгээ ч бас энэхүү сургалтад хамруулж өөрийгөө олоход нь дэм болоорой.  Дунд сургуулийн сурагчдын болон эцэг, эхийн зөвлөлийнхөн А.Адилцэцэг багштай холбогдож, ирээдүйн замаа зөв чиглүүлээсэй гэсэн бодол тээн харьсан юм.

А.Адилцэцэг багшийн сургалт тун удахгүй эхлэх гэж байна. Та бүхэн доорх утас, цахим хуудсаар холбогдоорой.

НЭРИЙН ХУУДАС:
Холбоо барих утас:
99844004
Фэйсбүүк:
Adiltsetseg Adilbish


 Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №044/24575/           


0
angry
2
care
0
haha
5
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 1 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 4 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 4 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 4 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 4 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 4 цагийн өмнө
SDY Calling you... 4 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 4 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 5 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 5 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 5 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22