Олон улсын хөтөлбөр нэвтрүүлсэн Чингэлтэйнхэн СӨБ-ын салбарт түүчээлж байна


Улсын цэцэрлэгийн үйл ажил­лагааг шинэ шатанд гаргаж, олон улсын хөтөлбөрийг сургалтын арга зүйдээ бүрэн нэвтрүүлсэн 293 дугаар цэцэрлэгээс энэ удаагийн сурвалжилгаа бэлтгэлээ. Чингэлтэй дүүргийн XXII хороо, Хайлаастын гэр хорооллын алслагдсан бүсэд байрлах энэ цэцэрлэг 2022 онд байгуулагдсан цагаасаа олон улсын “Монтессори” сургалтын арга зүйг хэрэгжүүлж байгаа юм. Амьдрах арга ухаанд суурилсан, хүүхдийн хэрэгцээ, сонирхолд нь тулгуурлан хөгжүүлж, сэтгэн бодож, бие даах чадвар, сонголт хийх боломж олгодог энэхүү хөтөлбөрийг нэвтрүүлснээрээ гэдгээрээ нэгэн цагт хувийн хэвшлийн цэцэрлэгүүд сурталчилгаа хийж, давуу талаа болгодог байлаа. 

Хүүхдийн сурах орчныг бүрдүүлсэн, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөр хэрэгжүүлдэг хувийн цэцэрлэгүүдийг эцэг эхчүүд ч ихээхэн сонирхдог байсан цаг саяхан. Тэгвэл Чингэлтэй дүүргийнхэн улсын цэцэрлэгийн үйл ажиллагаанд шинэ арга туршлага нэвтрүүлж, дүүргийнхээ бүх цэцэрлэгт олон улсын гурван ч хөтөлбөр, арга зүйг хэрэгжүүлж эхлээд гурав дахь жилтэйгээ золгох гэж байна. Чингэлтэй дүүрэг 40 цэцэрлэгтэй. Тэдгээрт “Монтессори”, “I’m break”, “Steam” хөтөлбөрийг 2022 оноос эхлэн хэрэгжүүлж буй. Эдгээр хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд шинжлэх ухаанч байдлаар бэлтгэсэн орчинд тусгай хэрэглэгдэхүүнээр бүрэн хангаж сургалт явуулдгаараа онцлогтой. 

Тиймээс Чингэлтэйнхэн дээрх гурван хөтөлбөрийг цэцэрлэгүүддээ хуваан хэрэгжүүлж байгаа бөгөөд эхний ээлжид нэг цэцэрлэгт нэг ангийг тохижуулж өгсөн байна. Ингээд цэцэрлэг тус бүр тухайн хөтөлбөрийг нутагшуулах, түгээн дэлгэрүүлэх ажлыг өөр өөрийн менежментээр хэрэгжүүлснээр тусгай бэлтгэсэн анги танхимынхаа тоог нэмж байгаа ажээ. Энэ тухайд идэвх санаачилгатай ажиллаж, бусдадаа үлгэн дуурайл болон хамгийн түрүүнд бүх ангиа олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой болгон тохижуулсан 293 дугаар цэцэрлэгийг онцлон сурвалжилсны учир ийм.

Энэ цэцэрлэг “Монтессори” сургалтын арга зүйг хэрэгжүүлдэг бөгөөд нийт зургаан бүлгийн таван танхимыг бүрэн тохижуулснаараа улсын хэмжээнд анхдагч болсон. “Монтессори” хөтөлбөрт 3-5 насны хүүхдийг хамруулдаг учраас бага бүлэг буюу хоёр настнуудын ангид амьдрах ухааны арга зүйг хэрэгжүүлж эхлээд байна. Ингээд тус цэцэрлэгийн 3-5 насны бүх хүүхэд “Монтессори” сургалтын арга зүйг хөтөлбөрөөрөө дамжуулан хэрэгжүүлж байгаа юм. 293 дугаар цэцэрлэгийн давуу тал нь олон улсын хөтөлбөрийг үндэсний хөтөлбөртэй хослуулан “Хамтдаа суралцъя” шинэ хөтөлбөрийг боловс­руулжээ.

 Өөрөөр хэлбэл, “Мон­тессори” сургалтын арга зүй, сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом наадгайгаар дамжуулан үндэсний хөтөлбөрийн агуулгыг бүрэн олгодог нь улсын хэмжээнд шинэлэг бөгөөд тэргүүн туршлага болж байгаа ажээ. Түүнчлэн энэхүү хөтөлбөрөө амжилттай бөгөөд үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд 293 дугаар цэцэрлэгийнхэн багаараа буюу зургаан бүлгийн багш болон арга зүйчийн хамтаар сургалтад хамрагдсан байна. “Монтессори” хөтөлбөр нь хүүхдийн хүсэл сонир­хол, сонголтыг чухалчлан үзэж, шинжлэх ухаанч байдлаар бэлт­гэсэн орчинд чиглүүлэгч багшийн ажиглалт, арга зүйн хөтөлбөрийн дагуу тасралтгүй хөгжих үйл ажил­лагаа гэж ойлгож болно. 

Хөтөлбөр дотроо таван багц агуулгыг шингээ­сэн бөгөөд тэдгээр нь тус бүрдээ үүрэг, ач холбогдолтой. Тухайл­бал, амьдрах арга ухааны хичээл нь бидний өдөр тутмын амьд­ралаас бодитоор гүйцэтгэн хийж буй зүйлд суралцдаг бол танин мэдэхүйн хичээл нь бэлтгэсэн сургалтын орчинд, зориулагдсан хэрэглэгдэхүүнээр таван мэдрэхүйг хөгжүүлэн, ганцаар­чилсан болон багаар суралцдаг. Харин математикийн хичээл нь логик сэтгэлгээг хөгжүүлэх, улмаар хувь хүн болон төлөвшихөд нь аливаа зүйлийн учир шалтгаан, төсөөлөл, асуудлыг шийдвэрлэх аргад суралцдаг бол төрөлх хэл, соёлын хичээл нь төрөлх хэл яриагаар өөрийгөө зөв илэрхийлэх, шинжлэх ухаан, урлаг, түүхийн тухай сонин сонирхолтой зүйлсийг таньж, нэрлэн, түүнд хандах хандлагыг эергээр хөгжүүлэх давуу талтай. 

Цэвэр модон самбар дээр өнгө алаглуулан бичсэн “Монтессори” гэх үг цэцэрлэгийн үүдээр оронгуут нүдэнд тусна. Самбарын доод хэсэгт “Чингэлтэй дүүргийн Засаг даргын санаачилгаар тохижуулсан олон улсын Монтессори сургалтын арга зүйг хэрэгжүүлэгч цэцэрлэг” гэх хаяг энэ цэцэрлэгийн үйл ажиллагааг бүрэн илтгэнэ. Хүүхдийн цэцэрлэг хэзээний л цэвэр цэмцгэр, өнгө алагласан орчинтой байдаг нь эндээс ч харагдана. Цэцэрлэгийн шатаар дээш өгсөх хэсэгт “Бөмбөрцөгт хайртай хүүхдүүд”, “Монтессори” сэдвийн хүрээнд тухайн арга зүйг илтгэсэн хүүхдүүдийн бүтээлээр ханаа чимсэн байх аж. 

Түүнчлэн энэ хэсэгт байрлуулсан “Арт урлан” нүдэнд туссаныг сонирхвол тус цэцэрлэгийн багш нар зурсан ажээ. Энэ бол 293 дугаар цэцэрлэгийнхэн хэчнээн мэдрэмжэй, урлагийн боловсролтой бүтээлч хамт олон болохыг илтгэнэ. Ерөөс сурвалжлагч ирэх сургаар тосон авсан Г.Дэлэгмаа эрхлэгч, үүдний жижүүр ахаас авахуулаад харилцаа, хандлагын хувьд хүүхдийн цэцэрлэгт ажиллахаар төрсөн гэмээр хүмүүс угтан авсан нь сурвалжилга дуусах явцад улам батжиж, хэрэгжүүлж буй хөтөлбөрөө яавал илүү үр дүнтэй болгож, хүүхдүүдэд шинэ мэдлэгийг хэрхэн олгох вэ гэдэгт санаа чилээж явдаг нь хүн бүрийн ярианаас илхэн. Цэцэрлэгийн байрны хоёр давхарт “Бүтээлч хүүхдүүд” нэртэй сэдэвчилсэн үзэсгэлэнг дэлгэжээ. 

Энэ нь арваннэгдүгээр сард болсон “Монгол бахархал”-ын өдөр, Улс тунхагласны баярт зориулан хүүхдүүд болон багш, эцэг эхчүүдийн хамтарсан бүтээлийн үзэсгэлэн ажээ. Харин арванхоёрдугаар сард энэ хэсэгт шинэ жилийн үзэсгэлэн гарна. Ингэж тэд сар бүрийн онцлогт тохируулан бүтээлч үзэсгэлэн гаргадаг байна. Өнгөрсөн аравдугаар сард “Алтан намар” үзэсгэлэн гаргасан бөгөөд бэлтгэх явцад монтессори арга зүйн бүхий л агуулгыг шингээн, хүүхдүүдээр жимс, ногоо угааж, хэрчиж, арилгуулахаас авахуулаад таваг бүрд ижил хэмжээгээр өрөх зэргээр тасралтгүй хөгжүүлэх аргаа ч хэрэгжүүлдэг байна.

 

Хүүхдүүд тоглонгоо суралцаж байна

 Бидний орсон эхний анги бэлтгэл бүлгийнхэн байв. Тэнд хүүхдүүд тус бүрийн дэвсгэр дээр өөр өөр тоглоомоор тоглох бөгөөд чиглүүлэгч багш шаардлагатай тохиолдолд туслах аж. Энд эрэг боолт чангалж суллах, түлхүүр тааруулах тоглоомоор тоглох бол тэнд дармал үсэг нүдэлж байв. Монтессори арга зүйд эгшиг үсгийг улаанаар, гийгүүлэгч үсгийг цэнхэр өнгөөр тэмдэглэдэг учраас хүүхдүүд нүдэлж тогтоосноор нэрээ бичиж сурахын зэрэгцээ сургуульд ороод эд зүйлээ алдаж асгахгүй байх дадалд суралцдаг ажээ. Харин нөгөө талд хэсэг хүүхдэд үдээсээ үдэж сурч байгаа нь харагдана. 

Хүү тусгай хэрэглэгдэхүүн ашиглан үдээсийг нэгбүрчлэн үдэх бөгөөд бусад нь ажиглах, зааварлах үүрэг гүйцэтгэнэ. Энэ нь үдээс үдэж буй хүүд бие даах чадвар олгож байгаа бол бусад хүүхдэд нэгнээсээ суралцах, харж ажиглах, хүлээцтэй байх дадлыг суулгаж байгаа нэг хэлбэр. Охид гал тогооны хэсэгт аяга таваг өрж, угаах, хог шүүрдэх зэргээр тоглонгоо суралцана. Ингэж тэд бодит хэрэглэгдэхүүн ашиглан амьдрах арга ухаанд суралцаж байна. Тэр бүү хэл, хүүхдүүд халбага, сэрээнээс авахуулаад савх хэрэглэж дадахын зэрэгцээ зөв хооллох соёлд хүртэл суралцана. Хадаасан самбар дээр резинээр бүх төрлийн дүрс үүсгэх тоглоом ч энд байх бөгөөд энэ нь хүүхдийн сэтгэн бодох чадварыг нэмэгдүүлэх математикийн арга зүй ажээ. Бэлтгэл бүлгийн багш Б.Ханджамц хэлэхдээ “Хүүхдэд энэ юу вэ” гэж алсаас зураг харуулж хичээл заах болон хэрэглэгдэхүүнийг бодитоор ашиглан өөрсдөө хүрч, мэдэрч сурах хоёр асар их ялгаатай. Тийм ч учраас хүүхдүүд амьдрах ухааны хичээлийн хэрэглэгдэхүүнийг илүү сонирхдог. Гутлаа арчих, тослох, үдээсээ үдэх, ширээ арчих зэргээр гэр ахуйн ажлыг түлхүү сонирхож тоглодог. Үүний зэрэгцээ сургуулийн өмнөх насны хүүхдүүд учраас савх, шүр ашиглан тоо тоолж, нэгж аравтаар ялгаж сурах, үсэг нүдлэх зэрэг тоглоомоор түлхүү тоглуулж, хүүхэд бүртэй тулж ажилладаг” гэдгийг хэлж байлаа. Сургалтын хэрэглэгдэхүүн дунд “Хүний мөчлөг” гэдэг тоглоом ч бий. Энэ нь хүний насны үечлэлийг харуулсан бөгөөд нялх, өсвөр, идэр, өтөл насыг туулаад төрсний эцэст үхдэг жамтайг ч мөн харуулах аж. 

Дэлхийн бөмбөрцгөөс хүүхдүүд эх орноо танин мэдэж сурахаас гадна улс орнуудын төрийн далбааг ч нүдэлдэг. Сургалтын хэрэглэгдэхүүн бүрд агуулга нь шингэсэн байдаг бөгөөд тоглонгоо суралцдагаараа энэ арга зүй онцлогтой. 293 дугаар цэцэрлэгт сургалтын 150 гаруй хэрэглэгдэхүүн байгаа бөгөөд эко, хүүхдэд аюулгүй буюу эрүүл ахуйн шаардлага хангасан цэвэр модоор хийсэн байдгаас гадна насжилт удаан буюу 10 гаруй жилийн хугацаанд хэрэглэх бүрэн боломжтой байдаг аж. Монтессори арга зүйн онцлог нь нэг ангид нэг л сургалтын хэрэглэгдэхүүнтэй. Хэрэглэгдэхүүн, тавиур, тавиурын өндрийн хэмжээ ч нэг стандарттай. Ерөөсөө хэрэглэгдэхүүн болгон арга зүйтэй, түүгээр дамжуулан хүүхдийг хөгжүүлдэг нь мон­тессори арга зүйн давуу тал. 


Г.Дэлэгмаа: Амьдрах чадвартай, төлөвшсөн хүүхдийг хүмүүжүүлж байна 

 -Манай цэцэрлэг 28 багш, ажилтантай, XXII хорооны “Согоот”-ын 79-93 дугаар гудамжны хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээ үзүүлж байна. Дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, ЗДТГ-аас 2022 оноос эхлэн олон улсын хөтөлбөрүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлж эхэлсэн. Яг ийм үед манай цэцэрлэгийг байгуулж байлаа. Монтессори хөтөлбөр бол ерөнхийдөө амьдрах ухаанд суурилсан, хүүхдийн бие даах чадвартай, сонголт хийх дадалд сургадаг, хариуцлагатай иргэн болгон төлөвшүүлдэг онцлогтой. Иймд бид хамт олноороо ярилцаж, санал солилцсоноор цэцэрлэгтээ монтессори сургалтын арга зүйг хэрэгжүүлэхээр саналаа хүргүүлсэн юм.

Ингээд анхны “Монтессори” арга зүйн хөтөлбөртэй хоёр ангийг дүүргийн Засаг даргын санхүүжилтээр тоглоом, хэрэглэгдэхүүнээ аваад, үйл ажиллагаа эхэлж байлаа. Үүнээс хойш цэцэрлэгүүдийн гүйцэтгэлийн үнэлгээгээр манайх улсын хэмжээнд дөрөвдүгээрт эрэмбэлэгдээд мөнгөн урамшуулал авсан юм. Энэ урамшууллаа өөрсдийн дотоод нөөц бололцоогоор нэмэгдүүлснээр гурав дахь ангиа нээсэн. Ингээд үйл ажиллагаа явуулах хугацаанд дүүргийн удирдлагуудын зүгээс хөтөлбөрөө амжилттай, сайн хэрэгжүүлсэн гэж хоёр ангийг тохижуулж өгснөөр бид монтессори арга зүйг бүрэн нэвтрүүлсэн цэцэрлэг болоод байна” хэмээн 293 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Г.Дэлэгмаа бидэнд мэдээлэл өгсөн бол Арга зүйч багш Т.Баярмаа “Монтессори арга зүй таван чиглэлийн 150 арга зүйтэй. Хэрэглэгдэхүүний хувьд мод, чулуугаар хийдэг байгальд ээлтэй, хог хаягдал гардаггүйгээрээ давуу талтай. Бид монтессори арга зүйг хэрэгжүүлэхийн тулд тусгай хөтөлбөр боловсруулсан.

 Өөрөөр хэлбэл, бид олон улсын энэ арга зүйг хэрэгжүүлж байгаа ч үндэсний хөтөлбөрийнхөө агуулгыг орхигдуулж болохгүй. Тийм учраас багаар ажиллаж байгаад Монтессори арга зүйн тоглоом хэрэглэгдэхүүнээр дамжуулан үндэсний хөтөлбөрийн агуулгыг олгохоор шингээж төлөвлөсөн. Үлдсэн агуулгаа уран зохиолын дугуйлан болон урлангийн үйл ажиллагаагаар дамжуулан олгож байна. Ингэснээр бид үндэсний хөтөлбөрийн агуулгыг орхигдуулалгүйгээр хүүхдүүдэд олгож байна” гэлээ. Бага насны хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгож, тэднийг амьдрах ухаантай, хэмнэж хайрладаг соёлтой, хариуц­лагатай иргэн болгож төлөв­шүү­лэх эрхэм зорилготой хамт олны нэг өдрийг ийнхүү сурвалжиллаа. 

М.Өнөржаргал 

Эх сурвалж: Монголын үнэн сонин №045/24576/


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22