Төв аймгийн ИТХ-ын хамгийн залуу төлөөлөгч, тус аймгийн Мөнгөнморьт сумын ИТХ-ын төлөөлөгч Т.Баатармөнхтэй ярилцлаа.
-Анх тантай холбогдоход “Хөдөө явж байна” гэж байсан. Зорьсон ажил бүтэмжтэй юү. Мөнгөнморьт суманд өвөлжилт ямар байна вэ?
-Ажил бүтэмжтэй. Орон нутагт хүйтний эрч нэлээд чангарсан, нутгийн зарим хэсэг цас ихтэй байна. Ер нь цаашид цас их унаж, хүйтний эрч чангарвал өвөлжилт хүндрэх төлөв ажиглагдлаа.
Ийм хэцүү үед малын хивэг, тэжээлийн үнэ өссөн нь малчдад хүнд тусаж байна. Малчдад улсын нөөцөөс тэжээлийг 50 хувиар хямдруулан олгох шийдвэрийг Засгийн газраас гаргасанд нутгийн иргэд, малчид маань ам сайтай байгаа. Гэхдээ цаашид хивэг, тэжээлийн үнийг хэт их нэмэхгүй, зохиомлоор хомстол үүсгэхгүй байхад бүх шатандаа бодлогоор анхаарч, ажиллах хэрэгтэй. Бид ч мөн адил энэ асуудалд анхаарал хандуулж, хямд өртөгтэй өвс, хивэг тэжээлийг малчдад нийлүүлэх боломж бололцоог эрэлхийлэн ажиллаж байна.
-Хуучин оноо үдэж, шинэ оноо угтахаар алдаа оноо, амжилт бүтээлээ дүгнэж, цаашдын зорилго, зорилтоо тодорхойлж буй өдрүүд үргэлжилж байна. Таны хувьд энэ оныг ямар амжилт, бүтээлтэй үдэж байна вэ?
-Төлөөлөгч хүний нэг үүрэг бол иргэдтэйгээ илүү ойр, эргэх холбоотой ажиллах. Мөн төр, иргэн хоёрыг холбох гүүр байх ёстой. Энэхүү үүрэг, зарчмаа баримтлан иргэдтэйгээ илүү нээлттэй ажиллаж, тэдэнд тулгамдаж буй асуудал, саад бэрхшээлийг шийдвэрлэх гарц, шийдлийг эрэлхийлж ажилладаг. Бүх нийтийг хамарсан хөрөнгө оруулалтын тухайд сумынхаа цахилгаан эрчим хүчний хүчин чадлыг нэмэгдүүлж, зарим байгууллагыг 380 кВт-д холбох, сумын төвийн гэрэлтүүлгийг сайжруулахад шаардагдах 100 сая төгрөгийг шийдвэрлүүлсэн. Мөн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн төв зэрэг үйлчилгээний байгууллага болон гэр хорооллын айл өрхүүдийг халаалтын нэгдсэн системд холбох зорилгоор 80 сая төгрөгийг аймгийн төсөвт суулгуулсан. Түүнчлэн “Гэр” төслийг хэрэгжүүлж, орон гэргүй болон амьжиргааны түвшин доогуур дөрвөн айл өрхөд өргөө цагаан гэр олгоод байна.
-Аймаг, сумыг засмал замаар холбох ажлыг эхлүүлсэн байгаа юм билээ. Энэхүү бүтээн байгуулалтын ажилд танай Мөнгөнморьт сум багтаж байгаа юу?
-Манай аймаг 27 сумтай. Үүнээс эхний ээлжид 18 сумыг аймгийн төвтэй засмал замаар холбох ажил эхэлчихсэн явж байна. Эдгээр сумын нэг нь манай Мөнгөнморьт. Энэ бүтээн байгуулалтын ажил эрт эхэлсэн боловч цар тахлын улмаас зогсонги байдалд орж, үүнээс үүдэлтэйгээр санхүүжилтийн хувьд мөн өөрчлөлт орох зэргээр маргаантай асуудал үүссэн, удааширсан байдалтай байгаа юм.
-Таныг боловсролд нэлээд ач холбогдол өгч, энэ салбарын асуудалд сэтгэлээ чилээж, идэвх санаачилгатай ажилладаг тухай нутгийн тань иргэд онцолж, “Хөдөлмөр” зуслангийн ажлыг эхлүүлсэнд нэлээд олзуурхаж буйгаа илэрхийлж байсан. Энэхүү бүтээн байгуулалтын ажлыг хэзээ дуусгаж ашиглалтад оруулах вэ?
-Баярлалаа. Улс орны хөгжил дэвшил, бүтээн байгуулалт чухал ч ирээдүйд эдгээрийг хийж гүйцэтэх, бидний залгамж халаа болох хүүхэд, залуучууд маань эрүүл, аюулгүй орчинд сурч, чанартай мэдлэг боловсрол эзэмших нь юу юунаас илүү чухал. Энэ утгаараа боловсрол бас эрүүл мэндийн салбарт нэлээд ач холбогдол өгч, тулгамдаж буй асуудлыг нь шийдвэрлэхийг хичээдэг. Хамгийн сүүлд “Номт Ротари” клубын гишүүдтэй хамтарч ерөнхий боловсролын сургуулийн дэргэдэх дотуур байранд номын сан байгуулах төслийг өнгөрсөн аравдугаар сард хэрэгжүүлсэн. Тодруулбал, “Номын сан”-“Хүүхэд хөгжлийн өрөө”-г тохижуулж, гэртээ байгаа мэт таатай орчин нөхцөлийг бүрдүүлсэн. Тэнд дотруур байрны сурагчид чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, түүх соёлоо судлах, гадаад хэл бие дааж сурах боломж бүхий монгол, англи, япон хэл дээрх 400 номыг байрлуулсан. Мөн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг амралт, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, монгол ахуйд суралцуулах, мэдүүлэх зорилгоор “Хөдөлмөр” зуслан байгуулахаар болсон. Энэ хүрээнд сумын ИТХ-аар газрынх нь асуудлыг шийдэж, аймгийн төсөвт санхүүжилтийг нь суулгуулж чадсан. Одоогоор хашааг нь барьсан байдалтай байна. Дулааны улирал эхлэхээр барилга барих ажлыг эхлүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
-Ирэх онд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлынхаа жагсаалтаас хуваалцаач. Сум, орон нутгийнхаа иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхийн тулд томоохон ямар ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байна вэ?
-Манай аймаг 2023 оныг “Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын жил” болгон зарлаж, энэ хүрээнд томоохон олон ажлыг өрнүүлсэн. Харин ирэх 2024 оныг “Залуучуудын манлайлал, гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэхүү уриалгын хүрээнд сумынхаа Засаг даргатай санал солилцож, тодорхой шийдэлд хүрсэн. Тодруулбал, их, дээд сургуулиа төгссөн залуусыг орон нутагтаа ажиллахад нь, мөн эрэлт хэрэгцээтэй мэргэжлээр суралцах гэж буй оюутнуудад дэмжлэг үзүүлэх тодорхой төсөв хөрөнгийг шийдвэрлэсэн. Мөн ирэх онд залуучуудыг хамруулсан томоохон, өргөн хэмжээний уулзалт арга хэмжээг нэгдсэн байдлаар зохион байгуулж, тэдний санал бодлыг сонсож, тэндээс гаргасан санал дүгнэлтэд үндэслэн цаашид хийж хэрэгжүүлэх ажлаа тодорхойлох зорилготой байгаа.
Орон нутгийг зорин очиж, ажиллаж буй төрийн залуу албан хаагчдын тухайд амьдрах орон байрны асуудал нэлээд хүндрэлтэй байдаг. Тиймээс амьдрах орон байрны нөхцөлийг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор орон сууц барих санхүүжилтийг аймгийн төсөвт суулгуулсан. Эхний ээлжид дөрвөн айлын орон сууц барихаар төлөвлөсөн. Энэ бол багш, эмч зэрэг боловсон хүчнийг тогтоож, авч үлдэх бодлого. Түүнчлэн Засгийн газраас гаргасан төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчийн цалин, урамшууллыг аймагт 20, суманд 40 хувиар нэмэгдүүлэх шийдвэр боловсон хүчний дутагдлыг шийдэхэд том хөшүүрэг болно гэж харж байгаа юм. Мөн ерөнхий боловсролын сургуулийн багш нарын ажиллах, дэвшилтэт байдлаар хичээл заах нөхцөлөөр хангах үүднээс багш бүрийг нөүтбүүктэй болгох аяныг зохион байгуулна.
-Эрүүл мэндийн төвийн барилгыг шинэчлэх ажлыг эхлүүлсэн ч санхүүжилтийн хувьд асуудал үүсээд байгаа юм билээ. Энэ асуудалд ямар гарц, шийдэл эрэлхийлж байна вэ?
-Сумын Эрүүл мэндийн төвийн хуучин барилга ашиглалтын шаардлага хангахгүй хэмжээнд хүрсэн. Мөөгөнцөртдөг, хүйтэн жиндүүхэн гэх мэт асуудал их бий. Мөн манай сумын хүн амын тоо нэмэгдэж байгаа. Энэ мэт тодорхой шалтгаанаар эмнэлгийн барилгыг өргөтгөх, шинэчлэх шаардлага үүсээд байна. Аймгийн төсөвт 100 сая төгрөг суулгасан хэдий ч энэхүү санхүүжилтээр Эрүүл мэндийн төвийн барилгыг бүрэн шинэчлэх боломжгүй. Тиймээс тус барилгыг бүрэн шинэчлэх тухай санал хүсэлтээ аймгийнхаа Засаг даргад илэрхийлсэн. Засаг дарга маань Эрүүл мэндийн яам руу хандаж, асуудлаа танилцуулан сум, орон нутгийн иргэд, төлөөлөгчдийн санал хүсэлтийг уламжилсан. Энэ мэтээр холбогдох шат шатны байгууллагад нь хандаж, шийдвэрлүүлэхээр ажиллаж байна. Ямартаа ч иргэдийг эрүүл, аюулгүй, эрсдэлгүй орчинд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах нөхцөл боломжийг бүрдүүлэхийн тулд эхний ээлжийн санхүүжилтийг төсөвт суулгуулж чадсан.
-Төв аймгийн Мөнгөнморьт сум бусад сумаасаа ямар онцлог давуу талтай вэ. Тэр онцлогт нь тулгуурлаж, сум орон нутгаа хөгжүүлэх боломж нөхцөлийг хэрхэн харж, төлөвлөж байна вэ?
-Манай аймаг, сум байгалийн үзэсгэлэнт, түүхэн газруудтай гэдгээрээ онцлогтой. Аялал жуулчлалын бүс нутаг гэж хэлж болно. Яагаад гэвэл, Бурхан халдун уулыг зорьж буй дотоод, гадаадын жуулчид манай Мөнгөнморьт сумаар дамжин өнгөрдөг. Ялангуяа шинэ он болон Цагаан сар зэрэг томоохон, тэмдэглэлт баяр ёслолын үеэр нар мандахыг харах гэсэн хүмүүсийн цуваа тасардаггүй. Нэг, хоёрдугаар сард 10-15 мянган автомашин манай сумыг дайран өнгөрдөг гэсэн албан бус тоон мэдээлэл бий. Тиймээс үүнд түшиглэж, энэ боломж нөхцөлийг ашиглаж, сумаа аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх том зорилго өвөртөлж явдаг даа. Мөн мах, арьс шир, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрийг аймаг, сумандаа байгуулбал орон нутгийн хөгжил, нийгэм эдийн засаг, иргэдийн аж амьдралд ахиц дэвшил гарна. Ийм боломж нөхцөл ч бий. Манай сум хоёр түмэн үхэр, нэг түмэн адуутай. Томоохон үйлдвэрүүдэд мах, сүү тогтмол нийлүүлдэг. Зуны улиралд нэг сая тонн сүү нийлүүлж байсан удаатай.
Бид цаашид Мөнгөнморьт сумыг ямар алсын хараа, хэтийн зорилго дор хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг ерөнхий төлөвлөгөөг аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар холбогдох мэргэжлийн байгууллагаар гаргуулсан. Тэрхүү төлөвлөгөөг сумын болон аймгийн ИТХ-д танилцуулж, батлуулсан. Манай сумын төвийн дундуур гол урсдаг, ерөнхийдөө цэвдэг ихтэй. Тиймээс байршлын хувьд үүнээс зайдуу буюу баруун зүг рүү амины орон сууц барих зэргээр бүтээн байгуулалт хийхээр ерөнхий төвөлгөөнд тусгасан.
-Та иргэдийн төлөөлөгчөөр сонгогдоод хамгийн түрүүнд ямар асуудалд анхаарал хандуулж, шийдвэрлэж байсан бэ?
-Би 2020 онд төлөөлөгчөөр сонгогдоод аймаг, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт, санхүүжилтээр Хэрлэн голын перевозын асуудлыг шийдвэрлэж байлаа. Манай сумын малчин өрхийн дийлэнх нь Хэрлэн голын цаана нутагладаг. Тиймээс Хэрлэн гол үерлэж, цөн түрсэн үед малчид нүүдэл суудал хийхэд хүндрэл үүсдэг учраас хамгийн түрүүнд үүнд анхаарал хандуулсан юм. Гэсэн хэдий ч перевоз учир дутагдалтай байсан тул төмөр бетон гүүр барих шийдэлд хүрсэн. Сумын ИТХ-аар газрыг нь баталж, улмаар шат шатны холбогдох байгууллага, албаныханд хандаж, гүүрний зураг төсвийг өнгөрсөн онд хийлгэж батлуулсан. Гэхдээ санхүүжилтийн асуудлаас болж тодорхой хугацаагаар хойшилсон байдалтай байна.
Анх удаа сонгогдсон залуу төлөөлөгчийн хувьд эхэндээ туршлагатай төлөөлөгч нарынхаа үгийг сонсох, тэднээс зөвлөгөө авдаг байлаа. Одоо бол арга барилаа олчихсон учраас иргэдийн тавьж буй асуудал, санал хүсэлтийг эрэмбэлж, шийдвэрлэх гарц шийдлийг эрэлхийлдэг болсон. Би асуудлыг том, жижиг, нэг эсвэл олон хүн хөндөж ярьж байна гэх мэт хандлагаар ханддаггүй. Би иргэдийг төлөөлж байгаа учраас хүн бүрийн саналыг сонсож, гарц шийдэл эрэлхийлэх ёстой, бас үүрэгтэй. Ялангуяа сум, орон нутгийнхаа залуучуудын төлөөлөл, дуу хоолой болж байгаа учраас аливаа асуудлаас зугтаж, гараа хумхиж хойш суух эрх надад байхгүй. Аймгийн ИТХ-ын хуралдааныг аймгийн төв телевиз орон даяар шууд дамжуулдаг учраас бид ямар ч асуудлыг олон нийтийн дунд, хяналт дор хэлэлцэж ярьж шийдвэрлэдэг гэж болно. Шууд дамжуулалт үзэж буй иргэд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан цахимаар санал бодлоо хэлдэг. Түүнийг нь би нээлттэй уламжилж, дамжуулж төлөөлөх үүргээ гүйцэтгэдэг.
-Тухайн гүүрийг барьж байгуулахад хэдэн төгрөгийн санхүүжилт шаардлагатай гэсэн тооцооллыг зураг төсвөөр гаргасан бэ. Гүүрийг барьж ашиглалтад оруулснаар аймаг, сумын иргэд ялангуяа малчдын хувьд ямар хэмжээний ач холбогдолтой байх бол?
-Долоон тэрбум гаруй төгрөг шаардлагатай гэсэн тооцоолол гарсан. Манай сумын нутаг дэвсгэр Хэрлэн голоор хуваагддаг учраас иргэд, малчид маань бүх цаг үед энэ голыг туулах шаардлагатай байдаг. Гол үерлэсэн аль эсвэл бүрэн хөлдөж амжаагүй тохиолдолд түүгээр гарч, төрийн тусламж, үйлчилгээ авах, ажил төрлөө амжуулах, нүүдэл суудал хийх боломжгүй байдалд хүрдэг. Ийм тохиолдолд Багануур дүүргийг тойрч сум руу орох, аль эсвэл тухайн дүүргээс тусламж үйлчилгээ авах сонголттой нүүр тулдаг. Энэ хувилбар бол иргэд, малчдын хувьд цаг хугацаа алдах, үүнээс үүдэлтэй эрүүл мэндийн болон бусад асуудал дагуулах эрсдэлтэй, мөн эдийн засгийн хувьд ч зарлагатай. Гүүрийг ашиглалтад оруулах нь ямар хэмжээний ач холбогдолтой болох нь эндээс харагдаж байгаа болов уу. Товчхондоо гүүртэй болсноор ямар нэгэн осол аваар, эрсдэлгүй, цаг хугацаа алдахгүйгээр нүүдэл суудал хийх, төрийн үйлчилгээг түргэн шуурхай авах боломжтой болно.
-Та иргэдийг төлөөлөх, иргэн, төр хоёрыг холбох гүүр байх үүргээ биелүүлэхийн тулд ямар зарчим баримталдаг вэ?
-Төлөөлөгч хүн идэвх санаачилга, сэтгэл зүтгэлтэй байх хэрэгтэй. Иргэдийн өмнө тулгарч буй асуудлыг шийдвэрлэхийн төлөө болохгүйгээс болох хүртэл нь явдаг байх ёстой. Жишээлбэл, нэг бүтээн байгуулалт өрнүүлэхэд шаардагдах санхүүжилтийг төсөвт суулгуулж чадахгүй байлаа гэж бодоход “бүтсэнгүй” гээд орхих биш өөр боломж, гарц шийдэл эрэлхийлж, тууштай зүтгэдэг байх хэрэгтэй. Би ийм зарчим баримтлахаас гадна иргэдтэйгээ илүү ойр, эргэх холбоотой, нээлттэй байхыг чухалчилдаг. Энэ завшааныг ашиглаад "Монголын үнэн" сонины уншигчид болон нутгийнхаа зон олонд шинэ оны баярын мэнд дэвшүүлж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
С.ЮМСҮРЭН
Эх сурвалж: Монголын үнэн сонин №048/24579/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна