Мөнгөнморьт сумыг хөгжил дэвшилд хөтөлсөн бүтээн байгуулалт
Төв аймгийн Мөнгөнморьт суманд улс, аймаг, сумын төсвийн хөрөнгө оруулалтаар сумын өнгө төрхийг өөрчилж, хөгжил дэвшилд хөтөлсөн томоохон бүтээн байгуулалт болон засвар, тохижилт үйлчилгээний ажлуудыг хийж гүйцэтгэжээ. Тухайлбал, эрүүл, аюулгүй орчин нөхцөлийг бүрдүүлэхийн тулд гэрэлтүүлэг, камерыг нэмж, мөн айл өрх, албан байгууллагуудыг нэгдсэн дулаанд холбох ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Мөн иргэд, жолоочдыг аюулгүй зорчих боломжийг бүрдүүлж, Таван салаа болон Тэрэлжийн гол, Байрдын голын гүүрийг засварласан байна. Бас сум дотроо хүртэл засмал замтай болжээ. Энэ мэтчилэн тус суманд улс, аймаг, сумын төсвийн хөрөнгө оруулалтаар 2020-2023 онд хийсэн онцлох томоохон бүтээн байгуулалт болон бусад ажлыг тоймлон танилцуулж байна.
Сум дотроо 5.7 км засмал замтай болов
Улсын төсвийн хөрөнгөөр Багануур дүүргээс Мөнгөнморьт сум хүртэлх 60 км засмал зам тавьж буй. Үүнээс 5.7 км нь Баруун бүрх, Хошууны үзүүр хүртэлх буюу сумын төв доторх зам, 3.16 км явган хүний зам, бродюр, 2.1 км замд гэрэлтүүлэг зэргийг тавьжээ.
Тохижилт, засварын ажлуудыг хийж гүйцэтгэлээ
Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Соёлын төв, Цаг уурын барилгыг засарварлаж, Засаг даргын Тамгын газарт хашаа татлаа. Мөн Засаг даргын Тамгын газарт шинээр гарааш барьж, Эрүүл мэндийн төвийн гараашийг өргөтгөсөн бол Гал унтраах аврах 75 дугаар ангийн гараашид дулаан татаж, цагдаагийн кабоны дотор засвар хийсэн байна. Түүнчлэн орон нутгийн төсвийн шилжих үлдэгдлийн хөрөнгийн зардлаар баяр наадмын талбайг засварлаж, тохижуулав. Мөн эцэг, эхийн санаачилга, хамтын хүчээр Хэрлэн цэцэрлэгийн өргөтгөлийн дулаалгын ажил, ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны гадна талбайн тохижилт үйлчилгээний ажлыг гүйцэтгэсэн байна. Мөн сумын төвийн ундны усны хоёр худагт болон халуун усны байранд засвар хийлээ. Түүнчлэн Хэрлэн гол дагуу болон Бурхан халдун чиглэл, сумын төв рүү орж, гарах хэсэгт хогийн сав, эко ариун цэврийн байгууламж барьжээ. Мөн аялал жуулчлалын тэмдэг, тэмдэглэгээ хийж, Жаргалант багт мал угаалгын цэг, ванн байгуулсан байна.
Гэрэлтүүлэг, камержуулалтыг нэмэв
Иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс сумын төвд гэрэлтүүлэг, камержуулалтын ажлыг өргөн хүрээнд зохион байгуулж буй. Энэ хүрээнд хамгийн сүүлд чиглэлийн долоо, ПТЗ-ын хоёр камер суурилуулав. Мөн сумын төвийн хогийн цэгт гурван камер байрлуулаад байна.
75 хүүхдийн дотуур байрыг ашиглалтад оруулж, тоног төхөөрөмжөөр хангав
Ерөнхий боловсролын сургуулийн дэргэдэх 75 хүүхдийн дотуур байрыг шинээр барьж, ашиглалтад оруулав. Цар тахал зэрэг цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан зогсонги байдалд орсон тус бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, барилгад дулааны шугам, сантехник угсралт, дотор гадна засал чимэглэлийн ажлыг хийж ашиглалтад орууллаа. Мөн олон улсын Энэрлийн байгууллагын хүмүүнлэгийн төслөөр нэг, хоёрдугаар хоолны тогоо, махны машин, хэрчигч, цахилгаан зуух, хоёрдугаар хоолны таваг зэрэг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангажээ.
Эрүүл мэндийн төв түргэн тусламжийн машинтай боллоо
Сумын орон нутгийн төсвийн хөрөнгөөр иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдахгүй, түргэн шуурхай үзүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор Эрүүл мэндийн төвд “Stareх” автомашин хүлээлгэн өглөө.
“Номын сан”-“Хүүхэд хөгжлийн өрөө”-тэй болов
Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Т.Баатармөнх, “Номт Ротари” клубын гишүүд хамтран Төв аймгийн Мөнгөнморьт сумын ерөнхий боловсролын сургуулийн дэргэдэх дотуур байранд номын сан байгуулах төслийг хэрэгжүүлж, “Номын сан”- “Хүүхэд хөгжлийн өрөө”-г тохижуулж, өнгөрсөн аравдугаар сарын 23-нд хүлээлгэн өглөө. Ингэснээр тус сумын дотуур байранд амьдардаг 60 гаруй сурагч чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, гэртээ байгаа мэт дулаан, тав тухтай орчинд түүх соёл, уран зохиол зэрэг хүүхдийн номын дээжис бүхий монгол, англи, япон хэл дээрх 400 номоос сонгон унших, гадаад хэл бие даан сурах боломжтой болжээ.
Ус, хогны автомашиныг шинэчлэв
Байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар хэд хэдэн ажлыг хийж гүйцэтгэжээ. Тухайлбал, сумын төвийн хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор 11 байрлалд 54 кабин бүхий эко ариун цэврийн байгууламж, мөн хуучин хогийн цэгийг булж, сумын урд хэсэгт 100х50 метрийн хэмжээтэй, шинэ хогийн цэг байгуулав. Түүнчлэн ус, хог тээвэрлэх автомашинд парк шинэчлэлт хийсэн байна.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нөхцөлийг бүрдүүллээ
Цагдаагийн байгууллагын ажлын нөхцөлийг сайжруулах, үр бүтээмжийг дээшлүүлэх, хууль бусаар самар түүж буй иргэд, аж ахуйн нэгжийн үйлдлийг таслан зогсоох, малын хулгайг илрүүлэх болон бусад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар тус газрыг автомашинаар хангав.
“Гэр” төслийг хэрэгжүүлж байна
“Гэр” төслийг 2020 оноос хэрэгжүүлж эхлэн байгалийн гамшиг болон бусад хүчин зүйлээс үүдэлтэй эрсдэлийн улмаас гэр оронгүй болсон, орлого багатай, амьжиргааны түвшин доогуур айл өрхийг хамруулж байна. Мөн "100 жил 100 гэр" төслийн хүрээнд Булаг багийн иргэдэд өргөө цагаан гэр хүлээлгэн өглөө.
Хэрлэн гол дээгүүр гүүр тавина
Мөнгөнморьт сумын малчин айл өрхүүд Хэрлэн гол дагуу нутаглаж, суурьшдаг тул сумын төв рүүгээ орж төрийн тусламж, үйлчилгээ авах, хүүхдээ сургуульд хүргэх зэргээр өдөр тутам тус гол дээгүүр зорчих, дамжин өнгөрөх шаардлага гардаг. Иймд иргэд, малчдыг цаг алдахгүй, аюулгүй зорчуулах үүднээс эхний ээлжийн шийдэл нь перевоз ажиллуулах байв. Харин дараагийн шийдэл бол тус гол дээгүүр төмөр бетон гүүр барих бөгөөд одоогоор зураг төслийг нь гаргуулж, батлуулаад байна.
Эх сурвалж: Монголын үнэн сонин №048/24579/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна