Улиран одож буй 2023 он монголчууд бидний хувьд Шинэ сэргэлтийн эхлэл байлаа. Энэ онд улс төрийн хүрээнд гадаад орны Төрийн тэргүүнүүдийн айлчлал, Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт зэрэг нь олон улсын анхаарлын төвд байлаа. Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болох гэж байгаа энэ парламент Үндсэн хуулийн өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоог 126 болгон нэмэгдүүлж, батлав.
Засгийн газраас өнгөрсөн жилүүдэд эдийн засгаа сэргээх, экспорт, гадаад худалдааг нэмэгдүүлэх, төлбөрийн тэнцлийг сайжруулах, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэн, гадаад өрийн зохицуулалт хийж, бондын өрийг төлөх арга хэмжээг авснаар Монгол Улс дефолтоос бүрэн сэргийлж чадсан. Тиймээс ч энэ онд Шинэ сэргэлтийн зургаан бодлогоо үргэлжлүүлж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д дахин онцгой дэглэм тогтоож ажилласны үр дүнд түүхэндээ анх удаа төсвийн орлого их наяд төгрөгөөр давж биелэн, цалин тэтгэвэр нэмж, нүүрсний экспорт төлөвлөснөөс 10 сая тонноор нэмэгдэн түүхэндээ анх удаа 60 саяыг давж, гадаад валютын албан нөөц 4.3 тэрбум ам.долларт хүрч, Ирээдүйн өв санд 2.8 их наяд төгрөгийн хуримтлал үүссэн нь эдийн засагт ногоон гэрэл асааж байна. Ингээд энэ онд улс төр, эдийн засагт өрнөсөн онцлох үйл явлыг тоймлон хүргэе.
Гишүүдийн тоог нэмэгдүүлсэн "эцэг" хуулийн өөрчлөлт
Парламентын засаглалтай манай улсын хувьд ардчиллыг бэхжүүлэх, засаглалын нээлттэй байдлыг хангах, иргэдийн төлөөллийг идэвхжүүлэх, хүний эрхийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч, сонгуулиар бүрдсэн УИХ бүр холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсаар ирсэн. Ирэх онд бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болох энэ парламентын тухайд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, 1992 оноос хойш 76 төлөөлөлтэй явж ирсэн Монгол Улсын Их хурлын гишүүдийн тоог 126 болгон батлав. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас үйл ажиллагаагаа хязгаарлагдмал явуулж ирсэн энэ УИХ-ын "Эцэг" хуульд оруулсан өөрчлөлт төрийн зөв шийдвэр байсан эсэхийг цаг хугацаа л шүүнэ. Ямартаа ч УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлснээр төлөөллийн оролцоог хангаж, парламентын ардчиллыг бэхжүүлнэ гэж хууль боловсруулагчид үзэж байна.
Төсвийг 1.9 их наяд төгрөгөөр тодотгож, цалин, тэтгэвэр нэмлээ
Өнөөдрөөс яг жилийн өмнө Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлтэй байлаа. Төсвийн орлого тасалдаж, валютын нөөц хумигдаж, гадаад өр нэхэгдсэн зэрэг эрсдэл үүссэн. Энэ эрсдэлтэй нөхцөлд Засгийн газар уул уурхайн экспортоо нэмэгдүүлэх, нүүрс дагасан далд эдийн засгийг ил болгох арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлсэн юм. Үүний үр дүнд өнгөрсөн жилийн сүүлээр төсвийн орлогоо төвлөрүүлж, гадаад валютын нөөц нэмэгдэж, гадаад өр, зээлээ төлөх нөхцөл бүрдэж, эерэг үзүүлэлттэй гараад байна.
Өмнөх жилүүдэд улсын төсвийн орлого дутсанаас төсөвт тодотгол хийдэг байсан. Тэгвэл энэ жил түүхэндээ анх удаа улсын төсвийн орлого эхний хагас жилдээ давж биеллээ. Тодруулбал, Монголын эдийн засаг энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 7.9 хувийн өсөлттэй гарав. Төсвийн орлогын өсөлтөд нүүрсний экспорт гол нөлөөг үзүүлжээ. Зөвхөн оны эхний таван сарын байдлаар улсын хэмжээнд нийт 25 сая гаруй тонн нүүрс борлуулснаас 11.5 сая тонн нь “Эрдэнэс Тавантолгой”-н борлуулсан нүүрс байна.
Энэ оны эхний хагаст төсвийн давсан орлогоороо цалин, тэтгэврийг нэмж, 1.9 их наяд төгрөгийн тодотгол хийсэн юм. Үүнээс 1.5 их наяд төгрөгийг энэ жилийн сүүлийн хагаст цалин, тэтгэврийг нэмэхэд зарцуулжээ. Харин ирэх онд цалин, тэтгэвэрт 3.4 их наяд төгрөгийг төсөвлөн баталсан юм.
Гадаад өр төлбөрийг хугацаанд нь барагдуулав
Засгийн газрын тархийг гашилгадаг олон асуудлын нэг нь гадаад өр, зээл. Гадаад өр, зээл бол дотоодын эдийн засаг ямар байх, дэлхий нийтийг хамарсан цар тахал, Орос, Украины мөргөлдөөнөөс үл хамаарч цаг, минут тутам хүү нь бодогдож, заасан хугацаанд нь заавал төлөх хатуу нөхцөлтэй “элсний нүүдэл”. Тиймээс ч гадаад өр, зээл Засгийн газрын тэргүүн хэн байхаас үл хамаарч, хугацаандаа төлөгдөх учир “мөнгө босгох” үүрэг Л.Оюун-Эрдэнийн танхимд хамааралтай байв. Харин энэ үүргээ Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар амжилттай биелүүлж, тэр байтугай төсвийн орлогоо энэ онд их наядаар давуулсныг “Эрдэнэс Тавантолгой” дахь стратеги ажиллагаагаа нь гэрчилнэ. Өнгөрсөн оны өдийд Засгийн газраас “Монгол Улс “Чингис” бондын 1.5 тэрбум ам.долларын өрийг бүрэн төлж барагдуулж байна” гэж мэдэгдсэн. Тэгвэл энэ онд Хөгжлийн банк 500 сая ам.долларын бондын төлбөрийг төлж барагдууллаа.
Өнгөрсөн хугацаанд Засгийн газраас зөвхөн чанаргүй зээлийн эргэн төлөлтийг хангуулж, шинээр нэг ч зээл олгуулаагүй байх арга хэмжээ авсны үр дүнд өнгөрөгч аравдугаар сарын байдлаар нийт 1.5 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний зээлийн эргэн төлөлтийг бүрдүүлжээ. Засгийн газар нүүрсний хулгайтай амжилттай тэмцсэний үр дүнд нүүрсний экспорт нэмэгдэж, төлбөрийн тэнцэл 800 сая ам.долларын ашигтай гарч, Монгол Улсын гадаад валютын албан нөөц дөрвөн тэрбум ам.долларт хүрсэн. Засгийн газрын зүгээс бодлогын зөв арга хэмжээ авч хэрэгжүүлсэн нь ийнхүү үр дүнгээ өгч, гадаад, өр төлбөрөө хугацаанд нь барагдуулж байна.
“Оюутолгой” үүцээ задалж, “Шивээхүрэн-Сэхэ” боомтын төмөр замын шавыг тавилаа
Шинэ сэргэлтийн бодлого дахь Аж үйлдвэрийн сэргэлтийн хүрээнд энэ онд Оюутолгойн гүний уурхайн олборлолт эхэллээ. Гүний уурхайн олборлолтын нээлтэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцохдоо “Гүний уурхайн 1265 метрийн гүнд орших 18 дугаар цооногоос Монгол Улс дэлхийд дөрөвт эрэмбэлэгдэх зэсийн өндөр технологийн уурхайтай болж, эхний бүтээгдэхүүнээ олборлож байгааг дэлхий дахинд ийнхүү зарлаж байна” гэдгийг онцлов. 1265 метр нь “Блю cкай” зочид буудлын шилэн барилгыг 12 давхарласантай тэнцэх хэмжээний гүнд уурхай байгуулж, “үүц”-ээ задалж байна гэсэн үг. Харин "Рио Тинто" группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм “Гүний уурхайн олборлолтыг эхлүүлснээр Оюутолгой дэлхийн хамгийн чухал зэс үйлдвэрлэгчдийн нэг болох эхний алхмаа хийхийг харж байна. Оюутолгой бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэхэд жилд зургаан сая гаруй цахилгаан автомашин үйлдвэрлэхүйц хэмжээний зэс нийлүүлнэ. Дэлхийн түвшний дэвшилтэт технологийн уурхайгаас олборлосон зэсээр бид ирээдүйд нүүрстөрөгчийн ялгарал, шингээлтийг тэнцвэржүүлж, “Рио Тинто”-гийн зэсийн бизнесийг тэлж, Монгол Улсад үр шимийг бий болгоно” хэмээн тодотгов. Оюутолгойн гүний уурхай нь долоон тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалттай бүтээн байгуулалт юм. Гүний уурхай бүрэн ашиглалтад орсноор Монгол Улсын эдийн засаг болон улсын төсөвт оруулах үр өгөөж гурав дахин нэмэгдэнэ гэж эдийн засагчид тооцож байна.
Засгийн газар Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Боомтын сэргэлтэд түлхүү анхаарсан байдаг. “Олон жилийн турш шийдэж чадахгүй байсан хил холболтын цэгээ тохирч, уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тээвэрлэлтийн гарцаа нэмэгдүүлэхэд чиглэсэн Гашуунсухайт, Зүүнбаян зэрэг төмөр замуудаа ашиглалтад оруулсан гээд олон чухал үр дүнд хүрсэн” гэж Ерөнхий сайд бататгасан байдаг. Тэгвэл энэ онд “Шивээхүрэн-Сэхэ” боомтын төмөр замын шавыг тавьж, бүтээн байгуулалтыг эхлүүллээ. Уг төмөр зам нь 1435 мм-ийн царигтай, галт тэрэг хүлээн авах, явуулах таван салбар замтай. Мөн ачилт буулгалтын дөрвөн салаа зам бүхий чингэлэгтэй ачааг автомашинаас буулгах, вагонд шилжүүлэн ачих, хоосон чингэлгийг автомашинд ачих чингэлэг өргөгчийг ажиллуулах зориулалт бүхий талбайтай байхаар төлөвлөжээ.
Авлигачдыг авлах “5Ш” ажиллагаа
Засгийн газар энэ оныг "Авлигатай тэмцэх жил" болгон зарласан. Энэ хүрээнд авлигачдыг авлах “А” төлөвлөгөө буюу “5Ш” ажиллагааг хэрэгжүүллээ. Шувуу ажиллагааны хүрээнд авлига, хээл хахуулийн томоохон хэрэгт шалгагдаж байгаад эх орноосоо оргон зайлсан эрх мэдэлтнүүдийг авчирлаа. Үүнээс хамгийн дуулиантай нь сайд асан Т.Бадамжунайг Филиппинээс авчирсан бол Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг авчрахаар хууль хяналтын байгууллагынхан ажиллаж байна. Авлигын хэрэгт холбогдон эрэн сурвалжлагдаж байгаа эрхмүүдийн банк санхүүгийн байгууллагын үйл ажиллагааг царцаах, иргэний бүртгэл мэдээллийг хүчингүй болгох, эрх зүйн харилцан туслалцах гэрээгээр 20 гаруй оронтой хамтран ажиллах зэргээр хуулийн байгууллагынхан үйл ажиллагаа явуулж байгаа юм. "Шилэн" ажиллагааны хүрээнд shilen.gov.mn платформыг нээж, есөн тусгай зөвшөөрөл олгогч байгууллагын зөвшөөрөл эзэмшигчдийн мэдээллийг нээлттэй байршуулаад байна. Харин төрийн алба, төрийн өмчийг шимэгчдээс салгах "Шүүр" ажиллагааны хүрээнд 481 албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлөөд байна. Эдүгээ Засгийн газар Авлига, албан тушаалын хэргийн дагнасан шүүхтэй болохоор холбогдох хуулийг УИХ-аар хэлэлцэж эхлээд байна.
Дэлхийн анхаарлыг Монголд татсан айлчлалууд
Энэ онд манай оронд холын, хүндтэй, ховор зочид айлчилсан түүхэн жил байлаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон 1965 онд дипломат харилцаа тогтоосноос хойш Францын төрийн тэргүүний түвшинд Монгол Улсад хийж буй анхны айлчлал гэдгээрээ онцлогтой. Айлчлалын хүрээнд хоёр улсын уламжлалт, найрсаг харилцааг үе шаттай ахиулж, стратегийн томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлэхээ нотолж, сансар судлалын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээр тохиролцсон байдаг. Үргэлжлүүлэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Франц улсад харилцан айлчилж, Монгол Улсын Засгийн газар, Францын “Орано майнинг САС” компанийн хооронд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний урьдчилсан хэлцлийг хийж, гарын үсэг зурж, бататгав.
Тэгвэл Гэгээн ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францисын Монгол Улсад хийсэн айлчлалаар олон улсын 150 гаруй хэвлэл дагалдаж, Папыг ойрноос харах гэсэн гадаадын иргэд ч Улаанбаатарт ирсэн байв. Монгол Улс Гэгээн ширээт улстай дипломат харилцаа тогтоосон 30 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгыг хүлээн авсан энэхүү айлчлалаар Монгол Улс дэлхий дахины анхаарлын төвд байлаа.
Монгол Улсад төдийгүй Азид анх удаа Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулсан нь энэ оны онцлох үйл явдлын нэгд зүй ёсоор багтана. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн санаачилгаар Дэлхийн 19 орны Гадаад хэргийн эмэгтэй сайд нар чуулсан энэ уулзалтаар уур амьсгалын өөрчлөлт, хүнсний аюулгүй байдал, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх үйлс дэх эмэгтэйчүүдийн оролцоо гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, Улаанбаатарын тунхаг баримт бичгийг батлав. Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтаар феминист гадаад бодлогыг тодорхойлж байлаа. Энэ нь гадаад харилцааныхаа салбарт хүйсийн тэнцвэртэй байдлыг хангаж ажиллах тухай ойлголт юм. Монгол Улсын 31 Элчин сайдаас зургаа нь эмэгтэй. Энэ бүхэн Монгол Улсын гадаад бодлогод феминист хэв шинж хадгалагдаж ирснийг гэрчилнэ. Эдүгээ дэлхийн 20 гаруй орон феминист гадаад бодлого баримталж байгаа гэдгээ зарласан байна.
Эх сурвалж: Монголын үнэн сонин №048/24579/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна