Монгол Улсад “Хөгжлийн бэрхшээлтэй хүний сонгох, сонгогдох эрх”-д судалгааг анх удаа хийсэн байна. Энэ талаар МАН-ын дэргэдэх Хүний эрх, дэвшилтэт бодлогын хүрээлэнгийн захирал Х.Баасанжаргалтай ярилцлаа.
-Яагаад хөгжлийн бэрхшээлтэй хүний сонгох, сонгогдох эрхийн судалгааг явуулах болсон бэ?
-Өнөөдөр манай улсад 115 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна. Бид ямар ч үйл ажиллагаа зохион байгуулсан хүний эрхийг дээдэлдэг байхыг зорьсон. Хөгжлийн бэрхшээлтэй хүний сонгох эрхийн судалгааг өмнө нь хэд хэдэн удаа хийж байсан. Тодруулбал, сонгуульд санал өгөхөд ямар бэрхшээл байдаг талаар судалгаа бий Харин сонгогдох эрхийн үүднээс анх удаа судалгаа явууллаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс улс төрд , нийгмийн идэвхтэй үйл ажиллагаанд оролцоод явах нөхцөл, боломж нь ямар байна вэ, улс төрийн намууд үүнд бэлэн үү, улс төрийн үйл ажиллагаанд оролцохын тулд ямар бэлтгэх хэрэгтэйг судалсан. Хэдийгээр сонгох, сонгогдох эрх гэж үзэж байгаа боловч энэ нь ардчиллын баталгаа. Парламентын засаглалаа бэхжүүлнэ гэвэл хүн бүрд ээлтэй улс төрийн оролцоо байх хэрэгтэй. Энэ судалгаагаар Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгох, сонгогдох эрх хэрхэн баталгаажсан, тулгарч буй саад бэрхшээл, шийдвэр гаргах арга замыг тодорхойлохыг зорилоо.
-Судалгаа өргөн хүрээг хамарсан уу?
-Энэ судалгаа гурван хэсгийг хамарч байгаа. 2008 оноос хойш аль нэг шатны сонгуульд нийтдээ есөн хүн нэр дэвшиж байсан юм билээ. Бид энэ хүмүүстэй ганцаарчилсан ярилцлага хийсэн. Цөөн тооны хүн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байсан учраас судалгааныхаа хүрээг есөн хүнээр хязгаарлаж болохгүй. Тиймээс нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулж хоёр дахь шатны судалгаагаа хийсэн.
Дараа нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар олон нийтийн ойлголтыг тандсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг сонгуульд нэр дэвших, улс төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг олон нийт дэмжих үү, хүлээн зөвшөөрөх үү гэдгийг судлах зайлшгүй шаардлага байсан. Учир нь нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс судалгаа авахдаа “Танд хамгийн их айж байгаа хүндрэл юу вэ" гэсэн асуулт тавьсан.
Үүнд “Олон нийтийн ойлголтоос хамгийн их эмээж байна” гэж дийлэнх нь хариулсан байлаа. Харин олон нийт “Нэр дэвшигч хэн байх нь чухал биш. Тухайн нэр дэвшигчийн мэдлэг, боловсролыг харж сонголтоо хийнэ” гэсэн хариулт өгсөн. Тиймээс энэ нь асуудал биш, ойлголтын зөрүү байсныг судалгаа харууллаа. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дараа, дараагийн алхмаа хийхэд боломж, итгэл найдвар өгсөн судалгааны үр дүн юм.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн улс төрийн оролцоо хэр байдаг бол?
-Бид олон жил энэ хүмүүсийг улс төрийн оролцогч гэж үзэж байгаагүйг судалгаа харууллаа. Учир нь, өнгөрсөн хугацаанд есөн хүн сонгуульд нэр дэвшсэн байна. Нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс “Дараагийн хүндрэл, бэрхшээлийг юу гэж харж байна вэ" гэж асуусан. Тэд “Би хэзээ ч улс төрд орно гэж бодож байгаагүй” гэж хариулсан байдаг. Тиймээс улс төрд оролцоно гэдгийг энгийн зүйл гэсэн ойлголтыг түгээх нь бидний судалгааны нэг зорилго байсан.
-Сонгуульд нэр дэвшсэн иргэнд цаашид улс төрийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэсэн эрмэлзэл хэр байна вэ?
