...Толгойтой үс нь ширэлдэж бөөстсөн, өгзөг нь улайж цоорсон зургаан сартай хүүхдийг усанд оруулахад уйлах нь битгий хэл, амнаасаа нэг ч авиа гаргахгүй, ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй байсанд өр зүрх нь эмтэрч, сэтгэл нь шимширсэн тухай толгой сэгсрэх тэрбээр “Одоо тэр маань хөөрхий, ямаршуухан байдалтай байгаа бол. Ойрмогхон эргэж тойрох бодолтой байна” хэмээн санаашрав. Ийн ярих зуураа гурав орчим настай болов уу гэмээр тэргэнцэртэй хүүгийн хөлийг атган суух энэ хүн бол Сонгинохайрхан дүүргийн Түр хамгаалах байрны зохицуулагч Т.Мөнхсайхан. Түүний ярьсан хүүхэд, мөн хөлийг нь атган дулаацуулж буй хүү бол үл хайхрах хүчирхийллийн хохирогч болсон хүүхдийн бодит жишээ, тод дүр зураг. Ийм төрлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд тус байранд цөөнгүй ирдэг байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ хаяж байгаа нь санаатай гэмт хэрэг
Хамгийн олон хүн амтай, бас гэр хороололтой Сонгинохайрхан дүүрэг хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийг хамгаалах, тусламж үйлчилгээ үзүүлэх Түр хамгаалах байртай болоод дөрөв дэх сартайгаа золгож байна. Тодруулбал, өнгөрсөн оны есдүгээр сард үүдээ нээж, хамгаалал хэрэгтэй хүүхдүүдэд шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлж эхэлжээ. Өнгөрсөн онд хүчирхийлэлд өртсөн 120 гаруй хүүхдийг хүлээн авч, асуудлыг нь шийдвэрлэн улмаар харьяа хорооных нь хамтарсан баг руу шилжүүлсэн байна. Түр хамгаалах байрны журмын дагуу тухайн хүүхдийг 72 цаг буюу гурав хоног байлгаад ар гэртэй нь эргэн нэгтгэх арга хэмжээ авах ёстой ч аав ээж нь олдохгүй эсвэл архины хамааралтай, гэр оронгүй гэх мэт тодорхой шалтгааны улмаас олон хоног, сараар байх тохиолдол гардаг байна. Ийм шалтгаанаар тус байранд одоогоор арав орчим хүүхэд байрлаж буйг зохицуулагч Т.Мөнхсайхан хэллээ. Тэрбээр “Хоёр хүүхдийн хууль ёсны асран хамгаалагч нь олдоогүй. Бусад нь орон гэргүй, аав, ээж нь архины хамааралтай тул эргэн нэгтгэх арга хэмжээ авч чадахгүй хоёр, гурван сар болж байна. Тэдний дунд хөгжлийн бэрхшээлтэй гурван хүүхэд бий. Бид хоёр настай нэг хүүхдийг Сэргээн засах үндэсний төвд гурван сарын хугацаанд сувилуулаад өнөөдөр /нэгдүгээр сарын 4/ буцаан авах гэж байна. Өөрийгөө илэрхийлэх чадваргүй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ хаяж байгаа нь санаатай үйлдэл, гэмт хэрэг. Хүүхэд төрүүлж өсгөх бус мөнгийг нь авах зорилготой хүмүүс олон болжээ. Хүүхэд төрүүлэх эсэх нь тухайн хүний эрхийн асуудал хэдий ч үүрэг хариуцлагаа ухамсарлахгүй, алхам тутамдаа хүүхдийн эрхийг зөрчиж, хүчирхийлж буй хүмүүст эмч нар арга хэмжээ авдаг баймаар санагддаг. Манай Түр хамгаалах байранд нэг айлын 1-2 насны зөрүүтэй зургаан хүүхэд ирж байсан. Тэд жингийн дутагдалтай, хөгжлийн хоцрогдолтой, суурь өвчтэй байсан. Ямар ч асаргаа сувилгаа байхгүй. Бас л нүд халтирам байсан даа” хэмээн ярих зуур өсвөр насны нэгэн охин орж ирлээ.
Түүний тухайд, ээж болон хойд аавтайгаа таарамж муутай байдаг тул хамаатны эгчийндээ амьдардаг байна. Гэсэн хэдий ч охин эгчийнхээсээ дайжсан бөгөөд цагдаа нар түүнийг эрэн хайж олжээ. Тэр гэр бүлийн зөрчил маргаанаас болж амиа хорлох оролдлого хүртэл хийж байсан тухайгаа Түр хамгаалах байрны зохицуулагчид ярьжээ. Тиймээс түүнийг оршин суугаа хаягийнх нь дагуу Баянзүрх дүүргийн холбогдох газар руу шилжүүлж байгаа нь тэр аж.
Тэд юу ярив
Гэр бүлийн зөрчил, маргаан, үл хайхрах хүчирхийллээс болж өсвөр насныхан түүн шиг гэрээсээ зугтах, дайжих сонголт хийж, улмаар гэмт хэрэгт холбогддог тохиолдол олон бий. Үүний нэг жишээ болсон 15 настай хүүтэй цөөн хором ярилцсан юм. Түүний аав, ээж салж, ээж нь өөр хүнтэй хамт амьдарч эхэлсэн үеэс асуудал үүссэн гэнэ. Тэр 12 настай эрэгтэй дүүтэйгээ маргалдаж, муудалцах бүрд ээж нь түүнийг буруутгаж, загнаж, заримдаа бүр гар хүрдэг тул гэрээсээ явах, дайжих сонголт хийж, эцэст нь хулгайн хэрэгт холбогджээ. Тэрбээр “Ээж бүх зүйл дээр зөвхөн намайг л буруутгадаг. Миний буруу биш байхад хүртэл...” гээд хоолой нь зангирч, нулимс нь цийлэгнэн хэсэг чимээгүй болов. Үргэлжлүүлэн “Дүүгийн буруу байхад ах нь болж төрснийхөө төлөө яагаад би шийтгүүлэх ёстой юм бэ” гэж хэлэх нь намайг цохиод авах шиг болж, би өөрийгөө зэмлэв. Учир нь, би ч гэсэн заримдаа түүний ээж шиг үйлдэл гаргадаг. Ээжүүд бидний “Дүүдээ өг. Чи том агаа, том эгч байж яахаараа ингэдэг юм, тэгдэг юм” хэмээн зандчиж, үглэх үйлдэл эцэст нь хүүхдийг ийм сонголтод хүргэж, олон аюул дагуулах эрсдэлтэйг энэ хүү үг, үйлдлээрээ харуулав. Түүний хэлсэн “Би том болоод ажил хийж, мөнгөө хуримтлуулаад гоё гэртэй болно” гэх үг бидний ярианд гэрэл нэмэв.
Түүн шиг хэрсүүхэн бодолтой, хэвлүүхэн 12 настай хүү хоёр дүүгийн хамт тус Түр хамгаалах байранд багагүй хугацааг өнгөрүүлж байгаа тухай сонсоод түүнтэй уулзах хүсэлт тавилаа. Төд удалгүй хүү дээд давхраас бууж ирснээр бид яриа дэлгэв. Тэдэнтэй хамт байсан есдүгээр ангийн эгч нь Түр хамгаалах байрнаас гарч, хамаатныхаа айлд очсон тул хүү арав болон долоон настай хоёр дүүгээ хариуцаж үлджээ. Тэд хамгаалах байранд ирснээс хойш сургуульдаа явж чадаагүй тул дүү нарынхаа хичээл номд санаа нь зовж, хүрдийг нь цээжлүүлж байгаа тухай ярилаа. Түүний хэлсэн хоёр дүүгийнхээ “Ах аа гэртээ харья, эндээс хэзээ явах юм бэ” гэсэн асуултад “Би юу гэж хариулахаа мэддэггүй” гэх үг томчууд бидэнд нэгийг бодогдуулах биз ээ. Тэрбээр “Аавыг байхгүй хойгуур ээж яваад өгсөн. Аав архи уудаг болохоор ээж явсан байж магадгүй. Би хоёр эгчтэй. Том эгч маань бид гурвыг удахгүй авна гэсэн. Тэгээд бид гурав хичээлдээ явна даа” хэмээн ярих энэ хүү математикийн хичээлдээ илүү дуртай, сурлагаараа ангидаа гуравт жагсдаг гэнэ. Тэр том болоод хүүхдүүдийг хамгаалж, архи уудаг хүмүүсийг шийтгэдэг цагдаа болох хүсэл мөрөөдлөөсөө хуваалцав.
Нийт хүчирхийллийн 70 хувийг үл хайхрах хүчирхийлэл эзэлдэг
Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс 108 утсаар дамжуулан он гарснаас хойш дөрөв хоногийн хугацаанд 24 дуудлага хүлээн авч, үл хайхрах хүчирхийлэл дунд болон түүнээс дээш түвшинд өртсөн гурван хүүхдийг Түр хамгаалах байр руу хүргэжээ. Хэргийн газарт очсон холбогдох албаныхны гаргасан аюулын зэрэг, хүүхдийн эрсдэлийн үнэлгээг үндэслэж, хүчирхийлэл дунд болон дундаас дээш түвшинд үйлдэгдсэн тохиолдолд хамгаалах байранд шилжүүлдэг байна. Харин бэлгийн хүчирхийлэлд өртсөн, мөн аль ч төрлийн хүчирхийлэлд өртсөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хамгаалах байранд шууд авдаг аж.
Тус хэлтэс өнгөрсөн оны тайлант хугацаанд буюу арваннэгдүгээр сарын 15-ны байдлаар 1500 гаруй дуудлага хүлээн авсан байна. Үүний 50 гаруй хувийг бие махбодын болон үл хайхрах хүчирхийлэл эзэлжээ. Насны хувьд 2022 онд 0-9 насныхан илүү өртөж байсан бол өнгөрсөн онд 8-14 насныхан өртөх нь нэмэгдсэн байна. Тиймээс хороодынхоо хэсгийн ахлагчидтай хамтарч үл хайхрах болон бие махбодын хүчирхийллийн дуудлага давтагдаж буй гэр бүлд “хяналт” арга хэмжээг зохион байгуулан энэ төрлийн хүчирхийлэл гарахаас урьдчилан сэргийлж ажилласан тухай Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн Хүүхдийн эрхийн улсын байцаагч Г.Золжаргал ярилаа.
Мөн тус хэлтэст хүчирхийллийн гэрч, хохирогчоос мэдүүлэг авах, олон улсын жишигт нийцсэн “Хүүхдэд ээлтэй өрөө”-г 2022 оны дөрөвдүгээр сард ашиглалтад оруулжээ. Тухайн өрөөг дүрс тусгаарлагчаар хуваасан байв. Өөрөөр хэлбэл, нэг талыг нь аль ч насныхан тоглох боломжтой бүх төрлийн тоглоом, унших болон сонсох ном, бичих, зурах хэрэгсэл гэх мэт олон зүйлээр тохижуулсан нь хүүхэд гэртээ байгаа мэт сэтгэгдэл, төрүүлэхээр байв. Харин нөгөө талд нь мэдүүлэг авах хүмүүс буюу цагдаа, хууль ёсны асран хамгаалагч, өмгөөлөгч, сэтгэл зүйч нар байрладаг байна. Хүүхэд тэднийг харах боломжгүй. Ийм өрөөтэй болсноор ямар давуу тал гарч буй талаар Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Одгэрэл “Ямар ч хүүхэд ялангуяа бага насныхан цагдаа хараад, мөн тухайн байгууллага руу ороход айдас түгшүүртэй байдаг. Айж сандарсандаа буруу зөрүү мэдүүлэг өгөх эсвэл огт ярихгүй байх гэх мэт асуудал гардаг. Харин ийм зориулалтын өрөө хүүхдэд гэртээ байгаа мэт тав тухтай мэдрэмж төрүүлж, сэтгэл санаа нь тайван байснаар илүү нээлттэй ярьж, харилцдаг. Би өнгөрсөн онд арав гаруй хүүхдийн асуудал дээр хууль ёсны төлөөлөгчөөр ажилласан. Тэдний гурав нь бэлгийн, бусад нь үл хайхрах болон бие махбодын хүчирхийлэлд өртсөн байсан. Энэ төрлийн хүчирхийллийг ихэвчлэн зорилтот бүлгийнхэн буюу тогтсон ажил төрөлгүй, орон гэргүй, архины хамааралтай хүмүүс үйлддэг учраас нөлөөллийн лекц, семинарыг тогтмол зохион байгуулдаг. Гэсэн хэдий ч бодит үр дүн гарахгүй байгаа тул бид төрийн бус байгууллагуудтай хамтарч хүчирхийлэл үйлдэж буй архины хамааралтай хүмүүстэй тусгай арга барилаар тулж ажилласан. Тодруулбал, хөдөлмөрт суралцуулах буюу гар урлал хийлгэж, борлуулах зэрэг ажил хийлгэж өнгөрсөн онд арван хүнийг архинаас гаргаж, улмаар тогтсон ажил төрөлтэй болгож чадсан. Ингэж хөдөлмөрт сургах, соён гэгээрүүлэх, ухааруулах нөлөөллийн ажил зохион байгуулахын тулд тэднийг эхний ээлжид цагдаагийн байгууллагын дэмжлэгтэйгээр хүчээр авчирдаг байсан. Харин дараа дараагийн удаад тэд өөрсдийн хүслээр зорьж ирдэг болсон” хэмээн ярилаа. Мөн хүчирхийлэл ялангуяа бэлгийн хүчирхийллийн хэргийг шийдвэрлэх явц удааширалтай байснаар гэмт этгээд оргон зугтах, хохирогчид нөлөөлөх, хэргийг нь хэрэгсэхгүй болгох зэрэг асуудал гардаг тухай хөндөж, өөрт тохиолдсон нэгэн кэйсийн талаар ярилаа. Тэрбээр “Бэлгийн хүчирхийлэлд өртсөн зургаан настай хүүгийн хууль ёсны төлөөлөгчөөр ажиллаж байсан. Тэр хүүхэд болсон явдлын талаар тодорхой ярьж байсан. Хүүхдийг Түр хамгаалах байранд байрлуулсан хэдий ч бие нь өвдсөн тул ар гэр рүү нь буцаасан. Ингэснээр ээж нь хүүд нөлөөлж, улмаар хэргийг хэрэгсэхгүй болгож байсан. Энэ бол хэргийг шалгах, шийдвэрлэх явц удаан байгаатай холбоотой” гэлээ.
Холбогдох албаныхан үл хайхрах болон бие махбодын хүчирхийлэл үйлдэгчийг ухааруулах, давтан үйлдүүлэхгүйн тулд хуулийн хүрээнд байж болох бүх л аргыг ашигладаг байна. Тухайлбал, өргөдөл, амлалт бичүүлэх, хүүхдийн мөнгийг нь түр хугацаанд олгохгүй, зогсоох, заримдаа бүр гуйж, аргадаж ч үздэг гэнэ. Бүр аргаа барсандаа гурван охиноо утасны цэнэглэгчээр ороолгосон аавыг өөрийг нь ороолгоход “Ингэж аймаар өвддөг гэж мэдээгүй” гээд уучлалт гуйж байжээ.
Улсын хэмжээнд өнгөрсөн онд хүүхдийн тусламжийн 108 утсанд 130 орчим мянган дуудлага ирснээс 10 орчим мянга нь хамгааллын үйлчилгээ шаардлагатай дуудлага байжээ. Нийт хүчирхийллийн 70 хувийг эзэлдэг, хүүхдэд насан туршид нь хор уршиг учруулдаг “шимэгч” буюу үл хайхрах хүчирхийлэл нь бие махбод, сэтгэл санаа, бэлгийн хүчирхийллийн суурь болдог.
Хүүхдийг үл хайхрах хүчирхийлэлд өртүүлэхгүй байснаар бусад төрлийн хүчирхийллийн хохирогч болохгүй байх магадлал өндөр. Тиймээс энэ төрлийн хүчирхийллийг бууруулах, үйлдэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарах нь зүйтэй юм. Үүний тулд гэр бүл салалтыг багасгах, архины хэрэглээг бууруулах, ажлын байрыг нэмэгдүүлэхэд төр засгаас бодлогоор анхаарч, тодорхой ажлуудыг хийх шаардлагатай бол эцэг, эхчүүд хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлах ёстойг дээр дурдсан кэйс, холбогдох албаныхны яриа тодотгож буйг энд дахин онцлон тэмдэглэе.
Тэгэхгүй бол “шимэгч” хүчирхийлэл бидний ирээдүйг шимсээр хожим дахин нэг “шимэгч” үеийг төрүүлэх нь.
Тиймээс үл хайхрах хүчирхийллийг үл хайхарч болохгүй.
С.Юмсүрэн
Эх сурвалж: Монголын үнэн сонин №001/24580/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна