МАН-ын дэргэдэх Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбоо /СДМЭХ/ нийслэл, дүүргийн бүсийн чуулганаа зохион байгуулж, эмэгтэйчүүдийн тэгш эрх, шийдвэр гаргах түвшин дэх оролцоо, манлайллын асуудлыг хөндөв. Чуулганд СДМЭХ болон нийслэлийн СДМЭХ-ны удирдлага, удирдах зөвлөлийн гишүүд оролцож, мэндчилгээ дэвшүүлсэн юм. Тэд мэндчилгээндээ шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд олон хүчин зүйл нөлөөлдөг бөгөөд нэн түрүүнд өөрсдийн хүсэл зорилго, улс төрийн намын дэмжлэг, хууль эрх зүйн таатай орчин нөхцөл шаардлагатай гэдгийг тодотгож, энэ тухайд улс төрийн ууган хүчин болох МАН үлгэрлэн, манлайлж, дэвшилтэт түүхэн шийдвэрүүдийг гаргаж буйг онцолж байлаа.
Хоёр өдөр үргэлжилсэн энэхүү чуулганд нийслэлийн есөн дүүргийн СДМЭХ-ны салбар зөвлөлийн болон Бага хурлын гишүүн, зочин төлөөлөгч зэрэг 600 орчим эмэгтэй оролцлоо.
Чуулганаар “Улс төрд эмэгтэйчүүдийн оролцоо, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн манлайлал яагаад чухал вэ”, “Үндсэн хууль, Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хуулийн шинэчлэл”, “Жендэр ба сэтгэл зүй”, “Улстөрч эмэгтэйчүүдийн имиж” зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлэв.
200 СУРГУУЛЬ, 319 ЦЭЦЭРЛЭГ, 119 ЭМНЭЛГИЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛЖЭЭ
Хөгжил хүн бүрд ээлтэй байх ёстой бөгөөд ээлтэй хөгжлийн бодлого гаргахад эмэгтэйчүүдийн дуу хоолой, оролцоо чухал гэдгийг УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд, СДМЭХ-ны ерөнхийлөгч Х.Булгантуяа чуулганыг нээж хэлсэн үгэндээ онцолсон юм. Түүнчлэн улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлсэн гэдгийг тодотгов. Тэгвэл шийдвэр гаргах түвшин дэх буюу УИХ-ын эмэгтэй гишүүд өнгөрсөн хугацаанд юу хийсэн бэ гэдэг асуултад тэрбээр “Тухайлбал, парламентад 11 эмэгтэй гишүүнтэй байх 2016 онд Хүүхэд хамгааллын тухай хуулийг батлуулж, улмаар эл асуудлыг хариуцсан тусгайлсан агентлагийг байгуулж чадсан. Энэ бол том дэвшил. Учир нь үүнээс өмнө Хүүхдийн эрхийг хамгаалах тухай гэсэн тунхаглалын шинж чанар бүхий хуультай байсан. Мөн 108 утсыг олон улсын байгууллагын сайн дурын санхүүжилтээр ажиллуулдаг байсан. Одоо энэхүү утсыг төрийн санхүүжилтээр 24 цагийн турш ажиллуулахаас гадна хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлд үйл ажиллагаа явуулдаг томоохон хэмжээний бүтэц бүрэлдэхүүн, хүчин чадалтай болоод байна. Мөн 2016 оноос хойш улсын хэмжээнд 200 сургууль, 319 цэцэрлэг, 70 дотуур байр, 119 эмнэлгийн барилга шинээр барьж, ашиглалтад оруулсан. Харин ирэх онд 56 сургууль, 53 цэцэрлэг, 14 дотуур байрыг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэйгөөр ажиллаж байгаа аж. Энэ бол УИХ дахь эмэгтэй гишүүд нэгдэн нийлж, нийгмийн асуудлыг хөндөж, улмаар хамтын хүчээр шийдвэрлүүлж чадаж буйн илэрхийлэл юм” хэмээгээд 2023 онд СДМЭХ ээлжит бус Их хурлаа хийж, нэрээ шинэчлэн, шинэ бүтэц бүрэлдэхүүнээ сонгож, социал демократ үзэл баримтлалаа тунхагласан ажил үйлс, амжилт бүтээлээр дүүрэн байсныг дурдлаа.
Өнгөрсөн хугацаанд УИХ дахь эмэгтэй гишүүд болон тус холбооны Удирдах зөвлөл, ажлын албаны хамт олон идэвх санаачилгатай ажиллаж, орон нутаг дахь салбар холбоо, зөвлөлийн үйл ажиллагаагаа эрчимжүүлжээ.
Салбар холбоод тайлангаа тавьж, шилдгээ шалгаруулахын зэрэгцээ 21 аймгийн СДМЭХ-ны тэргүүлэгч, гишүүдийн оролцоог хангасан бүсийн чуулгануудыг өнгөрсөн есдүгээр сард зохион байгуулж, нийт 1300 орчим эмэгтэйг хамруулсан байна.
АЗИД АНХДАГЧ, ОЛОН УЛСАД ЖИШИГ БОЛОХУЙЦ ШИЙДВЭРҮҮДИЙГ ГАРГАВ
XXI зуун бол жендэрийн эрх тэгш байдал, хүний эрхийг хангаж, хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээж чаддаг зуун байх тул цаашид бид төрийн бодлого, шийдвэр зөв, зөөлөн, бодитой, хэрэгжилт сайтай байх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд ач холбогдол өгч, манлайлж ажиллаж байгаагаа ЗГХЭГ-ын дарга, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан чуулганы үеэр хэллээ. Тэрбээр “Бид Шинэ сэргэлтийн бодлогоо танилцуулж, хэрэгжүүлснээр эерэг үзүүлэлт гарч эхэлсэн. Тухайлбал, цалин, тэтгэврийг хоёр удаа нэмж, зөрүүг арилгаж чадсан. Ер нь цаашид Шинэ сэргэлтийн энэхүү бодлогыг тогтвортой, тууштай хэрэгжүүлснээр 2030 он гэхэд нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.доллароос дээш гаргах боломжтой гэж тооцож байна. Эдийн засгийн өсөлтийн хувьд ч мөн шинэ шатанд хүрэх боломж бий. Үүний тулд одоо бид дотоодын болон гадаадын бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдыг татах, тэднийг дэмжсэн эрх зүйн таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарах нь зүйтэй” хэмээв.
Улс төрийн ууган хүчин МАН 30 дугаар Их хурлаа 2021 оны арванхоёрдугаар сард хийж, социал демократ үзэл баримтлалтай нам болохоо зарласан. Улмаар жендэрийн тэгш эрхийг хангасан улс төрийн хүчин байхаа мэдэгдэж, энэ хүрээнд тодорхой алхмуудыг хийж, манлайлж эхэлсэн. Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, УИХ-ын сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийн квотыг үе шаттайгаар нэмэгдүүлэх зохицуулалт тусгасан. Тодруулбал, УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн 30 хувь нь эмэгтэйчүүд байх бол 40 хувь байх заалтыг 2028 оноос хэрэгжүүлэхээр тогтсон. Үүнээс гадна жагсаалтаар нэр дэвшигчийг 1:1 хүйсийн харьцаагаар нэр дэвшүүлэх шийдвэр Азид анхдагч, олон улсад жишиг болж буй.
“ТЭНЦВЭРТЭЙ ШИЙДВЭР ГАРГАХЫН ТУЛД ХҮЙСИЙН ОРОЛЦОО ТЭНЦҮҮ БАЙХ ЁСТОЙ”
Эмэгтэйчүүд нийгэм рүү чиглэсэн зөөлөн бодлогод илүү анхаарч, ач холбогдол өгдөг гэсэн судалгаа, тоо баримт бий. Тиймээс эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог зөвхөн УИХ гэлтгүй нийслэл, аймаг, дүүрэг, сум гээд бүх түвшинд нэмэгдүүлэхэд анхаарч, хууль эрх зүйн хувьд тодорхой хэмжээнд ээлтэй болж эхэлж байна. Жишээлбэл, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Сонгуулийн тухай болон Улс төрийн намын тухай зэрэг хуулийг шинэчлэн баталсан. Харин цаашид бид шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд тэднийг бэлдэх шаардлага үүсэж байгаа тул энэхүү чуулга уулзалтаараа чадавхжуулах сургалтыг мөн зохион байгуулж байгаа талаар МАН-ын нарийн бичгийн дарга А.Ариунзаяа ярилаа. Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн эзлэх хувийг яагаад нэмэгдүүлэх ёстой вэ гэдэг асуултад тэрбээр “Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон эрхийн хувьд адил тэгш байх ёстой. Гэтэл эмэгтэйчүүдийн оролцоо шийдвэр гаргах түвшнээс бусад бүх шатанд өндөр байдаг. Аль болох тэнцвэртэй шийдвэр гаргахын тулд эрэгтэй, эмэгтэй хүний оролцоо мөн адил тэнцвэртэй байх ёстой” хэмээн хариулав.
БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГА, ТӨЛӨӨЛӨГЧДИЙН 50 ХУВЬ НЬ ЭМЭГТЭЙ
Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь ямар ач холбогдолтой, УИХ-аас бусад шатанд эмэгтэйчүүдийн оролцоо ямар түвшинд байгаа зэрэг асуултын хүрээнд СДМЭХ-ны салбар холбооны удирдлагуудын санал, сэтгэгдлийг сонслоо.
Нийслэл Улаанбаатар хотоос алслагдмал оршдог Багахангай дүүргийн хувьд шийдвэр гаргах түвшинд эрэгтэй, эмэгтэйчүүд тэгш оролцоотой байгаа талаар тус дүүргийн СДМЭХ-ны тэргүүн Х.Цогтцэцэг ярилаа. Тэрбээр “Манай дүүргийн хувьд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, ялангуяа тэднийг шийдвэр гаргах түвшинд оруулахад дэмжиж ажилладаг.
Жишээлбэл, дүүргийн Засаг даргын орлогч болон ИТХ-ын дарга, төлөөлөгчдийн 50 хувь нь эмэгтэй. Мөн хоёр хорооны нэг нь эмэгтэй Засаг даргатай. Аж ахуйн нэгж байгууллагууудын ажилтан, албан хаагчдын 80 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Энэ нь Баганхангай дүүргийн өдөр тутмын үйл ажиллагаа, бодлого шийдвэрийг тодорхойлоход эмэгтэйчүүдийн хувь нэмэр, идэвх оролцоо өндөр байгааг илтгэж буй юм. Эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд орж ажилласнаар улс орны асуудал тэр дундаа нийгэм рүү чиглэсэн ажил, төсөл хөтөлбөр, арга хэмжээг дэмжиж, дуу хоолойгоо хүргэж, шийдэхэд нь хувь нэмрээ оруулж чаддаг. Ер нь эмэгтэйчүүд нарийн арга ухаанаар үр хүүхдээ хүмүүжүүлж, амьдрал ахуйгаа авч явдаг шүү дээ. Тиймээс улс орноо хөгжүүлэхэд тэр арга ухаанаа ашиглах, хувь нэмрээ оруулах хэрэгтэй гэж хардаг” гэв.
Нийслэлийн хамгийн олон хүн амтай дүүргийн нэг болох Сонгинохайрхан 43 хороотой бөгөөд үүний 50 хувь нь эмэгтэй Засаг даргатай бол ИТХ-ын төлөөлөгчдийнх нь 35 хувийг эмэгтэйчүүд эзэлж буй талаар тус дүүргийн СДМЭХ-ны тэргүүн Э.Хулан ярилаа. Тэрбээр “Энэхүү чуулганаар дамжуулан шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, анхан шатанд ажиллаж буй хороо, нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч, зохион байгуулагч эмэгтэйчүүдийн дуу хоолойг сонсох, тэднийг чадавхжуулж байна” гэсэн бол Сүхбаатар дүүргийн СДМЭХ-ны тэргүүн Ё.Нямжав “Нийгэмд, гүйцэтгэх түвшинд төрийн болон үйлчилгээний албанд, нийгмийн анхан шатны нэгж айл өрхүүдэд эмэгтэйчүүдийн гүйцэтгэж байгаа үүрэг илт давуу байдаг.
Өөрөөр хэлбэл, бидний гүйцэтгэж, үүрч яваа ачаа давуу байгаагийнхаа хэрээр бид бас шийдвэр гаргах түвшинд дуу хоолойгоо өргөдөг, оролцдог байх хэрэгтэй. Төрөөс гаргаж буй бодлого шийдвэрт эмэгтэйчүүдийн дуу хоолойг тусгадаг нөхцөлийг бүрдүүлэхийн тулд энэ хүйсийнхний оролцоог нэмэгдүүлэх гээд байгаа юм. Үүний цаана тогтвортой, алсын хараатай, зөв нийгмийг бүтээх зорилго оршиж байгаа. Тиймээс дүүргийн хувьд ч гэсэн зөвхөн холбоогоор хязгаарлахгүйгээр эмэгтэйчүүдтэйгээ нээлттэй хамтарч ажиллахыг илүүд үздэг” гэлээ.
СДМЭХ-ны нийслэл, дүүргийн бүсийн чуулганы үндсэн зорилго Засгийн газрын “Алсын хараа-2050”, Шинэ сэргэлтийн бодлогыг түгээн дэлгэрүүлэх, холбооныхоо гишүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, туршлага солилцох, шийдвэр гаргах түвшний эмэгтэйчүүдийг олноор бий болгох, чадавхжуулах гэдгийг тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга М.Мандхай хэлсэн бол Стратеги академийн захирал Д.Бумдарь улс төрийн тогтолцооны томоохон реформыг бодит болгоход эмэгтэй улстөрчдийн оролцоо маш их тул эмэгтэйчүүдээ улс төрийг ойлгодог, мэддэг, зорилготой, чадавхтай байхад хувь нэмэр оруулахын тулд зохион байгуулсан гэдгийг хэллээ.
Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбоог анх 1994 оны арваннэгдүгээр сарын 4-нд “Эмэгтэйчүүд-Хөгжил” хөдөлгөөн нэртэйгээр байгуулсан бөгөөд тус хөдөлгөөний анхны тэргүүнээр Д.Алтай, ерөнхий нарийн бичгийн даргаар Ч.Үржмаа нар ажиллаж байжээ. Ирэх 2024 онд тус холбооны 30 жилийн ой тохионо. СДМЭХ өдгөө 98 мянга гаруй гишүүнийг эгнээндээ нэгтгэсэн, 21 аймаг, есөн дүүрэгт салбар холбоотой, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага юм. Нийт гишүүдийн 40 гаруй мянга нь Улаанбаатар хотод ажиллаж, амьдардаг байна.
С.Юмсүрэн
Эх сурвалж: Монголын үнэн сонин №047/24578/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна