Худалдааны 102 жилийн ой, хамтын ажиллагааны өдөрт
Бараа солилцоо, үндэсний худалдаа
Монголчууд тулгар төрийн үед олон улсын худалдааны гол сүлжээ нь болсон “Торгоны зам”- ын бүс нутгийг хамтын ажиллагааны талбар болгон ачаа тээвэрлэлтийг хангаж байсан өнө эртний түүхтэй.
Тэртээ 1215-1360 онд “Торгоны зам”-ыг сэргээж, Ази-Европын худалдааны сүлжээг бүрдүүлэн Монголын эзэнт гүрнийг Азийн худалдааны төв болгосныг Германы эрдэмтэн, судлаач Эрнест Пол дурдахдаа, “Монголчууд торгоны болон цайны замын хөгжилд ихээхэн үүрэг гүйцэтгэж, тэр үед чөлөөт худалдааны үзэл санааг анх дэвшүүлсэн” хэмээн цохон тэмдэглэжээ. Тэр үед Монголд мөнгөн тэмдэгт байгаагүйн улмаас гадаад, дотоод худалдааны сонгодог хэлбэр жинхэнэ утгаараа бүрдэж чадаагүй, хэрэглээнийхээ зүйлийг мал, малын болон ангийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнээр л солилцдог байв.
Монгол Улсад 1921 онд Ардын хувьсгал ялсны дараа улс орныхоо тусгаар тогтнолыг бататган хамгаалах, эдийн засгаа хөгжүүлэх, ард түмнийхээ аж амьдрал, соёл ахуйг өөрчлөн сайжруулах, гадаадын пүүс, доншуур худалдаачдыг өөрийн орны зах зээлээс өрсөлдөөний журмаар шахан зайлуулах явдлыг МАН тэргүүн зорилтоо болгосон байдаг. Яг энэ үед Орос, Турк, Герман, Франц зэрэг орноор аялан явж, хоршоо-худалдааны туршлага судалсан Их шавийн лам Да.Чагдаржав, Шүүх яамны эх зохиогч түшмэл гүн Цэдэвсүрэн, дэд жанжин Х.Чойбалсан, Цэргийн яамны сайд Д.Сүхбаатар, баатар ван На.Наваан-Юндэн, Жонон ван Ц.Ширнэндамдин нарын эх оронч зүтгэлтэн санаачлан зохион байгуулснаар “Ардын харилцан туслалцах хоршоо”-г Да хүрээнд 116 гишүүнтэй, 8300 янчааны (мексик доллар) хувь хөрөнгөтэйгөөр байгуулсан түүхтэй. Хоршоо зохион байгуулах энэ хурлаар аймаг, хүрээ, хошууд дахь хоршооны хэлтэс, хэргийг орон даяар удирдан залж явуулах Төв хоршооны Ерөнхий хороог байгуулж дарга (Да.Чагдаржав) тэргүүлэгчдийг нь сонгоод, Нийслэл хүрээнд анхны дэлгүүр нээх, Хатгал харуулд салбар хэлтэс байгуулахаар шийдвэрлэж, 1924 он гэхэд Нийслэлдээ их дэлгүүртэй, хоршооны сургууль (Худалдааны техникум)-тай болох зорилт дэвшүүлжээ. Энэхүү ууган хоршоонд Богд хаан Жавзандамба хутагт, Хатанбаатар ван Магсаржав, их зохиолч Д.Нацагдорж, сайд С.Данзан, Ерөнхий сайд Жалханз хутагт С.Дамдинбазар, МАН-ын дарга Ц.Дамбадорж нараас эхлүүлээд нам, засгийн удирдагчид олноороо хувь нийлүүлэн гишүүнээр элсэцгээсний дээр улсаас хөрөнгө мөнгөний туслалцаа үзүүлэн, урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгож байсан нь энэ хоршоо-үндэсний худалдааг алхам алхмаар бататган хөгжүүлэх, иргэд, малчдын гадаадын пүүсүүдэд төлөх өр, зээлийг хүчингүй болгоход ихээхэн үүрэг гүйцэтгэсэн байна. Түүнчлэн гадаадаас оруулах болон гаргах бараа, бүтээгдэхүүнд улсын хяналт тогтоох, гаалийн хөнгөлөлт үзүүлэх зэрэг эдийн засгийн арга хэмжээг хэрэгжүүлэхэд тус дэм болжээ. Ардын харилцан туслалцах энэ хоршоо нэг жилийн дараа буюу 1922 онд 12 салбартай, 1988 гишүүн, 58.8 мянган төгрөгийн хувь хөрөнгөтэй болж 1922-1923 онд 122.6 мянган төгрөгийн бараа худалдаж, 61.4 мянган төгрөгийн түүхий эд бэлтгэж 22.0 мянган төгрөгийн ашигтай ажилласан байна.
Монгол, Орос улс 1923 оны зургадугаар сард Москва хотод Худалдааны анхны гэрээг байгуулсан байх бөгөөд тэр үеэс Оросын Сибгосторг, Центросоюз, Монгол шерсть, Кожисиндикат зэрэг гадаад худалдааны салбар манай улсад нээгдэж, шинэ тутам байгуулагдсан харилцан туслалцах хоршоотой хамтран ажиллаж эхэлснээр манай орны зах зээлд ноёрхож байсан гадаадын (Хятададын 1492 дэлгүүр, бусад орных 228) худалдаачидтай амжилттай өрсөлдөж, бараагаа тэднээс хямдаар худалдах, түүхий эдээ илүү үнээр худалдан авах бодлого барьж, түүнээ амжилттай хэрэгжүүлж иржээ. Монгол Улс 1924 онд Улсын банк байгуулж 1925 онд үндэсний мөнгөн тэмдэгт (төгрөг)-ийг гүйлгээнд гаргасан нь натурал солилцоог мөнгөн гүйлгээнд шилжүүлж, Хятадын янчаан, лан мөнгийг дотоод гүйлгээнээс шахан гаргах, үндэсний худалдааг зохих ёсоор хөгжүүлэхэд онцгой чухал, хүчин зүйл болсон байна.
Монгол Улс 1940 онд Худалдааны яам байгуулах хүртэл Улсын дотоод, гадаад худалдаа, хамтын ажиллагааны бүхий л ажилбаруудыг Монголын эд хэрэглэгчдийн хоршоодын төв холбоо (МОНЦЕНКООП) гүйцэтгэж байсан зэрэгтэй нь уялдуулаад “Монголын үндэсний худалдааны эхлэл нь Ардын харилцан туслалцах хоршоо” гэж түүх шастирт тэмдэглэгджээ.
МАХН-ын Төв хорооны 1958 оны II бүгд хурлын шийдвэр, БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн мөн оны зарлигаар Худалдааны дээрх яамыг өргөтгөн өөрчилж БНМАУ-ын Гадаад худалдааны яам, Худалдаа бэлтгэлийн яам гэх хоёр яамыг байгуулжээ. Энэ нь манай улсын эдийн засгийн гадаад харилцаа, хамтын ажиллагаа өргөжсөн, худалдаа хийдэг орнуудын тоо нэмэгдсэн, экспорт, импортын барааны нэр төрөл, тоо хэмжээ үлэмж өссөн зэрэг улс орны хөгжлийн тухайн үеийн шаардлагад нийцүүлсэн арга хэмжээ байв. Ийнхүү БНМАУ-ын дотоод, гадаад худалдааны дээрх хоёр яам харьяалан удирдаж байсан хоршоо угшилтай Монголын худалдаа нь 1990-ээд он буюу Монгол улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих хүртэл улс орны нийгэм-эдийн засгийн хөгжлийн нэн чухал салбар нь байж, улсын төсвийн орлогын 40 орчим хувийг бүрдүүлэн, гадаад, дотоод зах зээл, хэрэглэгч иргэд, зон олноо 50 орчим мянган нэрийн, чанарлаг бараа бүтээгдэхүүн, соёлтой үйлчилгээгээр чармайн хангаж байжээ. Монгол Улс 1980 онд гадаадад 269.9 сая рублийн бараа гаргаж, 367.0 сая рублийн бараа импортлон авч байсан бол 1990 онд 523.7 сая рублийн бараа экспортолж, 636.9 сая рублийн бараа импортлох болсноор нийт бараа эргэлт 636.9 сая рубль байснаа 1170.0 сая рубль болж бараг хоёр дахин өссөн байдаг.
