Зураг дээр: Япон улсын Токио хотын Захирагч Юрико Коикэ
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баярчимэгийн оролцсон олон улсын томоохон уулзалт, арга хэмжээний талаарх мэдээллийг тоймлон хүргэе.
“G-NETS буюу Тогтвортой хөгжлийн төлөөх дэлхийн хотуудын сүлжээ” Хотын дарга нарын форумд оролцов
Уг форумд дэлхийн 30 гаруй хотын удирдлага оролцсон бөгөөд нийтлэг тулгамддаг асуудлуудын шийдлийг олж, тогтвортой нийгмийг байгуулахын төлөө хэлэлцүүлэг өрнүүлэн мэдлэг, туршлагаасаа хуваалцлаа. Цаашдын хамтын ажиллагаанд шинэ гарц нээсэн энэхүү арга хэмжээнд оролцогчид 18 заалттай “Токио тунхаглал 2023” хамтарсан мэдэгдлийг гаргав.
Тяньжин-Улаанбаатар хотууд хамтран ажиллана
Улаанбаатар хотноо Тяньжин - Улаанбаатар хотын худалдаа, хөрөнгө оруулалтын уулзалтыг зохион байгуулав. Тяньжин хотын Хөрөнгө оруулалтын газар, Тяньжин Хүнс групп, “Бэйшинь зам гүүр групп” ХК, Тяньжин хотын Санхүү, хөрөнгө оруулалтын худалдааны танхим зэрэг эдийн засаг, бизнес, хамтын ажиллагааны байгууллагын 100 орчим төлөөлөл оролцсон уулзалтаар Тяньжин Хүнс групп, “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Токио хот дахь хог хаягдал дахин боловсруулах үйлдвэртэй танилцав
Токио хот дахь хог хаягдал дахин боловсруулах үйлдвэртэй танилцан, ашиглаж буй технологийг судлах, энэ хүрээнд боловсон хүчин бэлтгэх, сургах чиглэлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа уламжилсан юм. Улаанбаатар хотын хувьд 2040 он гэхэд ахуйн хог хаягдлын 40 хувийг боловсруулдаг байхаар зорилт тавин ажиллаж байна.
Монголын эдийн засгийн форумд панелистаар оролцов
Монголын эдийн засгийн форум нь Монгол Улсын эдийн засаг, нийгмийн өмнө тулгамдаж буй асуудал болон түүний шийдлийн талаар хэлэлцэх үндэсний тэргүүлэх чуулга уулзалт юм. “Шинэ сэргэлтийн бодлого” сэдвийн дор зохион байгуулагдсан уг чуулганы “Төр хувийн хэвшлийн түншлэл” хэлэлцүүлэгт панелистаар оролцов.
Австри улсын хөрөнгө оруулагчид, бизнесийн төлөөлөгчидтэй уулзлаа
Австри улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны Худалдааны консул Михайл Бергер тэргүүтэй Австри улсын хөрөнгө оруулагчид, бизнесийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтаар Улаанбаатар хотын эдийн засаг, хөрөнгө оруулалтын нөхцөл байдал, орчин, шинээр бизнес хийх, хамтран ажиллах боломжийн талаар мэдээлэл өглөө.
“World Smart City Expo-2023” үзэсгэлэнд оролцов
БНСУ-ын Зам тээвэр, дэд бүтцийн яамнаас зохион байгуулдаг “World Smart City Expo-2023” үзэсгэлэнд оролцож, хотын замын хөдөлгөөний дохионы ухаалаг удирдлага, гудамжны гэрэлтүүлэг, нийтийн тээврийн хэрэгслийн хяналтын программ, ухаалаг авто зогсоолын шийдэл, нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэршүүлэх агааржуулалтын ухаалаг төхөөрөмжийн үйлдвэрлэгч зэрэг 10 гаруй байгууллагатай бизнес уулзалт хийж, бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцан Улаанбаатар хотын нөхцөлд ашиглах боломж болон цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийн талаар санал солилцлов.
БНСУ-ын эрдэмтэн, инженерийн багийнхантай уулзлаа
Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн лаг дахин боловсруулах төслийн ТЭЗҮ боловсруулж буй БНСУ-ын эрдэмтэн, инженерийн багийнхантай уулзав. Лаг дахин боловсруулах үйлдвэр нь олон улсын жишгээр дундаж хэмжээний үйлдвэрт тооцогдох юм. Үйлдвэрийг байгуулахад урьдчилсан байдлаар 30-48 сая ам.долларын санхүүжилт шаардлагатай гэх тооцоо гарч байна. 2024 оны нэгдүгээр сарын 10 гэхэд ТЭЗҮ-г эцсийн байдлаар дуусгаж, хүлээлгэн өгнө.
Чунчин хотын технологийн шийдлүүдийг Улаанбаатарт нэвтрүүлэхэд анхаарч байна
БНХАУ-ын Чунчин хотын худалдаа, бизнесийн төлөөлөлтэй уулзаж, хамтран ажиллах боломжуудыг хэлэлцэв. Энэхүү уулзалтад Чунчин хотын Худалдаа, аж үйлдвэрийн холбооны дэд ерөнхийлөгч, “Чунчин Санлэй Индастриал” группийн ТУЗ-ийн дарга Хун Жунжинь, “Сань Ян Ма Логистикс” ХК-ийн ТУЗ-ийн дарга Чю Хунь-Ян, КОФКО группийн дэд захирал Лин Жинвэнь, БНХАУ-ын Хөдөө аж ахуйн их сургуулийн дэд профессор Шэнь Линь нар оролцсон юм. Эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын том төвийн хувьд Чунчин хотын туршлага, технологийн шийдлүүдийг Улаанбаатарт нэвтрүүлэх талаар анхаарч байна.
ЖАЙКА-гийн Зүүн, Төв Ази хариуцсан газрын захирал Наказато Тайжи нарын албаныхантай уулзлаа
Уг уулзалт Токио хотод болсон бөгөөд ЖАЙКА-тай хамтран ажиллах дараах саналуудыг илэрхийлжээ. Үүнд,
-”Улаанбаатар хотын зам, тээврийн дэд бүтцийн өнөөгийн байдлын суурь судалгаа”-нд үндэслэн гаргасан төлөвлөгөөний дагуу түгжрэлийг бууруулах хүрээнд Саппоро, Баянбүрдийн уулзварыг олон түвшний уулзвар болгох төсөл, Ажилчны гудамжид гүүрэн гарц барих төслийн ТЭЗҮ, зураг төсөл боловсруулахад дэмжлэг үзүүлэх,
-Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах хүрээнд Буянт-Ухаа орчмыг түшиглэн дагуул хот буюу эдийн засгийн чөлөөт бүс байгуулах суурь судалгаа, төлөвлөлтөд хамтран ажиллах,
-Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх төслийн бэлтгэл үе шатны суурь судалгааг боловсруулах болон энэ чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, чадавхжуулах хүрээнд дэмжлэг үзүүлэхийг хүсэв.
“Токио метро” ХК-ийн менежментийн туршлагыг судлав
Токио хотын төв хэсэг буюу 15 км-ийн радиуст есөн сая, харин 50 км радиуст 32 сая гаруй хүн оршин суудаг. “Токио метро” ХК нь 1927 онд байгуулагдсан бөгөөд нийтийн тээвэр, төмөр замын чиглэлд үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Тус компани хөрөнгө оруулалт, зардлаа өөрөө хариуцан ажилладаг тусгай өмчит байгууллага. Ирээдүйд IPO хийж, хувьчлагдахаар төлөвлөж буй.
Чунчин-Улаанбаатар хотын хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих хурал зохион байгуулав
Чунчин хот бол БНХАУ-ын төвд захирагдах дөрвөн хотын нэг, машин үйлдвэрлэл, технологи, санхүүгийн томоохон төв. Улаанбаатар хот нь тус хоттой хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, энэ чиглэлд шинэ гарц, боломжуудыг бий болгохоор Чунчин-Улаанбаатар хотын хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих хамтарсан хурлыг зохион байгуулсан. Улаанбаатарт тулгамдаж байгаа асуудлуудыг шийдэхэд энэ хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд хурлын хүрээнд ярьсан ажлуудыг шуурхайлж, Улаанбаатарын эдийн засгийн чуулганаар хамтын ажиллагааны эдгээр яриа, хэлэлцээрүүдийг үргэлжлүүлэв.
“Улаанбаатар хотын чанартай хөрөнгө оруулалтын засаглал” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна
Азийн хөгжлийн банк болон Япон улсын “Japan Fund for Prosperous and Resilient Asia and the Pacific” байгууллагуудын туслалцаатайгаар “Улаанбаатар хотын чанартай хөрөнгө оруулалтын засаглал” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Тус хөтөлбөр нь:
- Хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн систем болон чадавхыг бэхжүүлэх
- Хөрөнгө оруулалтын төслүүдийг хэрэгжүүлэх мэдлэг аргачлалыг сайжруулах
- Орон нутгийн хөрөнгийн удирдлагын системийг боловсронгуй болгох зорилгыг тавин ажиллаж байна. Хөтөлбөр 2025 он хүртэл үргэлжилнэ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгэмд эзлэх байр суурийг нэмэгдүүлэх арга замыг хамтдаа эрэлхийлэв
Бээжин хотноо хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нийгэмд эзлэх байр суурийг нэмэгдүүлэх арга замыг хамтдаа судлах, хүртээмжтэй мэдээлэл түгээх, харилцан туршлага солилцох олон улсын хамтарсан хурлыг ЮНЕСКО, БНХАУ-ын Харилцаа холбооны их сургууль хамтран зохион байгуулж Хятад, Франц, Монгол, Индонезийн албаны хүмүүс, эрдэмтэд оролцсон юм. Манай улсын хувьд хүн амын 3.3 хувийг эзэлдэг хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ зориулагдсан хууль тогтоомжуудыг баталснаар олон ажлыг хийж буйгаа танилцууллаа.
Олон улсын Ротарийн нэр хүндтэй “Пол Харрис” шагналыг гардан авлаа
Олон улсын Ротарийн 2023-2024 оны Ерөнхийлөгч Гордон Макиналли, Олон улсын Ротарийн 3450 дүүргийн захирагч Анди Ли нараас “Пол Харрис” /Paul Harris Fellow/ шагналыг гардан авлаа.
Лаг дахин боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-г боловсруулж байна
Ус сувгийн удирдах газар, БНСУ-ын Кымган корпораци, “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК энэ оны дөрөвдүгээр сард гурван талт санамж бичиг байгуулсан бөгөөд энэ хүрээнд БНСУ-ын “Keumkang-Three ENC” корпорациас Улаанбаатар хотод лаг дахин боловсруулах үйлдвэр барих ТЭЗҮ боловсруулах санхүүжилтийг БНСУ-ын талаас хариуцахаар шийдвэрлэсэн юм. ТЭЗҮ боловсруулах ажлын хүрээнд БНСУ-ын группуудын нэгдсэн холбооноос 90 сая вон, “Three ENC” корпорациас 210 сая воны санхүүжилт хийхээр харилцан тохиролцож, өнгөрсөн долдугаар сарын 28-нд талууд гэрээ байгуулаад байна.
“Тогтвортой хөгжлийн төлөөх дэлхийн хотуудын сүлжээ” хотын дарга нарын форум. Япон улсын Токио хот
БНСУ-ын Кымган корпорацитай лаг дахин боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулах талаар гурван талт санамж бичиг
Эх сурвалж: Монголын үнэн сонин №047/24578/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна