Тавгийн идээнээс эхлээд Тавантолгойн ногдол ашиг хүртэл...


Дугаараас дугаарын хооронд

 

 Монголчууд бидний талаар гаднынхан “Хүн ам цөөтэй ч хэл ам ихтэй улс” гэж тодорхойлсон юм гэнэ лээ. Энэ үг үнэн ч байж магадгүй. Жил бүрийн нэгдүгээр сард хэдний өдөр Цагаан сараа тэмдэглэхээ ярьж, өргөн хүрээнд маргалддаг уламжлалтай. Харин энэ жил хэдэнд золгохоо бус  хэдэнд битүүлэхээ ярьж, битүү­ний өдөр яагаад тасарч алга болсон, “хэн авсан” явсан талаар мэтгэлцэж, дараа нь тавгийн идээн дээрээ ул боов өрөх үү, ааруул өрөх үү, боорцог тавих уу гэж маргалдав. Цагаан идээний үнэ огцом өсөж, ааруул хуруудыг 35-68 мянган төгрөгөөр зарж байгаа нь олныг бас бухимдуулаад авлаа. Төрийн ордонд ногдол ашиг хуваарилах чухал асуудлыг ярьж  байхад түмэн олон тавгийн идээний талаар маргалдаад нэг их ач холбогдол өгөхгүй өнгөрөв. Уг нь “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг 20 хувь байсныг 34 хувь хүртэл нэмэгдүүлсэн, жил бүр иргэдэд ногдол ашиг хуваарилах тун сайхан тогтоолын төслийг Засгийн газар оруулж ирсэн. Энэ улсын иргэн бүр эх орныхоо хувь хишгээс хүртэх том боломж үүнээс бүрдлээ. Гэхдээ зарим улстөрч ногдол ашиг олгохыг эсэргүүцэж, харин зарим нь олгох ёстой гэж үзэж байна. Зарим нь мөнгөний сургийг сонсоод уурлаж, хувцсаа тайлан хэвлэлийн хурал хийж байхад нэг хэсэг нь ногдол ашгийн мөнгөөр үйлдвэр барихыг шаардаж байх жишээтэй. Мөнгө гэгч үргэлж л хэрүүл тэмцэл дагуулж байдаг хойно ногдол ашиг тойрсон маргаан нэг хэсэгтээ л тасрахгүй нь лавтай.

Өнгөрсөн долоо хоногт Засгийн газар хуралдаж,  Улсын Их Хурлын тогтоолоор баталсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх Үндэсний хороог байгуулах Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үндэсний хороо­ны бүрэлдэхүүнд яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар, Монгол Улсын Шадар сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хороо, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хороо, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны Ажлын албаны дарга нарыг оруулах бөгөөд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан ахлах юм. Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулж бүсчилсэн форумыг аймаг, нийслэлд энэ оны нэгдүгээр улиралд багтаан зохион байгуулахаар төлөвлөж байна. Бүсчилсэн форумд аймаг, нийслэлийн холбогдох төрийн албан хаагчид, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн удирдлагууд, нутгийн өөрөө удирдах байгууллага, улс төрийн нам, эвсэл, мэргэжлийн холбоод, иргэний нийгмийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөл оролцох юм байна. Төрийн тэргүүн өнгөрсөн долоо хоногт Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний стратегийн цугларалтад оролцлоо.  Тэрбээр “Болзошгүй аюул, заналхийлэл, гамшгаас урьдчилан сэргийлэх, түүнийг хохирол багатай даван туулж, төр, нийгмийн үйл ажиллагааг сэргээн босгох чадавх, бэлэн байдлыг хангах зорилгоор “Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги”-ийг батлан хамгаалах болон гамшигтай тэмцэх тогтолцоонд тулгуурлан боловсруулж, хэрэгжүүлэх цаг болсон” гэдгийг онцлон тэмдэглэж байсан юм. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын намрын чуулган 75 хоног хуралдаж, 224 хууль, 62 тогтоол батлаад хаалтаа хийлээ. УИХ-ын чуулган завсарлахынхаа өмнөхөн  “Ногоон автобусны” гэх асуудлаар “Хянан шалгах түр хороо байгуулах  тухай” тогтоолын төсөл танилцууллаа. Ингэснээр улсад их хэмжээний хохирол учруулж, улаанбаатарчуудыг явгалсан “Ногоон” автобусны асуудлыг шал­­гаж, тусгай шалгалтын тайлан, санал, дүгнэлтээ Улсын Их Хуралд танил­цуулах үүрэг авлаа. Сүүлийн хэдэн хоног сошиал орчинд хамгийн их дуулиан тарьсан Хө­рөн­гө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэл­цэхгүй хойшлуулах шийдвэрийг УИХ-ын дарга гаргасан юм. Экс Ерөнхийлөгч Х.Баттулгыг хүртэл Төрийн ордон руу яаран гүйхэд хүргэсэн энэ төслийг эсэргүүцэж, 156 албан бичиг Их хурлын даргад хүрчээ. Тиймээс энэ хуулийг Үндэс­ний баялгийн сангийн тухай хууль, Бүсчилсэн хөгжлийн тухай хууль зэрэг бусад хуультай уялдуулж, хамт хэлэлцэхээр хойшлуулж, эр­хэм гишүүд хуулийн төслийг ши­рээ­ний нүдэнд хийгээд завсар­лалаа.

“Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан  нарын 11 хүнд холбогдох эрүү­гийн хэр­гийн гэм буруугийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 15-ны өдөр эхэллээ. Өмнө нь дөрвөн удаа хойшлогдоод байсан энэ хурлыг өмгөөлөгчийн хүсэлтээр хаалттай эхлэв. Монголчууд бид аливаа зүйлийг мартахдаа амархан. Саяхан л “Нүүрсний хэрэгтнүү­дийг яаралтай шүү” хэмээн хаш­хирч байсан  олон нийт нам гүм, энэ хурлын талаарх мэдээлэл ч хомс байна. Сүүлийн үед Улаанбаатар хот гэнэт өмхий үнэрт автаж, олон нийтийг айлгаж сандаргадаг болоод байгаа. Нийтдээ 1.6 сая гаруй хүнийг утаж байгаа энэ өмхий үнэр хаанаас гарч байгааг тогтоохоор хотын дарга Х.Нямбаатар холбогдох хүмүүст үүрэг өгчээ. Онцгой байдлын газар, Ус цаг уурын хүрээлэнгийнхэн хаанаас өмхий үнэртэж байгааг тогтоохоор эрэл хайгуулд гараад байна.

 Б.Нүүдэл

Эх сурвалж: Монголын үнэн сонин №001/24580/



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​Нүд бүрэлзэж чих шуугих нь хий арвидсаны шинж 8 цагийн өмнө
УИХ-ын гишүүн, Удирдах зөвлөлийн ажлын албаныхан иргэдтэй уулзлаа 8 цагийн өмнө
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонс… 9 цагийн өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөм… 9 цагийн өмнө
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто зам, гүүрэн бай… 13 цагийн өмнө
Туулын хурдны зам барих олон улсын нээлттэй тендерийг дахин зарлана 15 цагийн өмнө
Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож аж… 16 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн х… 16 цагийн өмнө
Нийслэлийн 23 дугаар сургуулийн гадаад хэлний өдөрлөгийн нээлт боллоо Өчигдөр
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг эргүүлэн татна Өчигдөр
ВАТИКАН: Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө Өчигдөр
“Хүүхэлдэй”, “Болзоо” моно драмын жүжиг нэгэн тайзнаа үзэгчдийн хүртээ… Өчигдөр
Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын олон улсын нээлттэй тенде… Өчигдөр
Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн б… Өчигдөр
Туркийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа Өчигдөр
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна Өчигдөр
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна Өчигдөр
Б.Алтантулга: Нийгэм дэх буруу ойлголтоос болж тархины үхэлтэй донороо… Өчигдөр
​ Нүүрсийг тусгай гарцаар хил нэвтрүүлж, экспортыг нэмэгдүүлнэ Өчигдөр
Франц Алжираас Элчин сайдаа татлаа Өчигдөр