Нотлох баримтаар далд эдийн засаг, нууц эздийг илчилсэн нүүрсний сонсгол


 Монгол Улсын экспортод уул уурхайн бүтээгдэхүүн жин дардаг, тэр дундаа нүүрс. Жил бүрийн улсын төсвийг батлахдаа нүүрсний экспор­тыг нэмэгдүүлэхэд анхаарсаар ир­сэн. Тиймээс ч олон улсын зах зээлийн прогнозыг ажиглаж, урьдчилан тооцож, судалсны үндсэн дээр ирэх онд экспортлох нүүрсний хэмжээ, ханшаа гаргаж, төсвийн орлогоо тооцдог.  Харин өнгөрсөн хугацаанд экспортын гол бүтээгдэхүүн нүүрсний зах зээлд хувь, хувьсгалын бизнес эрхлэгчид оролцсон ч хууль бус үйлдэл гаргаж, далд эдийн засаг хөгжсөөр ирснийг олон нийт мэдэх ч нотлох баримтгүйгээс ил гаргаж чадахгүй өнөөдрийг хүрсэн билээ. Тэгвэл УИХ-ын 63 дугаар тогтоолоор байгуулагдсан “Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг УИХ-ын  2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах сонсголоор далд эдийн засгийг төдийгүй далд эздийг ил гарган, гэрчээр дуудаж, тайлбар авч хэлэлцэж байна.  УИХ-ын Хянан шалгах түр хороо “Нүүрсний” гэх тодотголтой энэ удаагийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол хоёр үе шаттай үргэлжилнэ. Эхний үе шатыг арванхоёрдугаар сарын 4-8-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулж байна. 

 Нүүрсний сонсголоор:

•“Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ, худалдан авалтын үйл ажиллагаа;

•“Тавантолгой” ХК-д эрх бүхий байгууллагаас хийсэн хяналт, шалгалтууд, тэдгээрийн үр дүнгийн дагуу авсан арга хэмжээ; “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үүсгэн байгуулагдсан цагаас хойших үйл ажиллагаа, санхүүгийн мэдээлэл, ерөнхий мэдээлэл;

•“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн бараа, ажил, үйлчилгээ, худалдан авалтын үйл ажиллагаа; 2011-2023 оны аравдугаар сар хүртэлх хугацаанд гэрээт олборлогч компаниуд болон бусад бараа, ажил, үйлчилгээ, худалдан авалтын үйл ажиллагааны талаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж хэлэлцэнэ.  Сонсголыг УИХ-ын Хянан шалгах түр хорооны дарга, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр даргалан явуулж байна. Харин хоёр дахь үе шат энэ сарын 18-22-ны өдрүүдэд болно.

Ингээд Нүүрсний хяналтын сонсголыг тоймлон хүргэе.

Орон нутгийн “Тавантолгой”-н хууль бус үйлдлийг “илрүүлж”, УИХ-ын гишүүн  С.Ганбаатарын нүүрсний бизнесийг ил болов

2023.12.04/Даваа гараг/

Эхний өдрийн нээлттэй сонсголоор   “Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, тээвэрлэлт болон бусад бараа ажил үйлчилгээ худалдан авалттай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судлах үүрэг бүхий Хянан шалгах түр хороо дүгнэлтээ танилцуулав. Энэ өдрийн нээлттэй сонсголд 22 гэрч ирэхээс 12 нь ирсэн байв.

“Тавантолгой” компани 2011-2021 онд 25.3-472.9 тэрбум хүртэл борлуулалтын орлого хийж, 2.6-194.2 тэрбум төгрөгийн хүртэл цэвэр ашигтай ажиллаж байжээ. Тэгвэл 2022 онд 2.53 сая тонн нүүрс олборлож, 331 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна.  2014-2022 онд хувьцаа эзэмшигчдэдээ 170.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг шилжүүлжээ.  Тус компани 2022 онд 456.7 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй,  132.9 тэрбум төгрөгийн  өртэй аж. Хувьцаа эзэмшигч болон гүйцэтгэх захирлыг 51 хувийн хувьцаа эзэмшигч буюу Өмнөговь аймгийн ИТХ-ын саналаар шийдвэрлэх ёстой ч 49 хувийн хувьцаа эзэмшигч буюу жижиг “Тавантолгой” компанийн зүгээс  шийдвэрлэж иржээ. Тухайлбал, Өмнөговь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2009 оны нэгдүгээр сарын 14-ний тогтоолоор орон нутгийн төлөөллийн ТУЗ-ийн даргаар Д.Бат-Эрдэнийг сонгож, 2011 оны арванхоёрдугаар сарын 28-нд өөрийнх нь хүсэлтээр чөлөөлжээ. Д.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас өөрийнх нь хүсэлтээр чөлөөлсөн ч үеэл Б.Түвшинбаяр, Ч.Өлзийцэцэг, туслах Р.Сэддорж нарыг  2012-2020 оны хооронд ТУЗ-ийн дарга, Гүйцэтгэх захирлаар томилж иржээ.

Жижиг хувьцаа эзэмшигчийг орон нутгийн төлөөлөгчөөр томилсон нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийн тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой баталсан журам дахь  “Төрийн өмчийн төлөөлөгч нь хувийн өмчлөгчдөөс сонгогдсон ТУЗ, ХШЗ-ийн гишүүний ойрын төрөл буюу нэгдмэл сонирхолтой байж болохгүй” гэсэн заалтыг зөрчсөн байна. 

Түр хорооны хянан шалгагч, шинжээч нар “Тавантолгой” ХК-д ажиллахад архивын сан хөмрөгийн бүртгэл хангалтгүй, анхан шатны нотлох баримтууд иж бүрэн бус, архив болон цахим системийн дата бүрэн хадгалагдаагүй, баримт материалаа хүлээлцээгүй зэргээс   цаг хугацаа их зарцуулж, тус компанийн үйл ажиллагааг иж бүрэн хамруулах боломжгүй нөхцөл үүссэн  байна. Үүнтэй холбоотой  Түр хорооны гишүүд асуулт тавьж, гэрчүүдээс хариулт авсан юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Ганболдын жижиг хувьцаа эзэмшигч Д.Бат-Эрдэнийг хувь нийлүүлэгчийн хуралд орон нутгийн төлөөллөөр томилсон талаарх асуултад   Өмнөговийн ИТХ-ын дарга асан, “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга асан Л.Батчулуун "Засаг даргын Тамгын газраас асуудал оруулж ирж, түүнийг нь аймгийн ИТХ хэлэлцэж батална. Тухайн шийдвэрийг олонхын саналаар гаргасан" гэсэн хариулт хэлэв.  Архивын бичиг баримт дутуу байгаа талаар “Тавантолгой” ХК-ийн ерөнхий нягтлан бодогч асан Г.Шүрэнхишиг "Бид 2011 онд аймгийн архивын газарт бүх баримтаа үзүүлж, баримтаа аймгийн архивт өгсөн. 2011 оноос хойш бид архивын бааз үүсгэж, өөрсдөө хадгалсан. Харин 2011 оноос өмнөх архивын бүрдэл нь аймгийн архивын газарт бий"  гэсэн бол  УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ "Шинжээч, хянан шалгагчийн дүгнэлтэд гүтгэлгийн чанартай, худлаа зүйлс байгааг онцгой анхаарах хэрэгтэй. Хөрс хуулахдаа зардал хэр гардаг вэ гэдэг зүйл яригдахгүй байна. Нэгдмэл сонирхолтой гэдгийг хэрхэн тодорхойлоод байгаа юм бэ. Ингэж олны өмнө шууд гүтгэж болохгүй. Би худал хэлж, хулгай хийгээгүй гэдгээ итгэл дүүрэн хэлье" гэсэн тайлбар хийв. Түр хорооны дарга Б.Энхбаяр "Хянан шалгагч нарт ирүүлээгүй баримт их бий. Хянан шалгах ажлыг нь хийлгээгүй, устгачихсан. Д.Бат-Эрдэнэ гишүүн ээ, таны ТУЗ-ийн даргаар ажиллаж байх үеийн бүх бичиг баримт байхгүй байна.” гэсэнд УИХ-ын экс гишүүн Д.Бат-Эрдэнэ " Би ТУЗ-ийн дарга хийж байх үеийн материалыг үзээрэй. Тэр материал яагаад алга болсныг би архивын хүн биш учир мэдэхгүй. Би ашигтай ажиллахын төлөө ажилласан. Миний үед хариуцах асуудал бол ТУЗ-ийн хурлын материал. Надад хадгалагдсан хувь байгаа байх. Түүнийг ил тод болгож хүмүүстээ харуулна " гэсэн тайлбар хийв.

Засгийн газраас 2022 оны арванхоёрдугаар сард  “Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, Бүрэн эрхт төлөөлөгч томилсон бөгөөд өнөөдөр Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй нээлттэй хувьцаат компани болсон. 2023 оны аравдугаар сарын байдлаар дөрвөн газар, найман албанд 273 ажилтантайгаар нүүрс олборлолт, борлуулах  үндсэн үйл ажиллагаа явуулж байгаа юм.

“Тавантолгой” компани гэрээт туслан гүйцэтгэгч компанитай хамтарч нүүрс олборлолтын үйл ажиллагаагаа явуулжээ. 2013-2022 оны хооронд нийт 55 компанийн акт гарсан байна. “Тавантолгой” ХК-ийн олборлолтоос бусад худалдан авалтын талаарх шинжээчийн дүгнэлтээр  2007-2012 оны хоорондох тендер шалгаруулалтын баримт бичгийг ирүүлээгүй тул хянан үзэх боломжгүй байжээ. 2013-2022 онд “Тавантолгой” ХК нь 139.9 тэрбум төгрөгийн худалдан авалт хийжээ.  Худалдан авах ажиллагааны төлөвлөлт хангалтгүй байна. Тендерийн хуулийн дагуу худалдан авалт хийсэн 115.5 тэрбум төгрөгийн 57 тэрбум нь зөрчилтэй байна. Энэ нь  49.5 хувь буюу хоёр  тендер тутмын нэг нь зөрчилтэй гэсэн үг юм.

Хөрсний ажил гүйцэтгэлтэй холбоотой төлбөрийг нүүрсээр барагдуулсан тул гүйцэтгэл хянах боломжгүй байсан байна. Ямартаа ч “Тавантолгой” компанитай нэгдмэл сонирхолтой этгээдийн нэрсэд “Уужим Од” компанитай УИХ-ын экс гишүүн Б.Амарзаяагийн, “Болор Аграмба” компанитай УИХ-ын экс гишүүн Ж.Батсуурийн дүү Ж.Батбаяр, УИХ-ын гишүүн С.Ганбаатарын эхнэр  Б.Тунгалаг нарын нэр дурдагдаж байлаа. 

Ийнхүү эхний өдрийн нүүрсний нээлттэй сонсголоор орон нутгийн “Тавантолгой”-н хувьцаа эзэмшигчдийн хууль бус үйлдлийг гэрчилж, байгалийн баялгаа цээжээрээ хамгаалж, “Оюутолгой”-н гадаадын хөрөнгө оруулалтыг эрс эсэргүүцдэг УИХ-ын гишүүн С.Ганбаатар гишүүнийг нүүрсний бизнес эрхэлдгийг “илрүүлэн” нотлов.

Гадаадын эзэмшилд “шилжсэн” Өмнөговь

2023.12.05/Мягмар гараг/

Нүүрсний сонсголын хоёр дахь өдөр “Тавантолгой”  ХК-ийн газар олголттой холбоотой асуудлыг хэлэлцэв. Шинжээчийн дүгнэлтээр Өмнөговь аймгийн Ханбогд суманд эрчим хүч, гаалийн хяналтын талбай, авто тээврийн зогсоол, кэмпийн зориулалттай газар олгожээ. Газар олголттой холбоотой газрын дуудлага худалдааны үнэ төлөөгүй байхад  81.5 га газрыг 11 аж ахуйн нэгжид олгосон, авто тээврийн зогсоол, гаалийн хяналтын талбай зэрэг 1-40 га газрыг бусдад шилжүүлсэн гэсэн томоохон асуудал үүсчээ.  2020-2022 онд гадаадын хөрөнгө оруулалттай 38 аж ахуйн нэгжид 457.3 га газар олгожээ.  Мөн хоёр хуулийн этгээдэд 4100 га газрыг эрчим хүчний зориулалтаар олгосон байна. Аудитаас шалгалт хийж газрын дуудлага худалдааны үнэ төлөөгүй 75 аж ахуйн нэгжид акт тавьсан байна. Нийт 3.7 тэрбум төгрөгийн газрын дуудлага худалдааны анхны үнэ төлөгдөөгүй аж.  “Тавантолгой” ХК гаалийн хяналт, нүүрсний талбайн зориулалтаар 12 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 20 га газар худалдаж авах тендер зарласан байна. Хянан шалгах хорооны дарга, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Өмнөговь аймаг улсаасаа бүрэн гарчихсан, өнгө мөнгөнд бүх юмаа худалдчихсан. Нэг аймгийн газар гадаадын иргэдийн эзэмшилд очсон асуудлыг хууль хяналтын байгууллага шалгах ёстой.” гэсэн юм. Гэсэн хэдий ч дуудагдаж ирсэн гэрчүүд гадаадын иргэдэд ямар ч газар олгоогүй гэсэн хариултыг хэлж, гүрийж, гүлдийсээр байв.

“Тавантолгой” компанийн санхүүгийн тайлангаас үзэхэд, 2013-2022 онд 2.5 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллажээ. Үүнийг 2015-2022 онд борлуулсан нүүрсний хэмжээ, ашиглалтын үйл ажиллагааны тайлан болон АМНАТ-ын тайлангийн дүнтэй харьцуулж үзэхэд 362.1 мянган тонноор зөрүүтэй байна. Борлуулалтын дүн пүүний программтай харьцуулж үзэхэд 3.7-4.5 сая тонноор зөрүүтэй байжээ. Энэ нүүрсний хэмжээг хамгийн багаар бодоход 320 тэрбум төгрөгийн өртөгтэй байна.  Үүнд "Тавантолгой" компанийн гүйцэтгэх захирал асан Р.Сэддорж  “Гэрээнд тусгасан тоо хэмжээ, авсан хэмжээ хоёр байнга зөрөх ёстой. Гэрээг нэг сая тонноор хийсэн байхад компани 800 мянган тонн нүүрс авсан байна. 200 мянган тонны зөрүү гарна. Тийм учиртай зөрүү байгаа юм” гэсэн тайлбарыг  өгч байв. Гэвч салбарын хүмүүс энэ тоо зөрөх ёсгүйг бататгаж байгаа.

Нүүрсний гэх тодотголтой сонсголоор орон нутгийн удирдлагуудаас эхлээд улстөрчид уул уурхайн бизнестэй эрх ашиг нэгдэн шургалсныг тод харуулж, олны анхаарлыг татлаа.  Тухайлбал, 2011 онд худалдах, худалдан авах гэрээ хийсэн “Акмиконсалтинг” ХХК-ийн үүсгэн байгуулагчийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Д.Зоригт болон УИХ-ын гишүүн Н.Батбаярын охин Б.Жаргалан,  Ц.Баярсайханы охин Нарангоо, С.Ламбаагийн охин Л.Шинэцэцэг, Р.Амаржаргалын хүү А.Азбаяр, Л.Гантөмөрийн эхнэр А.Туул багтжээ. УИХ-ын долоон гишүүний хамаарал бүхий дээрх компани нь 2012 оны УИХ-ын сонгуулийн жилийн  өмнө 50 мянган тонн нүүрсний гэрээг хийсэн байх жишээтэй. Тодруулбал, эдгээр нь АН дахь МҮДН фракцын гишүүд юм.

Ийнхүү зарим улстөрчид эрх мэдэл, ашиг сонирхол, мэдээллийн давуу байдлаа ашиглан нэгдмэл сонирхлоороо нэгдэж, эрх бүхий албан тушаалтнууд  байгалийн баялаг бүхий газрыг гадаадын компаниудад хууль бусаар эзэмшүүлжээ. Тиймээс ч Ерөнхийлөгч У.Хүрэлсүх газрыг гадаадын иргэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлсэн асуудлыг яаралтай шалгахыг Засгийн газарт чиглэл болгоод байна.

“Эрдэнэс Тавантолгой” дахь тендер шалгаруулалтын зөрчил буюу  “Хишиг арвин индустрал” компани найман тендерт ялжээ

2023.12.06. /Лхагва гараг/

Нүүрсний сонсголын гурав дахь өдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотой асуудлыг ”Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талаарх ерөнхий танилцуулга хийв.  Тус компанийг анх байгуулахад  “Ти ти жи ви си өү” ХХК-д  80 тэрбум төгрөгийн үнэ бүхий тоног, төхөөрөмжийг Төрийн өмчийн хорооны зөвшөөрөлгүй шилжүүлсэн, одоог хүртэл тухайн компани дээр бүртгэлтэй гэсэн  асуудал сөхөгдлөө. Хянан шалгах хорооны гишүүд тухайн компани яагаад өндөр өртөгтэй гэрээ хийснийг тодруулж байв. Тухайн үедээ тус компани  анх 90 тэрбум  төгрөгийн хөрс хуулалтын гэрээ хийсэн компани эдүгээ 2.4 их наяд төгрөгт хүрчээ. Гэрээ сунгаснаас тендер зарлаагүй байна. Үүнд  "ЭТТ" ХК-ийн анхны захирал Б.Энэбиш “Уурхайн олборлолт нэг ч саатаж болохгүй. Тийм учраас тоног төхөөрөмжөө худалдахдаа таван жилийн дараа элэгдэл, хорогдлыг нь тооцоод эргүүлэн авна гэсэн  нөхцөлтэйгөөр гэрээ байгуулсан.  Тухайн үед Төрийн өмчийн хорооны дарга манай ТУЗ-ийн дарга байсан, бид зөвшөөрөл хүссэн. Тоног төхөөрөмж худалдсан мөнгөөрөө бид ажилчдын цалин тавьсан. Бид бүх зүйлийг тооцсон. ” гэсэн тайлбар хийв.

“Тавантолгой”-н ордын баруун Цанхийн хэсэгт хөрс хуулалт хийх үйлчилгээ үзүүлэх  гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж байсан нь Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа,  ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчжээ. Тухайлбал, Тавантолгой ордын Цанхийн баруун уурхайд уулын ажил гүйцэтгэх үйлчилгээ үзүүлэх “Хишиг арвин индустрал” компани хөрс хуулалт олборлолтын тендерт найман удаа шалгарч, 1.4 их наяд төгрөгийн гэрээ байгуулжээ.

“Төрийн нууц”-аар халхавчилсан тендер

2023.12.07 /Пүрэв гараг/

Энэ өдрийн Нүүрсний сонсголын эхэнд “ Элгэн” ХХК-ийн 2011-2023 оны тендер сонгон шалгаруулалтад хэрхэн оролцсон талаарх шинжээчийн дүгнэлтийг танилцуулав.  Өрөмдлөгийн ажлын тендер шалгаруулалтад 14 удаа шалгарч, 28.8 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан байна.  Ингэхдээ тендерийн материалын иж бүрдэл дутуу байна. Тодруулбал, нэг тендер хуульд нийцсэн. Бусад нь Тендерийн тухай хууль, журмыг хангахгүй байжээ.

Тендер шалгаруулалтыг хийхдээ баримт бичиг дутуу байхад, шаардлага хангаагүй компанийг шалгаруулж, гэрээ байгуулсан зөрчил их гарчээ. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой гишүүд асуулт тавьж, хариулт авч байв. УИХ-ын гишүүн Г.Ганболд “Дүгнэлттэй холбогдуулан гарсан зөрчлийн талаар асууя. Гүйцэтгэлийн баталгаа хийгээгүй байхад урьдчилж гэрээ хийсэн асуудал удаа дараа гарлаа” гээд тайлбар хүсэв.  Үүнд “Элгэн” ХХК хамгийн сүүлд 70 гаруй тэрбум төгрөгийн гэрээ хийсэн.Сүүлийн 70 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан гэх гэрээ нь Тендерийн хуулийн дагуу зохион байгуулаагүй. Төрийн нууцад хамруулаад зохион байгуулсан. Гэрээг цуцалж, “ЭТТ” ХК-аас АТГ-т хандсан юм байна” гэсэн хариултыг шинжээч хэллээ.

Цаашлаад “ЭТТ” компанийн тэсэлгээтэй холбоотой маргаан шүүхээр шийдвэрлүүлж байгаа аж. Бүх тендерээс татгалзсан  шийдвэрийг “ЭТТ” компани гаргаж, дахин шинэ тендер зарласан байна. Гэхдээ ажил зогсоогүй үргэлжилж байгааг холбогдох удирдлагууд тайлбарлав.

Ийнхүү Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй  Нүүрсний сонсгол өнөөдөр үргэлжилнэ.


 Н.Энх

Эх сурвалж: Монголын үнэн сонин №046/24577/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Эмэгтэй нэр дэвшигчдийн квотыг 40 хувьд хүргэнэ 7 минутын өмнө
Ж.Галбадрах: Багшийн хомсдолыг арилгахгүйгээр боловсролын салбарт хийх… 25 минутын өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улсын хөгжлийг урт хугацаанд тогт… 28 минутын өмнө
Я.Цэлмэн: Оюун санаа, хүний эрхийн хувьд нийгэм одоо л солигдож байна 54 минутын өмнө
Оросын оюун санааны дууч 1 цагийн өмнө
Нүд “ичиж”, чих дөжрөх нь 1 цагийн өмнө
М.Даваасүрэн: Монгол хүний оюуны өмчийн бүтээлүүдийг эдийн засгийн эрг… 22 цагийн өмнө
Монгол тэмүүлэл монгол ухаанаар оршихуй 22 цагийн өмнө
Статистикийн салбар хөгжлийн шинэ эрин үетэй хөл нийлүүлэн алхахдаа б… 22 цагийн өмнө
Үндэсний Статистикийн Хорооны 100 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлж буй он… 23 цагийн өмнө
Б.Батдаваа: Статистикийн салбар хөгжлийн шинэ эрин үетэй хөл нийлүүлэ… 23 цагийн өмнө
Төсөв тойрсон хэрүүл, уран дагасан улстөржилттэй долоо хоног 23 цагийн өмнө
Хоноцын сэтгэл ба үгүйлэгдсэн хайр 2024/11/08
Т.Баасансүрэн: “Монголын үнэн” сонин өнгөрсөн зууны толгой, өнөө зууны… 2024/11/08
ТУМБААШЛАГ ТӨР 2024/11/08
Эрдмийн эрдэнэ эгэл ардад байдаг 2024/11/08
Мэндчилгээ 2024/11/08
Мэндчилгээ 2024/11/08
Шинэ зууны түүчээ-залуустаа илгээх захидал 2024/11/08
Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Санд… 2024/11/07