Зах зээл, хувийн худалдаа-бизнес
Залгамж чанар буюу урьдах нь хойдохдоо шилдэг санаа хийгээд төгс өвөө хойчийн үр үндэс болгон угшуулах (дамжуулах) үйл явц алдагдвал түүх, түүхийн үргэлжлэл хийгээд уламжлал тасалдахад хүрнэ.
Залгамж чанар, шинэч чанар хоёрын нэгдэл болсон бие даасан сэтгэхүй, сэтгэлгээний тогтолцоог бий болгож чадсанаар л аливаа оршихуй нь өөрийн дотоод мөн чанараа танин мэдэж, ингэснээрээ өөрийгөө цаг, түүх, орон зайн үргэлжид дамжуулах, цааш оршоох, оролцох, хөгжүүлэх бодит баталгааг олж чадна.
Монголын хоршоо, худалдааны салбар нь 1921 оноос эхлэн манай улсын нийгэм, эдийн засгийн тулгуурлах салбаруудын нэг нь байсан болохоор түүхийн арвин баялаг өв уламжлалтай. Түүнийгээ толилуулах эх сурвалжийн их сантай бөгөөд тэдгээрийн дотроос хамгийн үнэ цэнтэй, чухал нь төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, гавьяат эдийн засагч, доктор Б.Шаравсамбуугийн бичиж туурвисан “Монголын худалдааны түүхийн сургамж” хэмээх түүхэн бүтээл юм.
Манай улс 1992 онд Үндсэн хуулиа өөрчлөн социалист нийгмээс “Ардчилал- зах зээл”-ийн гэх шинэ нийгэмд шилжин орсноор үндэсний худалдаа, ардын хоршоод чөлөөт үүд хаалгаа хааж, иргэд хүн амд зайлшгүй хэрэгцээт өдөр тутмын цөөн нэрийн барааг (1950 онд цуцлагдсан) картаар олгож байлаа. Харин энэ үед орон даяар өмч хувьчлалын аян, ганзагын наймаа, гахайн зөөвөр ихээхэн өрнөсөн, авлига, архидалт (өвгөнт архинаас эхлүүлээд) урьд өмнө байгаагүйгээр сэргэсэн гэж олон түмний ярилцах нь үнэний хувьтай. 1990-ээд оны эцэст өмч хувьчлалын өрнөл-дайралтаар хөнгөн, хүнсний олон үйлдвэрүүд, САА, ХААН-үүд зэрэг олон зуун (400 гаруй) үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд хаагдсанаар зөвхөн үр тариа л гэхэд 1999 онд 40 жилээр ухарсан дүнтэй байв.
Улаанбаатар хотын сүүний үйлдвэрүүд 1989 онд 50 сая литр сүү худалдаанд нийлүүлж байсан нь 1999 онд 1 сая литр болтлоо буурч, нийслэлийнхэн цайны сүүгүй, гадаадын олон нэр төрлийн баталгаагүй хүнс, комиссын гэх хуучин хувцас хэрэглэх байдалд хүрсэн билээ. Зах зээлд шилжих үеийн өмч хувьчлал эрчимтэй явагдаж, компанийн тухай шинэ хууль үйлчилж эхэлснээр шинээр байгуулагдсан олон хувьцаат компани, хязгаарлагдмал хариуцлагатай компани, хувиараа эрхлэх аж ахуй, нөхөрлөлүүд дотоод гадаад худалдаа эрхлэх эрхтэй болсноор 2020 оны байдлаар манай улсын барааны худалдаанд 9500 гаруй аж ахуйн нэгж, 13000 шахам иргэн оролцсон мэдээ байдаг. БНМАУ-ын ГХЯ-ны сайд агсан Д.Гомбожав гуайн санаачилгаар 1960 онд байгуулагдсан Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим саяхан ээлжилт их хурлаа хийж удирдлагын багаа шинээр бүрдүүлж, шинэ сэргэлтийн үеийн бодлого, зорилтоо тодорхойллоо. Харин Монгол Улсын гаалийн алба, хилийн боомтууд маань хэрхэн ажиллаж, яажшуу хөгжин дэвшиж байгаа талаарх мэдээ, мэдээлэл тун хомс. Ямар боловч “Нүүрсний” гэх том хулгай нь шанага, тэвшээр биш сая, сая тонноор яригдах нь тун ч харамсалтай. Ахмад настан бид “Төрийн мэлмий хурц, өлмий бат, босго өндөр байх болтугай” хэмээн залбирах юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар манай оронд айлчилсан Гэгээн ширээт улсын төрийн Тэргүүн Пап Францис нутагтаа очоод гадаадын хэвлэл (Ассосиат пресс)-д ярилцлага өгөхдөө “...Эртний бас орчин үеийн уламжлалаар баялаг оронд зочилсондоо сэтгэл хангалуун байна. Шашин, соёлд ялгаваргүй ханддаг Монголын эзэнт гүрний улс төрийн тогтвортой байдал нь худалдаа, энх тайвныг дэлгэрүүлсэнд оршино. Өнөөдөр тоо томшгүй олон мөргөлдөөнд сүйрсэн энэ дэлхийд нэгэн цагт Монголын эзэнт гүрний тогтоосон дэгийг сахивал зөрчилгүй болж тэнгэр ивээнэ” гэжээ.
Ази тивийн энэ тайван амгалан оронд тулгамдсан сорилт байна уу гэсэн сэтгүүлчийн асуултад тэргүүн их хамба Пап Францис “Авлига, цөлжилт хоёр л юм уу даа" гэж товчхон хариулжээ. Гэгээрсэн гэгээнтний гэгээн айлдвар энэ буюу. Эгнээндээ 170 гаруй улс орныг нэгтгэсэн Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн (1991 оноос хойш) Монгол Улсын дотоод, гадаад худалдааны салбар нийгэм, эдийн засгийн энэ их өөрчлөлт, шилжилт, шинэ сэргэлтийн бодлогын үед, тодруулбал хөрш гурван улсын эдийн засгийн коридори, Евразийг холбосон зургаан боомт нээгдэх, “Бүс ба зам санаачилга” хэрэгжих энэ чухал үед төрийн захиргааны төв байгууллага (Яам)-гүй тухайлсан (худалдааны) хуульгүй (компаний болон хоршооны, жижиг, дунд үйлдвэрийн зэрэг хуулиудаар зохицуулагддаг) байгааг нийтээр анхаарах, нийт ажлын байрны 16-аас доошгүй хувийг бүрдүүлэгч худалдаа үйлчилгээний салбарын хууль, эрх зүйг сайжруулах, үр ашгийг нь дээшлүүлэх, аливаа саад тотгорыг арилгах, хөнгөвчлөх шаардлага байсаар байна.
Бичвэрээ “Мянганы суут хүн”-ээр тодорсон Чингис хааныхаа “Айлсан эелдэж, арилжаалан зорчих аваас алалдах шалтаг, өшлөх аюул ашид арилан энх амгалан болох биз ээ” гэсэн үгээр нь төгсгөе.
Т.Дашдэлэг
/Худалдаа, үйлчилгээний гавьяат ажилтан/
Эх сурвалж: Монголын үнэн сонин №044/24575/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна