Монгол Улсын түүхнээ эергээр мөнхөрсөн зүтгэлтнүүдийн нэгэн билээ



Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, 17 дахь гүйцэтгэх засаглалын тэргүүн асан П.Жасрай агсны мэндэлсний 90 дэх жил тохиож, түүнийг нэгэн жарныхан, анд нөхөд, төрөл төрөгсөд нь дурсан тэмдэглэж байна. Энэ эрхэм хүн өөрийн нэр төр, зүтгэл бүтээл, алдар хүндлэл, хүмүүн чанар зэргээрээ Монгол Улсын нэгэн үеийн түүхнээ эергээр мөнхөрсөн зүтгэлтнүүдийн нэгэн билээ. Түүнийг амьдрал, ажил үйлсийн замнал, боловсрол, мэргэшил, чансаа болон Монголын төрд гүйцэтгэсэн үүрэг, зүтгэл, арга барил, үр бүтээл, хүмүүний эрхэм чанар зэргээр нь жирийн иргэний хувиар би хүндэтгэн дурсаж байдаг. Тэрбээр боловсрол мэргэжлийн хувьд бусдаас түвшин дээгүүр бөгөөд эдийн засгийн ухааны эрдэмтэн байлаа. Тухайн үедээ бүрэн бус дунд сургууль төгсөөд бага сургуулийн багш, захирал, аймгийн Гэгээрлийн хэлтэст зааварлагч, МУИС-ийн оюутнаас ЗХУ-ын Москва хотноо Эдийн засаг статистикийн дээд сургуулийг төгсөөд МУИС-ийн харьяа Эдийн засгийн дээд сургуульд багшаар ажиллаж, оюутан залуучуудыг сурган, соён гэгээрүүлэх боловсрол сургуулийн байгууллагад (аавынхаа зааж зөвлөсний дагуу) хүчин зүтгэж байв. Энэ үе түүнийг удирдах байгууллага, ажил албаны хоёр дахь замд томилон мэргэжлийнх нь дагуу ажиллуулсан юм. Ингэж П.Жасрайн Монгол Улсын хөгжлийг удирдах эдийн засгийн төв байгууллагуудад ажилласан он жилүүд эхэлсэн.

Тэрбээр улс нийгэмдээ хагас зуун жил хүчин зүтгэж 50 гаруй хувьд нь статистик, үнэ стандарт, төлөвлөгөө эдийн засаг, Сайд нарын зөвлөл зэрэг эдийн засаг, удирдлагын төв байгууллагуудад ажиллахдаа бүтэц, зохион байгуулалт, боловсон хүчнээр бэхжүүлж нэр нөлөөллийг дээшлүүлэх чиглэлд идэвхтэй ажиллаж байсан юм. Улс орны нийгмийн эрх ашиг ирээдүйн төлөө мэдлэг чадвараа бүрнээ зориулж Монгол Улсынхаа эдийн засгийн амьдралын тухайн үеийн төлөв байдал цаашдын чиг хандлага, хөгжлийн зам, шинэчлэл өөрчлөлтийн зайлшгүй шаардлага, хэрэгжүүлэх арга замын талаар олон жилийн өмнөөс нөхдийн хамт алсыг харсан төсөөлөл, судалгаа дүгнэлттэй хандаж олон түмэндээ таниулж байсныг бид мэднэ.

П.Жасрай Монголын улс төр, нийгэм, эдийн засгийн амьдралын нэн хүнд үед мэдлэг туршлага, алсыг харсан уужуу ухаан, нэр хүнд, нөлөөллөөр төр олон нийтийн итгэл дэмжлэгийг хүлээж засгийн тэргүүнээр ажиллахдаа эдийн засгийн уналтын хурдыг тогтоон улс төр, эдийн засаг, нийгмийн шинэ тогтолцоо, ардчилал, зах зээлийн харилцаанд шилжүүлэх үйлсэд нөхдийн хамт түүхэн үүрэг гүйцэтгэсэн гавьяатан гэдгийг энэ өдөр тэмдэглэхэд таатай байна. Зуун дамжин үргэлжилсэн зүтгэл бүтээл бүхий энэ эрхэм хүний эх оронч үзэл эрмэлзэл, зүтгэл бүтээлд улс орны өнөө ба ирээдүйн хөгжилд чухал ач холбогдолтой хэдэн гол асуудал байдаг. Үүнд,

•Ардчилал шинэчлэл, зах зээлийн харилцаанд шилжих зааг үед зайлшгүй шийдвэрлэх ёстой хуучин ЗХУ буюу залгамж ОХУ-д Монгол Улсын төлөх хуримтлагдсан өр зээлийн асуудлыг бодитой тооцож, улс төр, эдийн засгийн үүднээс тухайн цаг үе, нөхцөл боломжийг ашиглан зохистойгоор шийдвэрлэх үйлсэд гол үүрэг гүйцэтгэсэн нөхдийн нэг гэж би үздэг.

•Эдийн засгийг зах зээлийн харилцаанд шилжүүлэх үндсэн аргуудын нэг аж ахуй, хувийн хэвшлийг нөхөрлөл хоршооллын салбар, жижиг дунд үйлдвэр хоршооны хэлбэрээр дамжуулан удирдах асуудлыг төрийн бодлого болгон хууль эрх зүйн орчныг бүрдүүлэн эдийн засгийг энэ салбарт түшиглэн хөгжүүлэх бололцоог бүрдүүлэхэд үлэмж үүрэг гүйцэтгэсэн хүн юм.

•Улс орныхоо хөгжлийн хандлагыг онол практикийн үүднээс зөвөөр томьёолон эдийн засгийн хэрэглээний арга, зээл тусламжийн зуршлаас салж үйлдвэрлэл технологид тулгуурлан өргөн мэдлэг, өндөр технологид суурилан хөгжих зорилт дэвшүүлэн төрийн бодлого болгон хэрэгжүүлэх үйлсийг манлайлан эхлүүлсэн гэж болно.

•Улс орны хөгжлийн нэн чухал чиглэл гарц нь шинжлэх ухаан технологийн дэвшил ололтыг судлан эзэмших явдал хэмээн үзэж энэ тухайд өөрийн биеэр санаачлан нано технологийн салбарт хүч сорьж дотоод гадаадын эрдэмтэд, зохион бүтээгчид, хөрөнгө оруулагчидтай холбоо тогтоон нано технологи бүхий анхны үйлдвэрлэлийн суурь эхлэлийг тавилцаж энэ зүгт ихээхэн хүч хөдөлмөр зарцуулж байсныг бас тэмдэглэх нь зүйтэй.

Түүний сэтгэн бодож, боловсруулж хэрэгжүүлж байсан санаачилга ажлын эхлэлийг өнөөгийн удирдагчид тунгаан үргэлжлүүлж байгаад би талархдаг. Ажил хэрэг арга барилын хувьд туйлын хөдөлмөрч, нягт нямбай, удирдах нөхөд болон хамтран ажиллагч эрхмүүдтэйгээ харилцах, аливаа асуудлыг шийдвэрлэх, бүр өөрийн гараар давтан үнэн мөнийг тооцож онол арга зүй, практик амьдралын үндэстэй ханддаг байсан билээ. Мөн “Ажил хэргийн нөхөдтэйгөө ухаанаараа уралдан эерэг нөлөөлөлтэй ажилладаг өгөөж хишигтэй нэгэн байлаа” хэмээн олон хүн дурссаныг сонсож уншиж байсан.

Улс нийгэмдээ 50 гаруй жил хөдөлмөрлөж эх орныхоо хөгжлийн ирээдүй, ард түмнийхээ сайн сайхан аж байдлын төлөө эрдэм ухаан, авьяас, арга туршлагын сангаа дайчлан хоёргүй сэтгэлээр чин шударгаар зүтгэж нийгмийн шинэчлэлийн төлөө амьдралынхаа төгсгөл хүртэл санаа тавьж бодитой хувь нэмрээ оруулсан эгэл даруу, уян зөөлөн, хүнлэг, хөдөлмөрч эрхэм таны ариун замнал, бүтээл туурвил, нэр төр, зон олны хүндэтгэл тань алсрахгүйгээр залуу үеийнхний гэгээн үйлсэд залгамжлагдан мөнхрөх болтугай.

Д.Рагчаа

/П.Жасрай агсны бөл дүү/

Эх сурвалж: Монголын үнэн сонин №044/24575/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
120 мянгат, 19 дүгээр хороолол орчимд шөнийн цагаар хэрэглээний хүйтэн… 20 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа 20 цагийн өмнө
ХКН-ын Төв хорооны Гадаад харилцааны яамны сайд Лю Жяньчаотай уулзав Өчигдөр
Энэ сарын 16, 17, 18-нд Үндэсний номын баяр болно Өчигдөр
Монгол, Хятадын Гашуусухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын … Өчигдөр
Мега төслүүдэд дотоодын үйлдвэрлэгч компаниудтай хамтарч ажиллах талаа… 2025/05/13
Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжү… 2025/05/13
Сувилагчдын тоог нэмэх, мэргэшүүлэх, мэргэжлийнх нь үнэ цэнийг таниула… 2025/05/12
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо 2025/05/12
Ирэх сарын 1-нээс 10-аас дээш жилийн насжилттай болон экспортын өмнөх … 2025/05/12
Фото сурвалжилга: Будапешт хотын Маргарет арал дээр зохион байгуулж бу… 2025/05/12
Энэтхэг, Пакистан харилцан буулт хийхгүй гэв 2025/05/12
Ялалтын баярт 29 улсын төр, засгийн тэргүүн оролцов 2025/05/12
Хүнсний ногоо тариалан эрхлэгчдэд урамшуулал олгоно 2025/05/12
​ Монголын сэтгүүл зүй нэвтэрхий тольтой боллоо 2025/05/12
Б.Солонготуяа: Хил дээрээс зөвхөн монголчуудыг буцаадаггүй 2025/05/12
Ази, Европыг холбосон алтан коридор 2025/05/12
“Хасын Хүлэгүүд” хэсгээ тэргүүлж байна 2025/05/12
Чөлөөтийн тамирчдыг Улаанбаатарын олон улсын нээлттэй тэмцээн хүлээж б… 2025/05/12
В.Оюумаа: Нийслэлийн өмчийн цаасан бүртгэлийг цахимжуулан, ил тод болг… 2025/05/12