Ц.Нямдорж гэхээр ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүн, хашир улстөрчөөр нь олон нийт андахгүй. Тэр ширүүн характер, хатуу боловч үнэн үг, ёжтой дүр төрх, хурц харизмаараа Монголын улс төрд ялгардаг.
Жирийн малчны хүү тэрбээр ЗХУ-ын Ленинград /хуучнаар/ хотын Улсын их сургуульд хуулийн ангийг дүүргэж, Улсын ерөнхий прокурорын газраас ажил, амьдралын гараагаа эхэлж байсан бол 1992 оноос хойш тасралтгүй 33 жил улс төрд зүтгэсэн байдаг. Энэ хугацаанд Хууль зүйн тэргүүн дэд сайд болон Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар 10 гаруй жил ажиллаж, УИХ-ын гишүүнээр 28 жил буюу долоон удаа сонгогдсон.
Басхүү УИХ-ын дарга, дэд дарга, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргаар ажилласан гээд түүний улс төрийн замнал баялаг.
Ингээд мэргэшсэн парламентч Цэндийн НЯМДОРЖ-ийг “Дугаарын зочин” буландаа урьж, ярилцлаа.
-Сүүлийн жилүүдэд та улс төрөөс холуур нам жим явлаа. Иргэн Ц.Нямдоржийн хувьд хаана, юу хийж байна вэ?
-Олон түмний өмнө хүлээсэн итгэл, төрийн томилгооны хариуцлагаас чөлөөлөгдсөн болохоор амар тайван амьдарч байна. Нэгэнт чөлөөлөгдсөн учраас олон юм ярьж явах нь зохистой бус. Энэ бол миний зарчим.
-Энэ парламентын бүрэн эрхийн хугацаа ирэх онд дуусгавар болно. Та энэ парламентын үйл ажиллагааг гаднаас нь хэрхэн дүгнэж байна вэ?
-Энэ парламентын бүрэн эрхийн хугацаа түүхэн, онцгой нөхцөлд өнгөрч байна. УИХ-д сонгогдож, гишүүн болох нэг асуудал. Гишүүний суудалд сууж улстөрчийн хувьд “хүн” болох өөр асуудал. Энэ УИХ-ын тухайд дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед сонгууль явагдсан.
Онц байдлын нөхцөлд бараг хоёр жил ажилласан. Тиймээс УИХ-ын гишүүд байнгын хороо, чуулганы хуралдаандаа биеэр оролцож, үг хэлэх, өмнөх гишүүдээсээ суралцах бололцоо хоёр жил хумигдсан. Энэ нь УИХ-ын гишүүн болж төлөвших цаг хугацаа хоёр жилээр хасагдсан гэсэн үг.
Шинээр сонгогдсон УИХ-ын гишүүн туршлагатай гишүүдээс суралцаж, төрийн дэг жаягийг өөртөө шингээдэг. Энэ боломж нь байгаагүй. Тиймээс энэ парламентын хамгийн согогтой зүйл нь энэ.
Нөгөө талаар энэ парламент хэтэрхий давилуун байгаа нь надад илт ажиглагдсан. Улс орны нөхцөл байдал, төрт ёс, ах зах, түүхэн уламжлалыг умартан попролт хэрээс хэтэрч, хүн болгон сошиалын од болох өвчинд нэрвэгдсэн нь төр савлах шалтгаан болсон. Төр савлавал оршин тогтноход хэцүү.
Энэ бол гишүүд гэхээсээ нам сонгуульд нэр дэвшүүлэх хүнээ анхаарах хэрэгтэйг харуулж байгаа хэрэг. Төр гэдэг чинь хүнд суудалтай бодгал. Тэр суудалд таарч, тэнцэх хүн дэвшүүлэх хэрэгтэй. Асуудал тогтолцоондоо биш хүндээ байгаа гэдгийг одоогийн улстөрчид, хуучин дарга нарт би олон удаа ярьдаг байсан. Олон нийтэд ч хэлж үзсэн. Зөв хүнээ сонгож чадаагүй бол мөнхийн алдаа болно. Гудамжинд гарч давилсан болгоныг нэр дэвшүүлж сонгоод байвал төр оршин тогтохгүй.
-Таны хувьд хамгийн нэр хүндтэй парламент гэвэл хэдэн оныхыг нэрлэх вэ?