-Сонгуульд өрсөлдөөд сонгогдож, ажиллаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд цаашид улс төрийн ажиллагаагаа үргэлжлүүлэх итгэл, найдвартай байдаг. Харин сонгогдож чадаагүй иргэд дахин өрсөлдөх итгэлгүй байсан. Яагаад гэвэл, санхүүгийн зардал их гардаг.
-Сонгуульд нэр дэвшин өрсөлдсөн иргэд аль нэг улс төрийн хүчнээс нэр дэвшсэн үү, бие даагчид уу?
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэд бие даан нэр дэвшсэн байна. Тэдэнд улс төрийн нам, баг байхгүй. Бие даагч учраас улс төрийн дэмжлэг дутагддаг нь харагдсан.
-Санал асуулгаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн улс төрийн оролцоог олон нийт дэмжжээ. Тэгвэл сонгогчдын олонхын саналыг авах талаасаа хандлага ямар байх бол?
-Тийм ээ, судалгаагаар олон нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн улс төрийн оролцоог дэмжиж байна. Харин сонгуульд нэр дэвшиж байгаа иргэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ төлөөлөх гэж байна уу, нийгмээ төлөөлөх үү гэдгээ бодох хэрэгтэй. Учир нь өнгөрсөн хугацаанд сонгуульд өрсөлдсөн иргэд “Хөгжлийн бэрхшээлтэй хүнээ төлөөлөх гэж сонгуульд оролцож байна.” гэсэн мессэж түгээмэл хүргэсэн байна. Энэ мессэж нь олонхын санал авахад сөргөөр нөлөөлөхөөс гадна, нийгэмд ч сөрөг хандлага төрүүлнэ. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй хүн нэр дэвшиж байгаа нь бүх нийтийн төлөөлөл болно. Үндсэн хуульд ч энэ талаар заасан байдаг.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэд улс төрд нэр дэвшихэд хууль эрх зүйн зохицуулалт зэрэг дэмжлэг хэр байдаг бол?
-Дэмжлэг талаасаа хууль зүйн зохицуулалт хангалтгүй. Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “УИХ-ын сонгуулиар жагсаалтаар нэр дэвшигчдийн эхний тавд хөгжлийн бэрхшээлтэй иргэний төлөөллийг оруулна” гэж мэдэгдсэн. Анх удаагаа Сонгуулийн тухай хуульд “Хэрвээ хөгжлийн бэрхшээлтэй хүнийг нэр дэвшүүлбэл, дөрвөн жилд нэг удаа олгох намын санхүүжилтээс нэмэлт санхүүжилт олгоно” гэж тусгасан. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд гэрэл гэгээ нэмсэн заалт. Гэхдээ үүнийг цаашид улам нарийвчлан боловсронгуй болгох шаардлагатай. Нөгөө талаас хуулиас гадна улс төрийн намууд маш их үүрэг, хариуцлагатай оролцох хэрэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг нэр дэвшүүлнэ гэхээсээ илүү тухайн улс төрийн намын үйл ажиллагаа бүх хүнд ээлтэй байх ёстой.
-Ерөнхий сайдын мэдэгдэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хэр дэм өгсөн гэж харж байна вэ?
-Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ улс төрийн мэдэгдэл хийж, зарлаж байгаа нь хүмүүсийн улс төрийн идэвхийг өсгөх, “Бид ч энэ үйл ажиллагаанд адилхан оролцож болох юм байна” гэсэн итгэл найдвар төрүүлж байгаагаараа ач холбогдолтой. Нөгөө талдаа бид урт хугацааны бодлогоо орхигдуулж болохгүй.
-Харааны, сонсголын бэрхшээлтэй, тэргэнцэртэй, оюун ухааны хомстолтой гээд хөгжлийн бэрхшээлтэй иргэд сонгуульд өрсөлдөхөд нь төрөл төрлөөр нь тусгайлан зааж өгөх үү?
-Харааны бэрхшээлтэй хүн нэр дэвшлээ гэхэд юун түрүүн хувийн туслахтай байх хэрэгтэй. Аль тойрогт нэр дэвших үү, сонгогчдод яаж зөв ойлголт өгөх вэ гэх зэргээр бэрхшээлийн төрөл хэлбэрээс хамаарсан нарийн төлөвлөгөө гаргах ёстой. Түүнээс бус нийтлэг байж болохгүй. Нэр дэвшигчдэд зориулсан зохицуулалтыг хууль, журамд ч нарийн тусгах хэрэгтэй юм.
-Улс төрийн намын дэмжлэг чухал гэж байна. Тэгвэл анхан шатны байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл хэр байдаг бол. Улс төрийн намуудад энэ талаар судалгаа байдаг уу?
-Ер нь анхан шатны байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо их байдаг. Шат дээшлэх тусам оролцоо нь буурдаг. Тиймээс анхан шатанд идэвхтэй оролцоотой байдаг хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжиж, дараа дараагийн шатанд оруулах бодлого шаардлагатай.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сонгогчийн боловсролыг яаж олгох вэ?
-Зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэнээр зогсохгүй нийтийг хамарсан сонгогчийн боловсрол олгох кампанит ажил одоогоор яваагүй байна. Сонгогчийн боловсрол олгох асуудалд улс төрийн намууд манлайлж оролцох хэрэгтэй.
-Гаднын улс орон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн улс төрийн оролцоог дэмжих чиглэлээр ямар үйл ажиллагаа явуулдаг бол?
-БНСУ-д хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн “Сонгогчдын долоо хоног”-ийг жил болгон зарлаж, сонгуулийн боловсрол олгодог. Шинэ Зеланд улс хөгжлийн бэрхшээлтэй иргэд сонгуульд нэр дэвшихэд дэмжлэг үзүүлэхээр тусгай сан байгуулдаг юм билээ.
-Сонгуулийн хуульд жендэрийн харьцааг харгалзаж, квот тусгаж өгдөг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжсэн квот байдаг болов уу?
-Гадаадын улс орнуудын Сонгуулийн хуулийг харахад хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан квот байдаггүй. Харин квотыг жендэр дээр тусгасан байдаг. Тиймээс улс төрийн намууд үйл ажиллагаандаа бүх хүнд нээлттэй бодлого хэрэгжүүлэх нь илүү жин дарна.
-Судалгааны үр дүнг хэрхэн харж байна вэ?
-Бид улс төрийн намуудад уриалга өгч байна. СЕХ болон УИХ, Засгийн газар, аймаг, орон нутгийн Засаг дарга нарт тусгайлан санал хүргүүлж байгаа юм. Тухайлбал, УИХ-д сонгогчийн боловсролыг сайжруулах, улс төрийн шинжлэх ухааны мэдлэг олгох, мэдээллийг тогтмол түгээх, бүх нийтийн сонгуулийн ач холбогдлыг таниулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, үйл ажиллагааг зөвхөн сонгуулийн жилээр хязгаарлахгүй, жил бүр тогтмол тэмдэглэлт өдөр байхаар зохион байгуулах тухай саналд тусгасан. Мөн Сонгуулийн хуульд хөгжлийн бэрхшээлтэй иргэн сонгуульд нэр дэвших тохиолдолд үзүүлэх мөнгөн болон мөнгөн бус дэмжлэгийг тодорхойлох, хариуцах этгээд, эх үүсвэрийг тодорхой зохицуулах талаар санал оруулсан.
Сонгуульд саналаа өгөхөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүндрэл тулгардаг. Сонгуулийн санал өгөх байранд тэргэнцэртэй хүн явах гарц тавих хэрэгтэй гэхэд мөнгө, санхүү тусгаагүй гэдэг. Үүнийг хуулиар зохицуулж, сонгуулийн санал өгөх байрыг хүртээмжтэй болгох, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн улс төр, нийгмийн амьдралд оролцоход учирч байгаа саад, хүртээмжгүй байдлыг арилгахад чиглэсэн шаардлагатай төсвийг батлах хэрэгтэй.
СЕХ сонгуулийн санал өгөх байрыг аль болох хүртээмжтэй болгох, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хангахад чиглэсэн төлөвлөгөө гарган хэрэгжүүлмээр байна. Ингэхдээ иргэний эрхийг хамгаалах төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж, саналын хуудас хийх хайрцгийг тэргэнцэртэй хүний харааны түвшинд байхаар байрлуулах, харааны бэршхээлтэй иргэдийг тохирсон хэрэглэгдэхүүнээр хангах зэрэг саналыг хүргүүлж байна.
Үүнийг бодит ажил хэрэг болгохын төлөө манай хүрээлэн ажиллана. Учир нь, төдийлөн ярьдаггүй сэдвийг анхаарлын төвд авчирсан. Хүн бүрийн улс төрийн оролцоог хангах нь ардчиллын хэлбэр. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх олон нийтийн хандлагыг өөрчлөх хэрэгтэй.
Эх сурвалж: Монголын үнэн сонин №045/24576/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна