МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Б.Баярбаатартай ярилцлаа.
-МАН 30 дугаар Их хурлаараа дүрмийн нэмэлт өөрчлөлтөөр гишүүдийн сахилга хариуцлага, ёс зүйд онцгойлон анхаарахаа зарласан. Энэ тухайд ямар үр дүнтэйгээр сонгуулийн жилээ угтах гэж байгаа талаар ярилцлагаа эхлүүлье?
- МАН-ын 30 дугаар Их хурлаас хойш Хяналтын Ерөнхий Хороо (цаашид ХЕХ гэх) ажиллах арга барил, бодлогоо өөрчилсөн гэж ойлгож болно. Бид орон тооны бус 13, орон тооны хоёр, нийт 15 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Улс төрийн намын хамгаалагч нь хяналтын байгууллага байдаг гэдгийг зориуд тодотгоё. Хамгаалагч гэдгийг шууд утгаар нь ойлгож болохгүй. Бид хамгаалагчийнхаа хувьд намын гишүүдээ зөвлөн чигүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байна. 30 дугаар Их хурлаараа “Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэнэ” гэдгээ зарлаж, идэвхтэй ажиллаж байна. Өмнө нь эрх баригч нам ингэж тэмцэх нь байтугай зарлаж байсангүй. ХЕХ тогтмол ажиллагаатай механизм. Тухайлбал, бид намын хороодтойгоо байнгын холбоотой ажилладаг. Миний хувьд орон нутгийн намын байгууллагын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, гишүүдтэйгээ уулзаж, санал бодлыг нь сонсохыг чухалчилдаг. Ардын намын гишүүн гэхээр ондоо биш, адилхан хүн шүү дээ. Хүн л юм хойно буруу зөрүүд автах тохиолдол гарна. Ийм байдалд оруулахгүйн тулд бид орон нутагт ажилладаг. Энэ нь өөрөө хамгаалалт юм. Нөгөөтэйгүүр Монгол Улсад бүртгэлтэй 36-37 намаас МАН хамгийн ууган, туршлагатай улс төрийн нам учраас манлайлал үзүүлж, улс төрийн намын төлөвшлийг зөв явуулах ёстой. Улс төрийн намын төлөвшлийг гурван зүйлээр үнэлдэг. Нэгдүгээрт, тухайн нам анхан, дунд шатны бүтэцтэй эсэх, гишүүд нь намаа дэмждэг, итгэл үнэмшилтэй эсэх, хоёрдугаарт, намын төлөөллийн төв байгууллага болох төв аппаратын үйл ажиллагаа., гуравдугаарт, парламент дахь бүлгийн сахилга бат. Парламентын бүлэг нэгдмэл байж чадаж байна уу, эв нэгдлээ хангаж, хамтын шийдвэр гаргаж, ард түмний нийтлэг эрх ашгийн төлөө байж чадаж байна уу гэдгээр үнэлдэг. Эдгээрийг бүрэн хангаж чадаж байвал төлөвшсөн нам гэж үздэг. Тиймээс МАН төлөвшсөн нам мөн үү гэдэг эргэлзээтэй байгаа биз. Би хувьдаа төлөвшсөн гэж хэлж чадахгүй, төлөвшиж яваа л нам. Цаашлаад бусад улс төрийн намуудад төлөвшил байгаа эсэх ч эргэлзээтэй. Улс төрийн намыг хувьчлах санаархал үеийн үед байсаар ирсэн. Энэ тохиолдолд Хяналтын ерөнхий хороо хамгаалагчийн үүргээ гүйцэтгэдэг гэж ойлгож болно. Гаднаас орж ирэх аливаа сөрөг нөлөөллөөс хамгаалдаг байгууллага нь улс төрийн намын хувьд хяналтын байгууллага нь юм. Энэ ч үүднээс манай хяналтын хорооноос дөрвөн тулгуурт бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
-Дөрвөн тулгуурт бодлогыг ямар байдлаар хэрэгжүүлж байна вэ. Энэ бодлогын ач холбогдлыг бид хэрхэн ойлгох ёстой вэ?
-Нэгдүгээрт, намын дүрмээ ягштал мөрддөг байх, хоёрдугаарт, намын санхүүгийн үйл ажиллагаа ил тод, эх үүсвэр хууль ёсны дагуу, шударга байх, гуравдугаарт, намаас сонгогдож томилогдож буй хүний нөөц зөв байх, дөрөвдүгээрт, намын гишүүдээс авахуулаад сонгуульт албан тушаалтан, бүх шатны удирдлагуудын ёс зүйн асуудал чухал. МАН сүүлийн үеийн мэдээллээр бараг 290 мянган гишүүнтэй. Энэ хүмүүс бүгд хоорондоо ялгаатай. Гагцхүү яагаад МАН-д нэгдэж байна вэ гэдэг нь өөрөө ёс зүй юм. МАН-ын социал демократ үзэл баримтлал дээр 280 мянган хүн нэгдэж байна. Тэгэхээр МАН-ын ёс зүй нь өөрөө үзэл баримтлал байх нь байна шүү дээ. Тийм ч учраас бид дөрвөн тулгуурт бодлого баримтлан ажилладаг. Нөгөө талаас бид улс төрийн намаа цэвэр, зөв бодлогоор ажиллах хамгаалалтыг хийж ажиллая гэж байгаа юм. Ингэхдээ намын гишүүдийн тоонд биш чанарт анхаарна. Бид өмнө нь орон нутгийн намын байгууллагуудыг жилд хэдэн гишүүн элсүүлсэн бэ гэдгээр үнэлдэг байсан бол одоо хэдэн хүнд намынхаа үзэл баримтлалыг хүргэж, ойлгуулсан бэ гэдгээр дүгнэдэг болсон. 30-р Их хурлаар социал демократ үзэл баримтлалаа тодотгон зарласан. Өмнө нь социал демократ үзэл баритлалыг нийгмийн ардчилал гэж монголчлох байдлаар тодорхойлж ирсэн л дээ. Монголын нүүдлийн соёл иргэншил эрт дээр үеэсээ эхлээд өнөөг хүртэл социал демократ үзэл баримтлалтай юм. Ардын үгээр бол “Дэм дэмэндээ, дээс эрчиндээ”, “Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийнхээ төлөө” гэдэг үг хэллэгүүд өөрөө социал демократ үзэл санааг агуулсан. Ингэж бид социал демократ үзэл баримтлалыг амьдралдаа хэвшүүлээд ирсэн ард түмэн учраас цаашдаа энэ чиглэлээр Монгол Улс хөгжих нь зөв юм. Хүнээ бодсон, эрх тэгш нийгэм байх ёстой. Тийм ч учраас МАН цаашид энэ үзэл баримтлалаар бодлогоо гарган, зарчмаа болгож ажиллах нь зүйтэй. Өнөөдөр улс төрийн нам, улс төрийн сонгуульгүйгээр засгийн эрхийг авч, бодлогоо хэрэгжүүлэхээс өөр шилдэг арга Монголд байтугай дэлхийд байхгүй. Тиймээс бид улс төрийн намаа төлөвшүүлэх, нээлттэй, ил тод болгох бодлого барьж ажиллахаас өөр гарцгүй. Эцсийн дүндээ улс төрийн намд зөв төлөвшил хамгийн чухал.
-Хүн л болсон хойно алдаа гаргана. Тэгвэл ингэж алдаа гаргасан хүнтэй МАН ямар байдлаар хариуцлага ярьж байна вэ. Та жишээ дурдаж болох уу?
-2022 оны намраас өнөөдрийг хүртэл таван аймгийн Засаг даргыг ажлаас нь чөлөөлөөд байна. Эдгээр хүмүүс тухайн орон нутгийнхаа намын хорооны дарга, Засаг даргын албан тушаалтай байсан. Үндэслэл нь харилцан адилгүй ч ихэнхдээ ёс зүйн асуудал гаргасан. Үүнээс гадна бид орон нутгийн иргэдийн санал сэтгэгдэл, амьдралын чанарыг судалж, судалгааны дүн харна. Ерөөсөө хэн нэгэн албан тушаалтанд хариуцлага тооцоход судалгаанд л үндэслэнэ. Үр дүн хангалтгүй бол албан тушаалтай нь ярина. Ний нуугүй хэлэхэд, өмнө нь бид аливаа асуудал гаргасан хүнийг хамгаалаад аваад үлддэг байсан. Харин одоо бол шударга бус байдалд тулгуурласан эв нэгдэл бидэнд хэрэггүй л гэж үзэж байгаа юм. Бие биеийнхээ хийсэн буруу үйлдлийг эв нэгдэл нэрийн дор хаацайлаад өнгөрдөг байж болохгүй. Харин аливаа алдаа дутагдлаа бага дээр нь засаад урагшилдаг байх нь зүйтэй. Нэг дүүргийн, аймгийн Засаг даргаар нэг хүнийг томилчихоод өөр хүн байхгүй мэтээр хамгаалаад, тахин шүтчихсэн мэт байлгаад байж болохгүй. Ерөөсөө алдаа дутагдал гаргасан л бол засаж залруулах гэж үзнэ. Боломгүй бол дараагийн хүнд ачаа үүрүүлдэг байх ёстой. Нэг даргын цаана МАН-ын олон мянган гишүүний, иргэдийн итгэл байгаа учраас хариуцлага хамгийн чухал. Нөгөө талаас намын гишүүдийнхээ хэмжээнд л бодлого гаргадаг нам байж болохгүй. МАН-ын 280 мянган гишүүн бус Монгол Улсын 3.5 сая хүнд таарсан, зориулсан бодлого гарган ажиллаж байна. “МАН бодлогын нам байна” гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан. Улс төрийн намын тухай хуульд ч тухайлан зааж оруулсан. Үнэндээ өнгөрсөн хугацаанд зөвхөн намын гишүүдийнхээ хүрээнд бодлого гаргадаг, тэдний эрхийг хамгаалдаг, ажлын байраар хангадаг байлаа шүү дээ. Одоо бид бодлогын нам болохынхоо хүрээнд хүний эрх, жендэрийн асуудлыг нийтлэг байдлаар хөндөж, тусгайлсан бодлого гарган ажиллаж байгаа нь нэг талаас гарцаагүй дэвшил. Гэхдээ мэдээж энэ амаргүй. Өнгөрсөн 30 жилд хурсан, ужгирсан олон асуудлыг өргөс авсан мэтээр шийдэл гаргах боломжгүй. Тиймээс мэдээж ажил хийж байгаа хүн алдаа гаргана, түүнээсээ суралцана. Цаашдаа бодлогоо илүү нээлттэй, ойлгомжтой болгоно. Ингэж байж үр дүнгээ гарна.
-Намын гишүүнээс хугацаатай болон хугацаагүй чөлөөлөх заалтыг дүрэмдээ тусгасан. Энэ заалтаар хариуцлага хүлээсэн тохиолдол өнгөрсөн хугацаанд хэр гарсан талаар та мэдээлэл өгч болох уу?
-Улс төрийн хариуцлага тооцохоор намын дүрэмд тусгаж өгсөн. Сонсоход тийм ч хүнд шийтгэл биш шиг санагдаж магадгүй. Гэтэл энэ бол эрүү, иргэн, захиргааны хариуцлагаас хүнд шийтгэл. Яагаад гэвэл тухайн хүний улс төрийн замналыг дуусгаж байгаагаас ялгаагүй хариуцлага болдог. Тэр олон жилийн улс төрийн карьер дуусгавар болно шүү дээ. Нөгөө талаас эрүү, иргэн, захиргааны хэргийн шүүгч бол цагаан дээр хараар бичсэн хуулийн заалт уншиж байгаад, танихгүй хүнд хариуцлага тооцдог. Гэтэл бид яг мөр зэрэгцэж явсан, хоолоо хувааж идээд, хөтлөлцөж явсан анд нөхөртөө хариуцлага тооцдог амаргүй ажил. Гэхдээ нөхөрлөл, зарчим хоёроо ялгах ёстой. Зарчмаа хойш тавиад нөхөрлөлөө бодох л юм бол энэ намд ирээдүй байхгүй. Зарчмаа эхэнд эрэмбэлснээр бид маш тод ирээдүйтэй шинэчлэлийг хийж чадна гэж итгэдэг. Тэр бүр зарлаад байдаггүй ч цөөнгүй хүн намаас түдгэлзсэн, гарсанд тооцсон шийдвэрийг Хяналтын ерөнхий хорооноос гаргасан. Мөн намын гишүүнчлэлээ эргээд сэргээсэн тохиолдол ч бий.
Дүрмээр өмнө нь шууд намаас хөөх эсвэл ямар ч хариуцлага тооцдоггүй байсан. Энэ нь маш хатуу хариуцлага байсан учраас уян хатан гэж ойлгож болно. Намаас шууд хөөнө гэдэг нь эргээд хүний эрхийн зөрчил. Учир нь шүүхээс гэм буруугийн асуудлыг нь шийдээгүй байхад намаас хөөж байгаа нь хүний эвлэлдэн нэгдэх үндсэн эрхийн зөрчил юм. Тиймээс авлига албан тушаалын гэмт хэрэг, ашиг сонирхлын ноцтой зөрчил, ёс зүй ёс суртахууны зөрчил гаргасан тохиолдолд гишүүний эрхийг түдгэлзүүлдэг заалтыг оруулсан. Ингээд тухайн хүний асуудал шүүхээр ороод гэм буруугүй гэж шийдэгдвэл бид шүүхийн тогтоолд үндэслэн намын гишүүнчлэлийг нь сэргээдэг болсон. Энэ жишгээр намын гишүүнчлэлээ сэргээсэн хэд хэдэн тохиолдол гарлаа. Гишүүнчлэлийг нь түдгэлзүүлсэн бол эргээд сэргээж чаддаг байх ёстой. Эсрэгээрээ шүүхээс ял шийтгэл аваад гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд шууд намаас хөөнө. Улмаар тухайн хүн ял шийтгэлээ эдлээд дууссаны дараа эвлэлдэн нэгдэх эрхийг нь мөн л сэргээнэ. Гишүүнчлэлээ сэргээх хүсэлтийг нь хүлээж авна, гэхдээ ямар нэгэн байдлаар намын удирдах албан тушаалд дэвшүүлэхгүй, намаас сонгогдож томилогддог төрийн болон улс төрийн албан тушаалд нэр дэвшүүлэхгүй буюу улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэдэг хатуу байр суурьтай ажиллаж байна. Тухайн хүн итгэл үнэмшлээрээ намын үйл ажиллагаанд оролцоод явах нь мэдээж нээлттэй.
-Олны анхаарлыг татсан, улс оронд их хэмжээний хохирол учруулсан олон томоохон хэрэг нийтэд ил болсоор байна. Тухайлбал, Хөгжлийн банкны зээлдэгчдийн асуудал. Тухайн үедээ танай намын цөөнгүй хүний нэр зарлагдсан. Энэ тухайд сахилга хариуцлагыг ямар байдлаар тооцсон бэ?
-Анх 12-13 хүний нэр гарч ирж байсан. Миний зүгээс “Хөгжлийн банктай холбоотойгоор өөрийн тань нэр гарлаа, үүндээ тайлбар ирүүлнэ үү” гэдэг албан бичгийг хүн тус бүрт явуулсан. Бүгд тайлбараа ирүүлсэн. Энэ тайлбарыг нь уншиж үзээд бүгдэд нь “Өөрсдөө хүсэлтээ бичээд хууль хяналтын байгууллагад шалгуул, гэм буруугийн асуудлаа шийдүүл” гэдгийг хэлсэн. Тухайн үед эдгээр хүмүүсээс миний санаж байгаагаар 6-7 хүний намын гишүүнчлэлийн эрхийг түдгэлзүүлсэн. Манай намын дүрэмд авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон бол 30 хоногийн хугацаанд өөрөө түдгэлзэх хүсэлтээ ирүүлэх, ирүүлэхгүй бол Хяналтын ерөнхий хороо хуралдаж, шийдвэр гаргадаг. Үүний дагуу 6-7 хүний эрхийг түдгэлзүүлсэн. Эдгээрээс шүүхээр яваад гэм буруутай нь тогтоогдсон хүмүүсийг намаас гарсанд тооцсон бол гэм буруугүй нь тогтоогдоод эргээд гишүүнчлэлээ сэргээсэн хүн ч бий. Тодруулбал, Бага хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнийн намын гишүүнчлэлийг саяхан сэргээлээ. Зөвхөн Хөгжлийн банк, нүүрсний хулгай гэлтгүй бусад асуудлаар намаас хариуцлага тооцуулсан хүмүүс ч байна.
-Нүүрсний хэргийн дуулиан одоо ч үргэлжилж байна. Танай намын маш олон хүн нэр холбогджээ. Энэ асуудлаар эрх баригч МАН-ынхан өөрсдөө анх шүгэл үлээсэн. Хэдийгээр шүүхээр гэм бурууг эцэслээгүй ч та бүхэн энэ хүмүүстээ сахилга хариуцлагыг ямар байдлаар тооцох юм бэ?
-Нүүрсний гэх хэрэгт өнөөдрийн байдлаар нэг ч хэрэг шүүхээр орж, шийдвэрлэгдээгүй байна. Шүүх прокурор ямар нотлох баримтыг үндэслэж, хэр хурдтай ажиллахыг ч хэлж мэдэхгүй юм. Миний мэдэж байгаа зүйл бол нүүрсний гэх хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж эхэлсэн хүмүүсийн гишүүнчлэл түдгэлзэж байгаа. Автоматаар гэсэн үг шүү. Жишээлбэл, одоо цагдан хоригдож байгаа Т.Аюурсайханыг намын гишүүнчлэлээс түдгэлзүүлсэн. Энэ бол мэдээж эцсийн шийдвэр биш. Шүүх нэг ч хүний гэм бурууг эцэслэн шийдээгүй байхад бид түрүүлж шийдвэр гаргаж болохгүй. Энэ бол хүний эрхийн зөрчил болно. Бид шүүхээс урьтаж хүний эвлэлдэн нэгдэх эрхийг хязгаарлаж болохгүй. Дээр дурдсанчлан улс төрийн хариуцлага хөнгөхөн сонсогдож байгаа ч цаад агуулгаараа маш хүнд хор уршигтай шийдвэр гэдгийг дахин тодотгоё. Мэдээж шүүх гэм буруутай гэж үзвэл өршөөл байхгүй. Харин гэм буруугүй гараад ирсэн хүнийг хэлмэгдүүлж болохгүй гэдэг зарчмыг баримтлах ёстой юм. Тийм ч учраас авлигатай тэмцэх ялын бодлогыг чангатгалаа шүү дээ. Энэ нь нөгөө талдаа улс төрийн шалтгаанаар хүн хэлмэгдүүлж болохгүй гэдэг бодлого заавал байх ёстой гэж үзэж байгаагийн илрэл. Хэлмэгдүүлэлт хэрхэвч байж болохгүй. Ямартаа ч бид нүүрсний хулгайн асуудлыг маш анхааралтай ажиглаж байна. Энд нэмж хэлэхэд манай нам 2020 онд УИХ-д нэр дэвшсэн, өнөөдөр УИХ-д сонгогдчихсон байгаа гишүүдтэйгээ хариуцлагын гэрээг байгуулж байсан. Энэ гурвалсан гэрээний хэрэгжилтэд хяналт тавьдаг байгууллага нь манайх юм. Энэ гэрээг удахгүй нэгбүрчлэн дүгнэнэ.
-Сонгуулийн жил гарах гэж байна. МАН нэр дэвшигчдэдээ зарчмын ямар шалгуур тавих вэ?
-УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлж, санал хурааж, дүн гаргах журмыг Улс төрийн намын тухай хуулиар хуульчилсан. Өмнө нь энэ журам хэрхэн яаж нэр дэвшүүлэх, санал тэнцвэл хэрхэх вэ гэх зэргийг тодорхойлсон процессын шинжтэй байсан бол одоо агуулгад анхаарна. Ямар шаардлага хангасан хүнийг нэр дэвшүүлэх вэ. Улс төрийн өндөр ёс зүйтэй хүнийг нэр дэвшүүлнэ гэж байгаа юм бол улс төрийн ёс зүй гэж юу юм бэ гэдгийг нарийвчилна гэсэн үг. Бид одоо ёс зүйн маш өндөр шаардлага тавина. Ёс зүй ярихгүйгээр авлига, хүнд суртал ярихгүй, боломжгүй. Хувь хүний хандлагын өөрчлөлт ярихгүйгээр өнөөдрийн түгжрэл, утаагаа шийдэж чадахгүй. УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдэд тодорхой шаардлага тавина, журам боловсруулна. Нэр дэвшүүлэх журмыг сонгууль тулгаж баталдаг байсан бол одоо эрт буюу он гараад батлах гэж байна. Ингэж нээлттэй болгосноор ямар шалгуур, шаардлага хангасан хүн сонгуульд нэр дэвших вэ гэдгийг сонгогчид ч хараг, горилогсод ч хараг гэж байгаа юм. Ерөнхийдөө МАН сонгуульд нэр дэвшигчдэдээ өндөр шаардлага тавина гэж ойлгож болно.
-Хяналтын ерөнхий хороо ойрын үед хуралдах уу. Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон, эсвэл ёс зүйн зөрчил гаргасан хэн нэгэн УИХ-ын гишүүн, төрийн өндөр албан тушаалтантай холбоотой хариуцлагын асуудал ярих уу?
-Одоогоор Хяналтын ерөнхий хороо ямар нэгэн хурал товлоогүй байна. Гэхдээ таны асуултад хариулахад энэ төрлийн хурал нэгээр тогтохгүй болох болов уу. Одоогоор бид анхааралтай ажиглаж байна. Нүүрсний сонсгол дуусна, шүүх хурал болно. Ард нь юу болохыг хэлж мэдэхгүй. Дээр нь ногоон автобус, Хөгжлийн банкны асуудал ч бүрэн шийдвэрлэгдээгүй. Тэгэхээр эдгээр асуудлын эцсийн шийдвэрийг харна. Улмаар ирэх оны сонгуульд нэр дэвших хүмүүс тус бүртээ Хяналтын ерөнхий хорооноос ёс зүйн дүгнэлт үйлдүүлэх ёстой. Тэр дүгнэлтийг Бага хурал, Удирдах зөвлөл цаашид үндэслэл болгож авч явах юм. Ингээд Бага хурлаас нэр дэвшүүлэх эрх олгосны дараа эргээд бүрэн эрхийн дөрвөн жилийн хугацаанд мөрдөх гурвалсан гэрээ байгуулна.
Энэ ташрамд он солигдох мөчид МАН-ын Хяналтын ерөнхий хорооны үе үеийн удирдлага, гишүүд, одоо ажил үүргээ гүйцэтгэж буй аймаг, нийслэл, сум, дүүргийн нийт 2600 гаруй гишүүд, тэдний гэр бүлд Хяналтын ерөнхий хорооны нэрийн өмнөөс ирж буй 2024 оны их үйлсэд нь амжилт хүсэж, аз жаргал, сайн сайхан бүхнийг ерөөе.
М.Өнөржаргал
Эх сурвалж: Монголын үнэн сонин №048/24579/
Сэтгэгдэл (1)