-Ер нь хамгийн сайхан бүрэлдэхүүнтэй парламент 1992 оных байсан. Тэд шунал, хулгай хоёрыг бараг мэддэггүй. Тийм нийгэм, ёс суртахуунд чанагдсан хүмүүс байсан. Түүнээс хойших нь асуудал үүсгээд давжаараад байгаа. Хүнээсээ болоод байгаа юм.
Парламентад мөнгөтэй хүн ороод ирвэл төрийн ажил гайгүй явж, эдийн засаг өсөж магадгүй гэж бодогдож байсан үе надад бий. Шуналтай хүн ороод ирвэл дийлддэггүй юм билээ. Шунал, тэнэглэл хоёрт эхлэл, төгсгөл байдаггүй юм. Намаас нэр дэвшин сонгогдсон УИХ-ын зарим гишүүн “Би энэ намд байгаагүй” гэж томрохыг хүртэл харлаа. Монголын төр ердөө 33-хан жил л бие даасан улс болох гэж алдаж онож явлаа. Хоёр их гүрний дунд оршдог манай орны хувьд улс орны хувь заяа түшээдийн ухаанаас шалтгаална. Төрийг өдөр болгон хараар буддаг самбар болгох хандлага дийлдэхгүй түвшинд хүрлээ. Хулгай хийсэн бол тэр хүнтэй нь ярь. Харин төрийг бүхэлд нь хулгайч болгож болохгүй.
Л.Оюун-Эрдэнэ бол хэцүү зүйлтэй улаан нүүрээрээ тэмцэж байгаа анхны Ерөнхий сайд
-Та энэ Засгийн газарт ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан. Өнөөдөр Монгол Улсын эдийн засгийн өсөлт хөрсөн дээрээ буусан уу?
-Анх ийм санал тавихад нь би “Чадахгүй” гэж хэлээд гараад явчихсан. Дахин гурван дарга дуудаж, учир зовлонгоо тоочоод байхаар аргагүйн эрхэнд зөвшөөрсөн. Цар тахлын үед туйлын хүнд нөхцөлд ажилласан, тэсээд гарсан. Надаас бусад нь бүгд залуу байсан.
Сүүлийн үед өнгөрсөн 30 жил рүү дайрах өвчин газар авч байна. Энэ хугацаанд алдсан нь бий, оносон нь ч бий. Нарийн яривал 1990-2002 оны тавдугаар сар хүртэлх 12 жилийн хугацаанд Монгол Улс эдийн засгийн хувьд сэхээнд байсан юм шүү. Манай эдийн засгийн ганц саалийн үнээ нь “Эрдэнэт” үйлдвэр л байсан. Харин 2002 оноос эдийн засаг бага багаар сэргэж, аймгууд авто замаар холбогдсон, бүх сум эрчим хүчээр хангагдсан, “Оюутолгой”, “Тавантолгой” эдийн засгийн эргэлтэд орсон, Улаанбаатарт машин багтахаа байсан гээд яривал их юм бий.
Өнөөдөр зарим нь “Би эрх чөлөө авчирсан, удирдагч нь байсан” гэж бие биенээ магтаж худлаа яриад байна. Зөвлөлт гүрэн задрахтай зэрэгцээд манай улсад өөрчлөлт орсон. Тэр үед гадаад худалдааны эргэлтийн 96 хувь нь Оросоос хамааралтай байлаа шүү дээ. Одооны зарим хүүхдүүд картын барааны үеийг ойлгохгүй. Тийм биз?
-Хичээлээ тараад талханд дугаарлаж байсан...?
-Тэр үед буюу 1990-1992 онд дэлгүүрийн лангуун дээр давснаас өөр зүйл байхгүй байлаа шүү дээ. Талх, маханд дугаарлана.
Д.Бямбасүрэн гуайн Засгийн газрын үед би Хууль зүйн дэд сайд болж байсан юм. Тэр үед мах олдохгүй байснаас манайх гурван өдөр махгүй хонолоо. Гэтэл нэг өглөө бага хүү “Аав мах олж ир” гэдэг байгаа. Би жолоочдоо хэлсэнд өдөржин хайж, 500 грамм мах олж ирж байсан юм даа. Тэгээд гурилтай шөл хийгээд бага хүүгээ харлаа. Нэг аягыг идчихээд хөлс нь гарч байсан юм. Энэ бол ерөнхийдөө эдийн засгийн хамааралтай байсны үр дагавар. Өнгөрсөн 33 жилийн хугацаанд эдийн засаг хөл дээрээ боссон. Улс төр, гадаад бодлогын хувьд хараат биш болсон.
-Засгийн газар авлига, хээл хахууль, нүүрсний хулгайтай тэмцэж байна. Тэмцлийн хэлбэр нь зөв үү?
-Л.Оюун-Эрдэнэ ийм хүнд сэдэвтэй биечлэн улаан нүүрээрээ тулж, тэмцэж байгаа анхны Ерөнхий сайд. Харин арга зөв үү, доор нь ажиллаж байгаа хүмүүс хуулийн хүрээнд зөв байна уу, үгүй юү гэдэг нь жичдээ асуудал.
Нөгөө талаар Ерөнхий сайд хүний мөнхийн бодох сэдэв бол улс төрийн тогтвортой байдал. Улс төрийн тогтвортой байдлыг бий болгож байж бусад ажил нь цаашаа явдаг. Энэ хүрээнд анхаарах зүйл байгаа, өөрт нь олон удаа хэлсэн.
Ерөнхий сайд хүнд алдах эрх байдаггүй. Ерөнхий сайдын алдаа ямагт улсын алдаа болж хувирдаг. Ойрхны жишээ Ч.Сайханбилэг байна. Н.Алтанхуягаа түлхэж унагаад, өөрөө суудалд нь суучихаад, баахан хэрэг мандуулаад гадагшаа гарсан.
Ерөнхий сайдыг алдахаас сэрэмжлүүлж, түшиж байдаг хоёр гол хүч байдаг. Нэг нь ЗГХЭГ-ын дарга, нөгөө нь ХЗДХ-ийн сайд. Энэ хоёр хүн Ерөнхий сайдынхаа алдаагүй ажиллах улс төр, хууль зүйн нөхцөлийг бүрдүүлж өгөх ёстой. Би энэ хоёр албыг хашиж үзсэн. Санал зөрж, хаалт болох ажил олон удаа тулгардаг.
-Одоогийн хоёр сайд Ерөнхий сайдыг хэр түшиж байна вэ?
-Би ерөнхий зарчмаар нь ярьж байна. Засгийн газрын гишүүнээр ажиллаж байхдаа алдаатай зүйлийг хуулийн яаман дээр ч, ЗГХЭГ дээр ч тас хаадаг байсан. “Шоронгийн хаалга татах ажлыг та нараар хийлгэхгүй” гэж нэг биш удаа хааж байсан. Зарим нь ч гомддог л байсан биз.
-Парламентын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болохтой зэрэгцээд Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг сонгогчид нэхдэг. Цар тахал гээд нөхцөл байдал өөрчлөгдсөн хэдий ч МАН-ын дэвшүүлсэн Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт хэдэн хувьтай гэж үзэж байна вэ?
-Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт алдаа, оноотой л гардаг юм. Ер нь Мөрийн хөтөлбөрт дэвшүүлсэн гол ажлууд биелэх талдаа явж байгаа гэж дүгнэсэн байна билээ. Эдийн засгийн үзүүлэлт сүүлийн үед өсөж, гайгүй болж байгаа тал анзаарагдсан. Гэхдээ санаа амарч болохгүй.
-Өмнөх парламентын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт өнөөдрийн Засгийн газрыг тогтвортой байлгаж байна гэж үзэж болох уу?
-Нэг талаасаа тийм. Нөгөө талаасаа үгүй. 2016, 2020 оны сонгуульд Ардын нам дараагийн намаасаа хэт олон суудал илүү авсан. Суудлын тоо ойролцоо байсан бол юу ч болоо билээ. Манайх 65 суудалтай байхдаа 2017 онд Засгийн газраа сольсон биз дээ. Тэгэхээр энэ чинь харьцангуй зүйл.
Өмнөх парламентын Үндсэн хуульд оруулсан нэг гол өөрчлөлт нь Шүүхийн сахилгын хороо байгуулсан явдал. Шүүхийн хууль батлаад реформ хийж, цэгцэрнэ гэсэн, өнөөдөр явцгүй байна. Эрдэнэтийн 49 хувийг хулгайлж, гэмгүй иргэдийг хэлмэгдүүлсэн байтал бүх шүүгч өнөөдөр байж л байна.
Ер нь Үндсэн хуулиар байнга оролдох нь ухаантай төрийн хийдэг ажил биш. Өнөөдөр Америкийн Үндсэн хууль батлагдаад 200 гаруй жил болж байна.
Би хуулийн салбарт бичгийн стандартыг нэвтрүүлсэн
-Хуулийн сайдаар олон жил ажилласан хүний хувьд та энэ салбарт юуг өвлүүлсэн бол. Хууль бичих ажил тусгай дэгтэй юу?
-Монгол Улс 1990 онд 55 хуультай байсан. Би 1992 онд УИХ-д сонгогдсоноосоо хойш улс төрөөс гарах хүртлээ 800 гаруй хууль батлахад оролцлоо. Дэд сайдаа оролцуулбал долоон Ерөнхий сайдын Засгийн газарт ажилласан. Байгалийн чиглэлтэй хуулиас бусад хуулийг батлах, бичихэд би оролцсон.
Нэгдүгээрт, Шинэ цагийн монгол төрийн хуулийн салбарын материаллаг баазын асуудлыг бүрэн шийдсэн.
Хуулийн яамны харьяанд 12 байгууллага ажилладаг. Тэдгээрийг орон гэртэй болгоход бүх хүчээ шавхсан. Бараг бүгд дор бүрнээ шинэ байранд орсон. Намайг Барилгын яамны сайд хийсэн гэдэг биз дээ. Бараг 7000 албан хаагч орон сууцанд орсон. Хэд хэдэн хотхон бий. 327 сумын цагдаа кабонтой болсон.
2000 оноос хойш хуулийн сайдаар хамгийн олон удаа томилогдлоо. 1992 оноос хойш ТТАХНЭ, ДХИС-ийг шинэ байртай болгосон. Яамаа шинэ байранд оруулаад явсан. Надаас өөр хэн ч үүнийг хийж чадахгүй байсан гэдгийг шууд хэлье. Барилга 100-150 жилийн настай байдаг. Төрийн ордны баруун талд миний бариулсан 7-8 байшин бий.
Хоёрдугаарт, би хууль их бичсэн хүн дээ. 2002-2003 онд би хуулийн салбарт мөрддөг 10-аад хуулийг яг өөрийн гараар бичиж, батлуулсан. Тэгэхдээ хууль зүйн бичлэгийн стандарт тогтоох оролдлого хийсэн. Одоо тэр нэг стандартаар хуулиуд бичигдэж байна.
Хэн ч үүнийг өөрчилж чадахгүй. Байрыг нь сольж болно, хуулийн бичлэгийн хэв маягийг өөрчилж чадахгүй. Би дөрвөөс доош мөрөнд багтааж бичдэг, бичсэн хуулиа өөрөө таньдаг.
-Хуулийн салбарт зөрчил их гарч байна. Тухайлбал, судлаачид 800 гаруй хуулийн зөрчил байгаа гээд засаж, залруулж байгаа. Та үүнтэй санал нийлэх үү?
-Хуулийн зөрчил гардаг. УИХ-д бөөнөөр нь багц хуулийн төсөл боловсруулж зөрчил арилгадаг ажил. Сүүлийн үед зөрчил ярьдаг мэргэжилтнүүд их боллоо. Тэдэнд олонд танигдаж УИХ-ын гишүүн болох нэг л зорилго байгаа. Түүнээс бус хуулийг уншиж, судалж, магадалсан зүйл байхгүй. Хүнийг барьж шоронд хийх ёстой гэж хэлдэг өмгөөлөгч хүртэл бий болсон байна. Сошиалд их хийрхэж байна. Хийрхлийг дагаж сошиалаар ажил хийвэл бүх зүйл нурах аюултай. Цөөнх хадуурдаг ч эрх баригчид хийрхлийг дагаж болохгүй.
-Өнөөдөр парламентад сөрөг хүчин байхгүй болсон. Сөрөг хүчний үүргийг сошиал гүйцэтгээд байна уу?
-Энэ парламентад сөрөг хүчин байхгүй болсон. АН зүү шивэх зайгүй болтлоо хэрэлдэж байна. Уг нь сөрөг хүчинд булаацалдах тэвнэ ч байдаггүй юм. Гэтэл бие биенээ үгээр идээд, юу булаацалдаад байдаг юм, бүү мэд.
-АН-ын задралын алдаа нь юу гэж та бодож байна вэ?
-Энэ бол АН-ын фракцуудын удам дамжсан зөрчил. Би намынхандаа “Та нар АН шиг болов. Энэ янзаараа тийм зураг харагдаж байна шүү” гэж хэлдэг. Саяхан ногоон автобусны асуудлаар сайд, дарга нар бие бие рүүгээ асуудлаа түлхлээ. Энэ бол муугийн цондон.
Улс төрд ил ярьдаг зүйл гэж бий. Дотроо ярьж ойлголцох зүйл гэж байдаг. Юм л бол хэвлэл дуудаж, сенсаац тарьж, өөрсдөө нийгмийн сэтгэл зүйг таагүй болгож байна. Үзэл баримтлал, хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааных нь асуудлаар бие биедээ хатуу үг хэлэх, зарим үед бараг гар зөрүүлэх шахуу зүйл болдог. Харин ах захгүй аашилж болохгүй.
Нам удирдаж байгаа хүмүүс намаа эвтэйхэн авч явах шаардлагатай. Чин үнэнийг хэлэхэд би энэ ажлыг зөндөө хийж байлаа. Эдний өмнөөс нийгэмд ил гарч, үнэнийг хэлж ад үзэгдэх “хар ажил” зөндөө хийсэн.
-Та сэтгүүлчдийг сошиалд сэвлээ гээд шүүмжилж байна. Цахим сэтгүүл зүй, сошиалд сэтгэгдэл бичих хоёр тэс өөр шүү дээ?
-Төрийг өдөр тутам харлуулаад байгаагийн цаад талд хэвлэл мэдээлэл бий. Үнэнийг хэлэхэд Монголын сэтгүүл зүй хүнд байдалд орсон. Дандаа захиалгатай хар мэдээ цацдаг. Хов ярих нь сэтгүүлчийн хийдэг ажил биш биз дээ. Эвдээд байгаа хүмүүс цаад талд нь байгааг би мэднэ л дээ. Энэ хүүхдүүдийн ч буруу биш. Монгол Улс зөв явахад сэтгүүл зүй их үүрэг гүйцэтгэх ёстой. Гэхдээ би нэг ч сэтгүүлчид гомдол гаргаж үзээгүй шүү. Би жирийн иргэний талаар ч гомдол гаргаж байгаагүй. Өөрсдөө төлөвшиж, учраа олог гэж боддог.
-Сэтгүүлчид гэхээсээ таныг улстөрчид ч гүтгэж байсан шүү дээ. Нэг хэсэг Хятадын тагнуул гэж яригдаад шалгуулж байсан?
-Намайг Хятадын тагнуул гэж гүтгэн, улсын нууц задруулсан этгээд долоон жил хорих ял шийтгүүлж, түүнийгээ эдлээд гарсан.
Би улс төрд эргэж орохгүй
-2024 оны УИХ-ын сонгууль Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр 126 мандаттай явна. Та Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэрхэн харж байна вэ?
-УИХ бүрэн эрхийнхээ дагуу Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан. Энэ бол төрийн шийдвэр. Хувь хүний тухайд би энэ өөрчлөлтөд дургүй байсан. Би УИХ-ын даргаар ажиллаж байхдаа одоогийн энэ УИХ-ын танхимыг шинээр бариулж, ширээ, сандал гээд бүгдийг хийлгэсэн. Ямартаа ч УИХ-ын чуулганы танхимдаа шинээр сонгогдох 126 мандат багтах л юм билээ. Би саяхан зөвлөгөө өгсөн.
Сонгууль яаж явахыг одоогоор хэлж мэдэхгүй байна. Сонгуулийн хуулиа баталж, тойргийн асуудлаа шийдээгүй байна. Алдаа л бага гаргаасай гэж залбирч байна. Алдаа гаргахгүй байх нь ажил амжилттай байхын 50 хувь. Алдаагүй, хуулийн хийгүй л ажиллах хэрэгтэй. Ингэснээр зорьсон ажлын чинь 50 хувь биелнэ. Алдаа гаргавал бүх оролдлого дагаад нурна.
-Таныг UВS намын дарга гэдэг. Өмнөх 2020 оны сонгуулиар Эрдэнэтэд Ерөнхий сайд асан Н.Алтанхуягтай нэг тойрогт нэр дэвшсэн нь үүнтэй холбоотой юу?
-Би өнгөрсөн 2020 оны сонгуульд Эрдэнэтэд нэр дэвшихдээ бараг унах гэж тооцоотой очсон. 1999 онд цөөнх байхдаа Увсад 57 км авто замын ажил тавиулсан юм. 7-8 жилийн дараа ашиглалтад орсон тэр замын нээлтэд би муу үг алдчихсан. “Энэ зам Улаанбаатар хүрвэл би улс төрөөс гарна” гээд хэлчихсэн. Гэтэл 2019 онд Увс Улаанбаатартай авто замаар холбогдсон. Ингээд л явах цаг болсон гэдэг тооцоотой сонгуульд орсон. Тэгээд 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ унасан ч рейтэнгтэй хүнд уная гэж бодоод Н.Алтанхуяг, “босоо” С.Ганбаатар нарын нэр дэвшсэн тойргийг сонгосон.
Эрдэнэтийн 49 хувийг хулгайлахад оролцсон манай намынхны сүлжээ тэнд хэтэрхий хүчтэй байсныг би мэддэггүй, үүрэн дээр нь буучихсан юм билээ. Гэхдээ Эрдэнэтийг энэ бүлэг хулгайчдаасаа салгаж авсан тулдаа цар тахлын гэрэл цахилгааны зардлыг энэ үйлдвэр даасан. Эрдэнэтийг хулгайлсан хэргийг надаас өөр хэн ч сөхөж чадахгүй байсан. “Хөтөл”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ч ялгаагүй.
-Та улстөрд эргэж ирэх үү?
-Би улс төрд эргэж орохгүй.
-Улстөрчдийн хүүхдүүд улс төрд орж, өв залгамжлагчид гарч ирж байна. Таны хүүхдүүдээс улс төрд орох уу?
-Хүүхдүүд бол өөрсдөө шийднэ. Сүүлийн үед гайгүй амьдарч яваа нэгнээ ад үзэж, харлуулж, хараар будаж, бие биенээ үзэн ядах явдлыг хэт дэвэргэж байгаа нь сайны цондон биш. Энэ явган хэрүүл Монголын гал голомтыг самарч мэднэ шүү. Сонгох эрх нь сонгогчдод байна. УИХ-ын сонгуульд нэр дэвшлээ, гишүүн боллоо гэхэд үр хүүхдийнх нь буруу юу байх вэ. Хүн бүр адилхан л амьдарч байгаа. Ийм яриа гаргаад, үүнийг бодлогын хувьд дэмжих аястай зүйл яваад байгааг би ойлгодоггүй.
-Улстөрчид мэдээллийн давуу тал, эрх мэдлээ ашиглаж хууль бус үйлдэлд нэр холбогддог болохоор нийгэм нийтээрээ шүүмжилсээр ирсэн. Тиймээс ч улстөрчийн дараагийн үе залгамжлагчийг адилхан хараад байгаа байх...?
-Улс төрд байгаа хүн албан тушаалаа ашиглаж, муу зүйл хийхгүй байх ёстой. Сүүлийн үед сошиал дагаж бие биенээ үзэн ядах зүйл их ажиглагдаж байна. Сошиал дагаж төрийн ажил хийж болохгүй. Би үүнийг байнга эсэргүүцдэг байсан. Энэ бол төр самуурахын шинж. Хатуу шийдвэр гаргах шаардлага төрд тулгарч мэднэ. Гэтэл сошиалаар шүүмжлэхээр замаасаа буцаад байвал төр байсны хэрэггүй.
Сонгуулийн үр дүнгээр олонхын санал авсан нам төр, засгийн эрх барьж, сайд, дарга нар томилогддог. Сайд, дарга нар өөрсдөө хариуцлагатай байж төрийн ажлыг зөв хийх ёстой. Төр оршин тогтнохын үндэс энэ. Түүнээс бус өөрсдөө сошиалдаад байж болохгүй. Төрийн сайдын суудал гэдэг чинь хатуу шүү дээ.
Намайг унагах гэж элдэв л цуурхал тараадаг байсан. ЖДҮ, Хөгжлийн банк, нүүрсний гэх асуудалд олон улстөрч холбогдож байна. Миний нэр байна уу?
-Таны нэр гарч ирээгүй...?
-Яагаад... Яагаад гэвэл төрийн хүн байхын тулд өөрийнхөө эрхийг сайн дураараа хязгаарлах ёстой юм. Бүр бааранд орох эрхээ ч хувийн журмаар хязгаарлах ёстой. Би 1992 оноос хойш бааранд хүн дагаж орж үзээгүй хүн. Албан ёсны арга хэмжээнд орчихоод гараад явдаг. Баар хэсэж явдаг Хуулийн сайд байж болохгүй биз дээ.
-Өнөөдөр лидер улстөрч гэвэл та хэнийг нэрлэх вэ?
-Ю.Цэдэнбал даргаас хойш Монголд том улстөрчийн орон зай байхгүй болсон гэж би ажигласан. Ю.Цэдэнбал дарга бол магадгүй Чингис хааны дараа орох том лидер шүү дээ. Хэчнээн муу хэлүүлж, адлуулав.
-Тэгвэл улс төрд найз гэж байдаг уу. “Мөнхийн эрх ашиг гэж байхаас мөнхийн дайсан байдаггүй” гэдэг.
-Төрийн, хуулийн эрх ашгийн үүднээс санал зөрөх, муудалцах зүйл ямар ч тохиолдолд гарна. Би бол том дарга хамгийн их санал зөрөлдөж, сөргөөцөлдөж байсан хүн. Тавын таван Ерөнхийлөгчтэй шил дараалан муудалцах УИХ-ын гишүүн надаас өөр гарах уу?
-Гишүүд шүүмжилж л байдаг...?
-Гарахгүй. Төрийн эрх ашгийн төлөө л муудалцаж байгаа юм. Би нүүрэн дээр нь “Надад битгий гомдоорой. Наадах чинь буруу. Би хийдгээ хийнэ” гээл хэлээд явдаг байлаа. Дараа нь хонзон санахгүй. Ийм л зарчмаар явж ирсэн. Ерөнхийлөгч нар “Би Төрийн тэргүүн болсон учир бүгдийг би шийдэх ёстой” гэж үздэг улс. Одоогийн Ерөнхийлөгч нь харин “хол байж” харагдаад байна.
Ерөнхийлөгч гэдэг чинь Монгол төрийн хааны суудал. Япон, Английн эзэн хаантай адил. Японы эзэн хаан гэхэд Дэлхийн II дайн дууссанаас хойш 2-3 удаа л ард түмэндээ хандсан байдаг. Би Норвегийн хаантай уулзаж байсан. “Манай Засгийн газар та бүхнийг дэмжих байх” гээд Монгол адууны тухай ярьсаар байгаад цаг дууссан. Энэ нь суудлынхаа учрыг мэдэж байгаагийн шинж. Манай улсын тухайд Ерөнхийлөгчийг хүрээлж байгаа хүмүүс нь их аюултай байдаг. Үеийн үед л ийм байсан. Энэ бүхнийг яриад байгаа нь өнөөх л төрт ёсны асуудал байгаа юм.
-Таныг УИХ-ын даргаар ажиллаж байх үед Гандантэгчэнлин хийдэд Батцагаан дуганыг барих шийдвэр гарч байсан. Та хэр сүсэгтэй вэ?
-Би огт сүсэггүй. Өнөөдөр манай улсад шашны олон урсгал бодитоор бий болсон. Энэ нөхцөлд Буддын шашныг зөв авч явах нь чухал. Д.Чойжамц хамба бид хоёр хамтарч Батцагаан дуганыг бариулсан. Монголчууд бидэнд үндэсний онцлогийг харуулсан бөх, монгол наадам гээд цөөхөн зүйл бий. УИХ-ын дарга болсны дараагаар хотоор явж байхад гол гудамжны ам бүрд христийн шашны сүм байхыг харлаа.
Баруун тийшээ Таван шарын урд, Бөхийн өргөөний урд, хойшоо Чингэлтэйн зам салдгийн хэсэгт христийн сүм байна. Тэр үед Цагаан сараар дарга нар Гандантэгчэнлин дээр очдог байсан юм. 2006 оны Цагаан сарын шинийн 1-ний өглөө Гандантэгчэнлин хийдэд очиход лам нар нь хөдсөн дээлтэй сууж байна. Гайхаад асуутал “Халаалт байхгүй” гэлээ. Үүнээс үүдээд сүм бариулах санаа төрж, Д.Чойжамц хамбыг “Надтай ирж уулзаарай” гэж хэлээд гарсан юм. Д.Чойжамц хамба надад анх модон байшингийн төсөл үзүүлсэн.
Ер нь Азийн сүм хийд модон байшин байдаг. Тэгэхээр нь “Та 100-150 жилийн настай капитал байшин барина гэж тооцоод мэргэжлийн хүмүүсээр зураг төслийг нь гаргуулаад ир” гээд явууллаа. Тэгээд хэд хэдэн төслөөс одоогийн Батцагаан дуганыг сонгосон. Долоон давхар бүхий дэд бүтэц нь шийдсэн төсөл. Зураг төслийг нь гаргуулсны дараагаар УИХ-аар хэлэлцүүлэхдээ намын бүлгийн хуралд өөрөө оролцож, учирлаж тайлбарлаад дэмжүүлж байлаа. Учир нь эсэргүүцэл их гарна. Энэ дуганыг 10 гаруй жил барьсан шүү.
-Та Монгол Улсын ирээдүйг хэрхэн харж байна вэ?
-Байгалийн цөлжилт, дулаарал явагдаж байна. Олон улсад гал, усны аюул нүүрлэж байна Эрдэмтэд ч олон судалгаа, таамаг гаргасан байдаг. 2050 онд гэхэд баруун Сибир хүн амьдрахад хамгийн таатай бүс нутаг болно гэсэн дүгнэлт бий. Сибирийн баруун тал чинь манай Монгол шүү дээ. Өндөр хөгжилтэй 2-3 улс далайд живнэ гэсэн гунигтай тооцоо бий. Энэ бүхнийг ургуулж бодохоор эх орны ирээдүй сайхан харагддаг л юм. Орон даяар үүрэн телефоны сүлжээтэй, авто зам тавигдсан. Залуус эрдэм номд шамдан, сурч байна. Залуус номыг зорилгогүй ч байсан унших хэрэгтэй.
Би цэвэр хөдөөний хүн. Яг хөдөөнийхөөрөө байж 40-өөд жил Монголын төрд зүтгээд холдож байна. Намайг бага байхад суманд хүн эмнэлэг, мал эмнэлэг гэж байгаагүй. Хүн эмнэлгийн ганц машинтай, нэг трактортой, нэг ачааны машинтай байсан. Хүний бие муудаж, эмч дуудвал 30-аад километр явж, сумын төв орно. Сумын төвд очиход эмч байвал түргэн дуудаад гэртээ ирэхэд яг нэг өдөр болдог байлаа. Би ийм л амьдрал дунд хүн болсон. Эрдэм номын мөр хөөлөө. Сургуулийн дотуур байранд 10-аад жил болсон. “Сэвээр” гэж шугамын радио сонсоно, “Үнэн”, “Тэргүүний малчин” сонинтой. Кино механик нэг хүнтэй. Хөдөөгийн багуудад зунд нэг удаа “Баригдашгүй өшөө авагчид”, “Зэрэг нэмэхийн өмнө ” гээд Монгол, Зөвлөлтийн /хуучнаар/ кино үзнэ. Ийм орчин нөхцөлд өсөж, хүмүүжсэн.
Би ес, аравдугаар ангидаа дэлхийн сонгодог зохиолууд, тэр үеийн Монголын шилдэг романуудыг бараг бүгдийг нь уншиж дуусгасан. Энэ нь ухаан тэлэхэд хожим их хэрэг болсон. Гэтэл одоогийн хүүхдүүд дөнгөж мөлхөж байхдаа гар утастай нөхөрлөж, хорвоотой танилцаж байна. Ирээдүй нь гэрэл гэгээтэй байна л гэсэн үг.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа.
Н.Энхбат
Эх сурвалж: Монголын үнэн сонин №247/24578/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна