Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг УИХ-д өргөн барив. Үүнтэй холбогдуулан ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаас зарим зүйлийг тодрууллаа.
-Ямар үндэслэлээр дээрх тогтоолын төслийг УИХ-д өргөн барьж байна. Өнөөдрийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг хэчнээн иргэн эзэмшиж байна вэ?
-Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 2.5 сая иргэн “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа эзэмшиж байна. Тодруулбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 81.5 хувийг төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэгч “Эрдэнэс Монгол” ХХК эзэмшдэг. Үлдсэн хувьцааны 18.44 хувийг иргэд, 0.06 хувийг үндэсний аж ахуйн нэгжүүд эзэмшиж байгаа юм.
“Нүүрсний тээвэрлэлт, экспорттой холбоотой асуудлаарх ерөнхий хяналтын сонсголын тайлантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын энэ оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн наймдугаар тогтоолоор Засгийн газарт даалгасан арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор энэ тогтоолын төслийг боловсруулсан. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийг бүртгэх ажлыг шийдвэрлэхээр УИХ-ын тогтоолын төслийг нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн барилаа.
2010 оны долдугаар сарын 7-ны өдрийн УИХ-ын 39 дүгээр тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны 50 хүртэлх хувийг иргэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлэхээр тусгасан байдаг. Ингэхдээ эхний ээлжид хувьцааны 20 хувийг иргэдэд, 10 хувийг нь гадаад, дотоодын хөрөнгийн биржээр дамжуулан аж ахуйн нэгжүүдэд эзэмшүүлэх зохицуулалттай. Үүний дараагаар 2012 онд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшихтэй холбоотой УИХ-ын тогтоол гарч, мөн оны дөрөвдүгээр сарын 11-нээс Монгол Улсын иргэдэд 20 хувийн хувьцаа эзэмшүүлэх шийдвэр гарган, хэрэгжүүлж өнөөдрийг хүртэл явж иржээ. Энэ оны нэгдүгээр сарын 8-ны өдөр УИХ-аас Засгийн газарт үүрэг, чиглэл болгосон тогтоолыг баталсан. Тухайн тогтоолд 2012 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрөөс хойш төрсөн Монгол Улсын иргэдэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг эзэмшүүлэх үүрэг, чиглэлийг Засгийн газарт өгсөн.
Цаашдаа шинээр төрсөн иргэн бүр хувьцаа эзэмшигч байх зохицуулалтыг Улсын бүртгэлийн газартай хамтарч шийдвэрлэнэ. Ерөнхийлөгчийн зүгээс Үндсэн хуулийн 6.2 дахь заалтыг хэрэгжүүлж, иргэн бүр байгалийн баялгаас тэгш хүртэх боломж, нөхцөлийг хангах чиглэлийг өгсөн. Тиймээс Засгийн газраас УИХ-д өргөн барьсан тогтоолын төсөлд “ “Эрдэнэс Тавантолгой” компанийн нийт хувьцааны 34 хувийг Монгол Улсын иргэн бүрд адил тэнцүү хэмжээгээр, үнэ төлбөргүйгээр эзэмшүүлэх ” шийдвэрийг гаргалаа.
-Иргэд “Эрдэнэс Тавантолгой”-н нийт хувьцааны 20 биш 34 хувийг эзэмшихээр тогтоолд тусгажээ. Ингэснээр 1072 хувьцааны тоо нэмэгдэх үү?
-2012 оны УИХ-ын тогтоолоор иргэд “Эрдэнэс Тавантолгой” компанийн нийт хувьцааны 20 хувийг эзэмшихээр байсан бол өнөөдөр өргөн барьсан тогтоолын төсөлд 34 хувийг эзэмшихээр тусгасан. Ингэснээр урьдчилан тооцоолсноор өнөөдрийн тухайд нэг иргэн 1200-1300 ширхэг хувьцаа эзэмших боломж бүрдэж байна.
-Хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийг хэрхэн явуулах вэ?
-Энэ хувьцаа өвлөгддөггүй, хөрөнгийн биржээр зарагддагүй. Тийм учраас Монгол Улсын иргэн харьяатаас гарсан, нас барсан тохиолдолд хувьцаа эзэмшигчийн бүртгэлээс хасах юм.
-Иргэн хувьцаагаа бусдад худалдаж болох уу?
Стратегийн орд газрын хувьцаанаас иргэдэд эзэмшүүлж байгаа нь цаашдаа хоёр дахь зах зээлд борлогдохгүй байх нөхцөлийг хангасны үндсэн дээр шийдвэрлэж байгаа юм. Хэрвээ хоёр дахь зах зээлд борлогдвол хөрөнгө чинээтэй цөөн хэсгийн гарт стратегийн орд газрын эзэмшил төвлөрөх аюултай.
-Хувьцаагаа зарсан иргэд буцаан авч болох уу?
-2015 онд тухайн үеийн Засгийн газраас “Сайн хувьцаа” гарган, тодорхой тооны ахмадууд, оюутан залуус, төрийн албан хаагчдад нийгмийн даатгал төлөх, тэтгэврээ урьдчилж авах, оюутны сургалтын төлбөр хэлбэрээр хувьцааг нь худалдан авсан байдаг. Өнөөдрийн өргөн барьсан тогтоолоор тухайн үед нэрлэсэн ханшаараа буюу нэгж хувьцаагаа 933 төгрөгөөр зарсан иргэд буцаан худалдан авч болно. Энэ арга хэмжээг 2028 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэлх хугацаанд явуулах зохицуулалт хийлээ.
Учир нь иргэн бүр хувьцаа эзэмшигч байх ёстой. Иргэдийн зарим нь хувьцааны 30, 50 хувиа зарснаас ногдол ашиг тэгш хүртэх боломжгүй байна. Тиймээс Засгийн газрын зүгээс таван жилийн хугацаанд иргэд хувьцаагаа буцаан худалдан авах боломжийг олгож байгаа юм.
-1072 хувьцааг “амьгүй” байна, ногдол ашгаа авч чадахгүй байна гэдэг. Энэ талаар ямар зохицуулалт тусгасан бол?
-Энэ тогтоолыг өргөн барьсны бас нэг зорилго нь иргэдэд ногдол ашиг олгох асуудал. Цаашдаа жил бүр “Эрдэнэс Тавантолгой” компанийн ногдол ашгийг иргэдэд тогтмол олгоно. “Эрдэнэс Тавантолгой” компанийн үйл ажиллагааг сайжруулж, ногдол ашгийг олгох боломжийг бүрдүүлэх нь чухал гэж үзсэн.
2022 онд “Эрдэнэс Тавантолгой” ХХК 1.6 орчим их наяд төгрөгийн ашигтай ажилласан байдаг. 2023 оны жилийн эцсийн тайлан хараахан гараагүй байна. Тиймээс нийт ашгийг өнөөдөр тодорхойлж хэлэх боломжгүй. Тийм учраас компанийн жилийн ашгаас хувьцаа эзэмшигчид оногдож байгаа хувьдаа дүйцүүлэн ногдол ашгаа хангалттай хэмжээнд авах боломжийг Засгийн газар олгож байна. УИХ-аар энэ тогтоолыг хэлэлцэн баталсан тохиолдолд Засгийн газар 2022, 2023 оны “Эрдэнэс Тавантолгой” компанийн нийт ашгийг тооцон гаргаж, үүнээс иргэдэд ногдох 34 хувийг хэлэлцэнэ. Ингээд ард иргэдэд олгох ногдол ашгийг тооцон олгох ажил үргэлжилнэ.
-“Эрдэнэс Тавантолгой”-н 34 хувийн хувьцаа эзэмшигчдийг хэн төлөөлөх бол?
-УИХ энэ тогтоолыг баталсаны дараагаар Засгийн газраас хэрэгжүүлэх журмыг батална. Орон даяар “Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-д 34 хувийн хувьцаа эзэмшигчдийг төлөөлж суух төлөөллийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулна.
Н.Энхлэн
Эх сурвалж: Монголын үнэн сонин №048/24579/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна