Онцгой дэглэмийг сунгаж, экс Ерөнхийлөгчийг нүүрсний сонсголд дуудав


Аливаа дэглэм, онц байдал нэг их хүсээд байхаар зүйл биш. Гэхдээ онцгой дэглэм хэрэгтэй газар гэж бас байдаг бололтой. Яг нэг жилийн өмнө “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын хяналтад авч, онцгой дэглэм тогтоож байсан түүхтэй. Тэгвэл энэ онцгой дэглэмийг Засгийн газар дахин хоёр дахь удаагаа сунгах шийдвэр гаргаж, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг бүрэн эрхт төлөөлөгчөөр дахин томиллоо. Учир нь онцгой дэглэмийн үед тус компани 3.3 тэрбум ам.долларын үнэлгээтэй 32.8 сая тн нүүрс борлуулан, төсөвт 3.0 их наяд төгрөгийн татвар, хураамжийг төвлөрүүлсэн байна. Нүүрсийг биржээр, хил нөхцөлөөр борлуулж, нүүрсний үнэ, борлуулалтыг нэмэгдүүлсэн. Худалдах, худалдан авах гэрээний нөхцөлийг өөрчлөн, уурхайн ам нөхцөлөөс, хил нөхцөлд шилжүүлэв. Зардал буурч, орлого нэмэгдсэн гээд эерэг үзүүлэлт их байгаа учраас онцгой дэглэмийг буулгах шаардлагагүй гэж Ерөнхий сайд үзсэн бололтой. Өнгөрч буй долоо хоногт Ерөнхий сайдын шийдвэрээр Захиргааны хэм хэмжээний актын бүртгэлтэй, гүйцэтгэх эрх мэдлээс баталсан журмыг хоёр дахин багасгаж, 1200 гаруй журмыг хүчингүй болгожээ. Төрийн хүнд суртал энэ хэрээр багасна л гэсэн үг. УИХ-ын Хянан шалгах түр хорооны дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр "Нүүрсний хулгай" гэх хэргийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын талаар мэдээлэл өглөө. Бүтэн жил хүлээгдэж, олны анхаарлын төвд байгаа Нүүрсний сонсголыг энэ сарын 4-8-нд зохион байгуулахаар болжээ. Сонсголд нийт 175 иргэнийг гэрчээр дуудахаар баталсан байна. Гэрчийн жагсаалтад “нүүрсчин” гэж аль эрт цоллуулсан УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Ш.Адьшаа нараас гадна УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн асан Ц.Баярсайханы гэргий н.Эрдэнэцэцэг гэх мэт шинэ хүмүүсийн нэр гарч ирж олныг гайхшируулав. Тэр ч бүү хэл Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав нарыг дуудаж байгаа аж. Манай экс Ерөнхийлөгч “Хуулийн байгууллага дуудсан цагт гутлаа өмсөөд зангиагаа зүүгээд очих ёстой” гэж сургадаг хүн. Тиймээс нүүрсний сонсголд хэл ам татлахгүйгээр ирэх байх гэж олон нийт найдаж байна. Нүүрсний сонсголын хүрээнд цуглуулах маш их баримт материал байгаа. Гэвч ихэнх материал дутуу, зарим гэрээ нь олдохгүй байгааг Хууль зүйн сайд Н.Энхбаяр нуухгүй байна. Тэрбээр “2011-2023 оны байдлаар 108 сая тонн нүүрсний борлуулалтын 20 их наяд төгрөгийн борлуулалтын орлогыг харьцуулж үзсэн. Үүнд нүүрсний зах зээлийн үнэ, гэрээний болон гаалийн бүрдүүлэлтийн үнэ, үнэ тооцох аргачлалыг багтаасан 400 мянган хуудас бүхий мэдээллийг Гаалийн ерөнхий газрын программаас татан авч тулгалт хийж байгаа” гэж мэдэгдэж байна. Үүнээс үзэхэд нүүрсний сонсгол асар их мөнгө тойрч, маш олон гэрчтэй өрнөх нь тодорхой байна. Үүнээс гадна мартагдах шахаад байгаа Хөгжлийн банктай холбоотой хэргийг Нийслэлийн прокурорууд санууллаа. Тус байгууллага Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, хуулийн дөрвөн этгээдэд холбогдох хэргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар эсэр­гүүцэл бичиж, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлжээ. Тодруулбал, нэр бүхий 48 хүний хэргийг үндэслэлгүй хэрэгсэхгүй болгосон, мөн зарим шүүгдэгч нарт зорчих эрх хязгаарлах, торгох ял ногдуулсан нь тэд­гээрийн үйлдсэн гэмт хэрэгт тохироогүй, ял хөнгөдсөн гэж үзэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар эсэр­гүүцэл бичсэн байна. Хэрвээ Нийслэлийн давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг хүлээж авбал УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг тэргүүтэй олон өндөр албан тушаалтан дахин шүүхийн танхимд дуудагдах юм. УИХ дээр авлигын дагнасан шүүх байгуулах эсэх тухай асуудал өнгөрөгч долоо хоногт багагүй маргаан дагууллаа. Уг хуулийн төслийг байнгын хороодоор хэлэлцэх үед ирц бүрдэхгүй хойшлогдож, эрхэм гишүүд авлигачдыг хамгаалсан гэдэг хэл аманд өртөж багагүй шуугиан дэгдээлээ. Сонирхолтой нь сөрөг хүчний байр суурь олны анхаарлыг татаж байна. Тэд Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарын бий болгосон өнөөгийн шүүх бүрэлдэхүүнд тун ч хайртай байгаа бололтой. АН-ынхан хуралдаад “Иргэдийн шударгаар шүүлгэх эрхийг хязгаарлаж, шүүхийн үйл ажиллагааг доголдуулах гэж байна” хэмээн мэдэгдэж байх юм. Үнэн хэрэгтээ авлига, албан тушаалын маш олон хэрэг шүүх дээр замхарч байгаа учраас аргаа барахдаа л Авлигын хэргийн дагнасан шүүх байгуулах асуудлыг Засгийн газар сөхөж, гаргаж ирсэн гэдгийг тэд мартсан, аль эсвэл албан тушаалтнуудаа өмөөрөх нь зүйтэй гэж үзсэн бололтой. Сүүлийн үед шатахуун, тэр дундаа дизелийн түлшний эрэлт нэмэгдээд байгаа. Үүнийг Засгийн газар нүүрс тээвэр нэмэгдсэн, дизелийн хэрэгцээ огцом өсөж байгаатай холбон тайлбарлаж байна. Өнгөрөгч буй долоо хоногт Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн даргаар томилогдсон ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козлов манай улсад ирлээ. Ерөнхий сайд ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзахдаа зовлонгоо тоочиж, шатахууны нийлүүлэлтийг шуурхай зохицуулалт хийх хамтарсан Ажлын хэсэг байгуулж ажиллах, урт хугацаанд тогтвортой үнээр газрын тосны бүтээгдэхүүнийг шаардлагатай хэмжээгээр хангах асуудлыг Оросын талд тавьсан байна. Өнгөрөгч долоо хоногт ОХУ-ын Санкт-Петербург хотноо "Ноён уул 100 жилийн туршид" эрдэм шинжилгээний хурал болсон. Энэ хуралд Соёлын сайд Ч.Номин оролцсон юм. Ч.Номин сайд эрдэм шинжилгээний бага хуралд үг хэлэхдээ “Монгол судлаач Пётр Козловын нэг зууны тэртээ Монгол Улсад өргөн цар хүрээтэй шинжилгээний ангийг удирдан явах үедээ Ноён уулын гайхамшигт булш бунхныг малтан судалсан. Малтлага судалгааны үр дүнд асар баялаг түүхийн олдворууд илэрч олдсон ч тухайн цаг үедээ тэдгээрийг сэргээн засварлах, тухайн үеийн нэртэй эрдэмтэн судлаачид шинжлэх зорилгоор, түр хугацаагаар судлахаар гэрээ байгуулан энд авчирсныг бид бүхэн сайд мэдэж байгаа. Тухайн үеийн Монгол Улсын төрөөс өөрийн хууль эрхзүйн хүрээнд буцаж ирэх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулан эдгээр дурсгалыг Козловт өгч явуулсан. Монгол Улсад орчин үеийн шаардлага хангасан музейтэй болж, Монголын ард түмэн түүх соёлын гайхамшигт дурсгалаа эзэмшиж, дэлхий дахинаа сурталчилж дахин судлах зорилгоор бид эдгээр дурсгалыг анх авчирсан гэрээ ёсоор буцаан авах хүсэлтэй байна” хэмээн зоригтойгоор мэдэгдэж чадлаа. Гэрээ хэлэлцээр байгаа учраас монголчууд 100 жилийн өмнө хил давсан түүхийн дурсгалаа буцааж авах боломж бий гэж олон хүн найдаж байна.

Б.Нүүдэл

Эх сурвалж: Монголын үнэн сонин №045/24576/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​Нүд бүрэлзэж чих шуугих нь хий арвидсаны шинж 13 цагийн өмнө
УИХ-ын гишүүн, Удирдах зөвлөлийн ажлын албаныхан иргэдтэй уулзлаа 13 цагийн өмнө
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонс… 13 цагийн өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөм… 13 цагийн өмнө
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто зам, гүүрэн бай… 18 цагийн өмнө
Туулын хурдны зам барих олон улсын нээлттэй тендерийг дахин зарлана 20 цагийн өмнө
Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож аж… 20 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн х… 20 цагийн өмнө
Нийслэлийн 23 дугаар сургуулийн гадаад хэлний өдөрлөгийн нээлт боллоо Өчигдөр
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг эргүүлэн татна Өчигдөр
ВАТИКАН: Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө Өчигдөр
“Хүүхэлдэй”, “Болзоо” моно драмын жүжиг нэгэн тайзнаа үзэгчдийн хүртээ… Өчигдөр
Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын олон улсын нээлттэй тенде… Өчигдөр
Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн б… Өчигдөр
Туркийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа Өчигдөр
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна Өчигдөр
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна Өчигдөр
Б.Алтантулга: Нийгэм дэх буруу ойлголтоос болж тархины үхэлтэй донороо… Өчигдөр
​ Нүүрсийг тусгай гарцаар хил нэвтрүүлж, экспортыг нэмэгдүүлнэ Өчигдөр
Франц Алжираас Элчин сайдаа татлаа Өчигдөр