Бид энэ удаагийнхаа дугаарын зочноор “Итгэлт хүмүүн” төрийн бус байгууллагын тэргүүн Б.Дашпүрэвийг урьж ярилцлаа.
-Та болон танай байгууллагын хамт олон 2023 оныг ямар амжилт, бүтээлээр үдэж, шинэ ондоо ямар зорилго зорилтын төлөө ажиллахаар төлөвлөөд байна вэ?
-Би Увс аймгийн Зүүнхангай суманд төрж өссөн. Тиймээс нутаг орныхоо, ялангуяа нутгийн зон олныхоо хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор тодорхой ажлуудыг 2010 оноос хойш зохион байгуулж эхэлсэн. Гэхдээ нийтийг хамрах хэмжээний үр дүн гарахгүй байсан тул “Итгэлт хүмүүн” болон “Итгэлт Элжигэнчүүд” төрийн бус байгууллагыг байгуулсан. Эдгээр төрийн бус байгууллага өв уламжлалаа хадгалсан, өрсөлдөх чадвартай итгэлт хүмүүний төлөө гэсэн уриатай. Бид энэхүү уриан дор өргөн уудам нутаг дэвсгэрээ хайрлан хамгаалж, нүүдэлчин ахуй, соёл, өв уламжлалаа хадгалж, тээж яваа хүмүүсээ алдаршуулах, залуучуудад үлгэр дуурайл болох, тэдэнд бахархал төрүүлэх зорилготой олон ажил зохион байгуулж байна.
Тухайлбал, 13 ажил зохион байгуулснаас, найман сумын дунд “Адуучин” нэвтрүүлэг, мөн 19 сумынхны дунд соёл урлагийн “Хархираан түрлэг” наадмыг тус тус зохион байгуулсан. Мөн хүмүүст мэдээлэл хүргэх зорилгоор “Итгэл түгээе” аян, өвөлжилт хүндэрч байгаатай холбогдуулан оторт гарсан малчдадаа урам өгөх зорилгоор “Итгэл нэмье” аяныг Увс аймгийнхаа бүх сумаар тойрон хэрэгжүүлсэн. Улс үндэстний эрхэм зорилгын нэг бол өв соёл, ёс уламжлалаа хадгалж, үр хойчдоо өвлүүлэн үлдээх явдал. Тиймээс нутгийн зон олныхоо ялангуяа залуучуудынхаа хүсэлтэд үндэслэн санаачилсан ажлаа уламжлал болгон жил бүр зохион байгуулахаар болсон.
Манай улсад зочилж буй гаднын жуулчдын нэг зорилго нь бидний ондоошил, өв соёл, ёс уламжлалыг үзэж харах байдаг шүү дээ. Тиймээс бид бүхэн өв соёлоо хадгалж авч үлдэн үр хойчдоо өвлүүлэх ёстой, үүрэгтэй гэж боддог. Мөн боловсролын чиг хандлага, мэргэжил сонголт зэрэг сэдвээр сум орон нутагтаа илтгэл хэлэлцүүлэг өрнүүлсэн. Товчхондоо хүмүүст зөв үзэл бодол, зөв хандлага суулгах, соён гэгээрүүлэхэд тодорхой хэмжээний хувь нэмэр оруулсан амжилтаар 2023 оноо үдсэн.
-Уучлаарай, энэ цаг үе, нийгэмд “Итгэлт хүмүүн” гэх үг нэг тийм хол хөндий сонсогдож байна. Та бүхэн ямар утга агуулгаар төрийн бус байгууллагаа ингэж нэрлэсэн бэ?
-Агуулгыг нь ойлгохгүйгээр шууд уншихад эсвэл хэлэхэд “Итгэлт хүмүүн” гэх үг хиймэл юм шиг харагдаж, бас буруугаар мушгивал би өөрийгөө хэлээд ч байгаа юм шиг санагдаж магадгүй. Аливаа улс гүрэн өөрийн гэсэн мөн чанараа бий болгож, түүндээ тулгуурлаж хөгждөг. Бусад улсын тухайд брэнд болсон хүний сайн үйлдэл олон байна шүү дээ. Жишээлбэл, германчууд аливаа зүйлийг чанартай хийдэг, япончууд хариуцлагатай гэх мэт. Тэгвэл монголчууд бид итгэл гэдэг мөн чанараа дэлхийд брэнд болгож, хүлээн зөвшөөрөгдөх ёстой. Үүнийг бид зохиомлоор гаргаж ирээгүй. Итгэл гэдэг хамгийн том мөн чанар бидэнд бий. Бидний өвөг дээдэс дэлхийн талыг эзэлж, амжилтад хүрч байсан нь удирдагч нь цэргүүддээ цэрэг нь удирдагчдаа итгэж, хамт зүтгэсэн явдал юм. Бусдын итгэлийг алдаж болохгүй. Бусдын итгэлийг алдвал нэг монгол, нэг хамт олон байж чадахгүй. Тиймээс ямар ч тохиолдолд бусдын итгэлийг алдахгүйн төлөө л хичээх хэрэгтэй. Хоёрдугаарт, бусдад итгэх хэрэгтэй шүү. Бусдад итгэхгүй зөвхөн амин хувиа хичээгээд яваад байж болохгүй. Итгэлийн гурван холбоо буюу бусдад болон өөртөө итгэх, бусдын итгэлийг даах мөн чанарыг залуучууд эзэмшиж чадвал хамгийн том хөрөнгө оруулалт, хөгжил дэвшил. Гэтэл сүүлийн үед өнгө мөнгөний хорвоо гэгдэх болж. Хүн амьдралын алдаа оноон дунд өөртөө итгэх итгэлээ хүртэл алдах тохиолдол ч гарч байна. Тиймээс бид үүнийг сэрээж, илүү идэвхжүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа юм. Үүний тулд итгэл гэдэг зүйлтэй нэлээд сайн ноцолдох хэрэгтэй. Хүн хэлэхээс нааш ухаарахгүй, цаас чичихээс нааш цоордоггүй гэдэг. Ингээд ярихаар энгийн юм шиг хэрнээ үүний цаана маш том үнэт зүйл, мөн чанар нуугдаж буйг тайлбарлаж, давтамжтай хэлж яриад байвал нэг нь эхэлж, нөгөө нь үлгэр дуурайл аваад л нийтээрээ тийм мөн чанартай болох бүрэн боломжтой. Хүн бүр “Итгэлт хүмүүн” гэх мөн чанарыг өөртөө суулгаж чадвал монголчууд итгэлтэй, найдвартай хүмүүс байдаг гэдэг брэндийг хэзээ нэгэн цагт бий болгож чадна.
Нэг хэсэг гадаадын хөрөнгө оруулалт сайжирсан ч эргээд муудаж эхэлсэн. Шалтгаан нь бид гаднынхны итгэлийг алдаад байгаа хэрэг юм. Тиймээс бид бүх талаараа итгэл даах хэмжээнд хүрч байж гадаадын хөрөнгө оруулалтыг татаж чадна.
Хэмнэхээс илүү хянах ёстой гэдэг зарчим баримталдаг
-Таны ажил мэргэжлийн намтар түүхийг сөхөхөөр маш богино хугацаанд мерит зарчмаар оператороос байгууллагын дарга болтлоо дэвшсэн байна. Уншигчдад ажил, туршлагын замналаасаа хуваалцаж болох уу?
-Би их сургуулиа төгсөөд хөдөлмөрийн гараагаа орон нутгаас эхэлж, тэндээ олон жил ажиллаж, амьдарсан. Тодруулбал, Замын-Үүд дэх Шингэн түлш шилжүүлэн ачих байгууллагад анх оператороор ажилд орж улмаар инженер, ерөнхий инженер, байгууллагын дарга болж ажилласан. Үүнээсээ урам зориг, итгэл авч гадаадад гүнзгийрүүлэн сурч, илүү мэдлэг, чадвартай боловсон хүчин болох зорилго төлөвлөгөөтэй байсан боловч тухайн үед буюу 2009 онд манай байгууллагыг Төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчилж, надад хариуцуулсан юм. Энэ итгэлийг алдахгүйн тулд би хичээж байгууллагынхаа хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлж, хүний нөөцдөө онцгойлон анхаарч, байгууллагаа ашигтай ажиллуулж эхэлсэн. Ингэхдээ ажилчдаа идэвхжүүлж, хөгжүүлж, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэж байлаа. Энэ мэтээр байгууллага шат ахиж, эерэг өөрчлөлт гарч буйг хараад урамшиж, нийтийн, нийгмийн сайн сайхны төлөө ажиллах хүсэл сонирхол давамгайлж эхэлсэн. Хүн зөв замаа олж, өсөн дэвшиж аз жаргалтай болоход миний үг, үйлдэл хэрэгтэйг мэдэрсэн болохоор гадагшаа явж сурахаа больж, менежерийн түвшинд ажиллахаар шийдсэн дээ. Үүний дараа би Ашигт малтмал, газрын тосны газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, газрын даргаар зургаан жил ажилласан. Мөн Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн захиргааны, удирдлагын газрын дарга, Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэж байсан.
-Та улс орны нийгэм, эдийн засаг төдийгүй ирээдүйн хөгжилд томоохон хувь нэмэр оруулах стратегийн чухал байгууллагуудад удирдах албан тушаал хашихдаа ямар зарчим баримталдаг байв. Ер нь удирдагч хүн ямар байх ёстой гэж боддог вэ?
-Би төрийн байгууллагад 20 гаруй жилийн хугацаанд ажиллахдаа ил тод, нээлттэй байх, санхүүгийн тухайд хэмнэхээс илүү хянах ёстой гэдэг зарчим баримталсан. Ингэж ажиллахад тухайн байгууллагад эрсдэл гарахгүй, хамт олны дунд үл ойлголцол үүсэхгүй. Байгууллага толгойлж, баг удирдаж буй хүн шийдвэрээ түргэн шуурхай гаргадаг байх ёстой. Богино хугацаанд зөв шийдвэр гаргахын тулд удирдлага нь мэдлэг, туршлагатай бас мэдрэмжтэй байх хэрэгтэй. Дараагийн нэг асуудал бол хамт олноо сайн ойлгож, хүн бүр ялгаатайг хүлээн зөвшөөрч идэвхжүүлж, хөгжүүлж, улмаар нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх ёстой. Нэгнийх нь дутууг нөгөөхөөр нь нөхдөг байх хэрэгтэй. Гэтэл зарим удирдлага хариуцлагатай гээд нэг хүнд хэтэрхий их ачаалал үүрүүлдэг. Хамт олон бол тэгш, нэг нь нөгөөгөө нөхөж, дэмжиж баг болж ажиллаж чаддаг байх ёстой. Төрийн албанд ажиллаж буй хүнд хариуцлагатай, шударга, цаг баримталдаг, өндөр ёс суртахуунтай байх шаардлага зүй ёсоор тавигддаг.
-Та хэмнэхээс илүү хянах зарчим баримталдаг гэлээ. Төрийн байгууллагад хэмнэх, хянах зарчим аль аль нь л үйлчлэх ёстой болов уу?
-Ер нь санхүүг хэмнээд эхлэхээр хийх ёстой ажлууд хийгдэхгүй. Хийлээ ч гэсэн чанартай байж чадахгүй болох эрсдэлтэй. Харамч хүн хоёр төлнө гэдэг дээ. Хүмүүст ойр, ахуйн амьдралын жишээ татъя, санхүүгээ хэмнэж байна гээд өвлийн улиралд зуны дугуйтай яваад байж болохгүй. Халтиргаа гулгаанаас үүдэн осол гаргаж, эдийн засаг цаашлаад эрүүл мэнд, амь насаараа хохирох аюултай шүү дээ. Төрийн байгууллагын ажил ч гэсэн үүнтэй адил. Ер нь нийтийн өмчид алдаа гаргаж болохгүй. Хариуцлага алдсан хүн явсан ч тухайн газарт чанаргүй хийсэн зүйл нь хэвээр үлдэж, иргэд эрүүл мэнд, амь насаараа хохирох эрсдэл байсаар л байна шүү дээ. Мөн зарим дарга, удирдлага эрх мэдэл, албан тушаал, танил талаа ашиглаж хувийн асуудлаа шийдвэрлэж болдог гэдэг буруу ойлголтыг залуучуудад өгч байгаа нь харамсалтай. Ямар ч байгууллага удирдаж буй хүн зөв үлгэрлэж, сайн жишиг үлдээх ёстой. Түүнээс залуучууд, дараагийн үе нь үлгэр дуурайл авч, зөвөөр үргэлжлүүлнэ шүү дээ. Ингэж л бид үндсэн зарчмаа хадгалах хэрэгтэй.
-Таны аав нэг удаа “Төрийн ажлыг цалгардуулах бодол сэдэлтэй байгаа бол ажлаа өг” гэж хэлсэн тухай та ярьж байсан. Тухайн үед энэ үг танд юу бодогдуулсан бэ?
-Аавыг ингэж хэлэхэд нь би үнэхээр их ичиж, өөрийгөө чамласан. Тухайн үед би Төрийн өмчит үйлдвэрийн газрын даргаар ажиллаад багагүй хугацааг үдэж байсан. Тэр үед хотод ирж, Төрийн өмчийн хороонд ажлаа дүгнүүлчихээд л тэр өдөртөө буцдаг байлаа. Харин нэг удаа энэ ажлаараа хотод ирээд тэр өдөртөө буцахгүй хотод хоёр хонох тухай яриа өрнөхөд аав минь ингэж хэлж билээ. “Би дарга хүн. Ганц өдрийн ажил яахав дээ. Болно биз гэсэн бодолтой байгаа бол эртхэн больчихгүй юу даа” гэх аавын үг надад олон зүйлийг ойлгуулсан даа.
-Физик электроникийн чиглэлээр сурах сонголтод юу нөлөөлсөн бэ. Таныг оюутан болох үед ийм сонголт хийх тохиолдол нэлээд ховор байсан болов уу?
-Манай анги 32 хүүхэдтэй аравдугаар ангиа төгсөж байлаа. Тэдний 31 нь нийгмийн хичээлээр суурилж их, дээд сургуульд элсэх шалгалтаа өгч байсан.
Харин би ганцаараа физикийн хичээлээр шалгалт өгч байлаа шүү дээ /инээв/. Би ахлах ангидаа физик, математикийн хичээлдээ илүү сонирхолтой түлхүү хичээллэдэг байсан болохоор ийм сонголт хийсэн. Тухайн үед ирээдүйгээ харах бус зөвхөн өөрийнхөө чаддагтаа тулгуурлаж эдгээр хичээлээр шалгалт өгч, МУИС-д элсэж байсан. Тиймээс миний энэ алдааг залуус дүү нар маань битгий давтаасай, тэд ирээдүйгээ харж, зөв төлөвлөж мэргэжлээ зөв сонгоход нь хувь нэмэр оруулах үүднээс Увс аймгийнхаа бүх суманд очиж мэргэжил сонголттой холбоотой лекц тавьсан. Мэргэжлээ сонгохдоо аав, ээжийнхээ саналыг эсвэл сайн хичээлээ дагах, өндөр цалинтайг сонгох нь дийлэнх тохиолдолд буруу байдаг. Монголын нийгэмд, хөдөлмөрийн зах зээл дээрх боловсон хүчний нийлүүлэлт эрэлтээсээ давчихсан байна. Тиймээс залуус дүү нар хамгийн түрүүнд хүсэл сонирхол, ур чадвартайгаа нийцүүлэх, ирээдүйн чиг хандлага, эрэлт зэргийг харгалзаж үзэх нь зүйтэй.
Монгол Улсад жилд дунджаар 34 мянган хүүхэд ерөнхий боловсролын сургуулиа төгсдөг бөгөөд тэдний 82.5 хувь нь мэргэжил сонголттой холбоотой сургалт, зөвлөгөө мэдээлэл түгээмэл бус тул сэтгэл дундуур байдаг гэсэн судалгаа бий.
Ноён нуруу, мөн чанараа алдахгүй явах юмсан л гэж боддог
-Таныг ажил, мэргэжлийн чадвар туршлагатай, амжилттай, ахиж дэвшиж яваа боловсон хүчин гэдгийг олон зүйлээс харж болж байна. Харин та хэр сайн хань, аав бэ?
-Манайх дөрвөн хүүхэдтэй. Халамжтай хань, сайн аав байхын төлөө хичээдэг. Гэхдээ ар гэртээ хүссэн үедээ цаг зав гаргаад байж чаддаггүй ч тэдэндээ зарцуулж буй цагаа чанартай байлгахыг хүсдэг. Хүүхдүүдийнхээ хүмүүжил, сурч боловсрох, хөгжихөд илүү анхаарч, бүх талаас нь дэмжихийг хичээдэг. Миний хань намайг үргэлж дэмжиж, урам зориг өгдөг. Тиймээс би цаашид ч гэсэн улам хичээх ёстой. Ноён нуруу, мөн чанараа алдахгүй явах юмсан л гэж боддог.
Хулгай луйвар хийхээ л больчихвол Монгол Улс хөгжлийн замдаа орно
-Төрийн байгууллагад олон жил ажилласан хүний хувьд улс орныхоо хөгжил дэвшлийн тухайд нэг бодол тээж явдаг болов уу. Монгол Улс үсрэнгүй хөгжиж чадахгүй байгаагийн шалтгааныг юу гэж хэлэх вэ?
-Монгол Улс үсрэнгүй хөгжих бүрэн боломжтой. Гэтэл үүнийг хазаарлаж буй хүчин зүйл буюу үйлдэл, жишээгээр ногоон автобусны хэрэг, нүүрсний хулгай, Хөгжлийн банкны асуудал зэргийг нэрлэж болж байна. Товчхондоо авлига хээл хахууль, хулгай луйвар хийхээ л больчихвол Монгол Улс хөгжлийн замдаа орно. Манай улсын уул уурхайн баялгийн нөөц тодорхой хэмжээнд багасах үед эдийн засгаа солонгоруулах алхмаа дорвитой хийх хэрэгтэй. Тухайлбал, урт хугацаандаа биш шууд л маргааш нь үр дүн, өгөөжөө өгөх хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбартаа тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийвэл дэлхийд өрсөлдөх бүрэн боломж бий. Дараагийн гаргалгаа бол үсрэнгүй хөгжсөн, өндөр хөгжилтэй улс орны бэлэн туршлага, арга барилаас суралцах явдал юм. Тухайлбал, Япон улс технологийн салбарт амжилттай яваа. Гэхдээ ийм түвшинд хүрэхийн тулд япончууд алдаж, онож их зүйлийг туулсан байгаа шүү дээ. Харин бид тэдний туулсан замыг дагах, давтах шаардлага байхгүй. Тэдний туршлага, арга барил амжилтаас нь үлгэр жишээ авч, улсынхаа онцлогт тааруулан бий болгох бүрэн боломжтой.
-Улаанбаатар хотын иргэн бүр агаарын бохирдол, автомашины түгжрэлийн асуудалд сэтгэлээ чилээж, гарц шийдэл эрэлхийлж байдаг. Энэ хотод ажиллаж, амьдарч буй иргэний хувьд танд ямар нэгэн шийдэл байна уу?
-Зарим зүйлийг арай өөрөөр хийх хэрэгтэй байна. Тухайлбал, орон сууцжуулах хөтөлбөр. Энэ хөтөлбөр манай улсад тийм ч тохиромжтой биш. Бидний давуу тал бол өргөн уудам газар нутагтай бөгөөд цөөхүүлээ. Тиймээс энэ давуу тал, онцлогтоо тулгуурлаж нэгдүгээрт, дэд бүтэц, хоёрдугаарт, утаагүй төвлөрсөн зуухуудыг бий болгох хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд хүмүүс эзэмшлийн газар дээрээ тав тухтай, сайхан амьдрах нөхцөлийг бүрдүүлж эхэлнэ. Гэтэл одоогийн нөхцөлд эзэмшиж буй газрыг нь төр худалдаж авах байх гэсэн хүлээлтийн байдалд орчихсон байна. Төрийн бодлого шийдвэр тодорхой байж тогтвортой хэрэгжвэл иргэд үүнтэй уялдуулж амьдрал ахуйдаа өөрчлөлт шинэчлэлт хийнэ шүү дээ.
Харин түгжрэлийн тухайд нэгдүгээрт, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэд ая тухтай зорчих нөхцөл боломжийг бүрдүүлэх. Хоёрдугаарт, метро байгуулах. Иргэдийг нийтийн тээврээр зорчуулахын тулд ядаж л тав тухтай, дулаахан автобусны зогсоолтой байх хэрэгтэй. Би энэ тухай твиттерт жиргэж байсан ч болохгүй, бүтэхгүй гээд л шүүмжилж эхэлсэн. Гэтэл болдог гэдгийг харуулж, эхнээсээ ухаалаг автобусны зогсоолтой болж байна шүү дээ. Метро байгуулснаар автомашины түгжрэл буураад зогсохгүй түүнийг дагаад нийгэм, эдийн засаг, соёлын олон асуудал шийдэгдэж, хөгжил дэвшилд хүрнэ.
Үгээ үйл хөдлөлөөрөө л баталж, нотолж харуулдаг
-Таны ярианд хүнээ хөгжүүлэх, соён гэгээрүүлэх гэдэг үг давтагдаж байна. Яг яаж гэдэгт ямар хариулт өгөх вэ?
-Үүний тулд 70 хувь ярьж, 30 хувь хийх ёстой. Хүмүүс эсрэг байр суурьтай байж магадгүй. Яг үнэндээ хүмүүсийг нийтээр нь нэг үйлдэл хийлгэхийн тулд эхлээд хэлж ярьж, тайлбарлаж, ойлгуулах нь хамгийн чухал шүү дээ. Бид нэг зүйл дээр алдаа гаргадаг. Зөвхөн хувиа л хичээж амьдардаг. Нийгэмд, нийтэд тулгамдаж буй тухайн асуудал өөрт нь л ирэхгүй бол буруу бүхний хажуугаар чимээгүй өнгөрдөг. Буруу гэдгийг нь нэг нэгэндээ хэлдэггүй. Нийгмийн харилцаанд орж ажиллаж, амьдарч л байгаа бол зөвхөн би биш нийтийн сайн сайхны төлөө дуугардаг, хийдэг байх ёстой. Хамтын амьдрал, хамтын хариуцлага гэдэг зүйлийг л ойлгох хэрэгтэй. Нэг хүний жижигхэн ч гэсэн зөв үйлдэл цааш түгэн дэлгэрсээр нийтээрээ зөв үйлдэл, зөв хандлагатай болж болно. Би автомашинтай явах үедээ зам дагуу алхаж байгаа хүнийг дөхүүлээд өгдөг. Тэр хүн маргааш нь ийм үйлдэл хийнэ. Ингээд л нэг нэгэндээ санаа сэдэл өгч, үлгэр дуурайл үзүүлэх ёстой л гэж боддог.
-Та түрүүн хүмүүс дарга болохоороо өөрчлөгдөж, хувирдаг байж болохгүй гэж хэлсэн. Уучлаарай, танд ийм үйлдэл гаргахгүй гэх баталгаа бий юү?
-Надад өөрчлөгдөхгүй байх үндсэн философи, мөн чанар байгаа. Би тэгэхгүй, ингэхгүй гээд хэлж чадах ч үүнд итгэхгүй байх нөхцөл байдлыг зарим хүн бий болгосон учраас юу ч гэж хэлж, ярьсан итгэхгүй. Тиймээс би үгээ үйл хөдлөлөөрөө л баталж, нотолж харуулдаг.
Би санаачлагч бас гүйцэтгэгч хүүхэд байсан
-Бага нас гэдэг үг танд хамгийн түрүүнд ямар дурсамжийг тод санагдуулж байна вэ?
-Хамгийн түрүүнд аавын маань хөдөлмөрлөж буй дүр зураг тод тусаж байна. Аав минь биеэр үлгэрлэж, хөдөлмөрч, тэсвэр хатуужилтай, бас хариуцлагатай хүн байх мөн чанарыг бидэнд суулгаж өгсөн. Өрсөлдөх чадвартай байх, бусдад дэмтэй тустай байх гэх мэт биеийн болон оюуны хүчин чадал, чадварт сургадаг байсан. Гэхдээ үүнийгээ үг, үйлдлээрээ илэрхийлдэг байсан. Аав, ээж, томчууд бол хүүхдийн толь шүү дээ. Тэдний үгийг сонсож, үйлдлийг хараад даган дуурайдаг. Тиймээс би эдгээр мөн чанарыг ааваасаа харж, ойлгож өөртөө төлөвшүүлэхийн төлөө маш их хичээдэг байсан. Хөдөлмөрч, тэвчээртэй байхад сургасанд үнэхээр талархдаг.
-Та ах, дүү хэдүүлээ вэ. Айл бүрд сахилгагүй, эрх, ажилсаг, онц сурдаг гээд л өөр өөр өнгө төрх, хэв маягтай хүүхэд байдаг. Та ямар хүүхэд байсан бэ?
-Бид эхээс дөрвүүлээ. Би санаачлагч бас гүйцэтгэгч хүүхэд байсан. Харин манай ах үргэлж л ном уншдаг хүүхэд байлаа. Номд их дуртай. Өдөр, шөнөгүй л төрөл бүрийн ном уншина. Ах ном уншаад суучихаар ар гэрийн ажил орхигдох гээд байдаг учраас би “Усаа авъя, мод хагалъя” гэж санаачилж, хамтарч гүйцэтгэдэг байсан. Аав маань жолооч, ээж минь багш мэргэжилтэй учраас өглөө гараад л орой орж ирдэг байсан санагдана. Манай хоёр дүү олон насны зөрүүтэй болохоор тэднийгээ харах, асрах, гэр орноо цэвэрлэх зэргээр аав, ээждээ тусалдаг байсан.
-Та ямар зан чанартаа нүүр бардам байж чадах вэ?
-Би хэзээ ч хүний итгэл алдаж үзээгүй. Үүнийг хаана ч хэзээ ч нүүр бардам, итгэл төгс хэлж чадна. Өнгөрсөн хугацаанд мөр зэрэгцэн хамт ажиллаж байсан үе үеийн удирдлага, хамт олны хэнээс нь ч асуусан надад ам сайтай байна гэдэгт итгэлтэй байна.
С.Юмсүрэн
Эх сурвалж: Монголын үнэн сонин №001/24580/
Сэтгэгдэл (5)