Шинэ жилийн баярууд, ширүүхэн маргаантай 7 хоног


Оны отгон сар адал явдал дүүрэн, асуудал ихтэй, нүүрсний сонсголтой, нүүр тулсан ширүүхэн хэрүүлтэйгээр эхэллээ. Хаа сайгүй баярын уур амьсгал орж, гацуураа чимэглэж, зарим албан байгууллага хуучин оноо үдэх ёслолоо хийж  байгаа энэ өдрүүдэд бухимдал дагуулсан элдэв асуудлууд ундарсаар... 

Zarig.mn сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэгийг  цагдан хорих шийдвэр гарч,  үүнийг эсэргүүцсэн сэтгүүлчид ээлж дараалан мэдэгдэл хийв. Иргэд болон албан байгууллагын гомдлын дагуу сэтгүүлч Н.Өнөрцэцэгт зургаан хэрэг үүсгэсэн. Хуулийн байгууллагаас дуудсан үед ирдэггүй гэсэн үндэслэлээр түүнийг 30 хоногийн хугацаатай баривчлах шийдвэрийг Сонгинохайрхан дүүргийн шүүхээс гаргажээ. Сэтгүүлч бүсгүйг хорьсон асуудал  сошиал орчинд иргэдийг талцуулан багагүй маргаан үүсгэлээ. Нэг хэсэг нь “Хэвлэлийн эрх чөлөөг боомилж байна” гэж үзэж байгаа бол нөгөө хэсэг нь “Хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй байх ёстой” гэж байр сууриа илэрхийлж байна. 

Бүтэн жил хүлээгдсэн “Нүүрсний сонсгол” Төрийн ордонд эхэлж, “жижиг” гэж нэрлэгдэх Тавантолгойг тойрсон маргаан, газрын зөвшөөрлийн асуудлууд олны анхаарлыг татаж байна. Нийт 175 гэрчтэй, дөрвөн өдөр үргэлжлэх нүүрсний сонсголд экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос эхлээд тус компанийн нягтлан, нүүрс тээврийн жолооч хүртэл дуудагдсан. Энэ удаагийн сонсголд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж оролцсонгүй. Гэхдээ тэрбээр цахим орчинд нүүрсний хулгайтай нэр холбогдсоноо нэг их нууж хаасангүй. "Найз нь 20 тэвш нүүрс гаргалаа. Мөнгөө авч чаддаггүй ээ. Данс хаачихлаа. Танайхаар дамжуулаад олж авмаар байна" гэж. Нөгөө нь "Тэгээ" гэж. Бусад нь "Зохиол” хэмээн  жиргэсэн байх юм. Ямартаа ч түүний хамаарал бүхий хүний дансаар нүүрсний мөнгө орж гарсныг нүүрсний хулгайтай гэдгээ экс Ерөнхийлөгч хүлээн зөвшөөрөв.

  Нүүрсний сонсголын үеэр Өмнөговь аймгийн газар нутгаас гадаадын иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлсэн  баримтууд дэлгэгдэж, олон нийтийг бухимдуулав. Тодруулбал, гадаадын хөрөнгө оруулалттай 38 хуулийн этгээдэд  457.3 га, хоёр хуулийн этгээдэд эрчим хүчний зориулалтаар 4.100 га газар эзэмших эрх олгожээ. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч  “Гадаадын иргэдэд олгосон  газар эзэмших эрхийг яаралтай цуцлах, холбогдох хүмүүст хариуцлага тооцох, гарсан үр дүнг олон нийтэд шуурхай мэдээлэх ёстой” хэмээн Засийн газарт чиглэл өгөөд байна. Ийнхүү нүүрсний хэрэг газрын наймаагаар үргэлжилж, Өмнөговь аймгийн удирдлагууд хүндхэн байдалд ороод байна.

УИХ дээр Авлига, албан тушаалын гэмт хэргийн дагнасан шүүх байгуулах тухай асуудлыг ид хэлэлцэж байна. Гэхдээ монголчууд бид авлигач нартаа хайртай хүмүүс бололтой. Байнгын хороодууд дээр гацаж, арай гэж УИХ-ын босго давж орж ирсэн энэ хуулийг АН-ын дарга Л.Гантөмөрөөс эхлээд олон хүн эсэргүүцэж байгаа. Тэрбээр  шүүх байгуулахыг эсэргүүцэж үг хэлэхдээ “Ардчилсан намыг авлах зорилго юунд байна гэхээр Монголын ардчиллыг устгахад л чиглэж байна” гэж мэдэгдэж байх юм. Эндээс харахад АН-ын маш олон хүн авлигын шүүхээр орохоос Л.Гантөмөр дарга айгаад байгаа бололтой.
Ойрын хэд хоногт Улаанбаатар хотод цас орж, халтиргаа гулгаа нэмэгдэн, замын түгжрэл замаа алдав. Энэ үеэр Түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан мэдээлэл хийлээ.

 "Нийслэл 600 автобус шинээр худалдан авч, гурван минутын зайтайгаар явуулна. Иргэд өглөө худалдаж авсан билетээрээ өдөрт хэдэн ч удаа зорчиж болно” хэмээн тэрбээр ярьсан юм. Үүнээс гадна сүр дуулиантайгаар орж ирсэн ногоон автобусыг буцаах боломжгүй. Эргүүлж явуулахад зардал их гарна, мөн үйлдвэрлэгч нь хэн бэ гэдэг нь ч тодорхойгүй байгаа гэдгийг мэдэгдэв. Тиймээс 100 гаруй ногоон автобусыг хуучин автобусны үнээр худалдан авч нийтийн тээвэрт явуулах бололтой. Гэхдээ ногоон автобусны хэрэг дуусаагүй, хууль хяналтын байгууллагаар эцэслэн шийдээгүй байгааг тэрбээр мөн сануулсан. 

Хэнтий, Сүхбаатар, Дорноговийн ихэнх нутаг, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай, Архангай, Өмнөговь, Дорноговийн зарим сумын нутгаар өвөлжилт хүндэрч, малчид малаа нядалж, эдийн засгийн эргэлтэд оруулах сонирхолтой байгаа. Энэ асуудалд Засгийн газар ч анхаарч, мал, мах хямдарч байгаа үед ирэх хавар нийслэлийнхний хүнсэнд зориулан нөөцийн мах бэлтгэх үүрэг өгчээ. Урьдчилсан тооцоогоор 8000 тонн мах нөөцөд бэлтгэх юм байна. 

Өнгөрөгч долоо хоногт хаа сайгүй дизель түлш ховордож, иргэд бухимдан, УИХ-ын гишүүд ч ээлж дараалан асуулга тавьж, Засгийн газрыг багагүй сандаргав. Уул уурхайн олборлолт, тээвэрлэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор ОХУ-аас авдаг дизелийн түлш хүрэлцэхгүйд хүрч өнгөрсөн сараас эхлэн БНХАУ-аас дизелийн түлш авах гэрээ байгуулжээ. БНХАУ-аас захиалсан түлш ирснээр 10 хоногийн нөөцтэй бүрдүүлнэ гэж Ашигт малтмал, газрын тосны газраас мэдэгдлээ.
Ирэх жил сонгууль болно. Гэвч сонгуулийн санал хураах өдөр тодорхойгүй байгаа юм. Үүнд эрхэм гишүүд анхаарал хандуулж, хоёрдугаар сарын 1-ний өдрөөс өмнө сонгуулийн тов, тойргоо тогтоох хэрэгтэй хэмээн УИХ-ын даргаас шаардаж эхэллээ. Хаа сайгүй сонгуулийн уур амьсгал орж, нэр дэвшихийг горилогчид мөнгө төгрөг тараагаад явж байхад бид хэзээ сонгуулиа хийхээ ч мэдэхгүй сууж байна хэмээн зарим гишүүн бухимдаж байх юм. Ямартаа ч ирэх өдрүүдэд сонгуулийн тов, тойрог хэлэлцэх бололтой.
Өнгөрч буй долоо хоногт нэг урт нэртэй хууль батлагдав. “Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль нь зургаан бүлэг, 27 зүйлтэй юм байна. Нийт монголчуудыг бухимдуулсан Нийслэлийн хүндрэлтэй асуудлуудыг энэ хууль батлагдсанаар цэгцэлж чадна гэсэн хүлээлт үүсээд байна. 
Монгол Улсын цахим хэрэглээ жилээс жилд өсөж байгаа. Гэвч үүнийг дагаад цахим гэмт хэргийн тоо ч нэмэгдэж байна. Тодруулбал,  2018 онд цахим гэмт хэргийн тоо 659,  2019 онд 737 байсан бол энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар цахим гэмт хэрэг 8818 бүртгэгджээ. Тиймээс УИХ-д Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийг өргөн бариад байгаа билээ. Энэ хууль ямартаа ч эхний даваагаа давж, эцсийн хэлэлцүүлэгт орохоор боллоо.

 Б.Нүүдэл

Эх сурвалж: Монголын үнэн сонин №046/24577/



0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Залуучуудын хөгжлийн ялгааг арилгаж, хамтын үнэ цэн бүтээхэд “SDY Call… 8 минутын өмнө
БНСУ-ын Гадаад хэргийн яам визний асуудлаар цаашид хамтран ажиллахаа и… 9 минутын өмнө
“Deaf Nomads” баримтат киноны нээлтийг Монголд хийлээ 18 минутын өмнө
“МОНГОЛЫН ҮНЭН” сонины 2025 оны хоёрдугаар улирлын захиалга явагдаж ба… 27 минутын өмнө
Б.Пүрэвдагва: СДМЗХ-ны долдугаар үеийнхэн шинжлэх ухаанд суурилсан пра… 39 минутын өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй 52 минутын өмнө
Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн 53 минутын өмнө
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, Тавантолгойн нүүр… 15 цагийн өмнө
"ТОП КЕРАМИКС" байгалийн чулуу мэт бодит мэдрэмжийг төрүүлнэ 18 цагийн өмнө
“Идэр” их сургуулийн 30 жилийн ой тохиож байна Өчигдөр
Монгол, Солонгосын хамтран хэрэгжүүлж буй “Солонго-I, II’’ хороолол, 1… Өчигдөр
Экспортын орлого өмнөх долоо хоногийнхоос есөн хувиар өсчээ Өчигдөр
1200 гаруй зам талбайн үйлчлэгч, ажилтан 320 гаруй тусгай зориулалтын … Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 2025/03/26
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна 2025/03/26
Монгол Улсын иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг хөнгөлөлттэй үнээр үзүүл… 2025/03/25
"​Монголын үнэн" сониноо цахимаар захиалан уншаарай 2025/03/25
Дэлхийн театрын өдрөөр “Амьдрахуй” хэлэлцүүлэг өрнүүлж, “Амьдрахуй” жү… 2025/03/25
ШУТИС-ийн найман багш метроны чиглэлээр мэргэжил дээшлүүлэхээр БНСУ-ыг… 2025/03/25
ХЗДХ-ийн сайдын мэдээллийг сонсож, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтүүдийг… 2025/03/25