-Улс орны хөгжилд чухал нөлөө, үр дүн бүхий сонгууль болно гэсэн хүлээлттэй байна-
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнтэй ярилцлаа.
-Энэ удаагийн сонгууль олон талаар онцлогтой болох нь. Монгол Улс УИХ-ын сонгуулийг анх удаа бүсчилсэн хэлбэрээр, томсгосон тойргоор зохион байгуулахаар боллоо. Үр дүнд нь 126 гишүүнтэй парламент бүрдэнэ. Томсгосон тойргоор сонгууль явуулах нь хэнд ашигтай вэ гэдэг хэлэлцүүлэг өрнөж эхэлсэн байна. Та үүнд эрх баригч намын бүлгийн даргын хувьд хариулт өгнө үү?
-Тойрог бүсчилсэн нь МАН өөрт зориулсан гэхээсээ илүү улс орныхоо цаашдын хөгжлийг харсан бодлого гэж ойлгож болно. Тийм ч учраас бид парламентад суудалтай улс төрийн намуудтайгаа зөвшилцөж, ойлголцсоны үндсэн дээр шийдвэр гаргасан. Бид эрх барьж байгаа нам гээд ямар нэгэн байдлаар хүч түрж асуудал шийдсэн зүйл огт байхгүйг тодотгоё. Учир нь бид АН-д саналаа хүргүүлсэн. АН-ын Улс төрийн зөвлөл, УИХ дахь бүлэг нь хуралдаж байж шийдвэрээ гаргасан. ХҮН нам ч удирдах байгууллагаараа хуралдаж шийдвэрт хүрсэн. Тиймээс бүсчилсэн тойргийг МАН өөрт зориулж баталлаа гэж хэлэх үндэслэлгүй юм. Харин ч парламентын түүхэнд анх удаа УИХ-д суудалтай улс төрийн намууд зөвшилцөж ойлголцоод тус бүрдээ удирдах байгууллагаа хуралдуулж олноороо хэлэлцэж байж шийдвэрт хүрсэн асуудал. Энэ бол том эрх ашигтаа нэгдэж чадсан шийдвэр байсан гэж би хувьдаа дүгнэж байна. Бүсчилсэн тойргоор сонгууль явуулсны ач холбогдол асар өндөр. Тухайлбал, УИХ-ын гишүүн цаашдаа улс орныхоо нийтлэг эрх ашгийн төлөө ажилладаг хүмүүс байна. Аль болох жижиг тойргоос салгах хандлага давамгайлсан учраас энэ гурван нам эх орныхоо эрх ашгийн үүднээс асуудалд хандсан. Бүсчилсэн тойрог маш олон талын давуу талтай. Нэгдүгээрт, улс орны эдийн засаг, санхүүгийн тухайд нэг цонх, нэг бодлогоор явах боломжтой болж байгаа юм. Хоёрдугаарт, бид өнөөдөр нэг хоттой улс болчихсон. Тэгэхээр хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангахад бүсчилсэн тойрог маш чухал нөлөөтэй байх юм. Хөдөөд хөгжлийн томоохон төвүүдийг бий болгох нөхцөлийг бүрдүүлнэ. Гуравдугаарт, парламентын гишүүн жижиг тойрог төлөөлөхөөс илүү улс орны хэмжээний бодлогын чанартай улс төр, нийгэм, төрийн том зүтгэлтэн байх боломж бүрдэнэ. Товчхондоо, парламент илүү мэргэшсэн болно гэдэг утгаараа сонгуулийн томсгосон тойрог давуу талтай.
-Бүсчилсэн тойргийн олон давуу талын цаана шинэ хүн парламентад орж ирэх боломжгүй тойрог зурчихлаа гэдэг шүүмжлэл гарч байна?
-Энэ бол тухайн хүний харах өнцөг байх. Бүсчилсэн тойргийг олон талаас нь хараасай гэж хүсэж байна. Тухайлбал, сонгогчид сонголтоо хийхдээ заавал барьж буюу уулзаж, харж, ярилцаж байж саналаа өгдөг байлаа шүү дээ. Гэтэл одоо өмнөх шиг нэр дэвшигч сонгогчидтой нүүр тулж уулзах боломжгүй болно. Ингээд сонгогчид тухайн нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааны материалтай танилцах, эсвэл сошиалаар танилцаж байж саналаа өгдөг олон улсын жишиг рүү орж эхэлнэ. Тийм учраас заавал танигдсан, үндэсний хэмжээний лидер гэхээсээ илүү тухайн тойрогт, тойргийн иргэдэд хэрэгтэй, шаардлагатай юу хийх вэ, сонгогчид түүнийг нь үндэслэж байж сонголтоо хийнэ гэсэн үг. Тийм учраас шинэ, хуучны ялгаа гарахгүй. Энд ганцхан жишээ татахад, би гэхэд Өвөрхангайдаа л танигдсан хүн. Архангай, Баянхонгорт шинэ нэр дэвшигч. Энэ өнцгөөс нь харвал хуучин хүмүүст ээлтэй, шинэд халтай гэж харах боломжгүй юм. Яахав манай улс өмнө нь бүсчилсэн хэлбэрээр сонгуулиа явуулж байгаагүй учраас аливаа хардлага, магадлал дэвшүүлж харж байхыг үгүйсгэхгүй.
-Тойрог томсчихоор нэг нэр дэвшигч 2-4 аймагт ажиллах болж байна. Гэтэл сонгуулийн сурталчилгааны хоног цөөн. Энэ тохиолдолд хуучин гишүүн байсан ч өөрийн тойргоос бусад газарт шинэ хүн. Анх бүсчилсэн тойрог оруулж ирэхэд танай бүлгийн гишүүд хэрхэн хүлээн авсан бэ?
-Намын зүгээс улс төрийн шийдвэр гарсан. Бүлгээрээ хэлэлцсэн, олонхоор дэмжсэн. Бид алийн болгон амин хувийн эрх ашигтаа баригдах билээ. Улс орныхоо хөгжлийг том зургаар нь харах цаг болсон шүү дээ. Сонгуулийн сурталчилгааны хоног цөөхөн ч гэсэн боломжит бүх хувилбараар л ажиллах учиртай. Бүсчилсэн хэлбэрээр анх удаа сонгууль явуулах гэж байгаа учраас бүх нэр дэвшигч ижил гараанаас гарна. Том тойрогт бүх хүнтэй уулзах боломжгүй учраас сурталчилгааны материалаараа дамжуулж өөрийгөө таниулна. Дээр нь технологийн дэвшлийг ашиглана. Цахим орон зайд ажиллана. Бүх нэр дэвшигч ижил түвшний, ижил гараатай гэдэг агуулгаар л хандаж байгаа. Үүнийг харин ч сайн үзэгдэл гэж харах ёстой болов уу.
-АН-ын зарим гишүүний зүгээс “МАН дахиад гарах тойрог зурчихлаа” гэж хэлээд байна. Гэтэл АН-ын бүлэг нь бүсчилсэн тойргийг дэмжсэн юм байгаа биз дээ?
-АН-ынхан өөрсдөө дэмжсэн шүү дээ. Намынх нь Улс төрийн зөвлөл, УИХ дахь намын бүлэг аль алинаараа хэлэлцээд дэмжсэн. Намынхаа удирдах байгууллагаар, олонхоороо хэлэлцэж дэмжсэн санал ирүүлчихээд араас нь ингэж ярьж байгааг ойлгохгүй байна. Энэ бол үнэхээр утгагүй зүйл. МАН хэрвээ өөртөө зориулж тойрог зурах байсан бол дангаараа баталж таарна биз дээ. Гэтэл бид УИХ-д суудалтай гурван намаас тус бүрд нь санал авсан. Энэ намууд тус бүрийнхээ удирдах байгууллагыг хуралдуулж, олонхоор хэлэлцэж байж шийдвэрээ гаргасан. Ингээд УИХ-аар хэлэлцээд мөн л олноороо дэмжсэнээр баталсан хууль шүү дээ. Тэгэхээр АН-ын зарим нэг гишүүний зүгээс гаргаж байгаа энэ яриа бол утга учиргүй юм.
-Сонгууль бол гурван талын оролцооны үндсэн дээр өрнөдөг процесс. Улс төрийн нам, нэр дэвшигч, сонгогчийн оролцоо заавал байх ёстой. Тэгвэл сонгуулийн тойрог тогтоохдоо иргэдийн саналыг хэрхэн тусгав гэдгийг зарим судлаач асууж байна. Та үүнд хариулт өгнө үү?
-Сонгуулийн хуульд заавал иргэдийн саналыг авна гэж заагаагүй. Өнөөдрийн нөхцөл байдлаас харахад иргэд саналаа өгвөл жижиг тойргийг сонгож таарна. Яагаад гэвэл хувь сонгогч бол өдөр тутамд өөртэй нь харилцаж ажилладаг хүн хэрэгтэй гэдэг агуулгаар хандах гээд байдаг. Гэтэл жижиг тойргоор сонгууль явуулахаар тулга тойрсон, жалга довны үзлээс хэтэрдэггүй гэдгийг бид хангалттай харлаа шүү дээ. Яаж жижиг тойргоос салах вэ, яавал төрийн түшээд нь ганц аймгийн биш улс эх орны хөгжлийн бодлого ярьдаг, түүний төлөө ажилладаг болох вэ гэж байна шүү дээ. Тийм ч учраас улс орноо бүсчилсэн байдлаар хөгжүүлэх нь зүйтэй гэдэг үүднээс томсгосон тойргоор сонгуулиа явуулахаар шийдээд байна шүү дээ. Нэг хот улс болчихсон өнөөдрийн байдлаасаа бид салах цаг болсон. Томсгосон тойрогт нэр дэвшигчид бүгд ижил гараанаас гарна. Томсгосон тойргоор сонгууль хийж үзээгүй учраас бүх хүнд шинэ, ижил гарааны нөхцөл хүлээж байна. Тийм ч учраас хэн нэгэнд давуу талтай сонгуулийн тойрог гэж дүгнэх боломжгүй. Ийм хэлбэрээр сонгууль явуулаад үзчихсэн бол бид сайн, муу талыг нь ярьж болох. Гэвч давуу, сул тал гэж ярихад эрт байна.
-Манай улс сонгууль бүрд тоглоомын дүрмээ өөрчилсөөр ирсэн. Энэ удаад томсгосон тойргийг сонгосон нь ямар үр дүн авчрах бол. Та хувьдаа ямар төсөөлөлтэй байна вэ?
-Нэг сайн тал нь томсгосон тойргоос УИХ бүрдвэл улс орны хэмжээний том бодлогодоо төвлөрдөг парламенттай болно гэж хараад байгаа юм. Улсын болон бүс нутгийн хөгжилд зориулсан хөрөнгө оруулалтад эдийн засгийн бодлогоо чиглүүлдэг болох болов уу гэж бодож байгаа юм. Хоёрдугаарт, улс төр, нийгэм, төрийн зүтгэлтүүд гарч ирэх болов уу гэсэн хүлээлттэй байна. Манай нийгэмд ийм зүтгэлтгүүд ховордсон. УИХ-д нэг, хоёр удаа суугаад гарчихсан хүн олон болжээ. Гэтэл парламентад олон жил сууж, хатаагдаж, боловсорч, туршлагажиж байж сайн төрийн зүтгэлтэн болж гарч ирэх учиртай. Энэ тухайд томоохон дэвшил болох болов уу. Ерөөсөө томсгосон тойргоор сонгууль явуулсны дараа Монгол Улсад бодлогын томоохон хэд хэдэн өөрчлөлт гарна. Тухайлбал, бүсийн хөгжлийн бодлогууд тодорхой болно. Улс төрийн намууд сонгуулийн мөрийн хөтөлбөртөө энэ талаар тодорхой тусгах байх. Хоёрдугаарт, орон нутгийн эрх мэдлийг нэмж таарна. Өөрөөр хэлбэл, байшин барилга барих, засах зэргийг УИХ-ын гишүүд ярихгүй, тухайн орон нутгийн удирдлагуудын эрх хэмжээний ажил болно гэсэн үг. Энэ нь эргээд шинээр бүрдэх парламентын давуу чанар болох учиртай юм. Эцсийн дүндээ энэ бүхний цаана Хөдөөгийн сэргэлтэд асар чухал нөлөө үзүүлнэ гэж ойлгож болно. Бид хөдөөг сэргээх хэрэгтэй гэж яриад байгаа боловч хэрхэн, яаж вэ гэдгийг төдийлөн ярихгүй, хийхгүй байгаа нь нууц биш. Харин одоо бүсчилсэн хэлбэрээр, том тойргоор сонгуулиа явуулаад шинэ парламент нь ажиллаад эхлэхээр хүссэн хүсээгүй хөдөөд сэргэлт гарна. Нэр дэвшигчид нэгэнт том тойрогт өрсөлдөх учраас намууд мөрийн хөтөлбөртөө бүсийн хөгжлийн тухай л тусгаж таарна шүү дээ. Ингэхдээ нэг бүс болсон гурван аймгийг хооронд нь хэрхэн ямар сэжмээр холбох вэ, ямар замаар хөгжүүлэх вэ, дэд бүтцийн ямар ажил шаардлагатай байна, эдийн засагт ач холбогдол бүхий гол зам нь аль вэ гэх зэрэгт тусгайлан бодлогоо чиглүүлнэ. Тийм учраас улс орны хөгжилд чухал нөлөө, үр дүн бүхий сонгууль болно гэсэн хүлээлттэй байна.
-126 гишүүнтэй анхны парламент бүрдэнэ. 78 нь тойрогт өрсөлдөнө. Жагсаалтаар орж ирэх 48 хүний зориулалт ямар байх вэ?
-Тухайн намаас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх л хүмүүс байх юм. Намаасаа дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг сурталчлах, хэрэгжүүлэх нь гол зорилго. Жагсаалтаар сонгогдох 48 бол нийтлэг эрх ашиг буюу улс орны хэмжээний томоохон асуудлыг ярина гэсэн үг. Дээр нь бүсийн хэмжээний асуудалд анхаарал хандуулна. Аймаг, дүүрэг, баг, хороо ярихгүй нь байна шүү дээ. Харин жагсаалтад багтаах 48 хүндээ улс төрийн нам маш өндөр шалгуур тавьж таарна. Жагсаалтаас ахиу суудал авахын тулд улс төрийн нам нэр цэвэр, олонд танигдсан, хүлээн зөвшөөрөгдсөн, аливаа асуудалд холбогдож байгаагүй хүмүүсийг нэр дэвшүүлэх учиртай. Үүний зэрэгцээ нийгмийн бүхий л давхаргын төлөөллийг хангах ёстой. Тухайлбал, хүйсийн тэгш харьцаанаас гадна малчнаас авахуулаад хөгжлийн ялгаатай хэсгийн төлөөлөл гэх зэргээр нийгмийн төлөөллийг хангахад анхаарах учиртай юм. Улс төрийн намууд үүнд онцгойлон анхаарах ёстой. Жагсаалтад хэн орох вэ гэдэг асуултын хариултад улс орны хэмжээний нийгмийн төлөөллийг багтаасан жагсаалт гаргасан нам илүү суудал авна гэж хэлэх байна. Жендэрийн хувьд ч олон эмэгтэй УИХ-д орж ирэх боломж бүрдсэн. Өмнө нь 20 эмэгтэй нэр дэвшээд 10 нь орж ирдэг байсан бол энэ удаад 37-40 эмэгтэй нэр дэвшинэ. Ингээд хамгийн багадаа 24 эмэгтэй УИХ-д орж ирэх боломж бүрдсэн. Сонгуулийн хуулийн тогтолцоо бол эмэгтэй нэр дэвшигчдийг дэмжсэн бодлого гэж харж болно. Ерөөсөө цаашдаа жендэрийг 50/50 байлгах дэлхий нийтийн чиг хандлага руу явж байгаа алхам.
М.Өнөржаргал
Эх сурвалж: Монголын үнэн сонин №001/24580/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна