“Нүүрсний” сонсголоор нууцлалын гэрээг дэлгэв



“Нүүрсний” гэх тодотголтой хоёр дахь шатны нээлттэй сонсголоор улстөрчдийн үнэн төрх, төрөлх араншин сэдэрч, иргэдийн бухимдлыг төрүүлж байна. 

Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг УИХ-ын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголоор шинжээчийн дүгнэлтийг сонсож, гэрчүүдээс хариулт авлаа. Энэ сарын 18-22-ны хооронд үргэлжлэх Нээлттэй сонсголыг Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр даргалан явуулж байгаа юм. Энэ сарын 4-8-ны өдөр явагдсан эхний шатны сонсголоор Өмнөговь аймгийн Ханбогд суманд эрчим хүч, гаалийн хяналтын талбай, авто тээврийн зогсоол, кэмпийн зориулалттай 2020-2022 онд гадаадын хөрөнгө оруулалттай 38 аж ахуйн нэгжид 457.3 га газар олгож, орон нутгийн удирдлагуудаас эхлээд улстөрчид уул уурхайн бизнестэй эрх ашиг нэгдэн шургалсныг “Акмиконсалтинг” ХХК-ийн үүсгэн байгуулагчийн бүрэлдэхүүн дэх УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Д.Зоригт болон УИХ-ын гишүүн Н.Батбаярын охин Б.Жаргалан, Ц.Баярсайханы охин Нарангоо, С.Ламбаагийн охин Л.Шинэцэцэг, Р.Амаржаргалын хүү А.Азбаяр, Л.Гантөмөрийн эхнэр А.Туул нараар баримтжуулсан ил болгосон билээ. 


Ш.Адьшаа, А.Адъяасүрэн нарын хамаарал бүхий компаниуд гаалийн бүртгэлгүй их хэмжээний нүүрс хил давуулсан

Хоёр дахь шатны эхний өдрийн сонсголоор нүүрс тээвэрлэлтийн асуудлыг хэлэлцэв. Шинжээчдийн дүгнэлтэд дурдсанаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн уурхайгаас 2011-2023 оны хооронд 551 аж ахуйн нэгж 115.57 тонн нүүрс ачиж, тээвэрлэн Монгол Улсын хилээр 5.2 сая тонн буюу 17.5 их наяд төгрөгийн өртөг бүхий нүүрс гаалийн бүртгэлгүй гаргасан байна. Энэ хугацаанд олон давтамжтайгаар их хэмжээний нүүрсийг гаалийн бүрдүүлэлтгүй тээвэрлэсэн компаниудын эздээр улстөрчдийн нэрс хөвөрлөө. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа “Шанх транс” “Тив транс” ХХК болон өөрийн зөвлөх Ш.Мөнхцэцэгийн “Эм Жи Өү”, “Галба ус”, “Баялаг ложистик транс” , “Шанк ложистик", “Энхдэлгэр говь”, “Зүүн хөхий” , "Мөнх цаст" зэрэг есөн, УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн “Далангол” , “Топ транспорт”, “Дагаалай шарга 88”, “Прайд транс”, “Ивээл сор транс” ХХК зэрэг таван компаниараа дамжуулж зөвшөөрөлгүй, бүртгэлгүй нүүрс их хэмжээгээр хил давуулсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ. 

“Нүүрсний” сонсголд гэрчээр дуудагдсан УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн Ш.Адьшаа, А.Адъяасүрэн нар өөрсдийн бизнесийн асуудлаа “Улстөржилт явагдаж байна” хэмээн гүлдийв. Нүүрсний тээвэр эрхэлдгээрээ олонд танигдсан УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнг АТГ-аас нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан яллагдагчаар татан шалган, улмаар түүнд холбогдох хэрэг нь шүүхэд шилжсэн байдаг. Харин УИХ-ын гишүүн Ш.Адьшааг нүүрсний бизнес эрхэлдгийг нээлттэй сонсгол ил болголоо. 

 

“Эрдэнэс Тавантолгой”-н нүүрсний үнийн зөрүүнээс 826 сая ам.долларын алдагдал хүлээв

 Нээлттэй сонсголын хоёр дахь өдөр “Эрдэнэс Тавантолгой” компанийн нүүрсний үнэ тогтоосон асуудлаар хэлэлцүүлэг өрнөж, шинжээчийн дүгнэлтээр 2011 оны аравдугаар сараас 2023 оны аравдугаар сар хүртэл “Эрдэнэс Тавантолгой”ХК-ийн нийт гэрээнээс 826 сая ам.долларын үнийн зөрүү гарч байгааг дурдав. Цагаан хадны нүүрсний үнэ өсөөд буугаад байдаг бол “Тавантолгой”-н ханш хямд хэвээр байжээ “Эрдэнэс Тавантолгой”-г байгуулагдсан цагаас нь буюу 2011 оноос өнөөдрийг хүртэл ажиллаж, Маркетингийн албанаас эхлэн Борлуулалтын албаны даргын албыг хашиж байгаа Б.Серкажан гэрчээр дуудагдсан байлаа. Тэрбээр “Манай компани дээр уурхайнаас нүүрс авч байгаа долоон гэрээ байгаа. Энэ гэрээний хүрээнд 54 хувийг нийлүүлсэн. Манайх зах зээлийн үнээр борлуулдаг. Ганцмодонд 2021 онд 400 ам.доллар хүрч байхад “Эрдэнэс Тавантолгой”-д нүүрсний үнэ тогтоох аргачиллаар хамгийн өндөртөө 150 ам.доллар хүрсэн байна” гэсэн тайлбар хийж, хуулийн дагуу ажилласан хэмээн өчив. Мэдээж, гэрээ нууцлалын хүрээнд хийгдсэн. Энэ өдрийн нээлттэй сонсголд “Эрдэнэс Тавантолгой”-н экс захирлууд гэрчээр дуудагдсан байлаа. “Эрдэнэс Тавантолгой” экс захирал Я.Батсуурь “Бид чухал менежмент нэвтрүүлсэн. “Эрдэнэс Тавантолгой” үндэсний компаниа оруулаад ажиллуулсан. Өмнө нь өөрсдөө тээвэрлэдэг, борлуулдаг байсан. Үүнийг нь болиулаад ам нөхцөлөөр гэрээ хийж, пүүлүүлж, тээвэрлүүлдэг болсон. Үүнийг бид баруун цанхи дээр хийсэн. Тэндээсээ зарсан. Энэ бол зөв менежмент байсан” гэсэн бол экс захирал Д.Ариунболд “2016 онд намайг ажил авахад “Эрдэнэс Тавантолгой” бараг дампуурсан байсан. Баруун цанхиа зогсоосон. Компани өөрсдөө өр ширээ дарж, цалингаа тавих хэрэгтэй болсон. Тиймээс бид баруун цанхиа ажиллуулах тактик барьсан. Баруун цанхийн нүүрсээр “Чалко” компанийн өрийг дарах зорилго тавьсан. Нүүрсээ борлуулахдаа бид Хөдөө аж ахуйн биржид санал тавьсан. Дундын тоглогч Цагаан хадыг байхгүй болгох хэрэгтэй гэж бид хэлсэн. Тээвэрлэлтийн асуудалд Цагаан хадыг нээснээс болоод асуудал үүссэн” гэсэн байр суурь илэрхийлэв. Харин “Эрдэнэс Тавантолгой”-н анхны захирал Б.Энэбиш “Ажил авсны дараагаар УИХ-ын гишүүдийн 30 гаруй нь ярьж, ямар нэг ажлын байранд өөрийн хүнээ оруулах талаар ярьдаг байсан. Хэн хэн ярьж байсныг олон жил өнгөрсөн болохоор мартжээ” гэж мэлзэв. 

Сангийн сайд асан С.Баярцогт “Намайг яагаад энэ асуудалтай холбож дуудсаныг ойлгохгүй байна. Төрийг хүндэтгээд хүрээд ирсэн. 2006 онд Ашигт малтмалын тухай хуулийг баталсан. Стратегийн 16 орд, ойролцоо байсан 34 ордыг баталсан. Оюутолгой, Тавантолгой ордыг ашиглах тухай хуулийг баталсан. 2010-2016 онд Монгол Улсад Хүний хөгжлийн сангийн хуультай байсан. Сангийн зарлагыг хуулиар батална. Орлого нь стратегийн 16 ордноос орно. Үйл ажиллагааны, АМНАТ, татварын урьдчилгаа, урьдчилгаа зээл гэж заасан байдаг. “Эрдэнэс Тавантолгой”-н хувьд 2010, 2011 онд хоёр удаа тодорхой хэмжээний орлогыг төвлөрүүлж байсан. Өнөөдрийн яриад байгаа гэрээний хувьд Сангийн яам, сайд оролцдоггүй, компани хооронд гэрээ байгуулдаг” хэмээн өөрсдийгөө хамгаалж байлаа. Харин “Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн хараат бус гишүүн П.Өлзийнаран “Гэрээнүүдийг намайг ТУЗ-өөс гаргасны дараа хийсэн. Би мэргэжлийн хүний хувьд шаардлага тавьдаг байсан. 2016 оноос өмнө ТУЗ-ийн протокол байгаагүй, устгасан гэж хэлсэн. “Эрдэнэс Тавантолгой”-н зардлыг бууруулж, өгөөжийг нэмэгдүүлэх боломж байсан” хэмээн мэдэгдэв. Энэ өдрийн сонсголд гэрчээр дуудагдаж ирсэн эрхмүүд ийнхүү өөр өөрсдийн байр суурийг хамгаалсан тайлбар өгч байсан юм. Гэвч заримынх нь тайлбар өнөөдрийн бодит байдалтай зөрчилдөж байв. 

 

Нэг их наяд орчмын өртэй “Тавантолгой түлш”-ийн ТУЗ 1.1 тэрбум төгрөгөөр өөрсдийгөө урамшуулжээ 

 Түр хорооны хяналтын сонсголын гурав дахь өдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн охин компаниудад оруулсан хөрөнгө оруулалт болон бусад санхүүжилттэй холбоотой сэдвээр хэлэлцэв. Үүнд “Тавантолгой түлш” ХХК болон төсвийн шинжтэй санхүүжилт, Загийн усны хоолойгоос ус татах шугам хоолойн барилга угсралтын ажил, Тавантолгой дулааны цахилгаан станц, Уурхайн суурьшлын бүсийн бүтээн байгуулалтын төсөл, Кокс эрчим хүчний үйлдвэр, “Шивээ овоо”, “Багануур” ХК багтсан байлаа. Шинжээчийн дүгнэлтээр “Тавантолгой түлш” ХХК-ийн 51 хувийг “Эрдэнэс Тавантолгой”, 39 хувийг Эрчим хүчний яам, 10 хувийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар эзэмшдэг. “Тавантолгой түлш” ХХК гурван үйлдвэртэй үйл ажиллагаа явуулдаг. “Тавантолгой түлш” ХХК энэ оны есдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 413.3 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй, 997.2 тэрбум төгрөгийн өртэй, 583.9 тэрбум төгрөгийн алдагдалтай үйл ажиллагаа явуулж байгаа аж. Их хэмжээний өртэй, алдагдалтай ажиллаж байгаа ч ТУЗ-ийн гишүүд цалин болон бусад зардалд их хэмжээний урамшуулал авдаг байсан нь тогтоогджээ. ТУЗ-ийн үйл ажиллагаанд 1.1 тэрбум төгрөгийн зардал гаргасан бол “Тавантолгой түлш” ХХК-аас “Зерован” компанид найман удаагийн гүйлгээгээр 57.6 сая төгрөгийг хувь хүний хадгаламжийн дансанд шилжүүлсэн байх жишээтэй. Харин “Зерован” компанийн захирал Ө.Ууганбаяр дээрх гүйлгээг бэлэн мөнгөөр зарлагадаж, өөрийн Төрийн банкны хадгаламжийн данс руугаа хийсэн байна. Тэгвэл “Зерован” компанийн захирал Ө.Ууганбаяр нь “Тавантолгой түлш” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч П.Амарцэцэгийн нөхөр ажээ. Ийнхүү төрийн мөнгө уйлдаггүй гэдгийг дээрх гэр бүлийн компани, хадгаламжийн дансны гүйлгээ харуулж байна. 


Экс Ерөнхийлөгч Х.Баттулга нар төмөр замын төсөлд нэгдмэл сонирхлоор “оролцсон”

 УИХ-ын хянан шалгах түр хорооны дөрөв дэх өдрийн сонсголоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас сан­хүү­жүүлсэн төмөр замын төслүүд сэдвийн хүрээнд Ерөнхийлөгч асан Х.Баттулга нарын 68 гэрчийг дуудсан байлаа. Шинжээчийн дүгнэлтээр Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх зорилгоор 20 жилийн хугацаатай хүүгүй, хаалттай нөхцөлтэй бондыг “Монголын төмөр зам” гаргаж, “Эрдэнэс Тавантолгой” худалдан авсан байна. Нийт баталсан төсөв нэг их наяд 392.2 тэрбум төгрөг аж. Төмөр замын бүтээн байгуулалтад “Улаанбаатар төмөр зам” ХНН, ЗХЖШ гүйцэтгэгчээр оролцжээ. Төмөр замын бүтээн байгуулалтад ЗХЖШ-ийн харьяа найман анги нэгтгэл, 77 аж ахуйн нэгж ажилласан байна. Тавантолгой-Зүүнбаян төмөр замыг 2023 оны наймдугаар сарын 23-ны дүгнэлтээр ашиглалтад оруулсан юм.

“Улаанбаатар төмөр зам” ХНН-тэй төслийн дээд бүтцийн ажил, холбоо дохиоллыг суурилуулах ажилд нийт 30 компани туслан гүйцэтгэгчээр ажилласны дотор улстөрчдийн хамаарал бүхий зургаан компани багтжээ. Үүнд УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарын дүү Б.Мэндсайханы “Болор болд зам” ХХК таван тэрбум 70 сая төгрөгийн гэрээ байгуулжээ. Мөн Б.Гарамгайбаатарын хүү Г.Тэнгисийн “Аржроуд” ХХК 2.9 тэрбум төгрөгийн гэрээ хийжээ. УИХ-ын гишүүн Н.Ганибалын нэгдмэл сонихрол бүхий “Монгол зам групп” ХХК 24.8 тэрбум төгрөгийн гэрээ хийсэн байна. 

Тэгвэл Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам барих төслийг “Бодь интернэшнл” ХХК гүйцэтгэсэн байна. Тус төмөр зам нь 233.6 км урттай, зургаан зөрлөг, хоёр өртөөтэй. Жилд 30-50 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтайгаар баригджээ.

Шинжээчийн дүгнэлтэд “Бодь интернэшнл” ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр ажилласан компанийн нэгдмэл сонирхолтой этгээдийн жагсаалтыг гаргасан бөгөөд гэрээний үнийн дүнгийн мэдээлэл ирүүлээгүй байгааг онцолжээ. Тухайлбал, Д.Баясгалангийн “Бодь пропертийз”, “Инкон”, “Инфосолюшн” компанийн нэгдмэл сонирхол бүхий этгээд Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Х.Өлзий-Оршихын “Эм Ар Трейд” компанийн нэгдмэл сонирхол бүхий этгээд Улсын Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав, эцсийн өмчлөгч нь Д.Дорлигжавын эхнэр Б.Энхтуяа нар байх жишээтэй. 

Ийнхүү УИХ-ын хянан шалгах түр хорооны сонсголоор нууцлалтай гэрээний цаана халхавчилсан нүүрсний хууль бус бизнес, нэгдмэл сонирхол бүхий улстөрчид ил болсоор байна.

 Н.Энхлэн

Эх сурвалж: Монголын үнэн сонин №048/24579/



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22