Улс төрийн “ичигсэд” хөдөлж, улаан, цэнхэр, ногоонуудын хэрүүлийн үүд нээгдэв


2023 он халаагаа өгч, 2024 он түүхээ бичиж эхэллээ. Дорнын ард түмний хувьд хүч чадал, эрх мэдэл, эд баялаг, сүр хүчний бэлгэдэл болсон луу жилд монголчууд хоёр том сонгуульд оролцож, сонгох, сонгогдох эрхээ эдэлнэ. Улс төрийн сонгууль л болсон хойно хэрүүл тэмцлээр энэ жил дүүрэн байх нь. Үүнийг баталж шинэ оны босгон дээр улстөрчид, сонгуульд нэр дэвшихийг горилогчид ээлж дараалан мэдэгдэл, хэвлэлийн бага хурал хийж, “ичээндээ” орж нуугдчихсан байсан зарим улс төрч хөдөлгөөнд орж эхлэв. Нүүрсний сонсголд дуудаад ирдэггүй, шүүх цагдаа тайлбар авах гээд чаддаггүй экс Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрөгч долоо хоногт хамгаалагч, бараа бологчдоо дагуулан Төрийн ордонд сүр бараатайгаар ирж, УИХ-ын даргад шаардлага гардууллаа. УИХ-ын чуулганаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн. Энэ хуульд “Гадаадын иргэн хэдэн төгрөгөөр хөрөнгө оруулалт хийх, тэдэнд ямар боломж олгох вэ” гэдгийг хэлэлцэж байгаа ч ямар нэгэн шийдвэр одоохондоо гараагүй, хууль хэлэлцүүлгийн шатанд л яваа. Гэвч үүнийг тойрсон хэрүүл маргаан үүсээд байна. “Гадаадын иргэдэд хөрөнгө оруулалтын босго хэмжээ тогтоож өгөх, тэдэнд хэдэн жилээр газар ашиглуулах вэ” гэх мэт үндэсний эрх ашиг, аюулгүй байдалтай холбоотой заалтууд энэ хуулийн төсөлд байгаа учраас аргагүй биз. Гэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга УИХ-ын даргад шаардлага гардуулсныхаа дараа сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ “Намайг УИХ-ын гишүүн байхад “Баянгол” зочид буудалд над руу дайрч, баривчилна гэсэн төрийн том дайралт болсон. Тухайн үед Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байсан. Ингээд Японы хөрөнгө оруулалт гэдэг юмыг зогсоож байв. Ерөнхий сайд Н.Алтанхуяг байх үед Тавантолгойд Бразил, Энэтхэг, ОХУ, Японы консерциум гээд гаднын хөрөнгө оруулалт орох үеийн шийдвэрээ болиод Хятадын “Шинхуа” компанид өгөх болсон. Гадаадын хөрөнгө оруулалтыг манай хууль тогтоох байгууллагууд өөрсдөө үгүйсгээд байдаг учраас энэ тал дээр эргэн хараачээ гэдэг саналууд байна” гэж ярилаа. Үүнээс харахад экс Ерөнхийлөгчийн намынхаа лидерүүдэд гомдсон гомдол нь хэвээрээ, Н.Алтанхуяг, Ц.Элбэгдорж нар том төслүүдийг гацааж, хөрөнгө оруулагчдыг үргээсэн гэдгийг нотлохоор ирсэн бололтой. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан, Цагдаагийн ерөнхий газрын дарга Т.Сүхболд нарыг томилох, Б.Ганбат, Ж.Болд нарыг чөлөөлөх тогтоолын төслийг батлав. Ингэснээр шинээр томилогдсон гишүүд тангараг өргөсөн юм. Өнгөрөгч долоо хоногт Засгийн газар хуралдаж Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэр дэх “Бүс нутгийн логистикийн төв”-ийг ашиглан олон улсын чанартай “Замын-Үүд хуурай боомт” байгуулахаар шийдвэрлэлээ. Мөн Улаанбаатар хотод таван байршилд цахилгаан автомашин цэнэглэх станц барих төслийг салбарын сайд танилцуулсан байна. Шинэ жилийн баярын уур амьсгалд дарагдаад өнгөрсөн “Нүүрсний сонсгол” Хууль зүйн сайдыг өөрийг нь хууль хяналтын байгууллага руу чирч мэдэхээр байна. Тухайлбал, Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар мэдэгдэл хийж, Б.Энхбаяр сайдыг Үндсэн хуулийн Цэцэд өгснөө зарлалаа. Тэрбээр “Хяналт шалгалтын үеэр танилцуулагдсан нотлох баримтуудын үнэн зөвийг нягтлах үүрэг нь хуралдаан даргалагч УИХ-ын гишүүн Б.Энхбаярт байсан. Гэвч энэ үүргээ хэрэгжүүлээгүй, иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хангах, хууль дээдлэх чиг үүргээ биелүүлээгүй” гэв. Мөн шинжээч нь худал мэдээлэл, дүгнэлт гаргавал эрүүгийн хуулиар хариуцлага хүлээх үүрэг хүлээсэн албан тушаалтан. Шинжээч ямар нотлох баримтыг үндэслээд юунд хүрсэн нь харагдаагүй ч, дүгнэлт танилцуулагдсан. Дүгнэлтээр миний биеийг “Нэмэх тээвэр” ХХК-тай хамтарч бизнес эрхэлдэг юм шиг зарласан. Улсын бүртгэлийн нэг нүүр лавлагаанаас миний биетэй ямар ч хамааралгүй болох нь харагдаж байгаа. Тиймээс нэгэнт авагдсан нотлох баримтыг үнэлээд дүгнэлтэд хүрсэн шинжээчийн талаар цагдаад гомдол гаргачихсан байгаа. Шинжээч цагдаад очоод олон нийтэд танилцуулаагүй ямар баримт байгаа талаар тайлбар өгөх ёстой” хэмээн мэдэгдлээ. Дан ганц Ж.Эрхэмбаатар ч бус олон хүн Б.Энхбаяр сайдын зохион байгуулсан “Нүүрсний сонсгол” баримт нотолгоогүйгээр нэр төрд халдсан, харлуулсан, үндэслэлгүйгээр гэмт хэрэгт холбогдуулан дүгнэлт гаргасан гэдэг гомдолтой байгаа юм байна. Дараагийн гомдогчид Үйлдвэрчний эвлэлээс гарч ирлээ. Тэд УИХ-ын гишүүн С.Ганбаатар байгууллагын нэр дээр байсан Замын цагдаагийн зүүн талд байршилтай газрыг 118 айлын орон сууцаар зарсан. Энэ орон сууцнаас УИХ-ын гишүүн С.Ганбаатар 15 орон сууц авчхаад одоог хүртэл мөнгийг нь төлөөгүй. Түүнчлэн найман байрыг юунд зарцуулсан нь тодорхойгүй шалтгаанаар алга болсон. Тус холбооны нэр дээр байсан Сонгинын амралтын газар, МҮЭСТО-ы ойр орчмын газруудыг мөн борлуулж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрнээ Ахмадын холбоог Үйлдвэрчний эвлэлийн төв байрнаас хөөж байна” гэдэг гомдол гаргаж, хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Эхнэр нь нүүрсний хэрэгт нэр холбогдоод байгаа С.Ганбаатар дахин их хэмжээний хөрөнгө мөнгөний асуудалд ийнхүү нэр холбогдов. 

Монголын улстөрчдийн идэвх илт сэргэж, улаан, цэнхрээрээ талцан хэрэлдэж, хэлэлцэж байна. Харин иргэд “ногоон” автобусны асуудлыг сөхөж, “нээлттэй сонсгол” зохион байгуулахыг шаардсаар байна. Өнгөрөгч долоо хоногт Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс “Ногоон автобусны” гэх тодотголтой хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж дуусган, шүүхэд шилжүүлэхээр Нийслэлийн Прокурорын газрын хянал­тад шилжүүлснээ зарлав. Дээрх хэрэгт нийт 27 хүнийг яллагдагчаар татагд­жээ. Тэдний дотор УИХ-ын гишүүн, Нийслэлийн албан тушаалт­нууд, гадаадын дөрвөн иргэн байгаа юм.

Энэ жил ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монгол Улсад айлчилж магадгүй гэдэг мэдээл­лийг ТАСС агентлаг түгээлээ. Владимир Путиний хувьд Умард Солонгос, Куба, Монгол, Тайланд, Турк зэрэг улсаас урилга хүлээж авсан, гэхдээ Кремль айлчлалын товыг зарлаагүй байна хэмээн тус мэдээлэлд дурджээ. Сүүлийн хоёр жил Монгол Улсын гадаад харилцаа илт сэргэж, Францын Ерөн­хийлөгч, Ромын пап зэрэг нэр хүндтэй зочдыг хүлээж авсан. Тэгвэл Монгол Улсын 2024 оны хүндэт зочноор Владимир Путин тодорч магадгүй юм. 


Б.Нүүдэл

Эх сурвалж: Монголын үнэн сонин №001/24580/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​Нүд бүрэлзэж чих шуугих нь хий арвидсаны шинж 6 цагийн өмнө
УИХ-ын гишүүн, Удирдах зөвлөлийн ажлын албаныхан иргэдтэй уулзлаа 6 цагийн өмнө
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонс… 6 цагийн өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөм… 6 цагийн өмнө
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто зам, гүүрэн бай… 11 цагийн өмнө
Туулын хурдны зам барих олон улсын нээлттэй тендерийг дахин зарлана 13 цагийн өмнө
Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож аж… 13 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн х… 13 цагийн өмнө
Нийслэлийн 23 дугаар сургуулийн гадаад хэлний өдөрлөгийн нээлт боллоо Өчигдөр
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг эргүүлэн татна Өчигдөр
ВАТИКАН: Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө Өчигдөр
“Хүүхэлдэй”, “Болзоо” моно драмын жүжиг нэгэн тайзнаа үзэгчдийн хүртээ… Өчигдөр
Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын олон улсын нээлттэй тенде… Өчигдөр
Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн б… Өчигдөр
Туркийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа Өчигдөр
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна Өчигдөр
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна Өчигдөр
Б.Алтантулга: Нийгэм дэх буруу ойлголтоос болж тархины үхэлтэй донороо… Өчигдөр
​ Нүүрсийг тусгай гарцаар хил нэвтрүүлж, экспортыг нэмэгдүүлнэ Өчигдөр
Франц Алжираас Элчин сайдаа татлаа Өчигдөр